Сонгуульд оролцож буй намуудын эдийн засаг, төсөв, санхүүгийн талаарх хөтөлбөрийн судалгаа

Манай оронд сонгуулийн мотаритар системтэй боловч сонгуульд нэр дэвшигчид бус улс төрийн намууд мөрийн хөтөлбөр дэвшүүлэн өрсөлддөг нь өнгөрсөн нийгмийн нам шүтэх сэтгэхүйн үлдэгдэл мөн гэлтэй. Энэ нь нам төвтэй төрийн тогтолцоог тэтгэж, УИХ-д сонгогдсон гишүүд нь “ард түмний элч” бус, намын “хүүхэлдэй” байх нөхцлийг бүрдүүлнэ. Үүнээс гадна, улс төрийн намууд төрийн сонгуульд нэр дэвшүүлэхдээ төрийн бодлого, үйл ажиллагааны талаарх мэдлэг, туршлагаас илүү хандив мөнгө сонирхож, тэрхүү хандивлагчдынхаа арчаагүй байдлыг халхлахын тулд намын нэрээр мөрийн хөтөлбөр гарган сурталчлах нэрээр шуугиан дэгдээж, сонгогчдын анхаарлыг нэр дэвшигчийн шүүлтүүрээс хөндийрүүлэн, тэдгээр нь сонгогдсон тохиолдолд “хүүхэлдэй”-гээр тоглох зарчмаар төрийн эрх мэдлийг намын удирдлага, тэнд ноёрхсон явцуу бүлэглэл атгахад дөхөм болдог байх ч магад. Монгол орны ардчилсан замналын 18 жилийн 3/4 нь төрийн эрх барьсан МАХН-ын дотор ийм байдал нэн газар авсныг өнгөрсөн Их хурлын ажиллагаа нийтэд тод харуулсан билээ.

Улс төрийн намууд төрийн эрх барих байгууллагуудын сонгуульд оролцох нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрөөр дамжуулан бодлогоо хэрэгжүүлэх нь ардчилсан нийгмийн нэг үндсэн шинж юм.

Чухамхүү нэр дэвшигчид сонгогчдынхоо өмнө улс орон, тухайн тойргийн амьдралд тулгарч байгаа асуудал, шийдвэрлэх арга зам, зорилтуудын талаарх үзэл бодлоо илэрхийлсэн мөрийн хөтөлбөрөө дэвшүүлж өрсөлдөх нь “ард түмний элч”-ийг тодруулах, хариуцлагатай төр бүрдүүлэхийн үндэс болно. Энэ нь аль нэг намаас нэр дэвшигчид тухайн намын ерөнхий бодлогын хүрээнд тодорхой зорилтууд дээр санал нэгдэж, намтайгаа гэрээ байгуулахын ач холбогдлыг үгүйсгэхгүй боловч сонгуулийн мөрийн хөтөлбөрийн субъект нь нэр дэвшигч байх тухай асуудал юм.

Гэтэл манай оронд сонгуулийн мотаритар системтэй боловч сонгуульд нэр дэвшигчид бус улс төрийн намууд мөрийн хөтөлбөр дэвшүүлэн өрсөлддөг нь өнгөрсөн нийгмийн нам шүтэх сэтгэхүйн үлдэгдэл мөн гэлтэй. Энэ нь нам төвтэй төрийн тогтолцоог тэтгэж, УИХ-д сонгогдсон гишүүд нь “ард түмний элч” бус, намын “хүүхэлдэй” байх нөхцлийг бүрдүүлнэ. Үүнээс гадна, улс төрийн намууд төрийн сонгуульд нэр дэвшүүлэхдээ төрийн бодлого, үйл ажиллагааны талаарх мэдлэг, туршлагаас илүү хандив мөнгө сонирхож, тэрхүү хандивлагчдынхаа арчаагүй байдлыг халхлахын тулд намын нэрээр мөрийн хөтөлбөр гарган сурталчлах нэрээр шуугиан дэгдээж, сонгогчдын анхаарлыг нэр дэвшигчийн шүүлтүүрээс хөндийрүүлэн, тэдгээр нь сонгогдсон тохиолдолд “хүүхэлдэй”-гээр тоглох зарчмаар төрийн эрх мэдлийг намын удирдлага, тэнд ноёрхсон явцуу бүлэглэл атгахад дөхөм болдог байх ч магад. Монгол орны ардчилсан замналын 18 жилийн 3/4 нь төрийн эрх барьсан МАХН-ын дотор ийм байдал нэн газар авсныг өнгөрсөн Их хурлын ажиллагаа нийтэд тод харуулсан билээ.

2008 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөж буй намуудын мөрийн хөтөлбөрүүд нь бүгд намын нэрээр нийтэд зарлан тунхаглагджээ. Хөтөлбөрийг ийм байдлаар томъёолсон нь намуудын төлөвшил, төлөв байдлын нийтлэг шинжүүдийн нэгэн илрэл мөн бөгөөд төрийн эрхийг барих эрхийг ард түмнээс суйлж авахын тулд өгч буй амлалт юм. (Уг нь Үндсэн хуулиар төрийн эрх мэдэл ард түмний гарт байх ёстой). Эдгээр амлалтаас улс орны эдийн засгийн салбарт холбогдох хэсгийг харьцуулан судлахад дараахь дүр зураг харагдаж байна.

Үүнд:

1.Эдийн засгийн одоогийн байдал, шийдвэрлэх гол асуудлын үнэлгээ

Сонгуульд оролцогчдын хөтөлбөрт улс орны нийгэм-эдийн засгийн амьдралын бодит байдал, зөрчил бэрхшээл тулгамдсан асуудлыг цэгцтэй томъёолж оруулах нь зорилтыг оновчтой сонгох, зангилаа асуудалд нийгмийн анхаарал, хүчийг төвлөрүүлэх үндсэн нөхцөл билээ. Харин энэхүү судалгаанд хамрагдсан намуудын нэг нь ч хөтөлбөртөө ийм байдлаар хандаж чадсангүй. Гагцхүү ИЗН хөтөлбөртөө л засаг захиргааны зардлыг 30% бууруулна гэсэн нь хэмнэлттэй амьдрахуйн үзлийн өчүүхэн гэрэл гэлтэй.

Монгол орны эдийн засагт болон энэ талаар төрөөс явуулж ирсэн бодлогод зайлшгүй шийдвэрлэх асуудал цөөнгүй ажээ.

- Хэдийгээр сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлт түргэсч байгаа ч гэсэн эдийн засаг нь хүн ардын амьдрал, байгаль орчны баримжаагаа алдаж, баялгийн хуваарилалт, хэрэглээ тэнцвэргүй болж байна.

-Дэлхийн нийтийг хамарсан хүнсний хомсдол, эрчим хүчний үнийн өсөлт иргэдийн амьдралд хүнд цохилт өгч макро эдийн засгийн үндсэн тэнцвэрүүдийг алдагдуулж байна.

-Сүүлийн 2 жил дараалан инфляцийн түвшин 15-20% хүрч цаашид улам гүнзгийрч болзошгүй байна.

-Дэлхийн цаг уурын дулааралт болон ухаалаг бус төрийн бодлого, аж ахуйн үйл ажиллагааны улмаас цөлжилт эрчимжиж, гол горхи, булаг шанд ширгэж бохирдож экологийн сүйрэл нүүрлэж, эдийн засгийн үндсийг хөндөж байна.

-Монголчуудын олонхи нь ядуу амьдарч, ядуурлыг бууруулах талаар дэлхий нийтэд зарласан төрийн амлалт хэрэгжихгүй байна.

-Эдийн засагт шударга бус өрсөлдөөн давамгайлж, төрийн бодлогод ашиг сонирхлын бүлэглэлүүдийн нөлөө хүчтэй болж байна.

Энэ бүх асуудлыг оновчтой, цогцоор шийдэхгүйгээр байнгын өсөлт, эрчимтэй хөгжлийн талаар ярих утгагүй. Учир нь, эдгээр бэрхшээлийг гэтлэхийн тулд улс үндэстнээрээ тэвчиж туулах чадвар, дархлаагаа дээшлүүлэх ёстой. Энэ нь амьдралын хэвшил, үйлдвэрлэл, хэрэглээний бүтэц, оршихуйн философийг ч өөрчлөхтэй холбоотой. Үүнийг аль нэг нам дангаар хийж чадахгүй.

Улс төрийн намууд дээрх бодит асуудлуудад цогцоор хандаж чадаагүйн улмаас, хөтөлбөртөө дэвшүүлсэн зорилтууд нь харин ч “гал дээр тос нэмэх” утгатай болжээ. Жишээлбэл, АН-ын хөтөлбөрт “Малчны өрхийн орлогын эх үүсвэрийг тогтвортой байлгахад онцгой анхаарна. Тэргүүний ээлжинд түүхий ноолуурын доод үнийг 30000 төгрөгнөөс унагахгүй, хонь тэмээний ноосны үнийг 3000-6000 төгрөгт хүргэх бодлого баримтална” гэжээ.

МАХН сонгуулийн компани ажил эхлэхээс өмнө ноолуурын үнийн асуудлыг УИХ-ын гишүүдээрээ дамжуулан оруулж шийдвэрлүүлсэн болохоор хөтөлбөртөө шууд тусгаагүй биз. Тэгэхдээ л “Малчид тариаланчдыг түүхий эд, бүтээгдэхүүний борлуулалтын бэрхшээл, үнийн уналтаас хамгаалах арга хэмжээ авна” гэжээ.

Малын тоо толгой бэлчээрийн даацаас хэтэрч, бэлчээрийн доройтолд ямаан сүрэг голлох үүрэг гүйцэтгэж байхад малчдын амьжиргааг тогтворжуулах асуудлыг ноолуурын үнээр шийдэх нь хэт өрөөсгөл төдийгүй олон улсын зах зээлийн эрэлт хэрэгцээний динамикаас ангид тусгай орчинд хөгжлийг тэтгэх боломжгүй. Тэгээд ч малчдыг зөвхөн үнийн өсөлтийн орчинд амьдруулна гэж амлах хэрэггүй. Аж ахуйн бүтэц, хэмжээний эрүүл сонголт хийж сурах хэрэгтэй.

Намуудын хөтөлбөрт нийгмийн амьдралын бүх хүрээнд үрэлгэн хэрэглээг хязгаарлах, үр ашиг бүтээмжийг дээшлүүлэх зорилтууд нийтдээ орхигдсон нь одоогийн байдалдаа оновчтой үнэлэлт өгч чадаагүй бөгөөд олон түмэндээ “Хүлэмжийн орчин” амалж өрсөлдөж байгаагийн үр дагавар мөн.

2. Эдийн засгийн хүмүүнлэг баримжаа

Улс орныхоо эдийн засгийг улам бүр хүмүүнлэг баримжаатай болгож, ашиг орлого, өсөлтийн хүрд, “бүтээн байгуулалт”-аас илүүгээр хүн ардынхаа амьдралын чанар, түвшин, аюулгүй байдлыг дээшлүүлэх нь орчин үеийн соёлт ертөнцийн жам болж байна.

УИХ-ын 2008 оны сонгуульд улс төрийн намуудаас эдийн засгийн хүмүүнлэг баримжаатай холбоотой буюу иргэдийн аж амьдралыг дээшлүүлэх талаар баримталж байгаа бодлогыг дараах утгаар бүлэглэж болох байна. Үүнд:

1.Иргэдийн орлогыг нэмэгдүүлэх талаар

-МАХН:

· “Үнэ ханшны өсөлт, өөрчлөлтийг тухай бүр тооцож, цалин тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттай өсгөж, 2012 он гэхэд одоогийнхоос 3 дахин нэмэгдүүлнэ”.

· “Иргэн бүр тогтвортой орлоготой байх эдийн засгийн орчин бүрдүүлж, 2012 онд дундаж өрхийн сарын орлогыг нэг сая төгрөгөөс дээш болгох боломжийг хангана”.

· “Алслагдсан болон говийн бүсийн зарим сум, байгалийн хүнд нөхцөлд амьдарч ажиллаж буй иргэдэд нийгмийн хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэх, нэмэгдэл олгох оновчтой тогтолцоог бий болгоно”.

· “Шинээр гэр бүл бологсод, шинэ төрсөн хүүхдэд төрөөс олгож буй тэтгэмжүүдийг үргэлжлүүлж, шинээр 3 дахь хүүхдээ төрүүлсэн гэр бүлд 300 мянган төгрөгийг нэг удаа, Алдарт эхийн II одонтой эхэд 500 мянга, I одонтой эхэд 1 сая төгрөгийн тэтгэмжийг жил бүр олгоно”.

· “ЕБС-ийн сурагчдыг сурах бичгээр төрөөс хангана”.

· “Баг бүрд гэр цэцэрлэг байгуулж ажиллуулна. Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг төрөөс бүрэн хариуцна” гэжээ.

-Ардчилсан Нам:

· “Амьжиргааны баталгаажих доод түвшин гэх ойлголтыг аажмаар халж, дундаж орлоготой өрхийн тоог нийт өрхийн 60-аас дээш хувь хүртэл нэмэгдүүлнэ. Бид амандаа хоолгүй нэгнээ амин зуулгатай залгуулж, амь зуулгатай айл өрхийг арвидсан хөрөнгө хураах боломжтой болгоно”.

· “Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгоно. Мөнгөний ханшийн уналттай уялдуулж хэмжээг нь өсгөнө”.

· “…”Эрдэнийн хувь” санаачлагыг Ардчилсан намаас дэвшүүлсэн. Энэ санаачлагыг … ард олноороо хэлэлцүүлэн шийднэ” гэжээ.

-Иргэний эвсэл:

· “… Монгол өрхийн амьжиргааны доод үзүүлэлтийг сарын 1 сая төгрөгийн орлого… гэж томъёолж байна”.

· 18 нас хүрсэн иргэн бүрт 10 сая төгрөгийн зээлийн эрхийг төрөөс баталгаажуулна.

· “Уул уурхайн ашиг орлогоос өндөр настан, ахмадуудад тэргүүн ээлжинд хүргэж, ахмад бүрт 10 сая төгрөгийн тэтгэлэг олгох “Талархлын сан”-г хуульчлан байгуулна”.

· “Гэр хорооллын цахилгааныг шөнийн цагаар үнэгүй олгоно”.

· “Газрыг аж ахуйн эргэлтэнд оруулж, хөдөөгийн өрх бүрийг өөрийгөө тэтгэх аж ахуйтай болгох зорилгоор сум бүрт 100 сая төгрөгийн зээлийн сан байгуулна”.

· “Стратегийн орд газруудыг түшиглэн уул уурхайн хөрөнгө оруулалтын дэлхийн түвшний үндэсний корпораци байгуулна. Иргэн бүрт 5 сая төгрөгийн алтан хувьцаа олгоно” гэжээ.

-Иргэний Зориг Нам:

· “Төрийн албан хаагчид, эмч, багш нарын сарын цалинг 800 мянган төгрөгт хүргэнэ”.

· “Нэг цагийн нэг доллараас дээш цалин хөтөлбөр дэвшүүлэх…”

· “Хүүхдийн мөнгө” хөтөлбөрийг үргэлжлүүлэн сар бүр олгох мөнгөний хэмжээг үе шаттай нэмэгдүүлнэ”.

· “Ээж бүрт хүүхэд төрүүлэхийн өмнөх 6 сар, төрүүлсний дараах 18 сард төрийн дунд шатны албан хаагчийн сарын цалинтай дүйцэхүйц хэмжээний цалинг сар бүр олгож эхэлнэ”.

· “Өндөр настны тэтгэврийн доод хэмжээг 180 мян.төгрөг болгоно” гэжээ.

-Үндэсний Шинэ Нам:

· “Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг жил дараалан үе шаттай өсгөж 2012 онд одоогийн төвшнөөс 3 дахин нэмэгдүүлж, 2012 онд өрхийн сарын дундаж орлогыг нэг сая төгрөгөөс доошгүй болох боломжийг хангана”.

· “Хүүхдийн мөнгийг сар тутамд 20000 төгрөгт хүргэж, ядуурал, хүнсний хомсдолын аюулыг зөөлөвчилнө”.

· “Гуравдахь хүүхдээ төрүүлсэн эхийг төрөөс урамшуулна”.

· “Дээд сургуулиудыг чансаажуулж, дээд боловсролыг үнэ төлбөргүй болгоно”.

· “Хязгаар нутгийн иргэдэд бүс нутгийн нэмэгдлийг орлогын 20%-иар тооцож олгоно” гэжээ.

2. Ажил эрхлэлтийн талаар:

-МАХН:

· “Жил бүр 60 мянгаас доошгүй ажлын байр бий болгоно” гэжээ.

-Ардчилсан Нам:

· “Айл өрх бүрээс доод тал нь ажилгүй байгаа нэг хүнийг мэргэшүүлж ажилтай болгоно”.

· “Ажил эрхлэлт, мэргэжлийн сургалт, үйлдвэржилтийг дэмжихэд зориулж 2009 оны улсын төсөв, хөгжлийн сангаас 150 тэрбум төгрөг зарцуулна. Жил бүр уг хөрөнгийн хэмжээг доод тал нь 2 дахин нэмэгдүүлж 2010 онд 300 тэрбум, 2011 онд 600 тэрбум төгрөг гаргана” гэжээ.

-Иргэний эвсэл:

· “35-аас дээш насны иргэдийг ажлын байраар хангах, шинээр мэргэшүүлэх, давтан сургах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ” гэжээ.

-Үндэсний Шинэ Нам:

· Тодорхой зорилт дэвшүүлсэнгүй.

3. Орон сууцны хангамжийн талаар:

-МАХН:

· “Орон сууц барих санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, … орон сууцны урт хугацааны зээлийн жилийн хүүг 6% хүртэл бууруулж, эргэн төлөх хугацааг 25 жил болгоно”.

· “Гэр хорооллыг оршин суугчдынх нь оролцоотойгоор орон сууцны хороолол болгон хөгжүүлэх төлөвлөлтийг … хэрэгжүүлэх” гэжээ.

-Ардчилсан Нам:

· “Ирэх 5 жилд нийтдээ 140 мянган орон сууц барьж ашиглалтад оруулна” гэжээ.

-Иргэний Эвсэл:

· “…Монгол өрхийн амьжиргааны доод үзүүлэлтийг … хоёр өрөө байр… гэж томъёолж байна”

· “Ажилтай залуу гэр бүл бүрийг байртай болгох, тэдэнд урьдчилсан төлбөргүй, жилийн 6%-иас хэтрэхгүй хүүтэй, 30 жилийн хугацаатай зээл олгох”.

· “Хашааны газрыг хувьд бүрэн шилжүүлэн, … “газраа байраар сольё” хөтөлбөрийг хуульчлан хэрэгжүүлнэ” гэжээ.

-Иргэний Зориг Нам:

· “Хот хөдөөд 48 мянган айлыг тохилог орон сууцанд оруулна.”

· “Орон сууцны зээлийн жилийн хүүг 8 хувиас доош буулгана. Төлөх хугацааг … 23 жил болгоно” гэжээ.

-Үндэсний Шинэ Нам:

· “Төсвийн хөрөнгөөр орон сууцны фонд байгуулж, гэр хорооллын иргэдийг хямд орон сууцаар хангана.” Энэ зориулалтаар төсвөөс 200 тэрбум төгрөг жил бүр гаргана” гэжээ.

Намууд эдийн засгийн хүмүүнлэг баримжааны талаар дэвшүүлсэн эдгээр зориултууд нь хөтөлбөрийн янз бүрийн хэсэгт цацагдаж орсон ч гэсэн эдийн засгийн нөөц бололцоо, баялгийг хуваарилах арга хэрэгслийн талаас эдийн засгийн хөшүүргийн хүрээнд шийдэгдэх тул ийнхүү эдийн засгийн бодлогын хүрээнд хамааруулж байна.

Улс орны эдийн засгийн амьдрал тэтгэх чадварыг дээшлүүлэх асуудал нэгдүгээрт - баялгийн хуваарилалтыг шударга болгох, хоёрдугаарт – бүтээмж үр ашгийг дээшлүүлэх, гуравдугаарт – баялгийн үйлдвэрлэлийг өргөтгөх үндсэн гурван замаар шийдэгддэг.

Эдгээр арга замын ач холбогдол нь тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалж өөр өөр байх бөгөөд манай орны одоогийн нөхцөлд чухамхүү шударга хуваарилалтын асуудал нэн хурц болж байна. Учир нь, сүүлийн жилүүдэд ДНБ-ний үнийн дүн жилд 30-40% өсч байгаа боловч хүн амын хэрэглээний фондын хувийн жин 2006 онд 45% байснаа 2007 онд 38% хүртэл буурчээ. Баялаг бүтээгч гол хүч болсон иргэд нь баялгийнхаа 1/3-ийг хэрэглэж, үлдсэн 2/3-ийг мөнгө хүүлэгчид, олигархууд халаасалж нийгмээ ядууралд живүүлж байгаа нь энэ болой.

Монголчуудын хэрэглэж амьдарч байгаа баялагт дэлхийн зах зээлийн үнээс доогуур үнэ ханштай бараа нэн цөөн. Ийм нөхцөлд баялгийн хуваарилалтын дээрх үзүүлэлт нь цалин хөлсийг хэт дор түвшинд хүлж, цалин хөлс нэмсэн ч үнийн хөөрөгдөл дагуулна. Энэ нь олигархуудыг тэтгэдэг төрийн бодлого болон төрийн үрэлгэн хэрэглээ, гадаадын хөрөнгө оруулагчдад хэт зулгуйдсан бодлоготой холбоотой.

Ийм нөхцөлд баялгийн хуваарилалтын талаар олонх улс төрийн хүчнүүдээс сонгуулийн хөтөлбөртөө дэвшүүлж байгаа зорилтууд нь өнгөц харахад өглөгийн эздийн өгөөмөр гар сунгасан мэт боловч үнэн чанартаа одоогийн шударга бус хуваарилалтыг хадгалахад чиглэж байна. Жишээлбэл, МАХН, ҮШН 2012 он гэхэд цалин тэтгэвэр тэтгэмжийг одоогийнхоос 3 дахин нэмэх зорилт томъёолжээ. МАХН-ын мөрийн хөтөлбөрт “Нэг хүнд ногдох ДНБ 2012 он гэхэд 5000 ам.долларт хүрнэ”, “2012 онд дундаж өрхийн сарын орлогыг нэг сая төгрөгөөс дээш болгох боломжийг хангана” гэсэн хоёр амлалтыг нэгтгэн яаж ч бодоход хүн амын хэрэглээ ДНБ-ний 40%-иас хэтрэхгүй ажээ. Хүн амын орлого нь төгрөгөөр тооцогдсоныг харгалзан инфляцийг бодолцвол 36%-д ч хүрч болох байна.

Харин Ардчилсан намын хөтөлбөрт дундаж орлоготой өрхийн тоог нийт өрхийн 60-аас дээш хувьд хүргэнэ гэсэн амлалт нь Монголын нийгмийн амьдралын хурц шаардлагад хариу болж чадах юм. Тэгэхдээ “дундаж орлого” гэдгийг 2012 оны түвшинд ойлгох ёстой.

Хүн амын орлого (цалин, тэтгэвэр, тэтгэмж)-ын өсөлтийн талаар намуудаас өгсөн амлалт нь инфляцийн нөлөөг цэвэрлэсэн бодит орлогын өсөлт биш нь харамсалтай.

Ажлын байр нэмэгдүүлж, ажилгүйдлийг бууруулах талаар намуудын хөтөлбөрт дэвшүүлсэн том зорилтууд хувийн хэвшлийн хүрээнд шийдэгдэх нь зайлшгүй. Ийм учраас бизнесийн орчин бүрдүүлэх, ажилгүйчүүдэд мэргэжил олгоход чиглэсэн төрийн бодлого нэн чухал юм. Энэ үүднээс Ардчилсан нам орон нутагт хөрөнгө хүчийг төвлөрүүлж, айл бүрээс ажилгүй нэг хүнд мэргэжил олгох, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг татваргүй болгох, ажил олгогчдын захиалгаар их дээд сургуульд жил тутам 1000-5000 хүнийг төрийн зардлаар сургах зорилт нь цогц чанараараа үр дүнтэй байх нь дамжиггүй.

Харамсалтай нь бусад намууд ийм цогц байдлаар хандаагүй байна. Хүн амыг орон сууцаар хангах асуудалд улс төрийн олонх нам анхаарч. Тэгэхдээ нэг ч нам орон сууцны хүрэлцээг хичнээн хэмжээгээр дээшлүүлэх, хуримталсан асуудлыг хэдий хугацаанд шийдэхээ томъёолж чадсангүй. Ардчилсан нам 5 жилд 140 мянган айлын орон сууц барих амлалт өгч байгаа ч барилгын материалын үйлдвэрийн дотоодын хүчин чадал, импортын ачаалал, зам тээврийн хүчин чадлын талаас баталгаатай гэж үзэхэд бэрхшээлтэй

Бусад намууд 240-248 мянган орон сууц барих амлалт өгч байгаа нь гадаадын хүчирхэг компаниудад зориулсан юмуу тэдний захиалгатай хөтөлбөр гэлтэй. Учир нь дээрх хэмжээний сууц барихад 15-18 триллион төгрөг хэрэгтэй болно. Ийм хуримтлал манайд байхгүй.

МАХН болон бусад олонх нам орон сууцны зээлийн хүүг бууруулах, хугацааг сунгах бодлого баримталж байгаа боловч орон сууцны одоогийн үнэ нь дундаж орлоготой айлын жилийн орлогоос 20 дахин давж байхад зээлийн баталгааны асуудлаас эхлээд олон асуудал эдийн засгийн үндэслэл муутай болж байна.

Энэ бүхнээс үзэхэд эдийн засгийн хүмүүнлэг баримжааг дээшлүүлэх асуудал УИХ-ын дараагийн бүрэн эрхийн хугацаанд мэдэгдэхүйц алхам хийх нь эргэлзээтэй үлдэж байна.

3. Макро эдийн засгийн тэнцвэржилт, төсөв, мөнгө, зээлийн бодлого

Сүүлийн жилүүдэд Дэлхийн зах зээл дээр өрнөж буй үйл явцууд болон манай орны дотоод хүчин зүйлүүдийн улмаас эдийн засгийн макро түвшний тэнцвэр, бүтцийн асуудалд шинээр хандаж төрийн зохицуулалт явуулах шаардлага нэн чухал болж байна.

Улсын төсвийн бүрдүүлэлт, зарцуулалтын арга хэрэгсэл, бодлогын чиглэл хийгээд мөнгө, зээлийн бодлогыг шинэчлэн хөгжүүлэх талаар улс төрийн намуудын 2008 оны сонгуулийн хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг дараах байдлаар бүлэглэж болох юм. Үүнд:

1.Төсвийн бодлого, татвар

1.1.Улсын төсвийн бүрдүүлэлт, татварын бодлого

-МАХН:

· “Малчдыг малын хөлийн татвараас чөлөөлж, энэ мөнгөөрөө малынхаа тэжээлийн нөөцийг бүрдүүлэхэд зарцуулна”.

· “Мал аж ахуйн салбарт хөдөлмөрөө хорших, хөрөнгө хүчээ нэгтгэх, хоршоо, нөхөрлөл, хамтлаг болон зохион байгуулагдаж ажиллахыг зээл, татварын бодлогоор дэмжинэ” гэжээ.

-Ардчилсан Нам:

· “Нутгийн өөрөө удирдах ёсыг иргэдийн мэдэлд бүрэн шилжүүлж, иргэд нь нутаг усныхаа асуудлыг мэддэг эзэд нь болно. Үүний тулд төсөв, санхүү, татвар, өмчийн эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ. Төсвийн удирдлага, санхүүжилтийн хуулийг хүчингүй болгоно”.

· “Хориглосноос бусад үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийг импортын татвараас бүрэн чөлөөлнө” гэжээ.

-Иргэний эвсэл:

· “Байгалийн баялгийн үнэлгээ, ашиглалтын өнөөгийн тогтолцоог бүрэн өөрчилж, экологийн урамшуулал, татвар, торгууль, стандартын шинэ тогтолцоо бий болгоно”

· “Хөдөө орон нутагт жижиг бизнес, хувиараа аж ахуй эрхлэгчдийг улсын албан татвараас чөлөөлнө”.

· “Орон нутгийн татварын бие даасан тогтолцоог бий болгоно” гэжээ.

-Иргэний Зориг Нам:

· Тодорхой зорилт томъёолсонгүй.

-Үндэсний Шинэ Нам:

· “Улаанбуудай, цагаан будаа, мах, төмс, хүнсний ногоо, хуурай сүү … үйлдвэрлэгч дотоодын компаниудыг татвараас 100 хувь чөлөөлнө” гэжээ.

Төсөв бүрдүүлэлт, татварын бодлогын талаарх намуудын хөтөлбөр дараах нийтлэг хандлагыг илэрхийлж байна. Тухайлбал,

- Улс төрийн намууд татварын одоогийн тогтолцоог бүхэлд нь хөндсөн зорилт дэвшүүлээгүй байна. Татварын одоогийн тогтолцоо нь хэдийгээр том хөрөнгийн ашиг сонирхолд нийцэж байгаа ч гэсэн төрийн мэдэлд ДНБ-ний 2/5-ыг төвлөрүүлж, эрх баригчдын “хүч бололцоо”-г нэмж байгаа утгаараа тэдний ашиг сонирхолд нийцэж байгаа бололтой. Гэхдээ энэ нь зах зээлийн эдийн засгийн эрх чөлөөг хязгаарлаж байгаа билээ.

- Ардчилсан Нам, Иргэний Эвсэл, Үндэсний Шинэ Намаас татварын бодлогын талаар баримталж буй тодорхой салбар, барааны төрөлд чиглэсэн бодлогууд нь Үндсэн хуулийн зарчмыг хөндөхгүйгээр хэрэгжвэл үндэсний эрх ашиг, хөгжил дэвшлийн зорилгод чиглэсэн үзэл баримтлалтай холбоотой гэж үзэж болох юм.

- МАХН-аас дэвшүүлсэн малын хөлийн татварыг цуцлах бодлого нь нийгмийн эдийн засгийн, байгаль орчны талаас ч эргэлзээтэй гэж үзэж байна.

1.2.Улсын төсвийн зарцуулалт, хуваарилалтын бодлого

Намуудаас нийгэм-эдийн засгийн хүрээнд төрийн оролцоотойгоор хэрэгжүүлэх бүхий л зорилтууд нь төсвийн хуваарилалт зарцуулалтын бодлоготой шууд холбоотой нь тодорхой. 2008 оны сонгуульд намуудын хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтуудаас үндэслэн төсвийн хуваарилалт, зарцуулалтын бодлогын нь талаар дараах цомтгосон дүгнэлт хийж болох юм. Үүнд:

1. Төрийн зарим үйлчилгээ болон иргэдийн хариуцаж байсан зарим хэрэглээний зардлыг үнэгүй болгож төрөөс санхүүжүүлэн төсвийн ачааллыг нэмэх хандлага нэлээд түгээмэл байна. МАХН-аас ЕБС-ийн сурагчдын сурах бичгийг төрөөс хариуцах, хөдөөгийн сумдын засаг даргын захиалгаар дотоодын их, дээд сургуульд суралцагчдын сургалтын зардал болон 500 км-ээс дээш алслагдсан сургуульд суралцагчдын замын зардлыг төр хариуцах гэх мэт зорилт дэвшүүлж байгаа бол Үндэсний Шинэ Нам дээд сургуулийн сургалтыг үнэ төлбөргүй болгоно гэх жишээтэй. Алив баялгийн үнэ цэнийг хэрэглэгчид нь мэдрэхгүй бол хөгжил дэвшил урагшлахгүй. Тэгээд ч төсвийн хөрөнгөөр санхүүжиж хэрэглэгчдэд үнэ төлбөргүй хүрдэг баялгийн хуваарилалт нь авилгын шимт хөрс билээ. Дээрх амлалтууд нь сонгогчдын санал татах өөш ч байж болох юм.

2. Сумдад хөгжлийн сан бүрдүүлэх үзэл санаа нэлээд түгээмэл болжээ. МАХН, ҮШН 50-саяас доошгүй эх үүсвэрээр ийм сан байгуулах саналтай байгаа бол Иргэний Эвсэл 100 сая төгрөгийн хөрөнгөтэй зээлийн сан байгуулах санал тавьжээ. Төсвийн хөрөнгийг сум бүрд тэгшитгэн хувааж сан хэлбэрээр байршуулах нь орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэхэд тодорхой алхам болох боловч одоогийн төсвийн хэт төвлөрлийг сааруулж чадахгүй юм. Харин ч хөрөнгө хүчийг сарниулж, авилгын үүдийг улам чөлөөтэй нээх эрсдэлтэй.

3. Төсвийн зарлага, хуваарилалтын бодлогын хүрээнд нийгмийн үйлчилгээний салбарууд нэлээд давамгайлах хандлагатай болж боловсрол, оюуны салбар (АН), эрүүл мэндийн салбар (МАХН)-т зарцуулах хөрөнгийн хэмжээ нэмэгдэх ирээдүй тодорч байна. Үүний зэрэгцээ төсвийн байгууллагад ажиллагсадын цалин хөлс ч нэмэгдэх хандлагатай байна.

Тэгэхдээ цалин хөлсийг нэмэх бодлого баримталж байгаа намууд энэ арга хэмжээ нь үнийг хөөргөдөх, хувийн хэвшлийн бизнесийг хөлдөө чирэх үр дагавартай байж болохоос сэргийлэх бодлогоо томъёолоогүй байна.

-Төсвийн зардлыг үр ашигтай болгож хэмнэх тодорхой зорилтыг зөвхөн Иргэний Зориг Нам дэвшүүлжээ. Дэлхий нийтийг хамарсан хямралт байдлын үед улс төрийн намууд нийгмийн амьдралд хэмнэлтийн горим хэвшүүлэхээс зүрхшээж байгаа нь харамсалтай.

2008 оны сонгуульд оролцож буй улс төрийн намуудаас зөвхөн Ардчилсан нам төсвийн тогтолцоог бүхэлд нь өөрчилж, одоо мөрдөж буй төсвийн удирдлага, санхүүжилтийн хуулийг цуцлахаа мэдэгджээ. Энэ нь зөвхөн төсвийн бодлогыг шинэ шатанд гаргах төдийгүй орон нутаг эрүүл хөгжих, нутгийн өөрөө удирдах ёсны талаарх Үндсэн хуулийн заалтууд биелж төр шударга, цэвэр болохын нэг гол үндэс мөн юм.

Одоогийн төсвийн төвлөрөл нь Үндэсний эдийн засгийг төсвийн уутны ам тослон “хуваарилалтын хэвшил”-тэй болгож, олигархуудын ноёрхолд хүргэж байгааг АН-аас бусад улс төрийн хүчнүүд хэзээ нэг цагт хүлээн зөвшөөрөх бизээ.

 

2. Мөнгө, зээл, зээлийн хүүгийн бодлого

Үнийн өсөлт хүчээ авч, мөнгө, санхүүгийн тогтолцоо бүхэлдээ хямралд хүрч болзошгүй байгаа одоо үед улс төрийн хүчнүүд өөрийн бодлогыг цэгцтэй томъёолох нь нэн чухал юм.

Энэ талаар судалгаанд хамрагдсан намуудын хөтөлбөрт томъёолсон бодлогыг дараах үндсэн чиглэлтэй гэж үзэж болох байна. Үүнд:

- Улс төрийн намууд үнийн хөөрөгдөлтийг зогсооно, саармагжуулна хэмээн амлаж байга боловч АН-ҮШН-аас бусад намуудын хөтөлбөрт оруулсан нийгмийн зорилтууд нь харин ч мөнгөний нийлүүлэлтийн өсөлтөөр дамжуулан үнийн өсөлтийг хөөргөдөх магадлалтай байна. Учир нь тэдгээр намууд хэрэглээний барааны нөөцийг хүн амын орлогоос түрүүлүүлж өсгөн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилтоо томъёолж чадаагүй байна.

- Судалгаанд хамрагдсан олонх намуудын хөтөлбөрт орон сууцны бага хүүтэй (6-8%) зээлийн талаар өргөн зорилт дэвшүүлжээ. Монголын банкуудын одоогийн байдал, үнийн өсөлтийн нөхцөлд энэ зорилтыг хэрэгжүүлэх нь боломжгүй биш гэхэд мөнгө, санхүүгийн системийг бусниулах, олон талын эрсдэлтэй юм. Гагцхүү гадаадаас зээл авч шийдэж болох боловч дотоод системийн нөлөөнөөс ангид байж чадахгүй билээ. Иймээс намуудын дээрх амлалтууд бодитой биш ажээ.

- Судалгаанд хамрагдаж буй намууд манай оронд сүүлийн жилүүдэд мөнгөний нийлүүлэлт үйлдвэрлэлийн өсөлтөөс 3-4 дахин түрүүлж, мөнгө хүүлэх тогтолцоо эдийн засгийг шимж туйлдуулан үнийн өсөлтөд нөлөөлж байгаа асуудалд бодитой үнэлэлт дүгнэлт өгөөгүй, түүнийг гэтлэх арга замыг томъёолоогүй байна.

 

4.Эдийн засгийн өсөлт, хөгжлийн бодлого

УИХ-ын 2008 оны сонгуульд оролцож буй дээрх намууд улс орныхоо эдийн засгийн өсөлт, хөгжлийн талаар баримталж буй бодлого нь дараах онцлогуудтай байна. Үүнд:

1. Судалгаанд хамрагдсан намууд бүгдээрээ эдийн засгийн нөөцийн бололцоог нэмэгдүүлж, нийгмийн хүрээнд амласан зорилтоо хэрэгжүүлэх үндсэн арга замыг ашигт малтмал олборлох (Оюутолгой, Тавантолгой, Асгат, Төмөртэй гэх мэт)-той холбож байна. Эдгээр ордуудыг түшиглэсэн уурхайнууд гадаадын хөрөнгө оруулалтаар багагүй хугацаа (3-5 жил)-нд баригдаж ашиглалтад орохыг бодолцвол түүнтэй холбоотой амлалтуудын ихэнх нь УИХ-ын дараагийн сонгуульд тулж хагас дутуу шийгдэгдэх буюу шийдэгдэхэд дөхөж магадгүй.

2. Улс төрийн бүх намууд орон сууц, нийгмийн салбарын барилгын асар том зорилтууд дэвшүүлжээ. Энэ нь эдийн засагт барилгын үйлдвэрлэлийн хувийн жинг эрс нэмэхийн зэрэгцээ импортын ачааллыг үлэмж нэмж, дэд бүтцийн (тээвэр, цахилгаан, дулаан) салбаруудад хүндрэл авчирч, эдийн засаг дотоодынхоо эх үүсвэрээр өсч хөгжих чадавхийг сулруулна. Тэгэхдээ дэд бүтцийн хүчин зүйлийн бодит хязгаарлалтын улмаас барилгын үйлдвэрлэлийн салбарт намуудаас тавьсан зорилтын тал хувь нь ч биелэхгүй биз ээ.

3. Улс төрийн намууд ирэх 4 жилд багтааж мах, сүү, гурил, төмс, хүнсний ногооны хэрэгцээг дотоод үйлдвэрлэлээр бүрэн хангах бодлоготой байна. Энэ нь хүнсний хараат байдлаас ангижруулж, нийгмийн амьдралыг тогтворжуулахад хамгийн чухал чиглэл байж болох юм. Тэгэхдээ гагцхүү бага оврын 20000 трактор нийлүүлснээр шийдэгдэхгүй. Агротехнологи, зоо-мал эмнэлэг, эрх зүй, менежмент, эдийн засгийн цогц орчин бүрдүүлэхийг шаардана. Бололцоотой бүс нутгуудад фермерийн аж ахуйг хөгжүүлж, тэдэнд газрыг өмчлүүлэн, мэдлэгийн баталгаа бүрдүүлэх асуудал үндсэндээ намуудын хөтөлбөрийн гадна үлджээ.

4. Намууд ирэх 4-5 жилд багтаан шингэн түлшний хэрэгцээг дотоод үйлдвэрлэлээр хангах зорилт томъёолж байна. Энэ нь цаг алдалгүй шийдэх хамгийн бодитой зорилт байж болох бөгөөд эдийн засгийг макро түвшинд тэнцвэржүүлж, өсөлт, хөгжлийн дотоод эх үүсвэрийг баталгаажуулж чадна.

5. Намууд аялал жуулчлалын салбарыг түлхүү хөгжүүлж, хүчин чадлыг 3-5 дахин нэмэх хөтөлбөр дэвшүүлжээ. Энэ зорилт биелбэл эдийн засагт шинэ орон зай нээгдэх болно. Тэгэхдээ үйлчилгээний бааз суурийг бүрдүүлэх, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхэд их хүч хөрөнгө, хугацаа шаардагдах билээ. Энэ талаас нь авч үзвэл бас л “үсрэнгүй” амлалт бололтой.

6. Олонх намууд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийг “ченж” хэмээх панзчидын ноёрхлоос чөлөөлж, биржийн сүлжээгээр дамжуулан борлуулах бодлого баримталж байгаа нь зах зээлийн соёлжсон харилцаанд шилжих томоохон алхам болж болох юм.

Эдийн засгийн өсөлт, хөгжлийн талаар намуудаас баримталж байгаа дээрх нийтлэг зорилтуудын зэрэгцээгээр зарим нам нэлээд өвөрмөц цар хүрээтэй бодлого томъёолж байна.

Тухайбал, Ардчилсан нам өргөн хүрээтэй үйлдвэржилтийн бодлогыг чухалчилж байна.

Шилдэг технологийг нутагшуулж, боловсон хүчин, хуримтлал бүрдүүлсэн нөхцөлд АН-ын энэ зорилт хамгийн баттай, өгөөжтэй шийдэл байж болох юм. Тэгэхдээ энэ зорилт хамгийн сайн зохион байгуулалт, эрүүл өрсөлдөөн, эрх зүйн орчны нөхцөлд 10-15 жил шаардана.

2008 оны сонгуульд оролцогч улс төрийн намуудын эдийн засгийн хөтөлбөрийн хамгийн сул тал нь бүтээмжийг дээшлүүлэх, хэмнэлт гаргах хүчин зүйлсийг үндсэнд нь орхигдуулсан явдал юм. Энэ нь нийгмийн бэлэнчлэх сэтгэлгээнд амлалт, хөрөнгө хуваарилалтын өөш өгөхийг илүүд үзсэн өнгөц бодлогын үр дагавар байж болно.

5.Эдийн засгийн байгаль орчны баримжаа

Монгол орны эдийн засгийг байгаль орчны баримжаатай болгож, байгальд халгүй үйл ажиллагаагаар амьдрах нь экологийн сүйрлээс зайлах үндсэн арга зам болж байна.

УИХ-ын ээлжит сонгуульд оролцож буй намуудын хөтөлбөрт энэ талын асуудал нэлээд өргөн тусгагдаж байна. Тэгэхдээ, нэг талаас, уул уурхай, атрын-III аян зэрэг байгаль орчинд хүчтэй нөлөөлж болох эрсдэлтэй салбаруудыг өсөлт, хөгжлийн гол хөдөлгүүр болгон тунхаглаад, нөгөө талаас, байгаль орчноо хамгаалах зорилтуудыг хот суурин газар, тохижилтын хөрс, усны бохирдлоос сэргийлэх төдийгөөр хязгаарлавал олигтой үр дүнд хүрэхгүй.

Байгаль орчинд халтай, хортой технологиос бүрэн татгалзах, хориглох тухай АН-ын хөтөлбөр болон “Байгалийн баялгийн үнэлгээ, ашиглалтын өнөөгийн тогтолцоог бүрэн өөрчилж, экологийн урамшуулал, татвар, торгууль, сандартын шинэ тогтолцоо бий болгох, экологийн цагдаагийн албыг байгуулах талаар Иргэний эвслээс томъёолсон хөтөлбөр эдийн засгийг байгаль орчны баримжаатай болгоход чухал алхам болж чадна.

7. Товч дүгнэлт

Шинээр байгуулагдах УИХ-ын үйл ажиллагааны эхний 2-3 жил нь Дэлхийн болон бүс нутгийн эдийн засгийн орчин нэлээд өөрчлөгдсөн нөхцөлд хэрэгжинэ. Манай орны эдийн засгийн байдал, динамикийн чадавхи ч тэр бүхнийг дагах бизээ. Ийм байдалд төрийн эрх мэдлийн төлөө өрсөлдөж буй улс төрийн хүчнүүдийн бодлого, хөтөлбөр нь нэн чамбай, хянуур болгоомжтой, нүүрлэх аюул эрсдэлээс сэргийлэх чадвартай байх нь зүй ёсны шаардлага юм. Гэтэл энэ удаад намууд бас л амлалтын уралдаан өрнүүлж, байгалийн нөөц баялгийн ашиглалтад дулдуйдсан бодлого явуулж сонгуульд оролцож байна. Намуудын хөтөлбөрт орсон зорилтуудыг бүрэн шийдэх эдийн засгийн хүч бололцоо байхгүй. УИХ-ын шинэ бүрэлдэхүүний бүрэн эрхийн хугацааны төгсгөлд зарим амлалт, зорилтууд биелэх эхлэл тавигдаж болох юм. Тэгэхдээ л одоогийн амлалтуудын ихэнх нь “сургамж” болж үлдэх байх даа.{joscommentenable}

Сонгууль

Санал тоолох үйл ажиллагааны мониторинг