Сонгуультай холбоотой мэдээллийн 58%-ийг захиалгатай, төлбөртэй нэвтрүүлгийн цаг эзэлж байна

“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ”-ний гишүүн байгууллага болох Глоб интернэшнл төв нь МУ-ын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн сурталчилгаанд телевизийн мониторинг хийж Сонгуулийн тухай хууль болон Сонгуулийн Ерөнхий Хороо (СЕХ), Харилцаа Холбооны Зохицуулах Хороо (ХХЗХ)-ноос хамтран баталсан журмын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

Мониторингийн зорилго нь МУ-ын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн сурталчилгааны үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд (ХМХ)-ийн гүйцэтгэх үүргийг сайжруулах, ХМХ-ээр явуулж буй сурталчилгааны тэгш, тэнцвэрт байдал хэрхэн хангагдаж буйг олон нийтэд ойлгуулах, далд сурталчилгааг илрүүлэх, Сонгуулийн тухай хууль болон ХХЗХ, СЕХ-ны хамтран баталсан “Радио телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих” журмын хэрэгжилтэд хяналт тавих явдал юм.

МУ-ын Ерөнхийлөгчийн 2017 оны телевизийн мониторингд МҮОНТ, ТV9, 25 дугаар суваг, С1, UBS гэсэн 5 телевизийг хамруулахаар сонгов. Дээрх телевизүүдийг сонгохдоо Хэвлэлийн хүрээлэн, Максима Медиа ХХК-ны 2016 оны судалгаанд суурилж, олон нийтийн санхүүжилт ашигладаг, хамгийн хүртээмжтэй, орон даяар цацагддаг, агаарын долгион ашигладаг, үзэгчдийн тоо, рейтинг өндөр, цаг үеийн мэдээний хөтөлбөр нэвтрүүлдэг, зах зээлд 4-өөс дээш жил оршин тогтносон, нэр дэвшигчийн хамаарал зэрэг шалгуурыг үндэслэв.

Телевизүүд төлбөртэй, захиалгатай нэвтрүүлэгт гол анхаарлаа хандуулж байна.

Сурталчилгааны 1 дүгээр үе буюу 2017 оны 06 сарын 06-09

  • Албан ёсны сонгуулийн сурталчилгаа эхэлсэн 4 хоногийн хугацаанд МҮОНТ нэр дэвшигчдэд тун ойролцоо цаг хуваарилсны хамгийн ихийг буюу 35%-ийг МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар эзэлсэн бол 34%-ийг АН-аас нэр дэвшигч Х.Баттулгад оноосон байна. Харин МАН-аас нэр дэвшигч М.Энхболдод 31%-тай тэнцэх цаг оногджээ. Бусад арилжааны телевизүүдийн хувьд нэг нэр дэвшигчигчийг онцлон илүү цаг оноосон нь ажиглагдав. Тухайлбал “ТV9” телевизэд С.Ганбаатар нэр дэвшигчийн мэдээлэл давамгайлж 38%-ийг эзэлсэн бол UBS телевизэд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 43%-тай тэнцэх цаг эзэлсэн нь бусдаасаа илүү байна. Харин АН-аас нэр дэвшигч Х.Баттулга “С1” телевизийн мэдээллийн 74%, 25 дугаар суваг телевизийн мэдээллийн 40%-ийг эзлэв.

    Инфографик - 1
    МҮОНТ-ийн Цаг хуваарилалт

  • Төвийг сахисан өнгө аястай мэдээлэл хомс байна. Учир нь захиалгат, төлбөртэй мэдээлэл дийлэнх хувийг эзэлж буйтай холбоотой юм. 5 телевизийн дунджаар магтаж сайшаасан өнгө аястай мэдээлэл 76%-иар давамгайлж байна. МҮОНТ-ийн мэдээллийн 73% нь эерэг хандлагатай байсан бол “25 дугаар суваг”, “UBS” телевизийн мэдээллийн 87% нь эерэг хандлагатай байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Харин “С1” телевизийн сөрөг өнгө аястай мэдээлэл 26%-ийг эзэлсэн нь бусдаасаа өндөр үзүүлэлт байв.
  • 5 телевизийн дунджаар нийт сонгуультай холбоотой мэдээллийн 58%-ийг захиалгатай, төлбөртэй нэвтрүүлгийн цаг эзэлж байна. МҮОНТ-ийн нийт сонгуулийн холбогдолтой мэдээллийн 75%-ийг захиалгат нэвтрүүлгийн цаг эзэлж байна.
  • МҮОНТ-ийн мэдээлэлд далд сурталчилгааны шинжийг агуулсан мэдээлэл илрээгүй нь сайшаалтай байна. Урьд өмнөх УИХ-ын болоод Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хийж байсан мониторингийн дүнтэй харьцуулахад энэ нь чухал дэвшил гэж үзэж байна. Бусад арилжааны телевизүүдэд далд сурталчилгаа илэрснээс С1 телевиз 45%-тай гарсан нь хамгийн өндөр үзүүлэлт байв. Харин хамгийн бага далд сурталчилгааг UBS телевиз цацсан нь 7% байна. Далд сурталчилгаа нь хэлбэрийн хувьд авч үзвэл хуулийн зүйл заалтад тусгагдаагүй ч, олон улсын хэм хэмжээгээр далд сурталчилгааны хэв шинжийг агуулсан мэдээлэл ихээр илрэв.

    Инфографик - 2
    Сонгуулийн тухай мэдээллийн хэлбэрүүд

  • Хараат бус, сонгогчдын боловсролд зориулсан сэтгүүл зүйн бүтээл дутмаг байна. 5 телевизийн дунджаар сонгогчдын боловсролд зориулсан мэдээлэл нийт сонгуультай холбоотой мэдээллийн 22%-ийг эзэлж байна. МҮОНТ-ийн сонгогчдын боловсролд зориулсан мэдээлэл 25%-д хүрсэн нь хамгийн өндөр үзүүлэлт бол “25 дугаар суваг” телевизийн сонгогчдын боловсролтой холбоотой мэдээлэл хамгийн бага хувийг эзэлсэн нь 17%-тай байна.
  • Сонгуулийн тухай хуулинд заасан цагийн хязгаарлалт буюу 82.5 /60 минут/, 82.6 /15 минут/, 82.14 /5 мин/ дахь заалтуудыг зөрчих нь харьцангуй бага байгаа нь сайшаалтай юм.

Х. Наранжаргал
Глоб Интернэшнл төв
Утас: 324627, 324764

Сонгууль

Санал тоолох үйл ажиллагааны мониторинг