Гадаадад байгаа сонгогчдын саналын хуудсыг хэвлэх үйл явцыг хяналаа

Гадаад улсад оршин суугаа Монгол улсын иргэдээс УИХ-ын сонгуульд оролцон саналаа өгөхөөр бүртгүүлсэн 4329 сонгогч байгаа бөгөөд эдгээр сонгогчдын саналыг авахаар 4547 ширхэг саналын хуудсыг 6 дугаар сарын 5 –ны өдөр хэвлэлээ. Саналын хуудсыг хэвлүүлэхдээ нийт бүртгэгдсэн сонгогчдын тооноос 5%-иар их байхаар тооцсон байв. Өмнөх сонгуулиар нөөц саналын хуудсыг сонгогчдын тооноос 10 хувь их байхаар тооцдог байсан. Энэ удаад 5 хувь болгож бууруулсан нь бага боловч нэг дэвшил гэж үзэж байна. Учир нь нөөц саналын хуудас хэт олноор хэвлүүлэх нь сонгуулийн будлиан гарах нэг нөхцөл болдог гэж олон улсын мэргэжилтнүүд санал нэгтэй сэрэмжлүүлдэг ба энэ талаар сонгуульд хяналт тавьдаг иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс ч байнга сануулж ирсэн.

Хэвлэх үйл ажиллагаанд иргэний нийгмийн төлөөллөөс гадна сонгуульд оролцож байгаа улстөрийн нам, эвслийн төлөөлөл ажиглалт хийсэн бөгөөд Сонгуулийн Ерөнхий Хорооны ажлын хэсгийн гишүүд мөн байлцсан. Саналын хуудсыг хэвлэх ажиллагааг тус өдрийн 11.00 цагаас 17.30 цагийн хороонд гүйцэтгэж, 39 хотод хуваарилан боож битүүмжлээд Гадаад Харилцааны Яамны ажлын хэсэгт хүлээлгэн өгсөн. Сонгуулийн ерөнхий хорооны ажлын хэсгээс Гадаад харилцааны яамнаас байгуулагдсан ажлын хэсэгт саналын хуудсыг СЕХ-ны тогтоолд заасан тоо ширхгийн дагуу 39 хот руу нийтдээ 4 давхар баглаа боодол, үүнээс 3 нь нэг удаагийн битүүмжлэл байсан. Үүнд, вакуумдах, хайрцаглах, нэг удаагийн туузан лац буюу скоч, дугааргүй боловч нэг удаагийн лацаар хайрцагны гадуур лацадсан болно.

1 ширхэг саналын хуудас нь 10гр бөгөөд саналын хуудсыг тухайн хотуудад хуваарилж тоолохдоо гараар тоолоогүй бөгөөд, жин хэмжигчээр тухайн саналын хуудасны тоо ширхэгийг гаргаж хуваарилсан. Энэ үйл явцыг манай мониторингийн багийн гишүүнд ойроос харж ажиглах боломж олгоогүй бөгөөд хэвлэх үйл явцыг ажиглахад фото аппарат болон видео камер, гар утас ашиглахыг хэвлэлийн компанийн зүгээс хориглосон.

Дотоодод хэрэглэх саналын хуудсыг 06 дугаар сарын 08-аас эхлэн 7 хоногийн хугацаанд хэвлэж дуусгахаар төлөвлөсөн байна. Хэвлэх ажил 24 цагийн турш тасралтгүй явагдана. Хэвлэх явцад хэвлэлийн компанийн болон төрийн тусгай хамгаалалт гарч ажиллана. Мөн сонгуульд оролцож байгаа улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчдийн ажиглагчид уг үйл ажиллагааг ажиглаж болно. Сонгогчдын Боловсрол Төвөөс уг үйл ажиллагаанд тасралтгүй ажиглалт хийхээр хүсэлтээ СЕХ-нд илэрхийлээд байна.

Сонгогчдын боловсрол төв

Сонгууль