Сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн ил тод байдал

Сонгуульд өрсөлдөгч талууд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэн тэгш гараанаас шударгаар өрсөлдөх боломжтой байх нь  чөлөөт шударга сонгуулийн нэг гол зарчим болох  бөгөөд энэ зарчмыг хангахад сонгуулийн кампанит ажлын санхүүжилт ил тод байх нь маш чухал юм.  Сүлжээний гишүүн Бодлогод залуусын хяналт ТББ 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн мониторингийг хариуцан ажиллаж байна. Мониторинг нь сонгуулийн албан ёсны сурталчилгаа эхлэхээс дуусах, сонгуулийн зардлыг тайлагнах, ил тод болгох хүртэл нийт 6 сарын хугацаанд үргэлжлэх юм.  Мониторингийн хүрээнд юуны өмнө сонгуулийн санхүүжилтийн ил тод байдлыг хангахтай холбоотой хуулийн заалтуудын хэрэгжилтэд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна. 

Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 8 дугаар бүлэгт сонгуулийн зардалтай холбоотой харилцааг зохицуулсан. Энэ хүрээнд сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэн 6-р сарын 2-ны өдөр дараах мэдээллүүд ил тод болж, холбогдох байгууллагуудын цахим хуудаст байршсан нь өмнөх сонгуулиудтай харьцуулахад сонгогчдыг мэдээлэлтэй сонголт хийх нөхцөлийг хангахад гарсан томоохон дэвшил боллоо.

Үүнд, Үндэсний аудитын газар (ҮАГ) нийт 27 улс төрийн намын 2019 оны 1-р сарын 1-ээс 2020 оны 3-р сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд хүлээн авсан хандивын тайланд дүгнэлт хийж мэдээллийг цахим хуудсандаа нийтэлсэн байна. ҮАГ-ын дүгнэлтээс үзвэл нийт 8 нам хандив хүлээн авч, 19 нам хандив хүлээн аваагүй буюу тайлагнаагүй байна. Үүнд  Монгол ардын нам 2 тэрбум 35 сая гаруй төгрөг, Ардчилсан нам 164 сая төгрөг, Монгол ардын хувьсгалт нам 84,5 сая гаруй төгрөг, Шударга иргэдийн нэгдсэн нам 18,3 сая гаруй төгрөг, Зүй ёс нам 4,6 сая төгрөг, бусад нам 1 сая төгрөгөөс доош хандив хүлээн авсныг ҮАГ тус тус баталгаажуулжээ. Гэвч олон нийтэд ил болгоод буй дээрх тайлан мэдээлэлд зардлын дансанд хуримтлагдсан хөрөнгийн эх үүсвэрийг дурдаагүй байгааг онцлох нь зүйтэй. Тодруулбал, хандивын тайлан хүлээн авах маягт нь хэт ерөнхий, зарим мэдээллийг унших боломжгүй болгожээ. Энэ нь нам, эвсэл сонгуулийн зардлаа ямар эх үүсвэрээс бүрдүүлж байгаа нь ил тод бус, “иргэдийн мэдэх эрх”-ийг бүрэн дүүрэн хангаж чадахгүй байна.

Авлигатай тэмцэх газар хуульд заасан хугацаанд буюу 6-р сарын 2-нд “Нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлэг”-ийг цахим хуудаст байршуулж, олон нийтэд нээлттэй танилцуулаад байгаа билээ. Иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс уг нээлттэй мэдээллийг  www.opendatalab.mn цахим мэдээллийн санд байршуулж хуулийн этгээдийн бүртгэл, төсвийн тендер, уул уурхайн лиценз, улс төрчдийн өмнө нь гаргаж буй ХОМ-тэй харьцуулах боломж бий болгосноо сонгогчдод мэдээлэхэд таатай байна. 

Цаашид Бодлогод залуусын хяналт ТББ-ын байгууллага нь сонгуульд оролцож буй нийт 13 нам, 4 эвсэл, 606 нэр дэвшигч тус бүрийн сонгуулийн зардлын явцын болон эцсийн тайланг хуульд заасны дагуу ил тод тайлагнаж буй эсэх, холбогдох төрийн байгууллагууд хяналт тавьж, ил тод мэдээлж буй эсэхэд хяналт тавьж ажиллах юм. Үүнд зардлын явцын тайланг сонгуулийн сурталчилгаа дуусахаас 3 хоногийн өмнө нам, эвсэл, нэр дэвшигч тус бүр өөрсдийн цахим хуудаст байршуулж, ҮАГ-т хүргүүлснийг тэр дор нь байршуулах юм. Харин эцсийн тайланг санал авах өдрөөс хойш нам, эвсэл 60 хоногт, нэр дэвшигч 45 хоногт багтаан ҮАГ-т хүргүүлэх үүрэгтэй юм. Эдгээр тайланд хийсэн дүгнэлтээ ҮАГ-аас 9-р сарын 22-ны дотор нэр дэвшигчдийнхийг, 10-р сарын 7-ны дотор нам, эвслийнхийг цахим хуудсандаа байршуулах үүрэгтэй юм.

Ц. Мандхайхатан

Сонгууль

Санал тоолох үйл ажиллагааны мониторинг