Сүүлийн үеийн сэтгэгдэлүүд

  • Reply to: УИХ-ын сонгуулийн тухай хууль хуучин гишүүдэд дахин сонгогдох боломжийг давуу байдлаар олгосон гэсэн шүүмж байна. Ямар заалтууд үүнд яагаад хамаарах талаар тодорхой тайлбар хийж өгнө үү?   2 жил 4 months ago

    Сонгуулийн тухай хуулийн 77.13-т зааснаар Улсын Их Хурлын гишүүн нэр дэвшиж байгаа тохиолдолд түүний хийсэн ажлын тайлан сонгуулийн сурталчилгааны материалын хэмжээнд тооцогдохгүй. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүний ажлын тайлантай холбоотой материалыг сонгуулийн сурталчилгаанд хамаарахгүй гэж үзэж болохоор байна.
    Энэ нь дахин нэр дэвшиж буй УИХ-ын гишүүнд давуу байдал олгож болох юм.
    Гэхдээ хэр давуу байдал болох нь тухайн нэр дэвшигч УИХ-ын гишүүний ажлын тайлангийн агуулгаас хамаарах болов уу.

  • Reply to: Тухайн газар нутагт харьяалалгүй иргэн сонгуулийн санал авах байранд ажиллаж болохуу   2 жил 4 months ago

    Таны асуултыг санал авах байрны бүрэлдэхүүнд тухайн санал авах байрны хамаарах нутаг дэвсгэрт харьяалагдахгүй иргэн ажиллаж болох эсэх талаар асууж байна гэж ойлголоо.

    Санал авах байр гэдэг нь сонгуулийн хэсэгт сонгогчдын санал авах, тоолох ажлыг зохион байгуулах санал авах нэгж бөгөөд сум, дүүргийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд хамаарна.
    Сонгуулийн тухай хуулийн 28.2-т зааснаар санал авах байрны ажилтан, албан тушаалтан нь төрийн үйлчилгээний болон захиргааны албан хаагч байх бөгөөд 28.4-т зааснаар тэдгээр ажилтан, албан тушаалтныг сонгуулийн боловсон хүчний мэдээллийн сангаас томилно. Энд санал авах байрны ажилтан нь зөвхөн тухайн хэсгийн нутаг дэвсгэрт харьяалагдах ёстой талаар заагаагүй. Мөн хуулийн 29.5-д сонгуулийн байгууллагын буюу санал авах байрны ажилтан, албан тушаалтанд хориглох зүйлийг заасан бөгөөд үүнд өөр нутаг дэвсгэрийн ажилтан санал авах байранд ажиллаж болохгүй талаар заасан зүйл алга.

    Иймд санал авах байрны бүрэлдэхүүнд тухайн санал авах байрны хамаарах нутаг дэвсгэрт харьяалагдахгүй иргэн сонгуулийн байгууллагын ажилтны хувиар ажиллаж болохоор байх бөгөөд тухайн иргэн сонгуулийн хууль тогтоомжийн талаар сургалтанд сууж, гэрчилгээ авсан байх ёстой.

  • Reply to: Сонгогч саналаа хэдэн өдрийн өмнөөс урьдчилж өгч болох вэ?   2 жил 4 months ago

    Сонгуулийн тухай хуулийн 90 дүгээр зүйлд зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагааны талаар зохицуулсан байна. Ингэхдээ дараах сонгогчийн саналыг түүний хүсэлт, эмнэлгийн магадлагаа, эсхүл холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах өдрийн өмнөх өдөр 09.00-20.00 цагийн хооронд авна:
    - эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж чадахгүй;
    - Дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа;
    - захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан;
    - байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон;
    - санал авах ажиллагааг зохион байгуулж байгаа сонгуулийн байгууллагын ажилтан, цагдаа, иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээллийн технологийн даамал.

    Энд дурдсан эмчийн магадлагаа, холбогдох байгууллагын тодорхойлолтыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтийн хамт санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлэх шаардлагатай. Үүний дараа холбогдох материалыг шалгаж үзээд зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчийн саналыг тухайн санал авах байрын хоёроос доошгүй төлөөлөл гишүүн оршин байгаа газарт нь очиж авна.

    Иймд таны хувьд холбогдох нөхцөлийг хангасан тохиолдолд санал авах өдрийн өмнөх өдөр 09.00-20.00 цагийн хооронд зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх боломжтой байна.

  • Reply to: Сонгуулийн үнэмлэх сонгууль болохоос хэд хоногийн өмнөөс тарааж эхлэх ёстой вэ?   2 жил 4 months ago

    "Сонгуулийн үнэмлэх" гэдэгт сонгуулийн үеэр олгох аливаа үнэмлэхийг хэлж байна гэж ойлголоо.
    Сонгуулийн хуульд зааснаар нэр дэвшигчээс гадна сонгуулийн штабын ажилтан, менежер, шадар туслагч, ухуулагч болон сонгуулийн ажиглагч тус бүрт үнэмлэх олгоно.

    Харин нэр дэвшигчийн хувьд түүнийг бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол нэр дэвшигч тус бүрд нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 22 хоногийн өмнө нэг өдөр олгоно. Ингэхдээ нам, эвслийн нэр дэвшигчийн тухайд тухайн нам, эвслийг сонгуулийн төв байгууллагад төлөөлөх эрх бүхий этгээдээр дамжуулан; бусад нэр дэвшигчийн тухайд нэр дэвшигчийн үнэмлэхийг нэр дэвшигчид өөрт нь, эсхүл төлөөлөгчид нь олгоно. Мөн бие даан нэр дэвшигчийн тухайд тухайн нэр дэвшигчийг сонгуулийн төв байгууллагад төлөөлөх эрх бүхий этгээдээр дамжуулан үнэмлэх олгоно.

    Иймд нэр дэвшигчдэд 2016.06.07-ны өдөр үнэмлэхийг нь олгох юм.

  • Reply to: Нэр дэвшигчдийн мэдээлэл байдаг байж болох уу? Зарим хүмүүс тийм хүн дэвшиж байгаа гэнэ л гэхээс тэдний талаар ямар ч мэдээлэлгүй байж байгаад санал өгөх өдрөө л шийдэх явдал их байдаг шүү.   2 жил 4 months ago

    Өдрийн мэнд.
    Сонгуулийн хуулийн 128.12-д зааснаар Сонгуулийн төв байгууллага нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гаргаснаас хойш ажлын гурван өдрийн дотор нийт нэр дэвшигчийн нэрийн жагсаалтыг тойрог болон улсын хэмжээнд нэгтгэж, нийтэд мэдээлнэ.

    Сонгуулийн Ерөнхий Хорооны даргын 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/11 тоот захирамжаар Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуульд нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах, нягтлан шалгах Ажлын хэсгийг байгуулсан. Уг Ажлын хэсэг 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 5 дугаар сарын 30-ны өдрийг дуустал нам, эвслийн нэр дэвшигчдийн баримт бичгийг, 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 6 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд бие даан нэрээ дэвшүүлэгчдийн баримт бичгийг хүлээн авна. Эхний ээлжинд нэр дэвшигчдийн баримт бичгийг баримтын дагуу бүрдэлээр нь хүлээн авна. Ийнхүү хүлээн авснаас хойш нягтлан шалгах ажлыг гүйцэтгэх юм.

    Иймд та Сонгуулийн ерөнхий хорооны http://gec.gov.mn цахим хуудаснаас нэр дэвшигчийн нэрийн нэгдсэн жагсаалтыг нийтэд мэдээлсний дараа үзэх боломжтой болох юм.
    Энэхүү жагсаалтыг 2016.6.09- ний дотор нийтэд мэдээлэхээр байгаа юм.

Сонгууль