Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн халз ярилцлага

Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр, АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж нар Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн халз ярилцлагад оролцлоо. Нийт 90 минут үргэлжилсэн нэвтрүүлгийн явцад хоёр нэр дэвшигч үзэгч, сонгогчдоос ирүүлсэн мянга гаруй асуултаас сонгосон 60 асуултын 19-д нь хариуллаа. Энэ нэвтрүүлгийг сонгуулийн сурталчилгааны туршид тохиосон хамгийн эрүүл үзэгдэл боллоо гэдэгтэй олон хүн санал нийлэх бизээ. Сонгогчид саналаа чухам хэний төлөө өгөх вэ гэдэгт энэ халз ярилцлага шийдвэрлэх нөлөө үзүүлсэн нь маргаангүй.Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр, АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж нар Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн халз ярилцлагад оролцлоо. Нийт 90 минут үргэлжилсэн нэвтрүүлгийн явцад хоёр нэр дэвшигч үзэгч, сонгогчдоос ирүүлсэн мянга гаруй асуултаас сонгосон 60 асуултын 19-д нь хариуллаа. Энэ нэвтрүүлгийг сонгуулийн сурталчилгааны туршид тохиосон хамгийн эрүүл үзэгдэл боллоо гэдэгтэй олон хүн санал нийлэх бизээ. Сонгогчид саналаа чухам хэний төлөө өгөх вэ гэдэгт энэ халз ярилцлага шийдвэрлэх нөлөө үзүүлсэн нь маргаангүй.

Сонгогдсон асуултууд

  • Асуулт №31: Та Монголын эдийн засгийн өнөөгийн байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?
  • Асуулт №54: Долоон сарын нэгний үйл явдалд та хэрхэн хандаж байна вэ?
  • Асуулт №49: Газрын лицензийн асуудлыг цэгцэлж, гадаадын иргэдэд олгосон лицензийг хүчингүй болгож чадах уу?
  • Асуулт №11: Шүүхийн шударга тогтолцоог хангах талаар та юу хэлэх вэ?
  • Асуулт №39: Хөдөөгийн иргэдэд дэмжлэг үзүүлэхийн тулд түүхий эд, ноос, ноолуурын үнэ ханшийг төрөөс зохицуулах шаардлагатай гэж та үздэг үү?
  • Асуулт №20: Монгол Улсад хүнсний аюулгүй байдал алдагдсан гэдэгтэй та санал нийлэх үү? Энэ талаар ямар арга хэмжээ авах нь зүйтэй вэ?
  • Асуулт №10: Одоогийн шүүхийн тогтолцоог та нэр дэвшигчийн хувьд хэрхэн дүгнэж байна вэ?
  • Асуулт №50: Бүсийн төвүүдийг ойрын хугацаанд эрчимтэй хөгжүүлэх талаар таны санал?
  • Асуулт №28: Монголчууд бүтэн хоёр жилийг сонгууль хийж өнгөрөөж байна. Үүнийг өөрчлөх арга зам бий юу?
  • Асуулт №27: Монгол Улсад засаглалын хуваарилалт ямар байна гэж та боддог вэ?
  • Асуулт №16: Та Ерөнхийлөгчөөр сонгогдвол хамтарсан Засгийн газрын тогтвортой ажиллагааг хэрхэн дэмжих вэ?
  • Асуулт №51: Хэрвээ та Ерөнхийлөгчөөр сонгогдвол үндэсний соёл уламжлалыг хойч үедээ зааж, сэргээх асуудлыг системтэй болгож чадах уу?
  • Асуулт №52: Говь болон алслагдсан бүс нутгийн хөгжлийн талаар онцгойлон авч үзэх цаг болсон юм биш үү?
  • Асуулт №41: Малчдын нийгмийн даатгалыг төрөөс хариуцдаг болох тухай таны бодол?
  • Асуулт №15: УИХ, Засгийн газрын гишүүдийг заагласнаар шударга төр бүрэн хэрэгжинэ гэдгийг хүлээн зөвшөөрөх үү? Хэрэв Ерөнхийлөгчөөр сонгогдвол энэ тухай хуулийг та батлуулах уу?
  • Асуулт №8: Стратегийн ордуудыг ашиглаж эргэлтэнд оруулах талаархи таны байр суурь?
  • Асуулт №60: Өмч хувьчлал хэр зэрэг шударга, хүртээмжтэй болсон бэ? Тухайн үед орон сууцгүй үлдсэн хүмүүсийг яах бодолтой байна вэ? Газар өмчлүүлнэ гэж битгий хэлээрэй, одоо хүн бүр газар өмчлөх эрхтэй болсон.
  • Асуулт №55: Долдугаар сарын нэгэн шиг үйл явдал давтагдахгүй гэх баталгаа бий юу?
  • Асуулт №30: Ажилгүйдэл юунаас үүдэлтэй вэ?
 

Монголын үндэсний олон нийтийн радио телевиз, Монголын радиогоор өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн халз ярилцлага явууллаа. Олон нийтээс 2009 оны тавдугаар сарын 18-20-ны 20 цаг хүртэл асуулт хүлээн авчээ. Энэ хугацаанд гар утсаар, гар утасны мессежээр, цахим хуудсаар, захидлаар нийтдээ 1400-гаад иргэд, компани санал, хүсэлт, асуултаа тавьсан байна. Энэ асуултыг тусгай комисс багцлаад нийт 60 асуулт болгож бэлтгэсэн. Нэр дэвшигч нэг асуултанд хоёр минутанд багтааж хариуллаа. Хэн нь эхэлж ярих вэ гэдгийг нэврүүлгийн өмнө шодож шийджээ. Нэвтрүүлгийн өмнөх нэг минутад АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж эхэлж үг хэлэв. Харин төгсгөлд нь МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр эхэлж үг хэллээ.

Ц.Элбэгдорж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хугацаанд Монгол эх орноороо бүтэн тойрлоо. Олон иргэд сонгогчидтойгоо уулзлаа. Чингис хаан мэндэлсэн Хан Хэнтий нутгаас эхэлж тойрсон. Эх орноо нар зөв тойроод ирлээ. Ард түмнээ эргэлээ. Ардчиллаа эргэлээ. Өмнө нь ч бас эргэж байсан. Энэ ажил маань сайхан эхлэлтэй явж байгаад туйлын баяртай байна.

Н.Энхбаяр: Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчөөр та бүхнийхээ итгэл дэмжлэгийг авч ажиллах бүрэн эрхийн хугацаандаа улс орныхоо 21 аймагт, 120 суманд очиж 140 гаруй хоног ажилласан байна. Энэ хугацаанд 15 мянган км явж 150 мянга гаруй хүнтэй уулзсан байх юм. 150 мянган хүний цаана ямар нэгэн шийдэх асуудал, санал байсан гэж ойлгосон. Ард түмэн маань дэмжсэн учраас Засгийн газар, УИХ-тайгаа хамтран ажиллаж мөрийн хөтөлбөрөө амжилттай биелүүлсэн. МАХН-аас дахин Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж улс орныхоо 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт ажиллалаа. Би 13 мянган км явж,120 мянган хүнтэй уулзсан байна. Ард иргэдийн санал бодлыг сонсоё, санал бодлоо ирүүлээч гэж 600 гаруй мянган захидал илгээсэн. 450 мянга орчим хариу хүлээж авлаа. Энэ бол ард иргэд үнэхээр дэмжиж, итгэж байгаагийн тод баримт болов уу гэж би бодож байна. Сонгуульд нэр дэвшээд аавынхаа төрсөн нутаг Архангай аймгийн Чулуут сумын Алтан-Овоодоо очиж мөргөсөн. Сонгуулийнхаа төгсгөлд ээжийнхээ төрсөн нутаг Хэнтий аймгийн Дадал суманд, Эзэн Чингисийн төрсөн нутагт Дэлүүн болдогт очиж сонгуулийн ажиллагаагаа өндөрлөсөн. Би тэнд монгол хүн бас Чингис хаан болж болдог гэдгийг багадаа мэдэрсэн юм. Тийм учраас энэ сонгуулийн үед би өөрөө бүх монгол хүнийг Чингис хаантай адилхан гавьяа байгуулаасай. Монгол хүн болгон азтай жаргалтай байгаасай гэж хүсч бодож байна.

Та Монголын эдийн засгийн өнөөгийн байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

Ц.Элбэгдорж: Ер нь Монголын эдийн засгийн байдлыг ард иргэдийнхээ амьдралтай танилцсанаар дүгнэж болохоор байна. Хүмүүстэй уулзахад, амьдрал ямар байна гэж асуухад, амьдрал хэцүү байна. Өдрөөс өдөрт дордож байна гэж хариулж байлаа. Өнөөдрийн тэтгэврийн ахмадууд, тэтэгэврийн зээлтэй, ажил хийж байгаа нь цалингийн зээлтэй, мал маллаж байгаа малын зээлтэй. Амьдрал сайнгүй байна. Тийм учраас энэ эдийн засгийн байдал, ард иргэдийн амьдралд тулгамдсан асуудлыг өөрчлөх ёстой. Өөрчлөхийн тулд юуны түрүүнд шударга ёс тогтоох шаардлагатай. Нийгмийн хуваарилалтыг зөв болгох хэрэгтэй юм. Монголын ард түмэн дэлхийд газрын тос, байгалийн баялгаар, нэг хүнд оногдох баялгаараа эхний 10-т ордог. Амьжиргааныхаа түвшингээр 150-д орж байгаа. Хэрвээ энэ эдийн засаг, баялгийн боломжийг ард түмэндээ олгож чадах юм бол монголчууд дэлхийд хөгжлөөрөө эхний 10-т орохоор баян сайхан амьдрах боломж байна. Сүүлийн дөрвөн жилд ард иргэдийн амьжиргааны түвшин 40 хувиар буурсан гэсэн дүн гарчээ. Өнөөдөр бүх юмыг хямрал руу чихэж, хямралаас боллоо гэж хэлэх хандлага ажиглагдаж байна. Монгол Улс мөнгөгүйдээ, аль эсвэл баялаг дутсандаа болоод байгаа биш. Ерөөсөө Монгол Улсад шударга ёс, хариуцлага дутсанаас ийм хямралт байдал бий болжээ гэж дүгнэж байгаа. Ийм учраас ард иргэддээ эрхийг нь өгье. Эзэмших ёстой тэр баялгийг өгье. Дээрээс нь нийгэмд шударга ёс тогтооё. Энэ гурван ажлыг хийх явдал хамгийн чухал байна. Хүн бүхний амнаас гардаг асуудал ажлын байр. Ажлын байраар ард иргэдээ хангах явдал туйлын чухал байна.

Н.Энхбаяр: Амьдрал янз янзын өнгөтэй байна. Амьдрал нь бүтэмжтэй ч, бүтэхгүй байгаа хүн ч байна. Өнөөдрийг 1990-ээд оны эхэнтэй харьцуулбал их хол явжээ. Тэр үед лангуун дээр зөвхөн давс байсан. Гэхдээ хийх ажилтайгаа харьцуулах юм бол өнөөдөр яагаа ч үгүй л байна. Өнөөгийн сайныг нь бэхжүүлж, мууг нь арилгая. Ийм бололцоо бидэнд байна. Өөдрөг дүр төрхийг бас бодож үзэх хэрэгтэй болов уу гэж бодож байна. Өөдрөг дүр төрхийг харна гэдэг бол өнөөдрийг сайхнаар будаж байгаа юм биш. Харин муухай байгааг засъя гэсэн утгаар би хэлж байгаа юм. Ийм бололцоо бидэнд байна. Эвийн хүчийг нэгтгэж, эх орны хишгийг хүртээж, ажлын байрыг бий болгож, эрчимтэй хөгжлийг бий болгож энэ асуудлыг шийдье гэж бодож байна.

Долоон сарын нэгний үйл явдалд та хэрхэн хандаж байна вэ?

Ц.Элбэгдорж: Долоон сарын нэгний үйл явдлаар надад өөрт олон асуулт байдаг. Хүн бүхэн мэдэж байгаа хамгийн энгийн зүйлээс эхлэе. Тэнд олон машин зогсчихсон, заримыг шатааж байсан. Өнөөдөр ямар ч сонин дээр тэнд миний машин шатлаа гэж нэг ч хүн ярихгүй юм. Энд олон хүмүүс цугласан байсан, тэгэхэд манай төр засгийн удирдлагаас гарч ирээд ард түмэндээ энэ асуудлыг шийдье. Тайван байцгаа, ярилцах боломж байна гэж өдөр нь гарч ирээд хэлэх бүрэн боломжтой байсан. Яагаад тэгээгүй юм болоо гэж ард иргэд надаас олон удаа асууж байгаа. Нөгөө нэг асуулт бол тэнд цугласан улсууд дандаа муу хүмүүс, өлссөн, цангасан хүмүүс байсан гэж ярьдаг. Тэр өлссөн цангасан хүмүүс яахаараа Соёлын төв өргөө рүү гүйж очиж, хуур хуга өшиглөж байдаг байна. Хоёрхон метрийн зайд Улаанбаатар ресторан байгаа, тэр лүү яагаад гүйж ороогүй юм бол оо гэж боддог. Соёлын төв өргөөг түйвээсэн, тэнд гал тавьсан гэдэг хэргээр нэг ч хүн өнөөдөр шийтгэгдэхгүй байна. Чулуу шидсэн хүмүүсийг өнөөдөр олчихсон мөртлөө, хүнийг халуун сумаар хөнөөсөн улсуудыг яагаад өнөөдөр олохгүй байна вэ?. Мэдээж энэ долоон сарын нэгний энэ үйл явдлаас бид бүхэн сургамж авах ёстой. Цаашдаа бид нар энэ байдлаас гарах ёстой. Сонгуулийн хуулиа сайжруулах хэрэгтэй. Албан тушаалаа эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд сонгуулийг луйварддаг энэ байдлыг таслан зогсоох ёстой. Сонгуулиар хэн хэдэн санал авна, хэн ямар дэмжлэг авна гэдэг нь тоологддог, ард түмэндээ хүрдэг байх ёстой.
Н.Энхбаяр: Долоон сарын нэгний үйл явдал түүхэнд хар толбо болж үлдсэн. Ард иргэдтэй уулзахад дахин ийм үйл явдал битгий давтагдаасай гэж гэж залбирч байгаа. Харамсалтай нь зарим хариуцлагагүй улс төрчдийн өдөөн хатгасан турхиралтаас болоод энэ үйл явдал, самуун үймээний хэмжээнд хүрсэн. Би Монгол Улсын Ерөнхийлөгч, төрийн тэргүүний хувьд энэ үймээн самууныг дэлгэрүүлж, үсэрхийлүүлэхгүйн тулд зарлиг гарган онц байдал зарласан. Ийм явдлыг дахин хэзээ ч гаргаж болохгүй. Энэ үйл явдал монголчуудад маш том сургамж болсон. Өнөөдөр энэ үйл явдалд улс төрчдийн турхиралтаар ороод гэнэдэж алдсан залуучуудыг өршөөх ёстой гэж би бодож байгаа. Гэр бүл, өрх толгойлж байгаа эмэгтэчүүдийг бас өршөөх ёстой. Монголын түүхэнд залуучуудын өмнө ирээдүй байна, тэр ирээдүйг нь буцааж өгъе. Эмэгтэйчүүдийн ард ар гэр нь байна. Ар гэрт нь ээжийг нь буцаая. Ийм явдлыг дахин давтуулахгүй юм шүү монголчуудаа гэж та бүхэндээ хандан хэлэх байна.

Газрын лицензийн асуудлыг цэгцэлж, гадаадын иргэдэд олгосон лицензийг хүчингүй болгож чадах уу?

Н.Энхбаяр: Хот суурин газарт газар олголт муу байгаа. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ашигт малтмалын лиценз олгох явцад үнэхээр учир дутагдалтай хандаж алдаа дутагдал их гарсан гэж би боддог. Энд хот байгуулалтын туршлага дутсан, хууль эрх зүйн зохицуулалт буруудсан, дутсан аль аль нь байгаа. Мөн гадаадын хөрөнгө оруулалтыг оруулж ирнэ гэж бодож энэ асуудлыг хэт задгай тавьсан нь ч бидний буруу байх. 19 жилийн энэ алдаа оноо бид бүгдийн буруу. Хэн нэгэн ганц хүнд бурууг тохож, хэн ганц хүнд гавьяаг үүрүүлж болохгүй гэж боддог юм. Энэ бүх асуудал засагдахгүй асуудал гэж боддоггүй. Боддоггүйгээс гадна би засах гэж хичээдэг. Тухайлбал, Таван толгойн орд газрыг лиценз эзэмшигчидтэй нь уулзаж Засгийн газартай ярьж, Засгийн газартай хэлэлцээ хийсний үндсэн дээр "Таван толгой"-н лицензийг ард түмэндээ буцааж авчирч чадсан. Энэ мэтээр энэ ажлыг зохицуулж болно. Энэ ажлыг цааш нь хуулиа боловсронгуй болгож, тэр тусмаа улс орныхоо эрх ашгийг бодож зохицуулж болно. Хамгийн гол нь эдийн засгийн эргэлтэд ашигт малтмалын томоохон ордуудаа хурдан оруулъя. Тэндээс бий болсон хуримтлалаараа ард түмэндээ "Эх орны хишиг"-ийг олгоё. Эндээс ажлын байрыг бий олгоё. Ард түмнийхээ амьдралыг өөд нь татая. Ард түмэн маань зорилготой амьдрах хэрэгтэй. Тэр зорилгийг нь "Эх орны хишиг"-тэй хамт олгоё. Тэрний цаана сургууль, тэрний цаана эмнэлэг, тэрний цаана жижиг дунд үйлдвэр эрхлэх бололцоо, тэрний ажлын байр байгаа шүү. Энэ бүхнийг хамтдаа шийдье гэж ард түмэндээ хандан уриалах байна.

Ц.Элбэгдорж: Газрын асуудал бол Монголын газрын баялгийн асуудал. Тийм учраас хэрвээ энэ Монголын баялгаа шийдэх эрх мэдэл нь ард түмэндээ байхгүй ялангуяа орон нутагт байхгүй бол энэ ерөөсөө шийдэгдэхгүй ээ. Өнөөдөр орон нутагт улстөрийн ч эрх алга байна, эдийн засгийн ч эрх алга байна. Төсөв мөнгөний ч эрх алга байна. Нэг өглөө босоод ирэхэд нь хотных нь хажууд гадаад дотоодын хүмүүс ирчихсэн өрөм тавьчихсан газрыг нь ухаад зогсож байдаг. Тэгэхээр энэ газар нутаг дээр болон доор нь байгаа тэр баялгийг ашиглахад хамгийн түрүүн тухайн сумын ард иргэдээс нь, энд байгаа иргэдийн төлөөлөгчөөс нь заавал асуудаг болох ёстой. Ийм хуулийг гаргах хэрэгтэй. Одоо энэ хүмүүст байгаа суугаа газрынхаа баялгийг ашиглаж чаддаг, тэндээсээ татвар авдаг ийм боломжийг бид бүрдүүлж өгөх хэрэгтэй. Орон нутагт нь, ард иргэддээ өгөх хэрэгтэй. Хоёрдугаарт төрийн өмч, төрд ногдох ногдол нэрээр энэ дарга нарт ногддог хэвээрээ дарга нар шийддэг хэвээр байх юм бол өмнө нь тэр "Оюу толгой"-г ашиглалтын лицензийг нь 2003 оны 12 сарын 23-нд ямар ч нөхцөлгүйгээр нэг хэдэн төгрөг аваад гадны хүнд өгсөнтэй адилхан юм болно. Ийм учраас энэ зүйл дээр үнэхээр хуулиар өөрчлөлт хийх ёстой шаардлагатай гэдгийг ойлгох ёстой байх. Нөгөө талаар газрын баялгаа эзэмших, газар доорх баялгаа эзэмших эрхийг нь ард түмэндээ өгсөн нь дээр. Ер нь гадна дотны хүмүүс ирээд асуухад манай ард түмэн эзэмшдэг юмаа, энийг чинь ард түмэндээ хувьцаа болгоод өгчихсөөн гээд зогсож байх ёстой. Түүнээс биш би шийднэ. Бид шийддэг гэж дарга нар гүйлдэх шаардлагагүй . Ингэж чадах юм бол ард түмэн маань жинхэнэ газар нутагтаа, баялагтаа эзэн болно. Ингэсэн улсууд хөрөнгөтэй болно, өмчтэй болно. Бид хотонд байсан малыг нь хувьчилж өгч болсон юм хөрсөн дор байгаа газрыг нь хувьчилж өгч ард иргэдээ жинхэнэ юмны эзэн болгох цаг болсон. Энэ ажлыг л хийх хэрэгтэй.

Шүүхийн шударга тогтолцоог хангах талаар та юу хэлэх вэ?

Ц.Элбэгдорж: Манай хууль хяналтын байгууллагууд, шүүхийн байгууллагуудад шударгаар ажиллая гэсэн маш олон хүн байгаа. Ер нь нэг ийм үг байдаг. Төрийн тэргүүний тухай. Өөрийн бие шударга бол зарлиг эс гаргавч ард түмэн чамайг дагая уу, өөрийн бие шударга биш бол зарлиг гаргаад ч ард түмэн эс дагая уу гэж. Үнэхээр өөрөө шударга байж, өөрөө шударга ёсыг сахиж чадах юм бол манай нийгэм шударга ёсыг сахиж чадна. Би өмнө нь Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Тэгэхэд нийгмээ цэвэрлэе, авилгатай тэмцье, та бүхэн шударга ажиллаарай, та бүхнийг хамгаална гэж хэлэхэд тэнд байсан хуулийнхан үнэхээр урамшдаг юм байна лээ. Зоригждог юм байна лээ. Ингэж би хуульчдаа, тэнд байгаа хууль хяналтын байгууллагын ажилтнуудаа, төрийн албан хаагчдаа зоригжуулж, урамшуулж ажиллах болно.

Нөгөө талаас сайн ажиллаж байгаа шүүгчдээ, сайн ажиллаж байгаа хуулийн байгууллагынхнаа дэмжиж ажиллах болно. Шүүхийн хараат бус байдлын тухай, шүүхийн ерөнхий зөвлөлийн тухай гээд олон хууль байгаа. Энэ асуудлуудыг нэгмөсөн өөрчилж шүүхийг яг одоо байх ёстой байр суурин дээр нь ч гаргаж тавих ёстой гэж бодож байгаа. Үнэхээр шүүх өнөөдөр шударга биш байгаагаас, хууль шударга биш байгаагаас 10 мянган төгрөг суйлсан жирийн хөөрхий эмэгтэй 12 жилийн ял авч байдаг, 14 тэрбум төгрөг хулгайлсан хүмүүс есөн жилийн ял авч байна. Том албан тушаалтан авилгын хэрэгт холбогдоод бариад авахад даралт ихэдлээ гээд эмнэлэг явж байдаг, жирийн иргэнийг ялимгүй маргаанд ороогоод хэдэн сараар Ганц худагт хорьдог, хэдэн жилээр шийтгэдэг ийм зохисгүй байдал гарч байгаа. Ийм учраас ард иргэддээ энэрэнгүй, ялимгүй хэрэг маргааныг хялбар аргаар шийддэг, нөгөө талаас албан тушаалтантай хатуу хариуцлага тооцдог тийм хуулийн тогтолцоо бий болгох хэрэгтэй. Ялангуяа авилгалаар учирсан энэ эдийн засгийн хохирлыг заавал төлүүлэхгүй бол болохгүй нь ээ. Энэ тухай хүмүүс, энэ тухай ард иргэд маш олон ажил хэрэгч саналуудыг дэвшүүлж байгаа. Энэ бүгдийг хэрэгжүүлж ажиллана.

Н.Энхбаяр: Бид шүүх дээр болон прокурорын ажилд алдаа байгааг харж байгаа. Алдаагий нь олж засах хэрэгтэй. Түүнээс шүүх, прокурорт ажиллаж байгаа хүмүүсийг бүхэлд нь буруутгаж болохгүй гэж би боддог. Тэднийг хараат байдлаас гаргах хэрэгтэй. Ялангуяа эдийн засгийн, санхүүжилтийн хараат байдлаас шүүх, прокурорыг гаргах ёстой. Үүний төлөө би урьд нь ч ажиллаж байсан. Цаашдаа ч ажиллах болно. Мөн хуулийг боловсронгуй болгомоор байна. Би Элбэгдорж нэр дэвшигчийн хэлж байгаа тэр эмэгтэйд би уучлал үзүүлж шоронгоос гаргасан. Тэр хүн давтан хэрэг үйлдэж 10 мянган төгрөг хулгайлсныхаа төлөө 10 гаруй жилийн ял сонссон байсан. Гэхдээ хуульд нь ийм буруу заалт байгаа юмаа. Үүнийгээ засая. Ер нь шударга ёсны тухай хаа сайгүй бид ярьж байгаа. Би нэр дэвшигч Элбэгдоржтой санал нэг байна. Өөрөөсөө эхлэх хэрэгтэй. Нэг ийм түүх байдаг юм билээ. Нэг эмэгтэй хүүхдээ дагуулаад Энэтхэгийн төрийн зүтгэлтэн Жавхарлал Неру дээр ирж "манай хүүхэд чихэр идээд байх юм, таны үгэнд орох байх. Та битгий чихэр ид гэж хэлээд өгөөч" гэж. Тэгтэл 7 хоноод ир гээд Неру явуулжээ. 7 хоноод ирснийх нь дараа Неру "Чи битгий чихэр ид" гэж хүүхдэд нь хэлсэн гэнэ. Ээж нь уурлажээ. Та 7 хоногийн өмнө үүнийгээ хэлэхгүй яасан юм. Энэ 7 хоногт манай хүүхэд хичнээн олон чихэр идчихлээ. Тэгэхлээр нь Неру "тэр үед би чихэр иддэг байсан юм. 7 хоногт чихэр идэхээ болилоо. Тэгээд би хэлэх үгтэй боллоо. Өөрөө чихэр иддэг байж бусдыг битгий чихэр ид хэлж болохгүй юм" гэжээ. Тийм учраас өөрөө шударга ёс өөрөөс эхлэнэ гэсэн энэ зарчмыг баримталж байж бусдаас шударга ёсыг шаардах ёстой.

Хөдөөгийн иргэдэд дэмжлэг үзүүлэхийн тулд түүхий эд, ноос, ноолуурын үнэ ханшийг төрөөс зохицуулах шаардлагатай гэж та үздэг үү?

Н.Энхбаяр: Хөдөөгийн ард иргэд маань эрвийх дэрвийхээрээ зүтгэж байна. Малчид, тариаланчид аль алинд нь туслах ёстой. Би ноолуурын үнэ доогуур байгаа учраас гадаад зах зээл дээр ноолуур шууд борлуулдаг болъё гэсэн санал дэвшүүлсэн. Засгийн газар миний саналыг дэмжиж ноолуурыг хилийн боомтуудаар чөлөөтэй гаргах шийдвэр гаргасан. Би хууль санаачлах субьектын хувьд ноолуур гаргаж байгаатай холбогдуулж экспортын татварыг тэглэх тухай хуулийн төсөл санаачилсан. УИХ, улстөрчид энэ хуулийг удахгүй батлах байхаа гэж бодож байна. Малчид банкнаас зээл авч тэрнийхээ хүүнд даруулж байгаа. Хямралын үед зээлийн хугацааг сунгах, зээлийн хүүг Засгийн газраас бонд гаргаж даах нь зүйтэй гэж үзэж байна. Мөн үнэгүй боловсролыг ард түмэндээ санал болгож, хүүхдээ сургах хүсэлд нь тус болж, нөхцөл бололцоог хангая гэж бодож байна. Бас мах бэлтгэлд нь туслах хэрэгтэй. Саяхан ОХУ-ын Ерөнхий сайд Путин ирэхэд нь уулзахад мах бэлтгэлийн талаар Оросын зах зээлд гаргая гэсэн саналд Путин ерөнхий сайд туслая гэсэн. Сая Увсад явж байхад хилийн боомтуудыг байнгын ажиллагаатай болгох санал тавьж байна. Би энэ асуудлыг сонгуулийн дараа болоё гэж бодолгүй, хэлснийх нь маргаашнаас нь эхлэн шийдүүлж эхэлж байгаа. Ам ажил хоёр зөрж болохгүй гэж боддог.

Ц.Элбэгдорж: Ард иргэдтэй уулзаж байхад энэ асуудал маш их хурцаар тавигдаж байв. Хөдөөгийн малчдын хувьд бидний өгдөг юмны үнэ унаад, авдаг юмны үнэ өсөөд байна. Үүн дээр шийд гаргаж өгөөч гэсэн. Энэ асуудал 7-8 жил яригдсан. АН-ын хувьд 7-8 жил ярьж, янз бүрийн татвар, хорио тавьдгаа больё гэж ярьж байгаа. Би 1996 онд Баянхонгорт нэр дэвшиж явж байхад ноолуур 6000 төг байсан. Би тэр үед хоригийг цуцалж 20000 болгох боломжтой гэж байсан. Одоо хүмүүс 6000 байтугай 40000 хүрснийг санаж байгаа байх. Үнэхээр ийм боломж байгаа. Ноолуурыг чөлөөтэй худалддаг болгох ёстой. Ингэж чадах юм бол малчдад очдог тэр орлого нэмэгдэнэ. Ер нь захуудаар, хөдөө нутгаар явж байхад хөдөө аж ахуйн түүхий эд унаснаас болоод бараа гүйхгүй байна гэж байна. Энэ бол зөвхөн малчдын асуудал биш, нийт эдийн засгийн асуудал юм. Үүнд анхаарах хэрэгтэй. Дээрээс нь бид малаа эрүүлжүүлэх, мал эмнэлгийн асуудал чухал.

Монгол Улсад хүнсний аюулгүй байдал алдагдсан гэдэгтэй та санал нийлэх үү? Энэ талаар ямар арга хэмжээ авах нь зүйтэй вэ?

Ц.Элбэгдорж: Сүүлийн үед энэ асуудал их анхаарал татаж байгаа. Бид АН-ын зүгээс, мөн намайг засгийн газарт ажиллаж байхад хүнсний гол нэр төрлийн таван бүтээгдэхүүнээр эхний ээлжинд мах, сүү, гурил зэргээр өөрсдийгөө хангадаг болох зорилт тавьсан. Засгийн газар, парламентын зүгээс идэвхтэй ажиллаж тариаланчдад олгодог урамшуулал бий болсон. Нэг тонн тарианд 80 мянган төгрөг олгдог урамшуулал бий болоод байгаа. Цаашдаа бүтээж байгаа бүх боломжийг дэмжих хэрэгтэй. Монголд үйлдвэрлэв гэдгийг бүх түвшинд дэмжих ёстой. Монголд үйлдвэрлэв гэсэн бүтээгдэхүүн зардаг дэлгүүрийн сүлжээ бий болгосон ч болно. Энэ бүх бүтээгдэхүүн хийж байгаа хүмүүст урт хугацаатай зээл олгодог, эхний жилүүдэд нь татвараас чөлөөлдөг энэ бүхнээ дэмжиж хөдөө аж ахужйн бүтээгдэхүүнээ боровсруулж чадах юм бол их боломж байна. Монгол хүний аюулгүй байдал Монгол улсын аюулгүй байдал. Монгол хүний хэрэглэж байгаа хүнсний аюулгүй байдал Монгол Улсын аюулгүй байдлыг хангахад хамгийн чухал нөлөө үзүүлэх хүчин зүйл байгаа юм. Хүнснийхээ зүйлээр өөсрдийгөө хангаад дараа нь нэн шаардлагатай байгаа үйлдвэрлэж болох бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд явая гэж бодож байгаа.

Н.Энхбаяр: Энэ асуудлыг өнөөдөр эхлээд ярьж байгаа биш. Би Ерөнхийлөгчийн хувьд хүнсний аюулгүй байдалд анхаарлаа хандуулья гэж УИХ, Засгийн газарт санал тавьж бүхэл бүтэн жилийг энэ ажилд зориулж байв. Гэхдээ энэ ажил ганцхан жилийн дотор шийдэгдэхгүй. Юуны өмнө хүнсний бүтээгдэхүүний стандартыг бий болгох хэрэгтэй. Ямар стандарт хэрэглэх вэ гэдэг дээр одоо хүртэл будилсан, маргасан хэвээр байгаа. Мөн "Атар 3" аян Засгийн газрын санаачилгаар хэрэгжсэн. Эцсийн зорилт Монгол улс өөрийгөө үндсэн бүтээгдэхүүнээр хангадаг болох ёстой. Дараа нь Япон, Солонгос зэрэгт чанартай бүтээгдэхүүн гаргах өргөн бололцоо байна. Үүн дээр идэвх санаачилгатай ажиллах хэрэгтэй. Би амласан бол ажил болгох ёстой гэдэг. Зүгээр яриад байгаагүй. Малчдынхаа мэдлэг боловсрлыг дээшлүүлье гэж бодож Малчны судар, Тариаланчдын судар гэдэг номыг санаачлан эрдэмтдээр бичүүлж үнэгүй тарааж байгаа. Мөн Малчин-фермерийн анги нээсэн. Нэг жил залуучууд маань сурлаа. Тэд сурсан мэдсэнээ нутагтаа очоод хэрэгжуүүлнэ. Ингэснээр чанартай хүнсний бүтээгдэхүүн хийх боломж нээгдэх байх.

Одоогийн шүүхийн тогтолцоог та нэр дэвшигчийн хувьд хэрхэн дүгнэж байна вэ?

Н.Энхбаяр: Түрүүн шүүхийн тогтолцооны талаар бид ярьсан. Үнэхээр шүүх дээр алдаа байгаа юу гэвэл байгаа. Оноо байгаа юу гэвэл бас байгаа. Нэг хүний алдаанаас болж бүхэлд нь тэр системийг буруутгаж болохгүй. Үндсэн хуульд шүүхийн тогтолцоог яг өнөөдрийн байгаагаар байна гэж заасан байгаа. Өөрчилье гэвэл тодорхой өөрчлөлтүүдийг хийж болно. Тухайлбал шүүгчдийг ард түмэн өөрсдөө сонгодог, томилдог журам руу шилжих ёстой гэж би боддог. Ингэхийн тулд Үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэй болно. Үүн дээр улс төрийн намууд зөвшилцөж Үндсэн хуулиндаа энэ асуудлаар өөрчлөлт оруулья гэвэл би дэмжихэд бэлэн байна. Хуулийн зарим будлиантай заалтаас болж тухайлбал 10 мянган төгрөг хулгайлсан өрх толгойлсон эмэгтэй давтан үйлдэл хийсэн гэсэн нэрийдлээр 10 гаруй жилийн ял авдаг ийм хуультай байна. Үүнийгээ өөрчлөхгүйгээр шүүгчид буруутай гэж тэднийг буруутгаж болохгүй юм. Шүүгчдийнхээ мэргэжлийн ур чадвар,ёс суртахууныг дээшлүүлье, нийгмийн асуудлыг нь бас шийдье, хэний ч хараат бус байдалд оруулья. Шүүгчид маань өндөр ёс суртахуунтай, нийгмийн асуудал нь шийдэгдчихсэн, хэнээс ч хараат бус байвал шүүхийн үйл ажиллагаа сайжирна гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Үүний төлөө ажиллах болно. Шүүхийн тогтолцоо үнэхээр шударга ёсыг тогтооход чухал учраас энэ бол хойшлуулшгүй зорилт гэж ойлгож байна.

Ц.Элбэгдорж: Үнэхээр шүүх шударга ажиллах юм бол нийгэм шударга болох боломжтой. Бид шүүхээ шударга болгохын тулд эхлээд хуулиа шударга болгох шаардлагатай. Өнөөдөр хүн бүхэн л хууль хэрэгжихгүй байна гэж ярьдаг. Манай эрх мэдэлтэй улсууд тэр хуулийг эрх мэдлийг тойруулж гаргаад байдаг байдал ажиглагддаг. Сайдын, дэд сайдын, төрийн нарийн бичгийн даргын бүрэн эрх гэж явсаар байгаад жирийн иргэний бүрэн эрх алга болчихдог. Ийм учраас эхлээд иргэнийхээ бүрэн эрхийг тавьсан тийм иргэн төвтэй хууль гаргаж чадвал тийм хуулийг хэрэгжүүлж байгаа шүүх шударга ажиллана. Нөгөө талаас хууль хяналтын байгууллагын хүрээнд ажиллаж байгаа хүмүүс шударга бус байдлыг дийлэхийн тулд үнэхээр хүнд ажил хийж байгаа. Авлигалтай тэмцэнэ гэдэг бол амь дүйсэн ажил. Энэ хүмүүстэй хариуцлага тооцох гээд асуудал яриад эхлэхээр дээр дороос утасдуулна, ийш тийш гүйнэ, янз бүрийн дарамт ирдэг. Ийм учраас томилдог хүн нь, ард нь байгаа улс төрийн баталгааг нь гаргаж байгаа хүмүүс нь өөрсдөө шударга байж, шүүгчид шударгаар асуудлыг шийддэг тэр боломжийг хангах ёстой. Нөгөө талаас шүүгчдийн нийгмийн асуудал байгаа. Ер нь зах зээл рүү орлоо гээд захын чиглэл нь илүү хөгжөөд зээл нь явахгүй байна. Шүүгчид маань хүнтэй л адилхан орон байртай болъё гэж бодож байгаа, хүнтэй л адилхан унаа машинтай болъё гэж бодож байгаа. Тэгэхлээр орон байраа урт хугацааны 25 жилээр ч юмуу зээлээр авч болдог, эхнийх нь төлбөрийг төрөөс хийгээд өгдөг, унаа машинаа худалдаж авахдаа мөн 7-8 жилийн хугацаанд худалдаад авдаг, тэгэхдээ өнөөдөр машинаа бариад гардаг, ийм боломж зах зээлд байдаг.Үүнийг хангаж өгөх хэрэгтэй.

Бүсийн төвүүдийг ойрын хугацаанд эрчимтэй хөгжүүлэх талаар таны санал?

Ц.Элбэгдорж: Ер нь бүсийн төвүүдээс гадна бидний хамгийн гол анхаарах ёстой юм бол орон нутгийн бодлого юм. Орон нутагт төвлөрч байгаа, бий болж байгаа баялгийг бүгдийг нь гол мөрөн шиг дээш нь татаж авч яваад буцаахдаа борооны дусал шиг дусаадаг ийм л бодлого өнөөдөр явж байна. Нэг үе төсвийн асуудлыг төвлөрүүлэх шаардлага байсан. Одоо энэ төвлөрлийг задлах боломж Монгол Улсад бий болжээ. Ялангуяа иргэдийн төлөөлөгчдийн хурал, тухайн орон нутагт амьдарч байгаа ард иргэдэд нь өөрсдийн асуудлаа шийддэг боломжийг олгох хэрэгтэй. Нэг шуурганаар байшингийнх дээвэр салаад уначихаар Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байдаг, аль эсвэл хэдэн цонхны шил хагарахаар Ерөнхий сайд мөнгө цохоод сууж байдаг энэ байдлыг өөрчлөх хэрэгтэй. Үүнийг өөрчлөхийн тулд хаана хүн илүү хөдөлмөрлөж чадна, хаана илүү баялгаа ашиглаж чадна, хаана илүү орлого бүтээж чадна, тэнд байгаа хүмүүс нь сайхан амьдардаг боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Ингэж чадвал бүсийн төв гэлтгүйгээр нийтдээ сайхан хөгжих боломж байгаа. Мэдээж төв суурин, хүн олноор суурьшсан газруудаа дэмжиж ажиллах шаардлагатай. Өнөөдөр төв суурин газрын гол асуудал нь ажлын байр. Яагаад ажлын байр байхгүй байна вэ гэхлээр мэргэжил олгодог, дэмждэг тэр тогтолцоо нь алга байна. Манай залуучууд өнөөдөр ажилгүй алхаж явахад гаднын хүмүүс хийх ажлыг нь булаагаад хийж байна. Тэгэхлээр залуусдаа төсвийн хөрөнгө оруулалтаар мэргэжил олгоё, ялангуяа бүсийн төв, тэр ард түмний татварын мөнгөн дээр бүрэлдэж байгаа тэр хөрөнгө оруулалт дээр гаднын хүмүүс ажиллуулдгийг болих хэрэгтэй. Хүмүүст ажлын байр гаргаж өгвөл бүсийн төвүүд, тэнд байгаа ард иргэдийн амьдрал дээшлэх сайхан боломж бий.

Н.Энхбаяр: Бүсийн төвүүдийн хөгжлийн асуудал бол миний хамгийн их анхаарал тавьдаг асуудлын нэг. Дорнодын Чойбалсан, Хэнтийн Өндөрхаан, Эрдэнэт, Дархан, Зуунмод, Хархорин, Завханы Улиастай, Ховдын Ховд сум гээд найман газрыг бид бүсийн хөгжлийн тулгуур төв байх ёстой гэж төрийн бодлогыг гаргасан. Бас ч гэж багагүй ажил хийсэн. Гэхдээ Үндсэн хуулинд заасан зарчмаар явах юм бол бүсийн бие даасан байдал тэр бүр бүрэн дүүрэн шийдэгдэж чадахгүй байгаа юм. Тийм учраас тухайн бүсийг үнэхээр биеийг нь даалгая гэвэл, үнэхээр орон нутагт олон асуудлыг шийдэх бололцоо, нөхцлийг хангая гэвэл Үндсэн хуулиндаа болон бусад хууль тогтоомжинд тодорхой хэмжээний өөрчлөлт оруулах хэрэгтэй байгаа юм.Үүн дээр улс төрийн намууд зөвшилцөж тодорхой санал гаргавал би дэмжихэд бэлэн гэдгээ хэлье. Бүс өөрөө бие даах хэрэгтэй. Томоохон асуудлуудыг өөрөө шийдэж байх хэрэгтэй. Аялал жуулчлал хөгжүүлэхээс авахуулаад үйлдвэрлэл хөгжүүлэх олон асуудлыг шийдэж болно гэдэгтэй би санал нэг байна. Бүсэд бас дэд бүтцийг хөгжүүлж өгөх хэрэгтэй. Мянганы зам бол чухамхүү бүсийн хөгжлийг дэмжсэн төсөл. Эрчим хүчний нэгдсэн тогтолцоо гэсэн хөтөлбөр бол бүсийн хөгжлийг л дэмжсэн хөтөлбөр. Эдгээр төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байгаа.Тодорхой ахиц дэвшил гарч байна. Одоо эмнэлгээ, сургуулиа, зарим томоохон их, дээд сургуулиудыг бүсийн төвүүд рүү нүүлгэх тал дээр төр дэмжлэг үзүүлж болно. Тэнд сэхээтний давхарга бий болсноор бүсийн төв хөгжих нөхцөл бололцоо бүрдэнэ.Тийм учраас энэ чиглэлээр багц асуудал боловсруулж хэрэгжүүлэх тал дээр тэртэй тэргүй төрийн бодлого гарчихсан байгаа. Одоо хэрэгжүүлэх явцад зөрчилдөж байгаа тэр хуулийн зохицуулалтуудыг, санхүүгийн зохицуулалтуудыг бүгдээрээ шийдэцгээе.

Монголчууд бүтэн хоёр жилийг сонгууль хийж өнгөрөөж байна. Үүнийг өөрчлөх арга зам бий юу?

Н.Энхбаяр: Сонгууль ардчил-сан нийгэмд заавал болдог. Сонгуульгүйгээр төрийн тэргүүнээ эсвэл хууль тогтоох байгууллагаа сонгож, томилж болдоггүй. Ардчилсан нийгмийн нэг онцлог нь энэ. Бид тэр утгаараа ардчилсан нийгмийн хууль, журмын дагуу ажиллаж амьдарч байна гэсэн үг. Тэгэхдээ нөгөө талаар аливаа асуудлыг сонгуулиар шалтаглаж хойшлуулдаг, хэтэрхий улстөржүүлж нураадаг байдал үргэлжилсээр байна. 1990-ээд оны эхэнд тухайн үеийн хуучин тогтолцоог нураах шаардлага байсан байх. Одоо бол ардчиллаар, ардчилсан сонгуулийн тогтолцоогоор далимдуулж ажлаа нураагаад суугаад байж болох уу. Саяхан би ард түмэндээ хандаж ард түмний өмнө тулгамдсан асуудлыг шийдэхийн төлөө УИХ,Засгийн газар шуурхай ажиллаач ээ, ажил хийхгүй байгаа нэг өдөрт нэг сая ам.долларыг зөвхөн Оюу толгой төслөөс алдаж байна. Сая саяар нь өдөр бүр мөнгө алдаад, тэгээд түүнийгээ сонгуулиар шалтаглаад суугаад байж болохгүй гэж хэлсэн. Сонгуулиудыг нэгтгэх хэрэгтэй. Сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох хэрэгтэй. Сонгуулийг шударга явуулдаг болгох хэрэгтэй гэдэгтэй би санал нэгтэй байна. Хамгийн гол нь ард түмнийхээ өмнө тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэе. Бид ардчилал гэдгийг ард түмний амьдралыг сайжруулах арга хэрэгсэл гэж боддог болохоос биш, бидний эцсийн зорилт ард түмний амьдрал сайжрах ёстой гэсэн зорилт болохоос биш сонгууль ,эсвэл өөр ямар нэгэн шалтгаан байж болохгүй гэж бодож байна. Заримдаа бид гол зорилтоо мартаад түүнд хүрэх аргыг гол зорилтоо болгож будлиад байх шиг байна.
Тэгэхлээр гол зорилтоосоо хазайлгүй явъя, тийм бололцоо бидэнд бий. 2021 он хүртэлх Үндэсний хөгжлийн цогц бодлогод заасан Монгол Улсыг нэг хүнд 15 мянган ам. доллар ногддог орон болгоё гэсэн зорилт бол бидний гол зорилт юм.

Ц.Элбэгдорж: Аливаа сонгуулийн учир утгыг бид бүгдээрээ мэдэж байгаа. Хэн нэгэн хүнд эрх өгөхдөө биш, ард түмэнд тэр эрхийг нь өгөх тийм л арга. Аливаа сонгуулийн утга учир бол муу удирдлагаа солих ард түмний эрх. Ард түмэн маань солино гээд шийдвэр гаргачихсан байхад түүнийг нь солиулахгүй гээд өөрчилж байдаг энэ явдлыг таслах хэрэгтэй. Хүмүүс одоо саналыг чинь хулгайлнаа гэх юм, хулгайлуухгүй гэхлээр худалдаж авнаа гэх юм. Худалдахгүй ээ гэхлээр булааж авна гэх юм. Булаалгахгүй гэхлээр шоронд явуулна гэж айлгах юм гэж хэлж байна. Тэгэхлээр энэ удаагийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд хамгийн чухал хийх шаардлагатай ажил бол эрх зүйн болон улстөрийн шаардлагатай өөрчлөлтүүд байгаа.Бидэнд Үндсэн хуулиа улам сайжруулж, нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага байгаа. Дээрээс нь сонгуулийн хууль, сонгуулийн байгууллага, сонгуулийн санхүүжилт гээд өнөөдөр хамгийн тулгамдсан асуудлууд байгаа.Мөн Улстөрийн намуудын тухай хууль, Төрийн албаныхаа хуулийг өөрчлөх шаардлагатай. Хэрвээ эдгээр өөрчлөлтийг бид хийж чадвал улс төрийн систем маань зөв болно. Одоо улстөр, эрх зүйн систмемийн хувьд хоцроод ард иргэдийн маань сэтгэлгээ, хийж бүтээх ялангуяа хувийн хэвшил энэ чиглэлийн боломж нь түрүүлээд байна .Энд байгаа чөдрийг, энд байгаа хазаарыг бид авч хаях шаардлагатай. Мөн сонгуулиар мөнгө өгдөг явдал байна. Хүмүүс мөнгө тарааж байгааг зохицууулах хэрэгтэй. Нэг удаа тэр авлигалд авсан мөнгөнөөсөө жаахныг өгч магадгүй. Эргүүлээд дөрвөн жил хармааг чинь ухдаг. Юмны үнэ өсгөх байдлаар, гурил, чихрийн үнэ өсгөх байдлаар гэх мэт. Ийм зохисгүй байдлыг бид өөрчлөх хэрэгтэй. Үүнийг өөрчлөхийн тулд хамгийн гол нь ард түмэндээ эзэмших ёстой баялгийг нь өгч, ард түмнээ жинхэнэ хөрөнгөтэй, боломжтой болгох ёстой.

Монгол Улсад засаглалын хуваарилалт ямар байна гэж та боддог вэ?

Ц.Элбэгдорж: Энэ асуудлаа бид Үндсэн хуулиараа шийдсэн. Миний ойлгодгоор бид олуулаа хэлэлцэж шийддэг ийм хэлбэрийг сонгосон. Манай орны хувьд энэ хэлбэр нь ч илүү байж магадгүй. Тиймээс энэ хэлбэрээ илүү төгөлдөржүүлэх шаардлагатай юм. Бид төрийн гурван өндөрлөг гэж Ерөнхийлөгч, УИХ, Ерөнхий сайдаа ойлгодог. Харин цаана нь хамгийн чухал засаглал хуваах хэлбэр болох шүүх эрх мэдэл нь асуудлын гадна үлдээд байна. Шүүх эрх мэдлийг байх ёстой байранд нь авчрах нь хамгийн чухал байна. Үндсэн хуулиа 1992 онд өөрчилж байхад бидний ойлголт, туршлага өнөөдрийн Үндсэн хуулийг гаргасан хэмжээнд л байсан. Одоо18 жилийн дараа эргэж харахад энэ бүхэнд өөрчлөлт оруулаад олон улсын жишигт нийцсэн эрх зүйн систем бүрэлдүүлэх бүрэн боломжтой болсон. Ингэж л цаашаа эрх зүйн системээ бүрэлдүүлэх шаардлагатай. Нөгөө талаас ард нийтээс асууж шийддэг зүйл учир дутагдалтай байна. Төрийн гүйцэтгэж байгаа үүргүүдийг олон нийтийн байгууллага, иргэд рүү шилжүүлдэг байдал учир дутагдалтай хэвээр л байна. Хямрал болж байгаа энэ үед төр өөрийнхөө өөхнөөс, хүнд суртлаас салахын тулд иргэддээ, орон нутагтаа эрх мэдлийг шилжүүлэх хэрэгтэй. Жагсаалт гаргаж байгаад эрх мэдэл, боломжуудыг хувийн хэвшилдээ шилжүүлэх хэрэгтэй. Ингэж чадвал засаглалын хуваарилалт зөв болно. Засаглалын хуваарилалт буруудаад байгаадаа биш харин энэ бодлого, хуулийг буруу хэрэгжүүлээд байгаадаа хэрэг оршиж байгаа юм. Түүнийг дагаж гардаг дүрэм, журам бусад зүйлүүд нь албан тушаалтнуудын дур зоргын асуудал болж хувирсан учраас л юм явахгүй байна. Ер нь ард иргэдийнхээ эрх ашгийг хамгаалсан эрх зүйн тогтолцоо гэдэг бол хамгийн чухал юм.

Н.Энхбаяр: Засаглалын тогтолцооны хэлбэрийн тухай ярихын тулд юуны өмнө хөгжлийг бий болгодог тогтолцоо мөн үү гэдгээс нь харах ёстой юм. Энэ талаар нэг бус удаа байр сууриа илэрхийлж байсан. Өнөөдрийн манай тогтолцоо хөгжлийг удаашруулж байна уу, хурдлуулж байна уу, тулгамдсан асуудлыг шийдэж байна уу эсвэл замхруулж байна уу гэдгийг бодох хэрэгтэй юм. Үүнээс үүдэж төрийнхөө тогтолцоог яаж хариуцлагатай болгох вэ, шийдвэрийг хэрхэн хурдан гаргадаг болгох вэ, хөгжлийг яаж хурдан бий болгох вэ гэдэгт анхаарч ажиллах хэрэгтэй гэж бодож байна. Ер нь буруу шийдвэр гаргадаггүй, гаргасан шийдвэр нь дандаа зөв байдаг тийм л тогтолцоо руу орох ёстой. Өнөөдөр буруу шийдвэр гаргахад яаж ч чаддаггүй тийм нэг тогтолцоо байгаа учраас "Бороо гоулд"-ын тогтвортой байдлын гэрээ батлагдсан. "Бороо гоулд"-ын тогтвортой байдлын гэрээ батлагдсанаар ард түмэн 43 тонн алтыг нэг ч төгрөг авч чадалгүйгээр гадагш алдсан. Хамгийн багаар тооцоход 150 сая ам,долларыг "Бороо гоулд"-ын тогтвортой байдлын гэрээнээс болж алдсан юм билээ. Энэ гэрээний цаана авилгал байдаг гэж нэр дэвшигч Ц.Элбэгдорж ярьдаг. Магадгүй ээ Ц.Элбэгдорж Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа энэ гэрээг хийсэн болохоор мэдэж байгаа байлгүй гэж боддог. Гэхдээ энэ Ц.Элбэгдоржийн тухай асуудал биш. Би яаж ийм буруу шийдвэр гаргадаггүй тогтолцоо руу орох вэ гэдгийг ярьж байгаа юм. Улс төрийн намууд санал солилцож, зөвшилцөж, Үндсэн хуулиндаа тодорхой хэмжээний боловсронгуй зохицуулалт хийж, хөгжлийг хурдасгадаг, шийдвэр дандаа зөв гаргадаг ийм тогтолцоо руу оръё гэвэл би дэмжихэд бэлэн байна. Би ганцаараа аливаа асуудлыг шийдэх дургүй. Харин Засгийн газар, УИХ, улстөрийн намуудтайгаа асуудлыг зөвшилцөн шийдэж ирсэн. Цаашдаа ч ийм тулгамдсан асуудлыг ийм л аргаар шийдэж явах болно.

Та Ерөнхийлөгчөөр сонгогдвол хамтарсан Засгийн газрын тогтвортой ажиллагааг хэрхэн дэмжих вэ?

Н.Энхбаяр: УИХ-ын 2008 оны сонгуулийн дараа МАХН олонхийн суудлыг авсан. Үндсэн хуулинд зааснаар олонхийн суудал авсан нам дангаараа Засгийн газар байгуулах бүрэн эрхтэй байдаг. Гэхдээ МАХН-аас зарчмын шийдвэр гаргаж, Эх орны хишгийг өгүүлье, улс орондоо хөгжлийг түргэвчлүүлье гэсэн үүднээс Хамтарсан Засгийн газар байгуулах саналыг гаргасан. АН ч түүнийг дэмжсэн. Би эх орны хишгийг санаачилсан хүний хувьд (2007 оны нэг дүгээр сарын 26-ны өдөр анх энэ саналыг ард түмэндээ дэвшүүлж байсан) дэмжсэн. Эх орны хишгийг улстөрийн намууд зөв зүйтэй гэж дэмжиж, УИХ-ын сонгуульд оролцохдоо улс төрийн амлалт болгож, түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд Хамтарсан Засгийн газар байгуулсан. Би энэ ажлыг хийлгэхийн тулд Хамтарсан Засгийн газрыг дэмжсэн. Цаашид ч дэмжиж ажиллана. Эх орны хишгийг энэ Засгийн газраар өгүүлнэ. Дэмжиж, шаардаж шахаж байж өгүүлнэ. УИХ ч энэ ажилд надад тус болох байх гэж бодож байна. Засгийн газар ч Эх орны хишгийг өгөхийн тулд санаачилгатай ажиллах хүсэл эрмэлзэлтэй байгаа гэж ойлгож байна. Сайн сайхан бүхэнд нь дэмжлэг үзүүлж, алдаа дутагдал гарвал ярьж хэлж байгаад засуулж ажиллана. Энэ нь Ерөнхийлөгчийн үүрэг юм.

Ц.Элбэгдорж: Олон амлалтыг, ялангуяа нийгмийн амлалтуудыг л хэрэгжүүлэхийн тулд Хамтарсан Засгийн газрыг байгуулах хамгийн гол зөвтгөл гарсан гэж ойлгож байна. Эх орны хишиг, эрдэнийн хувь хүртээхийг хэрэгжүүлэх шаардлагатай. Бид нэг юм амлахаар нөгөө талаас давуулж амлах хандлага бий болчихоод байна. Арван мянган төгрөг гэхээр 100 мянган төгрөг, сая төгрөг гэхээр 1,5 сая төгрөг ч гэх юм уу. Энэ нь нөгөө талаас хоёр нам хоёулаа ийм эдийн засгийн боломж бий гэдгийг харуулж байна. Энэ амлалтуудыг бараг гурван сонгууль дамжин амлаж байна. Тиймээс сонгууль дамжуулан амлуулах биш, 2008 оны УИХ-ын сонгуулиар ард түмэндээ тавьсан өр гэж үзээд амлалтыг өгүүлэх нь хамгийн чухал юм. 1,5 сая төгрөгийг төгрөгөөр нь өгүүлэх ёстой, сая төгрөгийг нь хувьцаагаар өгөх ёстой. Ингээд 2,5 сая төгрөгний асуудлыг шийдэх бүрэн боломжтой. Өнөөдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүн гурвуулаа нэг намаас байна. Үнэхээр Хамтарсан Засгийн газарт хамтарч ажиллая гэвэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлтэй хамтарч ажиллах хэрэгтэй. Олонхи цөөнхөө авч Засгийн газар байгуулснаар хяналт суларсан тал бий. Харин одоо Ерөнхийлөгчийг сонгох асуудалд анхааралтай хандах хэрэгтэй гэж ард иргэдээс санал гаргаж байна. Тэндээс хяналттай ажиллаж чадвал Хамтарсан Засгийн газарт хяналт тавьж, ард түмний эрх ашгийг илэрхийлж чадна. Одоо л Хамтарсан Засгийн газрынхаа үр дүнг үзэх хэрэгтэй болж байна.

Хэрвээ та Ерөнхийлөгчөөр сонгогдвол үндэсний соёл уламжлалыг хойч үедээ зааж, сэргээх асуудлыг системтэй болгож чадах уу?

Ц.Элбэгдорж: Монголчууд бол гайхамшигтай соёл уламжлалтай, гайхамшигтай өвийг дэлхий нийтэд бүтээж чадсан ард түмэн. Монголчууд төр ёсны, бичгийн, хэлний, урлагийн гайхамшигтай уламжлалыг ямар ч том ард түмнээс дутахгүйгээр дэлхийд таниулж, танигдаж чаддаг улс юм. Нөгөө талаас даяарчлал гэж ярьж байгаа энэ үед монголчууд соёл, урлагаараа дамжуулж шинэ өнгө нэмэх боломж бий. Монголд ирж байгаа гаднын хүмүүсийн хамгийн их харахыг хүсэж байгаа зүйл нь монголын уламжлал, заншил, малч удам юм. Үүнийг бид хадгалж үлдэх ёстой. Энэ ёс заншил, нүүдлийн соёл иргэншлийг тээж яваа хүмүүсийг би малчид гэж боддог. Гадаа гандаж, хөдөө хөхөрч янз бүрээр хэлүүлж яваа ч манай малчид монголынхоо удмын дархлааг авч яваа гайхамшигтай хүмүүс юм. Нөгөө талаас бид ёс заншил, байгаа зүйлээ залуу үедээ өвлүүлэх нь туйлын чухал байна. Бид өвлүүлж чадвал Монгол монголоороо үлдэх боломжтой. Монгол хүн эрх чөлөөнд дуртай. Бие дааж амьдрах дуртай. Энэ бүхнийг нь төрөөс бэхжүүлж өгөх хэрэгтэй. 1998 онд би Ерөнхий сайд болохдоо соёл урлаг, спортын төрлөөр уралдаан тэмцээнд орвол мөнгөн шагнал олгодог систем бий болгосон. Өнөөдөр энэ нь улам баяжаад, мөнгө нь нэмэгдээд явж байна.

Н.Энхбаяр: Эх орноороо хөндлөн гулд явж, өнцөг булан бүрт нь очиж, ард иргэдийнхээ ахуй амьдралтай танилцаж байгаагаа хэлсэн. Монголоороо өөрийн эрхгүй бахархах сэтгэгдэл надад үргэлж төрж байдаг юм. Гэхдээ Монголоороо бахархаж байна гээд цээжээ дэлдээд суугаад байж болохгүй. Ажил хийх хэрэгтэй. Би Монгол Улсын Ерөнхийлөгч, эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд төрийн дууллаа шинэчилье, төрийн дууллаасаа Монголоороо бахархах ажлыг эхлэе гэсэн санал гаргасан. Өнөөдөр төрийн дууллыг цэцэрлэгийн хүүхдүүд цээжиндээ гараа тавьж байгаад дуулдаг боллоо. Би Ерөнхийлөгчийн хувьд санаачилга гаргаж Монголын ёс заншлын толь гаргасан. 50 боть дэлхийн сонгодог утга зохиолын номыг хэвлүүллээ. Ер нь ном бол Монголчуудын хувьд баринтагладаг, бурхныхаа дэргэд тавьдаг ариун нандин шүтээн. Ном гэдэг нь гүтгэлэг гүжирдлэгийг багтаасан хоёр хавтсан дунд багтсан хэдэн хуудас цаас биш. Харин би номыг хүн төрөлхтний сонин содон, оюун ухааны бодлыг нэгтгэсэн, хүнд үргэлж зөвлөгч, багш нь болдог эрхэм нандин шүтээн гэж ойлгодог. Ардчилсан нийгэмд хийх ажил их байна. Юуны өмнө сонгодог урлаг, уламжлалт урлаг, хүүхдийн урлагаа дэмжих хэрэгтэй. Эдгээр урлагийг дэмжиж ч ирсэн, цаашид улам дэмжих хэрэгтэй байна. Гэхдээ Ерөнхийлөгчийн ивээл дор дэмжих хэрэгтэй гэж бодож байна. Ерөнхийлөгчийн ивээлийн цаана боловсон хүчин бэлтгэх, сургуулийг нь байгуулах, хөрөнгө мөнгөний асуудлыг нь шийдэх зэрэг асуудал бий.

 

Говь болон алслагдсан бүс нутгийн хөгжлийн талаар онцгойлон авч үзэх цаг болсон юм биш үү?

Н.Энхбаяр: Говийн бүсийг хөгжүүлэх тусгай бодлого гаргах ёстой. Тэнд тэртэй тэргүй ашигт малтмалын орд газрууд ашиглалтад ороход хөгжил өөрөө ороод ирнэ. Харин бид дэд бүтцийн асуудлыг нь шийдэж өгөх хэрэгтэй. Усны хангамж, төмөр зам, засмал тавьж өгөх хэрэгтэй. Ажлын байрыг яаралтай бий болгох ёстой. Оюутолгойн ордыг ашиглалтад оруулж, үйлдвэрийг барьж байгуулахад 10 мянган ажлын байр шинээр бий болно гэсэн тооцоо бий. Үйлдвэр ашиглалтад орсноор тогтмол 3500 хүн ажлын байртай болно. Том үйлдвэр жижиг бизнесийг дэмждэг болохоор олон хүн ажлын байртай болно. Тиймээс өдөр цаг, нар сартай уралдаж ажилладаг төр бидэнд хэрэгтэй байна. Ингэснээр монгол хөгжинө. Монголчууд эвийн хүчийг нэгтгэж, эх орны хишгээ хурдан ард иргэддээ өгүүлье. Хэчнээн удаа ярих вэ, одоо өгөх цаг болсон юм биш үү гэж бодож байна.

Ц.Элбэгдорж: Хязгаарлагдмал бүс нутгийн иргэдийн тавьдаг нэг гол асуудал нь бүсийн нэмэгдэл байдаг. Үүнээс гадна хязгаар нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх асуудал байдаг. Ялангуяа аль бүс нутагт татварын буюу эдийн засгийнх нь эрх мэдлийг шилжүүлэх чухал юм. Өмнөговь аймагт би дөрвөн хоногийн өмнө очлоо. АН орон нутгийн сонгуульд олонхи болсон байна. Тэр хүмүүс хэдий санхүүгийн хямрал болж байгаа ч өнгөрсөн цагаан сарын үеэр хүүхэд, хөгшдөд ялгаагүй тавь тавин мянган төгрөг тараагаад өгсөн байна. Одоо энэ долдугаар сард дахиад тавь тавин мянган төгрөг өгнө гэж байна. Энэ нь баялгийг өгч чадах боломж байна гэдгийг илтгэж байна гэж бодож байна. Хамгийн гол нь шударга ёс, хариуцлага дутсанаас хямраад байна гэдэг нь эндээс харагдаж байна. Ард түмнээ гэсэн сэтгэлтэй байвал говьд ч хангайд ч гэсэн амьдрал бий. Тэнд баялаг байгаа бол тэндхийн ард түмэн түүнээс нь хүртдэг. Эргээд тэр баялгийг нийт монголчууд хүртэх боломжийг олгох ёстой. Хэрвээ хүмүүс баялагаа эзэмшвэл түүгээр барьцаалж зээл авч, хөрөнгөний эзэн шиг загнах шиг болно. Үүндээ эзэн болсон иргэд байвал хяналт тогтоно.

Малчдын нийгмийн даатгалыг төрөөс хариуцдаг болох тухай таны бодол?

Ц.Элбэгдорж: Малчдын нийгмийн даатгалыг төрөөс хариуцах боломжтой. Гэхдээ бүх зүйлийг төрөөс хариуцна гэдэг нь бас өрөөсгөл. Нийгмийн даатгал, ялангуяа эрүүл мэндийн даатгал, төрийн оролцоог даатгалаар нь дамжуулж шийдэх асуудал хамгийн чухал. Өнөөдөр эрүүл мэндийн даатгал гэхэд төрөөс 75 хувь, иргэд 25 хувийг төлдөг. Төрөөс сардаа даатгалд 500 төгрөг төлдөг. Малчдын нийгмийн даатгалыг хариуцаж болно. Гэхдээ тэр төрөөс төлж байгаа 500 төгрөгийг хоёр мянга болгох боломж бий. Дээрээс нь эх орны баялаг, боломжуудыг малчдын төлөх төлбөрт нь оруулж шийдэх олон боломж бий. Ер нь даатгалаа хөгжүүлэх юм бол нөгөө талд нь төрийн оролцоог багасгах боломжтой. Бидний олон жил ярьдаг нэрийн даатгал байна. Хүн мөнгөө өгөөд даатгуулчихсан л бол тэр даатгал нь байнга өсч байх учиртай. Гэр бүлийн нэг гишүүн хорвоогийн мөнх бусыг үзүүлэхэд ар гэрийнхэнд нь даатгал нь шилждэг тогтолцоо бусад оронд байдаг. Ийм тогтолцоог хэрэгжүүлэх нь зүйтэй. Даатгуулаад өвдөхгүй байгаа, сайн ажиллаж байгаа, өөрийн эд хөрөнгөө эрсдэлд оруулахгүй байгаа хүмүүс хождог тийм тогтолцоо руу явуулах шаардлагатай. Өгдөг юмных нь үнэ унаад, авдаг юмных нь үнэ өсөөд байдаг байдлыг өөрчлөхийн тулд худалдааг чөлөөтэй болгох, ялангуяа жижиг, дунд үйлдвэрүүдийг орон нутагт дэмжиж байгуулан эхний ээлжинд татвараас чөлөөлөх зүйтэй.

Н.Энхбаяр: Малчдын нийгмийн даатгалын асуудал судалж шийдэх асуудал зайлшгүй мөн. Малчдаа цогц арга хэмжээгээр дэмжих ёстой юм. Ганц нийгмийн даатгалын асуудлыг шийдсэнээр малчдад тулгамдаж байгаа олон асуудлыг шийдэж чадахгүй. Малчдын хүүхдэд төлбөргүй дээд боловсрол олгоё. Банкнаас зээл авсан малчдын 67 хувь нь түүнийгээ хүүхдийн дээд сургуулийн төлбөрт зарцуулж байна. Энэ нь малчдыг ядууруулах нэг гол шалтгаан гэж олон улсын байгууллагын судалгаагаар тогтоожээ. Тэгэхээр ядууралд оруулаад байгаа гол шалтгаанаас салгая гэдэг санал тавьж байгаа юм. Дээр нь зээлийн хүүг нь хямралын үед Засгийн газар үнэт цаас гаргаж даадаг больё. Зах зээлийг нь олж өгье. Орос руу махыг нь гаргахад туслая. Ноолуурыг нь гадаадад үнэтэй гаргах бололцоогоор дэмжье, экспортыг чөлөөлье. Ийнхүү цогц дэмжлэг авснаар малчид өөрсдийнхөө ахуй амьдралыг аваад явах чадвартай болно.

УИХ, Засгийн газрын гишүүдийг заагласнаар шударга төр бүрэн хэрэгжинэ гэдгийг хүлээн зөвшөөрөх үү? Хэрэв Ерөнхийлөгчөөр сонгогдвол энэ тухай хуулийг та батлуулах уу?

Н.Энхбаяр: Би Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдвол Үндсэн хуулийн хүрээнд л ажиллана.Тэгж ч ажиллаж ирсэн. Гэхдээ Үндсэн хуулиар шийдэж болохгүй, тулгамдсан олон асуудал байдаг. Түүний нэг нь төрийг хариуцлагатай болгохын тулд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн хоёрыг зааглаж салгах, Засаг дарга нарыг ард түмэн өөрөө сонгох, эсвэл дээд шатны удирдлагаас шууд томилдог болгох асуудал. Энэ тухай байнга яригддаг. Үнэхээр энэ асуудлуудыг заавал шийднэ хэмээн Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар улстөрийн намууд зөвшилцөж санал нэгдвэл би дэмжихэд бэлэн байна. Гэхдээ зөвхөн энэ асуудал төрийг хариуцлагатай болгоно гэж би бодохгүй байгаа. Төрийг хариуцлагатай болгох олон цогц асуудлыг судалж шийдэх ёстой. Нэгэнт сонгогдсон албан тушаалтан хохирдоггүй. Тэд ажил хийхгүй байсан ч цалингаа аваад явдаг. Энэ бол үнэхээр хариуцлагагүй тогтолцоо. Ажил хийгээгүй мөртлөө цалин авдаг тогтолцоог халж ажил хийсэн хүн болгоны хөдөлмөрийг үнэлдэг тогтолцоо руу орьё гэж боддог.

Ц.Элбэгдорж: Ер нь төр нь иргэддээ үйлчилдэг төр болох асуудал хамгийн чухал. Төрийн албаар дамжуулж бизнес хийдэг хүмүүсийн бүхэл бүтэн давхарга нийгэмд бий болжээ. Сүүлийн үед гарсан нэгэн судалгааг иш татвал, сүүлийн 10 жилд Монголын авлигачид гурван тэрбум долларын хөрөнгө завшсан. Төгрөгөөр хөрвүүлж бодох юм бол 4,2 триллион төгрөг. Энэ мөнгөөр бид хүүхдийн мөнгөө олгосон бол 42 жил өгөх боломжтой байлаа. Энэ мөнгө ард түмэнд очсон бол өнөөдрийн тэтгэвэр авч байгаа хүмүүсийн тэтгэмж, цалин авч байгаа хүмүүсийн хөлс тав дахин өндөр байх боломжтой байв. Ер нь төрийн албыг шударга болгохын тулд эхлээд хуулиа шударга болгох, энд ажиллаж байгаа хүмүүсээ шударга болгохын тулд нийгмийн асуудлыг нь шийдэх гэдэг хоёр зүйлийг давхар шийдэх шаардлагатай. Ард иргэдийн хамгийн эмзэг зүйлийг барьж бүтэшгүй олон амлалт өгдөг, гарч ирээд хэрэгжүүлдэггүй, нэг бол хэрэгжүүлэх гэж эдийн засгаа, төрийн албаа унагадаг байдлыг зогсоох шаардлагатай. Оюутны төлбөр гээд яригдаж байна. Бид энэ асуудлыг шийдэх ёстой гэж бодож байгаа. Гэхдээ оюутны төлбөрийг шийдэхдээ тухайн оюутны гар дээр мөнгийг нь тавих хэрэгтэй. Оюутан сонголтоо өөрөө хийж сайн багш, сайн сургуулиа сонгож сурах юм. Сайн боловсрол орлого, муу боловсрол зарлага болдог шүү дээ. УИХ, Засгийн газрын гишүүнийг заагласан нь дээр. Ер нь Үндсэн хуулийн дордуулсан долоон өөрчлөлт гэж ярьдаг. Тэр өөрчлөлтүүдийг хүчингүй болгоод Үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулах замаар энэ асуудлыг шийдэж болно.

Стратегийн ордуудыг ашиглаж эргэлтэнд оруулах талаархи таны байр суурь?

Ц.Элбэгдорж: Стратегийн ордуудыг ашиглаж эргэлтэнд оруулах нь зөв. Сүүлийн 20 жилд Монгол оронд олон зүйлийг хийж бүтээсэн. Гэхдээ олон зүйл болохгүй байгаа. Болохгүй байгаа олон асуудлын нэг нь ард иргэд маань үнэхээр ядуу амьдарч байна. Дарга нар нь ард түмнээсээ баян амьдардаг тогтолцоо Монголд бий болчихсон. Ард түмэн сайхан амьдрах бүрэн боломж байгаа. Энэ боломжийг ашиглахын тулд ард түмнээ эзэн болгох ёстой. Гадаадын пүүс, компаниуд энэ Оюутолгойг чинь авья гээд ирэхэд ард түмэндээ хувь болгоод өгчихсөн гэж хэлж чаддаг ийм л Ерөнхийлөгч болохыг хүсдэг. Тэгж чадах юм бол ард түмэн хөрөнгөтэй болно. Хөрөнгөтэй болж чадах юм бол цаашдаа сонгуулийн элдэв амлалт, улстөрийн жүжигт хуурталгүйгээр өөрсдийн хувь заяагаа шийдээд явчих боломж бүрдэх юм. Ард түмнээ жинхэнэ эзэн болгох юмсан. Хөрөнгө мөнгөтэй болвол хүмүүс ажил амьдралаа өөрсдөө өөд нь татна. Мэргэжлээ, ажлаа өөрсдөө олж, үйлдвэрлэлээ өөрсдөө хөгжүүлдэг болно. Энэ бүхний цаана Монголын ард иргэдийн олон зуун жилийн түүхэн хүсэл мөрөөдөл болсон жинхэнэ эзэн болж эзэн суудалд нь суулгах асуудал энэ удаагийн сонгуулиар шийдэгдэх хамгийн гол асуудал юм. Ер нь энэ удаагийн сонгуулиар хүмүүс хэн нэгнийг сонгох гэж байгаа нь сонин биш. Ирэх дөрвөн жилд хэр амьдрах вэ, ямар байдалтай явах вэ гэдгийг бодож сонгох сонгууль. Тийм болохоор хүмүүс өөрсдийгөө бодож сонголтоо хийх хэрэгтэй. Үнэхээр энэ сонголтыг хийвэл надад ямар ашигтай байж болох вэ гэдгийг бодож сонголт хийх ёстой. Би хувьдаа ард түмэндээ тэр боломжийг олгохын төлөө явна.

Н.Энхбаяр: Стратегийн ордуудын талаархи миний байр суурь дэндүү тодорхой байгаа. 2007 оны нэгдүгээр сарын 26-нд Ашигт малтмалын орд газруудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах тухай багц асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Хамгийн эхний асуудал бол улсын зардлаар геологийн хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн орд газруудын жагсаалтыг гаргая. Тэр орд газруудын лиценз эзэмшигчтэй хэлэлцээр хийж төрийн мэдэлд авья. Ингэснээр хөрөнгө оруулалтыг дэмжиж ашигт малтмалыг эдийн засгийн томоохон эргэлтэд оруулж хуримтлал бий болгож ,эх орны хишийг өгч эхэлье гэсэн санал дэвшүүлсэн. Би нэр дэвшигч Ц.Элбэгдоржтой нэг зүйл дээр санал нийлэхгүй байна. Хувьцаа гэдэг дээр санал нийлэхгүй байгаа юм. Бид хувьцааг мэднэ. Ягаан, цэнхэр тасалбарыг туулаад үзсэн ард түмэн. Хувьцаагаар дамжуулж томоохон орд газруудыг цөөн хэдэн хүний гарт өгчих вий гэж болгоомжилдог. Түүний оронд эх орны хишгийг бэлэн мөнгөөр хөгшиддөө, сургуулийн төлбөрөөр залуучууддаа, бизнес эрхлэгчдээ орлогын эх үүсвэрээр нь дэмжиж, эмчилгээний зардал хэрэгтэй байгаа хэсэгт нь зардлыг нь өгч олгох нь зөв зүйтэй алхам гэж боддог. Эх орны хишгийг хүн хувьцаа болгож, барьцаалж, барьцааны мөнгийг төлж чадаагүйгээсээ болж хураалгадаг байж болохгүй. Тийм молигийг бид 90-д оны үед нэлээд хугацаанд амссан. Одоо тэгж хууртдаг ард түмэн байхгүй гэж бодож байна. Одоо үнэгүй боловсролыг эх орны хишигтэй холбож чанартай боловсрол болгож олгоё. Залуучуудынхаа сурч боловсрох хүслийг нь дэмжье. Тийм учраас стратегийн орд газар бол зөвхөн стратегийн орд газрын асуудал биш. Цаана нь ажлын байр, залуучуудын боловсрол, хөгшдийн тэтгэвэр, цалин, тэтгэмж, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих хөрөнгийн орлого гээд олон асуудал зангигдаж байгаа учраас ийм байр суурийг дэмжиж байгаа юм.

Өмч хувьчлал хэр зэрэг шударга, хүртээмжтэй болсон бэ? Тухайн үед орон сууцгүй үлдсэн хүмүүсийг яах бодолтой байна вэ? Газар өмчлүүлнэ гэж битгий хэлээрэй, одоо хүн бүр газар өмчлөх эрхтэй болсон.

Н.Энхбаяр: Өмч хувьчлалын асуудал нь Монголд сайн, эсвэл муу гэсэн ганц дүн тавьж болохгүй үйл явц юм. 1990-ээд оны дундуур хийсэн өмч хувьчлалыг ард түмэн «өмч хумслал» гэж шог хошноор нэрлэж байсан. Өмч хувьчлалаар дамжуулж авлига, хээл хахууль дэлгэрсэн, өмч хувьчлал нэрээр ягаан, цэнхэр тасалбар тарааж үйлдвэр, аж ахуйн байгууллагуудыг ард түмнээсээ салгасан гэж ард түмэн маань шүүмжилдэг. Тэгэхээр өмч хувьчлал гэдгийн цаана шударга бус явдал нуугдаж байна гэж ард түмэн хэлдэг нь зүй ёсны юм. Өмч хувьчлалыг ил тод нээлттэй явуулах хэрэгтэй. Өмч хувьчлалын цаана ажлын байр бий болж, технологи шинэчлэгдэн, үйлдвэрийн бүтээгдэхүүний чанар дээшлэх ёстой, гадаадын зах зээлд байр сууриа олж, дотоодын зах зээлдээ чанартай бүтээгдэхүүн нийлүүлдэг байх ёстой юм. Өмч хувьчлалын дараа эдгээр шаардлагыг хувьчлагдсан объектууд хэрэгжүүлж чадсан уу гэдэг нь чухал. Тийм учраас өмч хувьчлалыг шударга явуулах хууль эрх зүйн орчинг боловсронгуй, үйл явцыг нь нээлттэй болгох асуудал тулгамдаж байгаа. Орон сууцны хувьчлалд орж чадаагүй хүмүүст урт хугацааны, бага хүүтэй зээлийг эх орны хишгээр дамжуулан шийдэх бололцоотой гэж бодож байгаа. 100 мянган айлын орон сууцыг гадаадын хөрөнгө оруулалтаар дэмжих бодлого нэгэнт хэрэгжиж эхэлсэн. Энэ бодлогыг тууштай хэрэгжүүлж, шийдэхийн төлөө ажиллах болно гэдгийг хэлье.

Ц.Элбэгдорж: Өнөөдөр хүмүүст амлаж болох бүх л зүйлийг амлаж байх шиг байна. Хамгийн гол амлахгүй байгаа зүйл нь шударга ёс, өөрчлөлтийн асуудал байна. Өнгөрсөн арван жилд явж ирсэн бодлогыг өөрчлөх хэрэгтэй. Энэ өмч хувьчлалын тухай ойлголт буруу. Социализмын үед нэг гутал хийхэд 100 төгрөгийн зарлага гаргачхаад 50 төгрөгөөр ард түмэндээ зарж, 50 төгрөгөө ЗХУ-аас татаасаар авдаг тийм л эдийн засагтай байсан үед ягаан, цэнхэр тасалбараар дамжуулж өмчийг хувьчилсан. Үүнд алдаа, оноо их бий. Тэр үед хотондоо 500 хоньтой байж эхнэрээ төрөхөд хонины шөл гаргаж өгөх эрх мэдэлгүй, сум - нэгдлийн дарга руу өргөдөл бариад шогшдог ард түмэн байлаа. Өнөөдрийн стратегийн орд, хувьцаа болгож өгөх гээд байгаа хувьчлал бол дэлхийн гал зуухыг галлах нүүрс, дэлхийн бүх технологийн зүрх болсон зэсийг хэлж байна. Энэ ордоос нэг сая төгрөгийн хувьцааг хүүхдийнхээ нэрээр хадгалчихвал орд ашиглалтанд орсны дараа 5 сая, таван жилийн дараа 30 сая болж өснө. Та жинхэнэ юмны эзэн болно. Одоо үүнд дарга нар нь эзэн байж, төрийн нэрийн өмнөөс би шийднэ гэж гүйдэг биш, ард түмэндээ өгөөд ард түмнээ жинхэнэ эзэн болгох асуудал чухал.

Долдугаар сарын нэгэн шиг үйл явдал давтагдахгүй гэх баталгаа бий юу?

Ц.Элбэгдорж: Үнэхээр давтаж болохгүй. Сонгуулийг луйваргүй явуулж, тогтолцоог зөв болгодог, эрх мэдлийн төлөө улайрахдаа үүнийгээ алдахгүйн тулд, алдана гэж итгэхдээ янз бүрийн гүтгэлэг тарааж, мөнгө өгдөг. Ард түмнээ ядуу байлгаад нөгөө талд нь дарга нар нь эзэн шиг байвал сонгогдоход, хуурахад амархан гэж бодоод байна шүү дээ. Алийн болгон ард түмэн ядуу байж, улстөрчдийн амлалт, бусад зүйлд хууртаж явах юм бэ? Үүнээс гаргахын тулд ард түмнээ эзэн болгоё. Ингэвэл 7 сарын нэгэн шиг үйл явдал дахин давтагдахгүй. Нөгөө талаас нь үзвэл таван хүний амь нас үрэгдлээ. Цонх руу чулуу шидсэн хүнийг олсон хэрнээ таван хүний халуун амь бүрэлгэсэн эзнийг олохгүй л байна. Олон хүн энд шалгагдаж байгаа. Шалгагдаагүй цөөхөн улсууд үлдсэн. Шударга ёс тогтоож энэ асуудалд хариу өгөх шаардлагатай. Бид хуулиа, явуулж байгаа бодлогоо шударга болгоё. Ард түмнийхээ эрхийг луйвардаж авдгаа зогсооё. Зөв сонгууль хийдэг болъё. Сонгуулиар хүн хэнд санал өгөх нь ямар хамаа байхав, тэр санал нь зөвөөр тоологддог байх ёстой. Тэгж чадвал энэ бүхэн шударга явна. Цаашид нийгмийн бухимдлыг даамжруулаад байвал эв нэгдэл гэдэг зүйл өөрөө алга болно. Миний ойлгодгоор шударга ёсон дээр эв нэгдэл суурилдаг. Хүүхдийг нь буудчихаад ээжтэй нь эв нэгдэл яриад байх боломжгүй зүйл. Тийм учраас эхлээд шударга байж, ард түмнээ сонсъё. Ер нь 7 сарын нэгэнд ардчилсан Ерөнхийлөгч ард түмэнтэйгээ ярьж чаддаг уур амьсгал үгүйлэгдэж байсан.

Н.Энхбаяр: 7 сарын нэгний үйл явдал монголчуудын хувьд дахин давтагдаж болохгүй эмгэнэлт явдал. Би Ерөнхийлөгчийн хувьд зарлиг гарган, онц байдал зарлаж, энэ эмгэнэлт явдал бүх Монгол даяар тархахгүйг зохицуулж чадсан. Сонгууль шударга болох ёстой юу гэдэг дээр улстөрийн бүх нам дүгнэлт хийх ёстой. Энэ сонгуулийг ч гэсэн шударга явуулах ёстой. Ардчилсан намаас нэр дэвшигч, түүний сонгуулийн штабт ажиллаж байгаа хүн сонгуулийн тойрог, хэсгийн хороодод орсон хүмүүсийг цуглуулаад «Та нар санал сайн аваарай, та нарын хараа, хуруунаас энэ санал шалтгаална шүү. Ард түмний саналаас биш, сонгуулийн тойрог, хэсгийн хороонд орсон хүмүүсийн хараа, хуруунаас шалтгаална. Санал сайн авч чадвал 10 мянган төгрөг өгнө» гэсэн амлалт хэвлэл мэдээллээр цацагдсан байгаа. СЕХ энэ асуудлыг тодорхой хуулийн дагуу шалгаж тогтоох ёстой. Шударга сонгууль явуулъя гэж ярьж байгаа хүмүүс үнэхээр өөрсдөө үүндээ бэлэн байна уу, үгүй юу гэдэгт би гайхаж байна. 7 сарын нэгний үйл явдлыг дахин давтахгүйн тулд хариуцлагагүй улстөрийг халах ёстой гэж би боддог. Хүмүүсийн бухимдал дээр тоглож турхирчихаад өөрсдөө араар нь орж, өнөөдөр өршөөл ярьж, эсвэл хууль бус, эмх замбараагүй байдлыг зөвтгөж байгааг хариуцлагагүй улстөр гэж боддог. Хамгийн наад зах нь уучлал гуйх хэрэгтэй. Би төрийн тэргүүний хувьд уг асуудлыг даамжруулахгүй зогсоож чадсан. УИХ-ын индэр дээрээс ард түмнээсээ уучлал гуйсан. Тэр үйл явдлыг турхирсан хүн өнөөдөр огт өөр зүйл яриад зогсож байгаа нь ард түмний өмнө тодорхой харагдаж байгаа. Ийм эмгэнэлт үйл явдал дахин хэзээ ч давтагдах ёсгүй.

Ажилгүйдэл юунаас үүдэлтэй вэ?

Н.Энхбаяр: Хүн бүрт байх ёстой хамгийн үнэ цэнэтэй зүйл бол ажлын байр. Ажлын байргүй хүн хичнээн баялагтай байсан ч амьдрахын эрхээр баялгаасаа салж зарж борлуулан орлогын эх үүсвэрээ шийдэх болно. Эцэст нь ямар ч орлогогүй ядуу хүн болж хувирна. Харин ажлын байртай байвал өнөөдөр ядуувтар, хүнд хэцүү амьдралтай байсан ч нэг л өдөр хувь заяаныхаа эзэн болчихсон алхаж явна. Тиймээс ард иргэддээ ажлын байр бий болгох нь төр засгийн хамгийн том зорилт гэж бодож байна. Ажлын байр бий болгохын тулд эцэс төгсгөлгүй, эмх замбараагүй, шийдвэр гаргаж чаддаггүй, хариуцлагагүй улстөрийг халъя. Ажлын байр бий болгохын тулд хариуцлагатай, шийдвэр гаргадаг, ядаж Оюу толгойн гэрээгээ байгуулаад 10 мянган ажлын байр бий болгож чадах хэрэгтэй. Дээр нь зээлийг их хэмжээгээр олгоё. Барьцаагүй зээлийн систем рүү шилжих цаг болсон. Хүнд суртлыг арилгах хэрэгтэй. Саяхан би Гаалийн удирдлагад жишиг үнэ нэрээр өндөр үнэ тогтоон жижиг худалдаа эрхлэгчдээс өндөр татвар авдгаа зогсоох үүрэг өгсөн. Энэ үүрэг биелж байгаа байх гэж найдаж байна. Хэрэв биелээгүй бол энэ нэвтрүүлэг үзэж байгаа иргэд над руу хандаарай. Би энэ асуудлыг шалгаж, бүрэн гүйцэд хэрэгжүүлэхийн төлөө ажиллах болно. Дээр нь мэргэжлийн ур чадвартай, боловсролтой боловсон хүчин бэлдэх ёстой. Үүнд үнэгүй боловсролыг ч хамруулж байгаа. Энэ мэтээр цогц арга хэмжээ авч байж ажлын байр бий болно. Хамгийн гол нь төр өөрөө ажлын байр бий болгохгүйн төлөө маш удаан ажиллаж байна. Өөрсдөө ажлын байртай болчихсон атлаа үүрэгт ажлаа хийж гүйцэтгэхгүйгээр цалин авч байгаа үзэгдлийг өөрчилнө гэж би бодож байна.

Ц.Элбэгдорж: Хүмүүсийн аж амьдралыг өөд татах, ажил хөдөлмөртэй болгох нь хамгийн чухал асуудал. 2004 онд Их Эвслийн Засгийн газар байгуулагдахад бидний хийсэн нэг зүйл бол ажлын байр, ядууралтай холбоотой асуудал байлаа. Яагаад хүмүүс ядуу байна вэ гэхээр орлогогүй байна. Яагаад орлогогүй байна вэ гэхээр ажилгүй байна, яагаад ажилгүй байна вэ гэхээр мэргэжилгүй. Ямар учраас мэргэжилгүй байна вэ гэхээр мэргэжил олгодог тогтолцоо нь алга болжээ гэсэн дүгнэлт гаргасан. Тэгээд бид МСҮТ-ийг дэмжих бодлого явуулж, энэ сургуульд суралцагчдад сар бүр 45 000 төгрөгийн цалин өгдөг болсон. Энэ бодлогыг цааш нь үргэлжлүүлэх хэрэгтэй. 2005 онд анх удаа улс орон даяар 50 ширхэг МСҮТ шинээр үүд хаалгаа нээж байлаа. Хүүхдүүдэд чинь эхлээд мэргэжил олгоё, багаж тоног төхөөрөмжийг нь гаднаас оруулж ирэхэд гаалийн болон НӨАТ-аас чөлөөлье. Ингэснээр мэргэжлээрээ ажлаа хийгээд жижиг, дунд үйлдвэр аж ахуйн нэгж үүсгээд явбал эхний ээлжинд түрээсийн төлбөр, татвараас арилгаж дэмжье гэсэн дэс дараалалтай бодлого хэрэгжүүлбэл хүн бүр ажилтай болох боломжтой. Ард иргэдэд очих ёстой мөнгийг эзэнд нь хүргэх асуудал чухал байна. Сүүлийн 10 жил ард түмэнд очих ёстой байсан мөнгө 5 дахин багассан. Энэ мөнгийг эзэнд нь хүргэхийн тулд нэг талаас шударга ёс, нөгөө талаас иргэдийн ажиллах боломжийг дэмжих хэрэгтэй. Ялангуяа, монгол хүний хийж чадах ажил, эзэмшиж болох мэргэжлээр гадны хүмүүс ирж ажиллан ажлын байрыг нь булаадгийг зогсоох ёстой. Ингэж чадвал ажлын байр бий болж ард иргэдийн амьдрал дээшлэх боломж бий.

Үүгээр нэр дэвшигчид 19 асуултад хариуллаа. Баталсан журам ёсоор хоёр нэр дэвшигч иргэд сонгогчиддоо хандаж тус бүр гурван минут үг хэлэх ёстой байгаа. Үг хэлэх дарааллыг нэвтрүүлгийн эхэнд шодсоноор АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж эхэлж иргэд сонгогчиддоо хандан үг хэлнэ.

Ц.Элбэгдорж: Нэр дэвшигчийн хувиар сонгуулийн хугацаанд олон ард иргэдтэй уулзсан ч цаана нь олон хүнтэй уулзаж чадсангүй. Дараа нь Ерөнхийлөгчийн хувиар уулзах боломж гарах байхаа гэдэгт би итгэж, найдаж байгаа. Ард иргэдийнхээ энэ сайхан дэмжлэгийг авлаа. Ямар сайхан эх оронтой, яасан сайхан ард түмэнтэй юм бэ? Энэ хүмүүсийнхээ төлөө зүтгэх хэрэгтэй юм байна гэж би ойлгосон. Хүмүүст хөтөлбөрөө сая цухас дурдлаа. Миний нөгөө талд авч явдаг гайхамшигтай зүйл миний гэр бүл, удам судар байдаг юм. Миний өвөө Балжингийн Монгол гэдэг хүн байсан. Би сая 88 настай ээжээсээ очиж асуулаа. Ээж минь надад эцсийн үнэн болдог. Ээжийн минь хэлсэн үг миний зүрхэн тарни болж явдаг. Миний өвөө Монгол нь Ховд аймгийн Мөстийн Бодончийн хавцалд төрсөн. Миний аав Мөст суманд төрсөн. Би аавынхаа тухай ярих шаардлагатай. Аав маань 1939 орны Халх голын дайны үед 5 жил цэргийн алба хааж байсан. Манайхан цэрэг удамтай айл. Би айлын найман хүүгийн отгон нь. Би ээжийнхээ зовлонг сайн мэднэ. Намар хүүхдүүдээ сургуульд явахад ээж маань ажилд дарагдан их юм оёдог. Тэр үед форм, завод цүнх гэж байсангүй, бүх дээл хувцас, цүнхийг нь оёж, таван хушууг нь хадаж өгнө. Дандаа эрчүүд учраас ээжийгээ өрөвдөн эгчтэй байсан ч болоосой гэж боддог байлаа. Эгчтэй хүүхдүүдийн эгч нь ирээд усанд оруулж, захны даавууг нь хаддаг бол би өөрөө бүх зүйлийг хийдэг байсан. Захны даавуугаа янданд нааж индүүдээд гардаг амьдралын дунд явж байсан. Нөгөө талаас миний амьдралыг авч явдаг, гавьяа байгуулж байгаа хүн бол миний хань. Бид дөрвөн хүүтэй. Охинтой болохыг бодож байгаад нэг охин өргөж авсан. Дээрээс нь хүний өнчин хориод хүүхдийг хажуудаа авч явдаг айл. Хүний удам судар, намтар түүхийг олон хүн мэдэх хэрэгтэй. Ер нь энэ сонгуулиар ажил хэрэг ярьж уралдъя гэж олон зүйл ярьсан. Харамсалтай нь гүтгэлэг их явлаа. Нөгөө Өнөрмаагийн хэрэг шиг янз бүрийн юм гарч ирэх вий дээ. Сонуулийн хугацаанд янз бүрийн гүтгэлэг гарсан. Энэ бүхэн үнэнээрээ шийдэгдэнэ гэдэгт итгэж байна. Энэ жил сайхан зун болох төлөвтэй байна. Тариаланчид маань тариагаа тарьж, малчид маань ажлынхаа голыг нугалж байна. Шинэ бууцандаа буух гэж байна. Энэ сонгуулийн үеэр ардчиллын үзэл санааг дэмжиж шударга ёсны төлөө ажилласан нийт ард иргэддээ баярлалаа. Сонгуулийн хороо, хэсгүүдэд ажиллаж байгаа хүмүүстээ баярлалаа. Бидэнд санал бодлоо илэрхийлсэн хүмүүстээ баярлалаа. Би цаашдаа ард түмнийхээ итгэлийг нь дааж, өнөөдөр итгэж чадаагүй байгаа, дэмжих боломжгүй гэж үзэж байгаа хүмүүсийн дэмжлэгийг авч ажиллах болно. Монгол Улс гурван Ерөнхийлөгчийн нүүр үзсэн. Би үнэхээр ард түмэндээ аз жаргал авчирсан, шударга ёсыг тогтоож чадсан, авлига хүнд сурталтай тэмцэж чадсан, хүмүүст эзэмших ёстой эрх, хөрөнгийг нь өгч чадсан, ард түмнээ сайхан замаар авч явсан Ерөнхийлөгч байх болно. Ард түмэн минь туслаарай. Баярлалаа.

Н.Энхбаяр: Энэ сонгуулийн кампанит ажлын үеэр ард түмэн маань санаа бодлоо ний нуугүй ярьж, би сонгуулийн нээлттэй кампанит ажил явууллаа. Очсон газар бүртээ ард түмнийхээ санаа бодлыг сонсож явлаа. Ард түмэнтэйгээ уулзсан уулзалт бүхэн маань тэдний хүсэлт, санаачилгын дагуу болсон. Би өрсөлдөгчийнхөө тухай «Өөрийн зохиол» гэсэн ном тараагаагүй. Би өнөөдөр Монгол Улс салаа замын зааг дээр байгаа гэж ойлгож байгаа. Эцэс төгсгөлгүй хариуцлагагүй улстөрд умбаж, талцаж 7 сарын нэгнийг дахин дахин давтсаар байх уу. Эсвэл налгар наадам болдог, олимпийн аварга дахин дахин төрдөг, их өр шийдэгддэг ололт амжилтаар баян орон болох уу? Өөрөөр хэлбэл ухрах уу, урагшлах уу, нураах уу, бүтээх үү, амаар ажиллах уу, эсвэл хийж бүтээснээ ард түмэндээ тайлагнах уу гэсэн ийм салаа замын уулзвар дээр ирсэн байна. Би та бүхэнд хүүхэд бүрийг үнэгүй, тэгэхдээ чанартай боловсролтой, хүн бүрийг ажилтай, айл бүрийг орлоготой болгох саналыг дэвшүүлж байна. Энд хүрэх зам эвийн хүч. Эвийн хүч дотор хариуцлагатай төр, шударга ёс багтаж байгаа. Эх орны хишиг дотор ажлын байр, хүн бүрийн амьдрал багтаж байна. Миний мөрийн хөтөлбөр нээлттэй. Та бүхний санал тусна. Би ард түмний санал бодол шингэсэн мөрийн хөтөлбөртэй болж авлаа. Энэ бол энэ сонгуулийн кампанит ажлын хамгийн гол амжилт гэж бодож байна. Одоо та бүхэн итгэж намайг дахин сонговол Би Монгол Улсын Ерөнхйилөгчийн хувьд ард түмнийхээ мөрийн хөтөлбөрийг эвийг эрхэмлэн ажиллаж, бүрэн биелүүлнэ гэж амлаж байна. Та бүхэндээ хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж байна.

Сонгууль