Саналын хуудас хэвлэгдэж дууслаа

2008 оны 6-р сарын 19-ны 00 цагт эхэлсэн УИХ-ын сонгуулийн саналын хуудсыг хэвлэх үйл ажиллагаа Үндэсний үнэт цаас хэвлэлийн компанид 3 өдөр үргэлжилсний эцэст 6-р сарын 22-ны орой дууслаа. Энэ хугацаанд 26 тойргийн 1664642 саналын хуудсыг СЕХ-ноос гаргасан хуваарийн дагуу хэвлэн гаргасан бөгөөд “Шударга сонгуулийн төлөө иргэний хяналт” сүлжээний гишүүн Хүний эрх хөгжил төв энэхүү үйл ажиллагаанд ажиглагчаар оролцлоо. Мөн МАХН, АН, Эх орон нам, БНН өөрсдийн ажиглагчдыг оруулсны зэрэгцээ ТЕГ, хэвлэлийн компанийн хамгаалалтын алба аюулгүй байдлыг хангаж ажиллав.

Хэвлэсэн саналын хуудсыг тойргуудаар харуулбал:

 

Тойргийн дугаар Аймгийн нэр Хэвлэсэн саналын хуудасны тоо /10 хувийн хамт/
1. Архангай 57300
2. Баян-Өлгий 56560
3. Баянхонгор 53740
4. Булган 38080
5. Говь-Алтай 37610
6. Дорноговь 45280
7. Дорнод 50840
8. Дундговь 33840
9. Завхан 51070
10. Өвөрхангай 75380
11. Өмнөговь 33670
12. Сүхбаатар 37550
13. Сэлэнгэ 64980
14. Төв 58280
15. Увс 52190
16. Ховд 52000
17. Хөвсгөл 81180
18. Хэнтий 46280
19. Дархан-Уул 50270
20. Орхон 60980
21. Хан-Уул дүүрэг 83600
22. Баянзүрх дүүрэг 169732
23. Сүхбаатар дүүрэг 69410
24. Чингэлтэй дүүрэг 72140
25. Баянгол дүүрэг 98700
26. Сонгинохайрхан дүүрэг 133980
Дүн 1664642

 

Саналын хуудсыг хэвлэж зохих журмын дагуу боож савласны дараа тойргийн хороодод хүлээлгэн өгсөн бөгөөд Ховд, Увс, Говь-Алтай, Баян-Өлгий зэрэг холын аймгууд руу онгоцоор, бусад аймаг руу машинаар явуулсан. Аймгуудаас тойргийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүд зэрэг 2-5 хүний бүрэлдэхүүнтэйгээр ирж саналын хуудсыг хүлээн авч байсан. Мөн зарим тойргийн хороо хамгаалалтын цагдаатай ирж байлаа. Хуваарийн дагуу Улаанбаатар хотын тойргийн хороод хамгийн сүүлд буюу 2008 оны 6 сарын 23-ны 09-14 цагийн хооронд саналын хуудсаа ирж авцгаасан. Ингэснээр 2008 оны УИХ-ын сонгуулийн саналын хуудсыг хэвлэх, хүлээлгэн өгөх ажиллагаа албан ёсоор дуусгавар боллоо.

“Үндэсний үнэт цаас” хэвлэлийн компани нь Монгол Улсын хэмжээнд төрөл бүрийн үнэт цаасыг хэвлэдэг туршлагатай компани бөгөөд саналын хуудсыг хэвлэх бүхий л үйл ажиллагааг камераар хянаж, бичлэг хийж баримтжуулсан.

Саналын хуудас хэвлэхэд зориулж 845 нягтралтай (энэ нь 1 м2 цаас 84.5 грамм жинтэй гэсэн үг юм байна) 15,46 тонн цагаан цаасыг гадаадаас оруулж ирсэн ба энэ нь нэг боодолдоо 500 ширхэгтэй 414 боодол цаас юм. Хэвлэлтэнд зориулж 396 боодол цаасыг А2 хэмжээтэй 396000 ширхэг цаас болгон зүссэн бөгөөд зүсэх явцад 3851 ширхэг гологдол гарчээ. Бэлэн болсон 392149 ширхэг цаасанд саналын хуудсыг хуурамчаар хэвлэхээс хамгаалах зорилгоор ногоон өнгийн хээ бүхий нууцлалыг оруулсан. Нууцлал оруулах ажиллагааг Үндэсний үнэт цаас хэвлэлийн компанид хийсэн.

Нууцлалыг оруулах явцад 14599 ширхэг гологдол гарсан ба нууцлал бүхий 377550 ширхэг А2 хэмжээтэй цаас бэлэн болсноос УИХ-ын 2008 оны сонгуулийн саналын хуудсыг хэвлэхэд зориулж 302865 цаасыг ашиглаж 42458 цаас ашиглагдаагүй үлдсэн.

Саналын хуудсыг тойрог тус бүрээр хуваарийн дагуу хэвлэх явцад шаардлага хангахгүй хэвлэгдэн гарсан болон илүүдэл хэвлэгдсэн нийт 32196 цаасыг тухай бүрт нь устгаж байлаа. Мөн түүнчлэн тойрог болгоны саналын хуудсыг хэвлэлтэд оруулахын өмнө нэг хувь гаргаж СЕХ-ны мэргэжилтнээр хянуулж байсан ба үүнд зориулж 31 цаас ашигласан болно.

Ийнхүү нийт саналын хуудсыг хэвлэж дууссаны дараа саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журамд заасны дагуу 39 ширхэг эх бэлтгэлийн плёнкийг лац тэмдэг тавьж, боож битүүмжлэн сонгуулийн дүн гарч дуустал хадгалахаар СЕХ руу авч явав. Тэрчлэн засвар хийсэн эх бэлтгэлийн плёнк 40 ширхэг, нууцлал оруулсан боловч хэвлэлтэнд хэрэглэгдээгүй 42458 ширхэг цаас, нууцлалыг оруулахад гарсан гологдол 14599 ширхэг цаасыг ажиглагчдыг байлцуулан устгасан болно.

Саналын хуудсыг хэвлэх, зүсэх, тоолох, шалгах, боож багцлах бүхий л үйл ажиллагаанд ажиглагчдыг оролцуулж байсан бөгөөд хяналт, ажиглалт хийхэд СЕХ, хамгаалалтын алба болон хэвлэлийн компанийн зүгээс дургүйцэх, ямар нэгэн саад бэрхшээл учруулсан явдал гаргаагүйг дурдах нь зүйтэй юм. МАХН, АН-ын ажиглагчид 24 цагийн турш хяналт тавьж байсан бол бусад улс төрийн нам ихэвчлэн өдрийн цагаар ажиглалтыг хийж байсан. Эцэст нь дүгнэхэд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн саналын хуудсыг анх удаа иргэний нийгмийн хяналтыг байлцуулан хэвлэсэн нь дэвшилттэй зүйл болсон.

Сонгууль

Санал тоолох үйл ажиллагааны мониторинг