Санал тоолох автомат машины эх кодыг дахин нарийвчлан хянах шаардлагатай

2012  оны УИХ-ын сонгуулиар анх удаа автомат төхөөрөмж ашиглан санал тоолох гэж буйтай холбоотой “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт”  сүлжээний гишүүн Мидас ТББ сонгуулийн автоматжуулсан системийн мониторинг хариуцан ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд санал хураах өдөр үүсч болзошгүй техникийн болон бусад эрсдлээс сэргийлэх зорилгоор дараахь 10  тодорхой асуудалд хяналтаа чиглүүлэхээр төлөвлөсөн. Үүнд:

  1. Санал тоолох машиныг гэрчилгээжүүлж, баталгаажуулах ажлын хэсгийн удирдамж, ажлын төлөвлөгөө, тестийн төлөвлөгөөтэй танилцах,
  2. Тус ажлын хэсэг санал тоолох машиныг туршиж баталгаажуулж гэрчилгээжүүлэх явцад хяналт тавих,
  3. Санал тоолох машинуудаас түүвэрчлэн өөрсдийн боловсруулсан орчин, техник, програм хангамж, үйл ажиллагаа, мэдээлэл дамжуулалтын туршилт хийх,
  4. Програмын эх код, ашиглах компилятортай нээлттэй танилцах,
  5. Мэдээллийн технологийн даамал бэлтгэх хөтөлбөртэй танилцах,
  6. Бэлтгэгдсэн даамлуудаас түүвэрчлэн шалгах,
  7. Санал тоолох машины засвар, үйлчилгээ явуулах зааварчилгаатай танилцах, үнэлэх
  8. Сонгуулийн үед гар ажиллагаанд шилжих журамтай танилцах, үнэлэх
  9. Санал тоолох машины нөөцийг хуваарилах төлөвлөгөөтэй танилцах, үнэлэх
  10. Хурууны  хээ унших машин, програм хангамжийг турших.

Дээрх ажлыг гүйцэтгэх боломжоор ханган хамтран ажиллах хүсэлтээ бид 5 дугаар сарын 25-нд СЕХ-нд хандан гаргасан ба СЕХ-ны зүгээс одоогийн байдлаар дээрх жагсаалтын 3 дугаарт дурдсанчлан санал тоолох машинуудаас түүвэрлэн авч өөрсдийн боловсруулсан орчин, техник, програм хангамж, үйл ажиллагаа, мэдээлэл дамжуулалтын туршилт хийлгэх боломжгүй гэж мэдэгдээд байна.  

Харин автомат төхөөрөмжийн програм хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган турших, баталгаажуулах ажилд байлцан хөндлөнгөөс хянах боломжтой гэсэн дагуу МИДАС ТББ-ын мэргэжилтэн 2012 оны 6 дугаар сарын 6-нд 10-18 цагийн хооронд санал тоолох автомат төхөөрөмжийн эх кодыг танилцуулахад байлцлаа. Энэ үйл ажиллагаанд манай төлөөлөгчөөс гадна сонгуульд өрсөлдөж буй нам эвслийн төлөөлөл мөн оролцсон. Програмыг үйлдвэрлэсэн Dominion Voting Systems /ДВС/ компаний инженерүүд эх кодыг ерөнхийд нь танилцуулсны дараа хамгийн чухалд тооцогдох дараах хэсгүүдийн эх кодыг тусгайлан үзүүлсэн. Үүнд:

  • Саналын хуудсыг скайнердах хэсэг
  • Скайнердсан саналын хуудсыг шалгаж тухайн саналын хуудсанд сонгогчийн

тэмдэглэсэн саналыг хүчинтэйд тооцон нэр дэвшигчийн авсан санал дээр нэмэх эсвэл хүчингүйд тооцох хэсэг

  • Нууцлал буюу түлхүүр үгийг шалгах хэсэг
  • Баазтай харилцах хэсэг

Манай мэргэжилтний гаргасан дүгнэлтээр ийнхүү ерөнхийд нь танилцуулахад сонгуулийн булхай хийхэд ашиглаж болзошгүй хорт код харагдаагүй. Гэвч энэ баталгааг найдвартай хангахын тулд эх кодыг нарийвчлан шалгах шаардлагатай ба энэ ажлыг СЕХ 6 дугаар сарын 11 гэхэд дуусгаж албан ёсоор кодыг СD-д хуулж хадгалах юм. Энэ үйл явцад иргэний нийгмийн болоод нам, эвслийн ажиглагчид, мэргэжлийн хүмүүсийг байлцуулах ёстой гэсэн шаардлагыг бидний зүгээс тавина.

Түүнчлэн ажиглагчдын хувьд нэг бэрхшээл тулгарч буй нь хяналтын явцад дуу, дүрс бичлэг хийх, зураг авахыг хориглох, тэмдэглэл хөтлөхгүй байхыг шаардаж буй явдал юм.

Энэ дашрамд дурдахад сонгуулиа амжилттай автоматжуулсан Австрали, Филлипин зэрэг улсын туршлагаас харахад эх кодыг сонгууль болохоос аль болох эрт нийтэд ил тод танилцуулж, бие даасан, хөндлөнгийн мэргэжилтнүүд хянах боломжоор хангадаг ба манайх ч бас УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасан дагуу сонгуулийн үйл явцын ил тод байдлыг зүй ёсоор хангахад энэ зарчмыг дагах ёстой гэж үзэж байна.

Сонгууль

Санал тоолох үйл ажиллагааны мониторинг