УИХ-ын сонгуулийн саналын хуудас хэвлэгдэж дууслаа

2012 оны 6 дугаар сар 26, Улаанбаатар хот.

“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээ нь 2012 оны УИХ-ын сонгуулиар хэвлэл мэдээлэл, сонгогчдын нэрийн жагсаалт,  саналын хуудас, сонгуулийн автоматжуулсан систем, сонгуулийн өдрийн ажиглалт гэсэн таван чиглэлээр хяналт, мониторинг хийж буй билээ. Тус сүлжээний гишүүн Сонгогчдын Боловсрол Төв нь “Саналын хуудасны мониторинг”-ийг хариуцан ажиллаж байна.

Өмнөх хэвлэлийн мэдээгээр УИХ-ын сонгуулийн саналын хуудсыг хэвлэх үйл ажиллагааны явцын талаар товч мэдээлэл хүргэсэн билээ. Энэхүү мэдээгээр саналын хуудсыг хэвлэх, хадгалах, хамгаалах зэрэг үйл явцуудад ажиглалт хийсэн тухай мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

НЭГ. САНАЛЫН ХУУДСЫГ ХЭВЛЭЖ, СЕХ-НД ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ ҮЙЛ АЖИЛЛАГАА.

УИХ-ын сонгуулийн саналын хуудсыг 06 сарын 10-ны өдрөөс 06 сарын 19-ний хооронд хэвлэж дуусгасан. Саналын хуудсыг 7 хоногийн хугацаанд хэвлэж дуусгахаар анх тооцсон хэдий ч зарим тойргийн саналын хуудсыг дахин хэвлэх зэрэг шалгааны улмаас хэвлэх үйл ажиллагаа 10 өдрийн турш үргэлжилсэн. 

Мөнхийн Үсэг хэвлэлийн компанийн зүгээс саналын хуудсыг Сонгуулийн Ерөнхий Хорооны захиалсан тоо ширхэгийн дагуу хэвлэж 06 сарын 19-ний байдлаар СЕХ болон Тойргийн хороодод хүлээлгэн өгч дуусаад байна. Саналын хуудсыг хэвлэх үйл явц нь ажиглагчдад нээлттэй байж, ажиглагч мэдээлэл авах боломжийг хэвлэх үйлдвэрийн зүгээс зохион байгуулан хангаж ажилласан.

Саналын хуудас хэвлэх үйл явцад Сонгуулийн ерөнхий хороо, Нийслэлийн сонгуулийн хорооны ажлын хэсгийн гишүүд хяналт тавьж ажилласан бол Төрийн тусгай хамгаалалт, Тагнуулын ерөнхий газар болон үйлдвэрийн хамгаалалтын алба /Илд Бамбай/ нь хэвлэх үйл явцын аюулгүй байдлыг ханган ажилласан. Мөн МАН, АН, МАХН, ИЗНН, НН зэрэг улс төрийн нам, эсвлийн ажиглагчид болон “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээний гишүүн Сонгогчдын Боловсрол Төв зэрэг байгууллагууд тус тус ажиглалаа.

Саналын хуудсыг хэвлэсэн цаасны онцлог, холбогдох мэдээлэл

Энэ удаагийн сонгуулийг автоматжуулсан хэлбэрээр зохион байгуулж байгаа тул саналын хуудас нь тухайн төхөөрөмжид нийцэхүйц байдлаар тусгай шаардлагуудыг хангасан байх ёстой гэдийг АНУ-ын ДВС компанийн зүгээс мэдээлсэн.

Энэ дагуу Сонгуулийн Ерөнхий Хороо 72 хайрцаг цаасыг Канадын компаниас худалдан авахаар шийдвэрлэсэн бөгөөд уг цаас нь гадаад дахь сонгогчдын саналын хуудсыг хэвлэхээс 3 хоногийн өмнө Мөнхийн Үсэг хэвлэлийн компани хүлээн авсан байна.

Тухайн хайрцагтай цаасны баглаа битүүмжлэл нь 3 давхар буюу төмөр туузаар ороосон битүүмжлэл, модон хайрцаг, тунгалаг гялгар уут бүхий байсан. Хайрцаг бүрийн гадна талд тухайн цаасны технологийн үзүүлэлт бүхий мэдээллийг агуулсан наалттай, хайрцаг нь 1-72 хүртэл дугаартай 72 ш, хайрцаг тус бүрд 4750 ширхэг цаастай. Худалдан авсан нийт цаасны нөөцийг тооцож үзвэл 72*4750=342000 ширхэг болж байна. 1 ширхэг цаас бүрд тойргоос хамааран 8-9 ширхэг саналын хуудас хэвлэгдсэн. Хайрцагны гаднах шошгонд бичсэнээр нэг ширхэг цаас бүрийн жин: 161,8g/m2, хэмжээ: 94х74см, цагаан өнгөтэй болно.

Саналын хуудасны баглаа боодол, битүүмжлэлийн тухай

Сонгуулийн Ерөнхий Хороо болон Тойргийн хороодод хүлээлгэн өгсөн саналын хуудас нь нийт 4 давхар баглаа битүүмжлэлтэй. Тодруулбал, тоологдож 200 ширхэгээр багцлагдсан саналын хуудсыг 1.тунгалаг гялгар уутаар бүрж вакумдах, 2.цаасан хайрцагт хийх, 3.хайрцагны амсрыг улаан туузан скочоор наах, 4.цагаан өнгийн туузаар ороох зэрэг болно.

Хэвлэгдсэн саналын хуудас нь хайрцаг бүрд 1200 ширхэгээр савлагдсан /200ш бүхий 6 багц/. Өөрөөр хэлбэл саналын хуудсыг 200 ширхэг бүрээр нь гялгар уутанд вакуумдан багцалсан бөгөөд ийм 6 ширхэг багцыг нэг хайрцагт савласан.  Хайрцагны гадна саналын хуудасны тоо ширхэг, нийт жин, хайрцгийн дугаар, орон нутаг болон тойргийн дугаар зэрэг мэдээллүүдийг багтаасан стикер цаасыг хайрцаг бүрийн гаднах 2 талын гадаргууд нааж байрлуулсан.

Саналын хуудсын хэвлэх үйл явцын талаарх мэдээлэл

УИХ-ын сонгуулийн саналын хуудсыг хэвлэх үйл ажиллагаа хуулийн дагуу үргэлжлэн явагдсан бөгөөд хэвлэх үйл явцад зохион байгуулалттай холбоотой зарим нэг өөрчлөлт, бэрхшээлүүд гарсан. Тухайлбал,

  1. Нийслэлийн сонгогч 5526-аар нэмэгдсэн.

06 дугаар сарын 13-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний бүртгэлийн байгууллагаас Нийслэлийн сонгогчдын тоо 5526-аар нэмэгдсэн тухай Сонгуулийн ерөнхий хороонд мэдээлсний дагуу саналын хуудсыг хэвлэх тоо ширхэгт мөн өөрчлөлт оруулан нэмж хэвлэхээр зохион байгуулсан.

  1. Саналын хуудсыг дахин хэвлэсэн.

Зарим тойргийн саналын хуудаст үсний ширхэг наалдан хэвлэгдсэн байсан. Эдгээр саналын хуудсыг ашигласнаар төхөөрөмжид уг саналын хуудсыг уншуулах үед бэрхшээл үүсч болзошгүй гэж АНУ-ын ДВС компанийн төлөөлөл үзсэн тул тухайн саналын хуудсуудыг дахин хэвлэсэн. Тодруулбал, Орхон, Сэлэнгэ, Дорнод аймгуудын нийт 28.346 ширхэг саналын хуудсыг үсний ширхэгтэй хэвлэсэн тул эдгээрийг дахин хэвлэсэн.

  1. Саналын хуудас буруу кодтой хэвлэгдсэн.

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт зохион байгуулж байгаа тул нийслэлийн хувьд нэг саналын хуудас нь НҮҮРЭН ТАЛ /УИХ-ын сонгууль/, АР ТАЛ /НИТХ-ын сонгууль/ гэсэн байдлаар 2 талдаа ижилхэн кодтой хэвлэх байсан. НИТХ-ын 30 тойргоос 24-н тойргийн 92.057 ширхэг даралт буюу 736.456 ш саналын хуудас нь 2 талдаа өөр өөр кодтой хэвлэсэн тул уг алдааг залруулан дахин хэвлэсэн.

2012 оны 06 дугаар сарын 19 гэхэд Улсын хэмжээнд нийт 26 тойргийн 1.935.329 ширхэг саналын хуудас хэвлэхээс орон нутагт 1.079.477, Нийслэлд 851.305, гадаад дахь сонгогчдын саналыг авах 4.547 ширхэг саналын хуудсыг хэвлэж дуусган Сонгуулийн Ерөнхий Хороо болон Тойргийн хороодод тус тус хүлээлгэн өгөөд байна.

ХОЁР. САНАЛЫН ХУУДАСНЫ ХАДГАЛАЛТ, ХАМГААЛАЛТ

УИХ-ын сонгуулийн 24-р тойрог, Дархан-Уул аймгийн 19-р тойргийг сонгон саналын хуудас хүлээн авах, хүргүүлэх, хадгалах хамгаалах ажил хэрхэн хийгдэж байгаад ажиглалт хийж холбогдох мэдээлэл авсан. Хэвлэлийн компаниас 06 сарын 19-нд саналын хуудсыг хүлээлгэн өгөхөд бэлэн болсон бөгөөд тус өдөр нийслэлийн тойргийн хороод саналын хуудсаа хүлээн авсан.

УИХ-ын 24-р тойргийн хороо 06 сарын 19-ны өдрийн 14:35 цагт Мөнхийн Үсэг хэвлэлийн компанийн байрнаас саналын хуудсаа хүлээн авахаар ирсэн. Саналын хуудсыг хүлээлгэн өгөхөд Сонгуулийн Ерөнхий Хороо, Нийслэлийн сонгуулийн хороо, Тагнуулын Ерөнхий Газар, Төрийн тусгай хамгаалалтын албаны төлөөлөл байлцсан. УИХ-ын 24-р тойрог нь УИХ-ын болон НИТХ-ын Чингэлтэй дүүргийн тойргийн хорооны ажилтнууд, дүүргийн цагдаагийн газрын хамгаалалттай ирж саналын хуудсаа хүлээж авсан. Ийнхүү хүлээн авахдаа хайрцагт савласан саналын хуудасны хайрцгийг тоолох байдлаар хүлээн авсан. Чингэлтэй дүүрэг нь НИТХ-ын 17, 18, 19, 20-р тойргуудад хуваагддаг. Хайрцаг бүрд 1200 ш саналын хуудас савлагдсан бөгөөд тухайн тойргийн хамгийн сүүлийн дугаар бүхий хайрцаг нь 1200-аас бага тоогоор савлагддаг. Тойргийн хороо хүлээн авсан саналын хуудасны тоон мэдээллийг хүргэе.

УИХ-ын сонгуулийн Чингэлтэй дүүргийн 24 дүгээр тойргийн хороо:

24-р тойргийн хороо нийт 25 хайрцаг бүхий /25 дахь хайрцагт 448 ш саналын хуудастай/ 114.789 ширхэг саналын хуудас хүлээн авсан. Саналын хуудсыг тоолж хүлээн авсны дараа 3110 УНХ дугаартай жижиг ачааны машинд ачиж, дүүргийн цагдаагийн газрын 4065 УБЗ дугаартай машин дагалдан явсан. Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын байранд хүргүүлсэн.  Тус тойргийн хороо СЕХ-ны хуваарилсан тоо ширхэгийн дагуу 06 сарын 22-нд бүх хэсгийн хорооддоо саналын хуудсаа хүрүүлсэн. Саналын хуудсыг тойргийн хороо болон хэсгийн хороод хүлээн авснаас хойш дүүргийн ТЕГ-ын ажилтан, цагдаагийн байгууллагын хамгаалалт ажилласан. Мөн хэсгийн хороонд хүргэгдсэний дараа саналын хуудас нь лац бүхий төмөр шүүгээнд хадгалагдаж, цагдаагийн хамгаалалт 24 цагийн турш ажиллаж байна.

УИХ-ын сонгуулийн Дархан-Уул аймгийн 19 дүгээр тойргийн хороо:

Тус тойрог нь 2012 оны 06 дугаар сарын 17-нд 19-р тойргийн хорооны нийт 5 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр Мөнхийн Үсэг ХХК-ний байранд ирж хүлээн авсан.

Саналын хуудсыг хүлээн авахдаа хайрцаглаж савласан байдлаар нь тоолж хүлээлцсэн. Нийт 65.699 ш саналын хуудас хүлээн авсан бөгөөд энэ нь 55 хайрцаг байв.

Тойргийн хороо саналын хуудсаа хүлээн авч хэсгийн хорооддоо хүргүүлэх хүртэл шилэн тусгаарлалт бүхий өрөөнд хадгалж, 06 сарын 20-ноос  хэсгийн хороодод хүлээлгэн өгсөн байна. Тойргийн хороонд байхад цагдаагийн хамгаалалтгүй, зөвхөн ЗДТГ-ын харуулын хамгаалалт бүхий байсан. Хэсгийн хороод саналын хуудас хүлээн авсны дараа 06 сарын 24-ний 16.00-19.00 цагийн хооронд 1-9 дүгээр хэсгүүдийн хадгалалт хамгаалалттай танилцахад бүх хэсгийн хороод цагдаагийн байгууллагын хамгаалалтад байгаа бөгөөд саналын хуудсыг лац бүхий сейфэнд хадгалж байна.

Төслийн удирдагч С. Оюунтуяа
Сонгогчдын Боловсрол Төв

Сонгууль