2012 оны УИХ-ын сонгуулийн Сонгогчдын нэрийн жагсаалтын мониторингийн урьдчилсан дүн

Сонгогчдын нэрийн жагсаалтын мониторингийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гарахдаа хамгийн их шилжилт хөдөлгөөнтэй байгаа тойрог, хэсгийн хороог сонгох байсан ч Нийслэлийн Бүртгэлийн Газраас ирүүлсэн тоон мэдээллээс энэхүү сонголтыг хийх боломжгүй байсан тул хамгийн их хүн амтай, шилжин суурьшигчид ихтэй, том дүүрэг гэдгээр нь Сонгинохайрхан дүүрэг буюу УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн 20 хэсгийн хороонд сонгогчдын нэрийн жагсаалтын мониторингийг хэрэгжүүллээ. УИХ-ын 26 дугаар тойрог нь 2012 оны 5 дугаар сарын байдлаар СЕХ-ны дүнгээр 179518 сонгогчтой байсан.

Бид хэсгийн хороог сонгохдоо хамгийн олон сонгогчтой, хамгийн цөөхөн сонгогчтой, дундаж тооны сонгогчтой гэсэн бүлгүүдээс тэнцвэртэй түүвэрлэсэн болно. Бидний шалгаж, нягталсан хэсгийн хороод нийт 45330 сонгогчтой. Мониторинг нь сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой хуулийн зүйл заалтыг хэсгийн хороо хэрхэн хэрэгжүүлж байгаа, сонгогчдын бүртгэлийг нягтлах шалгах, Цагдан хорих 461-р анги, Албадан саатуулах, баривчлах төв буюу дэнжийн 1000-ын 111-ийн зөөврийн хайрцгаар санал өгөх сонгогчдын жагсаалтыг хянах хэсгүүдээс бүрдэж явагдлаа.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.11 дэх заалт “Хэсгийн хороо энэ хуулийн 20.9-д заасан сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ хуулийн 20.10-т заасан сонгуулийн насны иргэдийн мэдээлэлтэй тулган хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө өөрийн байранд ил тавьж, сонгогчдод чөлөөтэй танилцах бололцоо олгоно” гэсний дагуу хэсгийн хороо 2012 оны 6-р сарын 08-ны өдөр гэхэд сонгогчдын нэрийн жагсаалтыг ил тавьсан байх хуулийн заалтыг мониторинг хийж байгаа 20 хэсгийн хорооноос 8 нь л биелүүлж ажиллалаа. 

Сонгогчдын бүртгэлийг Олон улсад хэрэгжүүлдэг “жагсаалтыг хүнтэй тулгах” /List to People/, “хүнээ жагсаалттай тулгах” /People to list/ гэсэн 2 аргаар нягталсан бөгөөд 2 дахь аргаар хэсгийн хороонд ил тавьсан нэрийн жагсаалттай сонгогчийг тулгахад 7 хүний регистр буруу, 3 хүний нэр буруу, 12 хүн нас барсан, 1 хүн хорих ял авсан, 56 хүний нэр жагсаалтад байхгүй байлаа. Улмаар хаяг дээр нь 38 хүн илүү бүртгэгдсэн гэсэн гомдол гарсан. Эхний аргаар мониторингийн багаас  876 сонгогчийг нэрийн жагсаалтаас түүвэрлэн хаягийн тулгалт хийхэд 25 сонгогч бүртгэгдээгүй, 1 сонгогч нас барсан, 1 сонгогч хорих ял авсан, 88 сонгогч байдаггүй, 29 сонгогч нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй гэсэн бүртгэл гарсан. Явцын дунд 53 сонгогчийн бүртгэлийг шалгаж өгөхийг хүсч Нийслэлийн Бүртгэлийн Газрын Хяналтын хэлтэс, СЕХ-нд давхар албан тоот явуулсан. Энэ албан тоотын хариуг бид сонгуулийн дараа хүлээж авахад эдгээр сонгогчид шилжилт хөдөлгөөнөө цаг тухайд нь хийлгээгүй байна. Мөн сонгогчдын жагсаалтад давхар бүртгэгдээгүй байна гэсэн хариу ирүүлсэн.

Хаягийн тулгалттай холбоотой жишээ дурьдахад: 31-р хэсгийн хорооны нэг хаяг дээр 24 сонгогч бүртгэлтэй байсан. Хаягийн тулгалт хийхэд 19 сонгогч энэ хаяг дээр байдаг, 5 сонгогч огт байгаагүй, 1 сонгогчийн овог зөрсөн. Хаяг нь СХД-ийн 11-р хороо, АОС 3-132 тоот. Мөн 21-р хэсгийн хороонд хамаарах СХД-ийн 7-р хороо 21-р гудамжны 9 тоотод нийтдээ 25 хүн бүртгэгдсэн байсныг тулгахад нийтдээ 7 өрхийн 24 хүн бүртгэлтэй ба 1 хүн байдаггүй юм байна. 25-р хэсгийн хорооны сонгогчдын нэрийн жагсаалтаас нэг хаяг дээр 40 сонгогч бүртгэлтэй байсан тул уг хаягийн дагуу тулгалт хийхэд нэг байр нь 4 талаасаа ордог 5 нийтийн байр байсан ба нийт 14 өрхийн 30 сонгогч нь байдаг, 10 хүн байдаггүй, мөн жагсаалтад бүртгэлгүй 6 сонгогч байлаа. Гэхдээ энэ хүмүүсийн хаяг нь нэг биш а, б гээд өөр өөр байсан. 18-р хэсгийн хорооны 4 сонгогчтой СХД-ийн 6-р хороо, 1-5 тоотыг тулгахад энэ 4 сонгогч байдаггүй, нэг настай эмээ байсан бөгөөд эмээ сонгогчдын жагсаалтад бүртгэлгүй байсан.

Мөн бидэнд БЗД-ийн 20-р хорооны иргэнээс нэг хаяг дээр 169 сонгогч бүртгэгдсэн талаар мэдээлэл ирүүлсэн бөгөөд Бүртгэлийн байгууллага болохоор тухайлсан хаяг байхгүй болохоор нэг хаягт бүртгэсэн гэж мэдээлсэн ч бодит байдал дээрээ айлууд нь тус тусдаа хаягтай байсан. Мөн эхнэр нөхөр 2 өөр хэсгийн хороодод бүртгэгдсэн тохиолдлууд гарсан.

Сонгуулийн хэсгийн хороодод иргэний бүртгэлийн байгууллагаас сонгогчдын нэрийн жагсаалтыг эцэслэн 6 дугаар сарын 26-ны үүрээр хүлээлгэж өгч, хэсгийн хороо сейфэндээ цоожлон сонгуулийн өдөр гаргаж тавьсан. Иймд бид зөөврийн хайрцгаар санал өгөх сонгогчдын жагсаалтыг нягтлах боломжгүй болсон. Цагдан хорих болон албадан саатуулах баривчлах байранд саатуулагдсан хүмүүс тухайн  нутаг дэвсгэрийн хэсгийн хороонд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх бөгөөд энд сонгогчийн давхардал үүсч болзошгүй гэдэг утгаар нь хянах, тулгах зорилготой байсан.

Цагдан хорих 461-р анги нь Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрладаг бөгөөд санал авахаас 5-аас доошгүй хоногийн өмнө харъяалах 25 дугаар тойргийн 50 дугара хэсгийн хороондоо санал өгөх сонгогчдынхоо тоо 228 гэж гаргаж өгсөн байдаг. Гэхдээ энэ тоог нь Иргэний бүртгэлийнхэн шалгаж үзээд 120 хүн санал өгч болно, 108 хүнийг бичиг баримтгүй гэсэн шалтгаанаар хассан байна. Албадан саатуулах, баривчлах төв нь Чингэлтэй дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт байрладаг бөгөөд санал авах өдрөөс 5-аас доошгүй хоногийн өмнө 85 сонгогч санал өгнө гэж жагсаалт гаргаж харъяалах 24 дүгээр тойргийн 25 дугаар хэсгийн хороондоо хүргүүлэхэд Иргэний бүртгэлээс шалгаад 71 хүн сонгуульд санал өгөх боломжтой гэж үзсэн байна.

25 дугаар тойргийн 50 дугаар хэсгийн хороонд 11 сонгогч Цагдан хорих төвөөс гарсан буюу шилжсэн байсан тул  зөөврийн битүүмжилсэн хайрцгаар Цагдан хорих төвөөс 109, энгийн 14 нийт 123 сонгогч санал өгөхөөр болсон байна. Хэсгийн хорооноос 2 зөөврийн битүүмжилсэн хайрцаг гарсан бөгөөд Цагдан хорих төвд намуудын 3, гадаадын 6, дотоодын байгууллагын 1 ажиглагч ажиллалаа.

Цагдан хорих 461 дүгээр ангид сэжигтэн, ялладагч, шүүгдэгч болон анхан шатны шүүхээр таслагдаад ял сонссон бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад хүлээж байгаа хүмүүс ч байлаа. Үүнийг хэсгийн хорооны хүмүүсээс тодруулахад жагсаалтад нэр нь байгаа, энэ ангиасаа ачигдаагүй  юм чинь болно гэсэн тайлбар өгсөн. Харин Цаган хорих төвийнхөн болохоор шүүхээс хэдийгээр ял авсан ч давж заалдсан учраас шүүхийн шийтгэх тогтоол түдгэлзсэн байгаа юм чинь болно гэсэн тайлбар өгсөн. 

Сонгогчийн иргэний үнэмлэхийг нэрийн жагсаалтад байгаа мэдээлэлтэй тулгаад гарын үсэг зуруулж саналын хуудас олгосон. Цагдан хорих төвд нийт 150 саналын хуудас өгч явуулснаас 108 хүн санал өгч, 1 хүн шилжсэн байлаа. Нэг саналын хуудас хүчингүй болж, 41 саналын хуудас зарцуулагдаагүй буцаж ирсэн.

24 дүгээр тойргийн 25 дугаар хэсгийн хороонд нэг зөөврийн битүүмжилсэн хайрцаг ажилласан бөгөөд Албадан саатуулах баривчлах төвөөс 71 сонгогч санал өгөх боломжтой гэж нэрийн жагсаалтад бүртгэгдсэнээс 69 сонгогч санал өгсөн ба 2 нь суллагдсан байлаа.

Ерөнхийд нь сонгогчдийн бүртгэлтэй холбоотой асуудлыг харахад Иргэний бүртгэлийн байгууллага УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 21.1. Сонгогч өөрийн болон өөрийн гэр бүлийн аль нэг гишүүний нэр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй буюу буруу бүртгэгдсэн байвал энэ тухай сонгогч өөрийн болон өөрийн гэр бүлийн гишүүний нэрийн өмнөөс гомдлоо улсын бүртгэлийн холбогдох байгууллагад санал авах өдрөөс арваас доошгүй хоногийн өмнө бичгээр гаргана. 21.2. Улсын бүртгэлийн холбогдох байгууллага нь энэ хуулийн 21.1-д заасны дагуу гомдол хүлээн авсан бол тухайн гомдол гаргасан иргэний мэдээллийг иргэний бүртгэл, мэдээллийн улсын сангаас хайлт хийн тодорхойлж, лавлагаа гаргах ба тухайн лавлагааг үндэслэн сонгогчийн мэдээллийг хэсгийн хорооны дэргэд ажиллах иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан гурав хоногийн дотор сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулна. 21.3. Энэ хуулийн 21.2-т зааснаас бусад үндэслэлээр сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн гэж харагдаж байна.

Сонгууль

Санал тоолох үйл ажиллагааны мониторинг