Төрийн албан хаагч, унаа машиныг сонгуулийн сурталчилгаанд ашиглаж байна

2008 оны УИХ-ын сонгуулийн кампанит ажлын мониторинг /2008 оны 05 сарын 29-өөс 06 сарын 04/

Мониторингийн энэ хугацаанд орон нутгийн багийн гишүүд 204 сонгогч, 11 нэр дэвших гэж буй хүмүүс болон нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, 86 сонгуулийн хороодын ажилтнуудтай уулзаж мэдээлэл цуглуулсан ба сонгуулийн сурталчилгааны гэж хэлж болох 29 удаагийн арга хэмжээнд 13 төрийн өмчийн унаа, 34 төрийн жинхэнэ албан хаагч дайчлагдан ажилласан байна.

Мониторингийн хамрах энэ хугацаанд МАХН УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх ажлаа 5 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулснаар сонгуульд оролцох улс төрийн нам, эвслүүдийн нэр дэвшүүлэх ажиллагаа дууссан. Энэ үетэй зэрэгцэж улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчид тойргийн хороонд бүртгүүлж, үнэмлэхээ авч сонгуулийн албан ёсны сурталчилгаа эхэллээ.

Нам, эвсэл, нэр дэвшигчдийн зүгээс мөрийн хөтөлбөрөө тайлбарлан таниулах, сурталчлах, сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах, ухуулах байр ажиллуулах зэрэг хуулиар тогтоосон арга хэлбэрээр сонгуулийн кампанит ажлаа зохион байгуулж байгаа ч зарим нэр дэвшигчдийн зүгээс УИХ-ын сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн, сонгогчдын саналыг татах зорилгоор санал худалдан авахад чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулсаар байна.

Тухайлбал,

  • Дорнод аймагт эх үрсийн баярыг тохиолдуулан “Одонтой мянган ээж”-ийн баярыг Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны салбараас зохион байгуулж, 21 ээжийг “Ачлалт ээж”-ээр өргөмжилж, шагналыг УИХ-д нэр дэвшигч Ц.Жанлав ивээн тэтгэж өргөмжлөл, хөнжил бэлэглэсэн байна. Мөн тус аймагт ерөнхий эрдмийн шалгалт өгөхөөр орон нутгаас ирсэн 300 гаруй төгсөгчдөд илгээмж, баавгайтай чихрийг нэр дэвшигч Ц.Жанлав, Ц.Шинэбаяр нар гардуулан өгсөн байна.
  • Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт БНН-аас 6 дугаар сарын 1-ний өдөр 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүүхдүүдэд баярын бэлэг тарааж байсан байна.  

Сонгуулийн сурталчилгаа өмнөх үеэ бодвол албан ёсны болж, идэвхижихийн хэрээр сонгуульд ашиглах төрийн өмчийн унаа, тээврийн хэрэгсэл, дайчлагдаж буй төрийн албан хаагчдын тоо, сонгуулийн арга хэмжээнд зарцуулах хугацаа нь нэмэгдэж байна.  

Төрийн эх үүсвэрийг сонгуулийн кампанид ашиглах

Төрийн эх үүсвэрийг сонгуульд дайчлахыг хуулиар хориглож, энэ талаар холбогдох байгууллагууд хяналт тавьж ажиллаж байгаа ч сонгуулийн кампанит ажил эрчимжихийн хэрээр төрийн эх үүсвэрийг сонгуулийн арга хэмжээнд хориглосон хэлбэрээр дайчлах нь нэмэгдэж байна. Төрийн өмчийн унааг сонгуулийн кампанит ажлын арга хэмжээнд их хэмжээгээр ашиглаж байгаа бол төрийн албан хаагчид нэр дэвшигчдийг дагалдан явах, тэдний уулзалтыг зохион байгуулах, тухайн нэр дэвшигчийг дэмжихийг сонгогчдод уриалах зэргээр оролцож байна. Тухайлбал,

  • Ховд аймагт аймгийн засаг даргын 00-01 ХОА автомашиныг МАХН, засаг даргын орлогчийн 00-03 ХОА автомашиныг ҮШН сонгуулийн сурталчилгаандаа алхам тутам ашиглаж байна.
  • Хөвсгөл аймагт намын нэг удаагийн сонгуулийн кампаний арга хэмжээнд 11 төрийн албан хаагч 2 цаг 20 минут зарцуулсан байна

Өргөдөл гомдол

УИХ-ын сонгуулийн хууль зөрчиж байгаа асуудлаар тойргийн хороодод гомдол ирж байгаа боловч тайлангийн энэ хугацаанд сонгуулийн ухуулга сурталчилгаанд холбогдох хуулийн хэм хэмжээг зөрчсөн асуудлаар мониторингийн орон нутгуудад гомдол гараагүй байна.

Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээний гишүүн
Сонгогчдын боловсрол төв 

Сонгууль