Сонгогч саналаа хэдэн өдрийн өмнөөс урьдчилж өгч болох вэ?

Асуултын хариулт:

2016 оны 6 сарын 9-д хариулсан.
L. Galbaatar's picture

Сонгуулийн тухай хуулийн 90 дүгээр зүйлд зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагааны талаар зохицуулсан байна. Ингэхдээ дараах сонгогчийн саналыг түүний хүсэлт, эмнэлгийн магадлагаа, эсхүл холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах өдрийн өмнөх өдөр 09.00-20.00 цагийн хооронд авна:
- эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж чадахгүй;
- Дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа;
- захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан;
- байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон;
- санал авах ажиллагааг зохион байгуулж байгаа сонгуулийн байгууллагын ажилтан, цагдаа, иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээллийн технологийн даамал.

Энд дурдсан эмчийн магадлагаа, холбогдох байгууллагын тодорхойлолтыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтийн хамт санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлэх шаардлагатай. Үүний дараа холбогдох материалыг шалгаж үзээд зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчийн саналыг тухайн санал авах байрын хоёроос доошгүй төлөөлөл гишүүн оршин байгаа газарт нь очиж авна.

Иймд таны хувьд холбогдох нөхцөлийг хангасан тохиолдолд санал авах өдрийн өмнөх өдөр 09.00-20.00 цагийн хооронд зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх боломжтой байна.

Хуульчид энэ асуултад хариулахыг хүсвэл энд дарж нэвтэрнэ үү.

Сонгууль