УИХ-ын сонгуулийн саналын хуудсыг хэвлэх компанийг сонгон шалгаруулсан үйл ажиллагааны талаар мэдээлэл

Сүлжээний гишүүн Сонгогчдын Боловсрол Төв нь “Саналын хуудасны мониторинг” хариуцан ажиллаж байна. Энэ хүрээнд саналын хуудсыг хэвлэх компанийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулахаас эхлэн саналын хуудсыг хэвлэх, хамгаалах, архивлах зэрэг бүхий л үйл явцад хөндлөнгийн ажиглалт, мониторинг хийж байгаа юм.

2012 оны ээлжит сонгуулийн саналын хуудсыг хэвлэх компаниар Мөнхийн Үсэг компани шалгаран саналын хуудсыг хэвлэх ажлыг 6 сарын 5-ны өдрөөс эхлээд байна. Мөнхийн үсэг группийн захирал Б. Батцэцэг нь сонгуульд өрсөлдөж буй томоохон намын идэвхтэй гишүүн, тус намын ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, түүнчлэн уг намаас жагсаалтаар нэр дэвшигчдийн эгнээнд багтсантай холбоотой тендер хэрхэн явагдсан, дээрх компанийг чухам ямар шалгуураар сонгосон тухай тодорхой мэдээллийг бид Сонгуулийн Ерөнхий Хороо (СЕХ) болон бусад холбогдох талуудаас авч танилцлаа.

УИХ-ын сонгуулийн саналын хуудсыг хэвлэх компанийг үнэлэх үйл ажиллагааг автомат төхөөрөмж нийлүүлж буй Dominion Voting Systems /ДВС/ компани Монголын хэвлэлийн компаниудын дунд 2012 оны 02-03 сард зохион байгуулжээ. Уг сонгон шалгаруулалт 3 үе шаттайгаар хийгдсэн байна. Сонгон шалгаруултын 1-р шатанд дотоодын 3 хэвлэлийн компани шалгарсанд Адмон ХХК, Мөнхийн Үсэг ХХК болон Үндэсний үнэт цаас ХХК тус тус багтсан аж. ДВС компани нь дээрх гурван хэвлэлийн компанийн дунд дараагийн сонгон шалгаруулалтыг 20 орчим шалгуур үзүүлэлтэд тулгуурлан үргэлжлүүлэн хийсний эцэст Мөнхийн Үсэг ХХК-г сонгох нь зүйтэй гэж үзэн 2012 оны 2-р сарын 29,  3-р сарын 20-ны өдрийн албан бичгүүдээр СЕХ-нд тус тус саналаа илэрхийлсэн байна. Уг саналд үндэслэн СЕХ 2012 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолоор Монгол Улсын Их Хурлын сонгуулийн саналын хуудсыг Мөнхийн Үсэг групп” ХХК-аар хэвлүүлэхээр гэрээ байгуулах шийдвэр гаргасан аж.  

ДВС компаний хувьд дүгнэлтээ гаргахдаа хэвлэлийн үйлдвэрүүд дээр биечлэн очиж танилцах, удирдлагуудтай уулзах, хэвлэлийн төхөөрөмжүүдийг шалгаж, туршиж үзэх зэргээр ажиллажээ. Дээр дурдсан 3 компани дээр 6000 ширхэг туршилтын саналын хуудас хэвлэж, улмаар сонгон шалгаруулалтын шаардлагуудыг танилцуулах зорилго бүхий хагас өдрийн сургалт зохион байгуулсан байна. ДВС нь уг сонгон шалгаруулалтыг Улаанбаатар хотод 2-р сарын 6-10 ны хооронд хийсэн аж. Шалгаруулалтад тавигдсан гол гол шалгуур үзүүлэлтээс хураангуйлан танилцуулбал: хэвлэлийн компаниудын үйлдвэрлэлийн байгууламжууд  /Сонгуулийн саналын хуудас хэвлэж байсан туршлага, үйлдвэрийн талбай, цэвэр байдал, чанарын удирдлага, баглалтын талбай, хаягдлыг устгах зайлуулах, нэмэлт цахилгаан эх үүсвэр, машины зогсоол агуулах, агуулахын хамгаалалт гм/, үйлдвэрлэлийн төхөөрөмж /хэвлэх даралтын өмнө ашиглагдах төхөөрөмжүүд, 4 өнгийн хэвлэлийн машинууд, зүсэлтийн машинууд, гялгар уутаар баглах төхөөрөмжүүд, үндсэн байгууламжаас гадуур байрлах нөөц төхөөрөмжүүд гм/ -ийн гэсэн шалгуур үзүүлэлтүүд байна. ДВС ком’ани нь дээрх шаардлага нөхцлийг хамгийн сайн хангасан хэмээн үзэж Мөнхийн Үсэг ХХК-ийг сонгон саналын хуудсыг хэвлүүлэх санал, дүгнэлтийг гаргасан байна.

Дээрх мэдээллээс саналын хуудас хэвлэх компанийг зөвхөн техникийн шалгууруудад үндэслэн сонгосон нь учир дутагдалтай болжээ гэж дүгнэж байна. Саналын хуудас хэвлэх этгээд нь барилга байгууламжийн багтаамж нөхцөл, техник төхөөрөмжийн хүчин чадлын хувьд давуу байвч удирдлага нь сонгуульд нэр дэвшиж байгаа нөхцөлд нийгмийн зүгээс тэдний шударга үйл ажиллагаанд эргэлзэх, үл итгэх байдал үүсэх нь гарцаагүй юм. Сонгуулийг зохион байгуулах явцад ийм нөхцөл үүсгэхгүй байхад анхаарах СЕХ-ны хорооны үүрэг бөгөөд цаашид сонирхлын зөрчлийг сонгон шалгаруулалтын нэг шалгуур болгох нь зүйтэй гэж үзэж байна. Энэ удаад хэвлэх үйлдвэр нэгэнт саналын хуудсыг хэвлэх ажлыг эхлээд байгаа учир сонгуулийг тасалдуулалгүй явуулах хуулийн шаардлагыг ханган биелүүлэх үүднээс саналын хуудасны хэвлэлт, хадгалалт хамгаалалт, битүүмжлэл, тоонд тавих хяналтыг олон талын оролцоотой маш нарийн чанд гүйцэтгэх шаардлагатай гэж үзэж байна.

 

 

 

 

Сонгууль