Эрхэм Төрийн түшээддээ хайр зарлая!

Эрхэм Төрийн түшээд, сайд нар аа ! Та нарыг, “Тэгнэ” гэхэд би, “Тэгэхгүй нь дээ” гэж, мушгиж ойлгодог өвчтэй болчихлоо. “15 гал сөнөөгч залууг бүрэлгэсэн, хариуцлагагүй нь дэндсэн гэхэд багадах ноёдод ял сонсгоно” гэж Та нар албан ёсоор сүржигнэсэн. Би, “Хэн ч хариуцлага хүлээхгүй нь дээ” гэж ойлгосон. Тэгээд хэний нь зөв болов? Та нарын амлалтыг эсэргээр хүлээж авсан миний зөв болох шив ! “Хортой архинд шатаж үхсэн 15 хүний гол буруутанг олж тогтооно” гэж та нар амалсан. Мушгидаг өвчтэй би л болсон хойно, “Гол буруутанг бус, туслах буруутангуудын хамгийн бяцхан хэдэн хөөрхийг яллаад ам хаах нь” гэж муу амалсан. Яг л ёсоороо болж байх шиг. Нам, Төр, Засгийнхаа айлдсаны эсрэг ойлгоод яваа намайг өршөө!

Гэхдээ би Та нарын тунхагласныг шууд утгаар нь, яг хүлээж авбал, “ард түмнээ мэхлэгчид”-ийн талд орчих гээд буйг минь, харж үзээрэй ! Эдүгээ Төр, Засгийн бодлогыг зөв ойлгоё гэсэн иргэн, “үхнэ” гэвэл, “сэхнэ”. “Сэхнэ” гэвэл, “үхнэ” гэж тас хөндлөн зөрвөл, амьдралд хөлөө олж байна. Буруу харсан, зөрүүд, сүхэн толгойгоор бид зах зээлийн, ардчилсан, хүмүүнлэг, иргэний нийгэм байгуулах ажээ.. Энэ юунаас болоод байна?

Чи намайг хайрлахгүй, би чамайг хайрлахгүй ! .. Энэ бол монгол хүний ясны араншин! Монголчууд ясны тийм араншинтай болохоор монгол Төр, Засаг, ард түмнээ яаж хайрлах юм бэ? Монгол Төр, Засагт чинь, бие биеэ хайрлахыг төрөлхөөс сураагүй монгол түшээд, монгол сайдууд ажиллаж буй биз дээ? Тэгэхээр үүнд гайхах учир шалтгаан алга. Иймээс УИХ-ын гишүүнээр хэнийг ч сонгосон ижил юм биш үү?

Гэхдээ үүнээс гарах гарц ганцхан. Юу вэ? гэвэл: монгол хүн бүхэн, бие биеэ хайрлаж занших! Хүн бүр, бие биеэ хайрлаж заншвал, хүн болгоны бодь гал хайр хоорондоо нэгдэж, бүх нийтийн бие биеэ хайралсан, үндэсний аугаа хайр аяндаа далай болон хуримтлагдаж, Төрийн сүлдэнд минь шингэх юм биш үү? “Төрийн сүлдэнд шингэнэ” гэдгийг би үе үеийн Төрийн бодлогыг, “үндэсний далай хайр” мөнхөд удирдана гэж төсөөлсөн юм. Молхи толхи ухаанд минь, ингэж буугаад байна.

Үүнийг бид биелүүлж чадах уу? Өөрөөр хэлбэл, бид бие биеэ хайрлаж чадах уу?.. Чадна ! .. “Чадна” гэж би бардам хэлнэ. Яагаад гэвэл, бид бие биеэ хайрлахад, \биднийг ямагт залилж байдаг\ гадны хөрөнгө оруулалт огт шаардлагагүй. Зүгээр л дор дороо сайхан сэтгэл зүрхнээсээ гаргаад, бие биеэ хайралчихвал, гүйцээ юм биш үү? “Сайхан сэтгэл зүрхнээсээ гаргах”-ыг зөвхөн та бид өөрсдөө л чадна. Та бидний зүрхнээс сайхан сэтгэл ундрахыг та бид л жолоодохоос өөр хэн ч жолоодохгүй. Нарийн техник технологи, энээ тэрээ огт хэрэггүй. Мөн манайд байдаггүй, өндөр мэргэжилтэй ажиллах хүчин, сургагч инженерүүд, /монголчууд бие биеэ хайрлахад/ ямар хэрэг байна? Гадна дотны хөрөнгө оруулалтын мөнгөнөөс гувшдаг, Төр, Засгийн том толгой луйварчид, /иргэд бид бие биеэ хайрлахад/ ёстой хоншоор нь дутаад, хоосон хуруугаа хөхөөд сууж байх болно ! “Чи зүгээр л намайг хайрла. Би чамайг хайрлая”. “Би чамайг хулхидахаа больё. Чи намайг хулхидахаа боль”. “Чи бид хоёр ингэж чадвал, 2 сая 500 мянган эх оронч хайр, бүх Монголын хэмжээгээр нэгдэж, аугаа их хүч, хөрөнгөд хувирч, Монгол улс аяндаа хөгжинө.

Ерөөсөө нэр дэвшигч нартаа, сонгогч түмэн минь, бүгдээрээ хайр зарлая ! Бүх сонгогч, нэгэн дуугаар, эрхэм гишүүдээ хайралбал, \бүр дор хаяхад хүндэлбэл\, тэд бас ард түмнээ хайрлах болно.

Бие биеэ хайрлах, гаднаас хамааралгүй, уг нь амархан юмны нэг ! Гудманд нус цэрээ нулимахад, гадны тусламж хэрэггүйтэй адил, амархан. Орцондоо бие засахгүй амьдрахад, хөнгөлттэй зээл шаардлагагүйтэй адил, амархан. Микро автобуснууд чиглэлээ томоор бичээд, мөнгө хураагчид нь орилохгүй үйлчилж болохтой адил, амархан. Гудамжинд дуулахгүй гуйлга гуйхтай адил, амархан. Хог новшоо хандсан газраа хаяхгүй аж төрж болохтой адил, амархан. Гарын дорх чадах юм аа чадаад, хүний дор орохгүй амьдрах сан. Ялангуяа гадаадынхны дор орохгүй өөдлөх сөн. Монголчууд цөөхөн тусмаа, нэг зорилготой, ядуу тусмаа, нэг зохион байгуулалттай, нэгдмэл, цул, дотуур тамиртай ард түмэн болох сон.

Бүгдээрээ, бие биеэ хайралдаг болчихвол, УИХ-д ард түмнээ хайралдаг 76 эрхэм гишүүд сонгогдох нь мэдээж !

Цэндийн Доржготов
/Төрийн шагналт зохиолч/
2008 он{joscommentenable}

Сонгууль