Олонх онгирно, цөөнх атаархана

     Мань мэтэд сөрөг хүчин, олонх цөөнх гээд ухаарах, сурах зүйл эдүгээ бишгүй боллоо. Улс төрчдийн хэрүүл маргааныг чагнаж суухад нэг зорилготой боловч өөр өөр арга барилтай лидерүүд улс орноо аль болох түргэн хөгжүүлэх зөв зам олох гэж мэтгэлцэж байна хэмээн ойлгохын арга алга.

     Юм хийж буй хүн заримдаа эвийг нь олохгүй мунгинах буюу алдаж будилах нь бий. Харин түүнийг хажуунаас нь харж суугаа хүнд цаад хүний ухаарахгүй байгаа зүйл ажиглагдаж, тэр ч бүү хэл, бүр инээдтэй хялбар арга ухаан түүнд төрж, "Үгүй ээ, чи наадхийгаа ингэ, тэгвэл амархан бүтэх нь" гэж зөвлөдөг. Зөвлөлгөөг тэр дор нь авдаг овсгоотой нэгэн байхад, гөжүүдлэн, хажуугийнхаа ажиглагчаас өөрийгөө дор сэтгэгч болчих вий гэж мунхаглаад, зөрүүдэлдэг өөр нэгэн бас бий. Зөвлөлгөөг зөв гэдгийг нь тэрбээр өөрөө яруу тодоор ухаарах тусмаа хор шар, атаа хорсол нь улам буцлаад бүр "Энэ муугийн үгэнд яасан ч орохгүй дээ" хэмээн мугуйдлан, ичгэвтэр тэнэг байдалд гүнзгий ордог хүнийг би олныг анзаарчээ. Гэхдээ зөвлөгөө зөв ч байдаг, буруу ч байдгийг үгүйсгэх аргагүй.

     Олонх цөөнх гэдгийг би иймэрхүү маягаар төсөөлөөд байгаа хүн. Олонх хийж гүйцэтгэх, цөөнх буюу сөрөг хүчин хажуунаас нь ажиглан санаагүйгий нь сануулж, туслах үүрэгтэй гэж ойлгож байна.

     Ер нь сөрөг хүчин гэдэг нэр томъёог хэн гаргаж ирэв ээ? Сөрөг хүчин гэдэг надад бол "сөрнө" гэсэн утгаар ойлгогдож байгаа юм. Сөрнө гэдэг нь аливаа давших хөдөлгөөний эсрэг сөрж дайрна гэсэн үг. Үүнийг юутай ч жишмээр юм бэ дээ? Хоёр бух мөргөлдөж байгаатай ч зүйрлэмээр юм уу? "Сөрөг" гэсэн үгнээсээ ч болж буй юм уу, өнгөрөгч арав гаруй жилд манай парламентад олонх цөөнхийн мөргөлдөөн болж өнгөрлөө. Ардчилсан парламентын үйл ажиллагааг "Хэн нь хэнийгээ нэвт бүлэх вэ" гэсэн хоёр мунаг тэнэг бухын тулаантай миний бор зүрх жишиж чадахгүй байгааг хэлье.

     Хоёр биенээ түшин нэгэн зүгт найгах хоёр согтууд гэртээ харих юм уу, эсвэл бааранд орох зорилго нь нэг байдаг. Хоёр согтуу "Үүгээр явсан нь ойр, түүгээр явсан нь цагдаагүй" гэж маргалаа ч гэсэн хоёул нэг зорилготой, ашиг сонирхол нэг, баримтлах чиглэл нэгэн зүг тул тэд нөхөд байдаг. Олонх цөөнх хэмээх сөрөг хүчнүүдийг хоёр бухын мөргөлдөөнтэй зүйрлэж болоогүйтэй адил, хоёр согтуутай бас адилтгаж болохгүй байна. Яагаад гэвэл, олонх цөөнх бие биенээ унагах, устгах, далдын хар элэгтэй бол, хоёр согтуу дахиад нэмж уух ганцхан хүсэлтэй нөхөд юм. Тэдэнд нэг нь ганцаараа уугаад, нөгөө нь хоосон хоцрох тийм жудаггүй чанар байдаггүй.

     Олонх цөөнх хоёул ардчилал, зах зээл гэсэн нэг зорилготой нь үнэн бол хоёр согтуутай зүйрлэмээр, төр засгийн эрхийг сонгуулийн хугацаанаас өмнө булааж авахаар эрэгчин эмэгчнээ үзэлцэж буй бол хоёр бухын мөргөлдөөнтэй зүйрлэмээр,.. Энэ хоёрын аль нь вэ? гэдгийг ард түмэн аль хэдүйнэ гадарлаж буй.

     Манай орны амьдралын эцсийн амжилт, үр дүн олонхид ногдохоос гадна, цөөнхөд бас ногдоно. Дөрвөн жилд улс орны хөгжилд ямар ахиц гарав, түүнийг цөөнхийн мэргэн шүүмжлэлтэй эрх биш холбож, ард түмэн цөөнхөд урам хайрлаж байлтай. Монголчууд яснаасаа олонх болохоороо онгирдог, цөөнх болохоороо атаархдаг, өөрөөр байж чаддаггүй, төрөлхийн тийм хачин хүмүүс гэж үү? Монголчууд ясны тийм өөдгүй зантай улс гэвэл, би гутахын ихээр гутах юм байна. Арай үгүй байлтай. Олонх муу ажиллаж, тэд баларч байвал, цөөнхийн нэр төр өснө гэсэн ойлголт баймгүйяа. Олонхийн ажил сүйрч байвал, ард түмэн зовлонд учрах нь тов тодорхой.

     "Суусан газраасаа шороо атга" гэгчээр аль ч намынхан адилхан ялагдлаасаа "Соёл атгаасай". Өндөр сэнтийд насан турш залардаг өнгөрсөн хэвшилд дассан хүн ажлаасаа сонгуулиар “хусуулмагц” ичих, хонзогнох хоёрыг зэрэгцүүлэн шаналдаг бололтой. Ардчиллын жамаар бол “хусах”, “хусуулах” чинь ердийн үзэгдэл юм биш үү?

     Ялагчийн болон ялагдагчийн соёлыг эзэмшихгүй бол эрхэм төрийн түшээд ард түмнээсээ хоцорч, ард түмэндээ гологдож эхэлнэ. Манай ард түмэн сонголт хийх ухаанд сонгуулиас сонгуульд суралцах нь дамжиггүй.

     Олонх цөөнхийн мөргөлдөөний хөлд шударга ёс уланд гишгэгдэж, монголчууд ёс суртхуунаа гээлээ. Яана даа таминь. Үүнд улс төрийн сөрөг хүчнүүд буруутай болохоос ард түмэн буруугүй ээ. Сонгууль ойртлоо. Монголын сонгогч бүр хэн нэгнийгээ УИХ-д зална. Төр, засгийн эрх булаацалдагчид минь, бие биенээ бүдүүлгээр муулж, шившгээ бүү хутгаарай. Ерөөс монгол хүнд ялагдагчийн соёл төрөлхийн байхгүй гэдэгт би хувьдаа үл итгэнэм.

Сонгууль

Санал тоолох үйл ажиллагааны мониторинг