Сонгуулийн үйл явцын ил тод байдлыг хангахтай холбоотой хуулийн чухал заалтыг зөрчиж байна

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон Сонгуулийн Ерөнхий хорооноос гаргасан сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх цаг хугацааны хуваарийн дагуу хэсгийн хороод сонгогчдын нэрийн жагсаалтыг 2008 оны 6-р сарын 9-ний өглөө гэхэд нэгтгэж, 2008 оны 6-р сарын 14-нд нийтэд чөлөөтэй танилцах бололцоо олгож өөрийн байранд ил тавих үүрэгтэй. Сонгуулийн 22-р тойргийн хэмжээнд нийт 42 хэсгийн хороо байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж буй. Гэтэл 2008 оны 6-р сарын 14, 15-ны өдрүүдэд 22-р тойргийн 34 хэсгийн хороодоор явж мониторинг хийхэд сонгогчдын нэрийн жагсаалт нэгтгэгдэж дуусаагүй, ил тавигдаагүй байна. 

Мониторингд хамрагдсан хэсгийн хороодоос нэрийн жагсаалтыг хуулинд заасан хугацаанд ил тавьж нийтэд танилцах боломж олгоогүй шалтгааныг тодруулахад Сонгуулийн Ерөнхий Хорооноос сонгогчдын нэрийн жагсаалтын маягтыг оройтуулж өгсөн тул нэрийн жагсаалт гарч амжаагүй байгаа гэсэн тайлбар өгч байна.

22-р тойрогт нийт 150 мянга орчим сонгогчтой бөгөөд үүнээс 79231 иргэн хэд хэдэн хаяг дээр давхар бүртгэгдсэн байгаа нь улсын хэмжээнд сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа нийт хаягийн зөрчлийн 18,3 хувийг эзэлж сонгогчдын нэрийн жагсаалт нь хамгийн их зөрчилтэй тойрог болж байна. Ийм байхад сонгогчдын нэрийн жагсаалтыг ил тавьж сонгогчид өөрсдөө хяналт тавин, алдаа мадаг байвал засаж залруулах бололцоо олгохгүй байгаа нь байж болшгүй зөрчил юм.

Сонгууль

Санал тоолох үйл ажиллагааны мониторинг