Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуулийн сурталчилгаа тэнцвэртэй бус байна

Хэвлэл мэдээлэл сонгуулийн үеэр үзэл бодлын индэр, мэтгэлцээний талбар болж, нэр дэвшигч, улс төрийн намуудын байр суурийг олон нийтэд ойлгуулж, зөв сонголт хийхэд тусалдаг. Нэр дэвшигчид өөрсдийн мөрийн хөтөлбөр, дэвшүүлж байгаа асуудлаа хэвлэл мэдээллээр олон нийтэд хүргэх боломж нөхцөл адил, тэнцүү байх нь нэн чухал бөгөөд хэвлэл мэдээлэл нь сонгуулийн үеэр тэнцвэртэй мэдээлэх, шударга ажиллах зарчмыг баримталдаг нь олон улсад жишиг болон тогтжээ.

Хэвлэл мэдээлэл нь сонгогчдын эрх ашгийг өөрсдийн эзэд болон сонгуулийн кампанит ажил явуулж буй этгээдийн эрх ашгаас дээгүүр тавих ёстой. Иймээс “Глоб Интернэшнл” ТББ-аас сонгуулийн сурталчилгааны хамгийн идэвхтэй үе болох сүүлийн хоёр долоо хоногийн турш үндэсний хэмжээнд өргөн нэвтрүүлэг эрхэлдэг МҮОНТ, UBS, ТВ-5, ТВ-9, 25 суваг телевизэд мониторинг хийж эхэллээ.

Мониторинг нь хамгийн нөлөөтэй ХМХ болох телевиз сонгуульд нэр дэвшигчдийн тухай мэдээллийг олон нийтэд аль хэр шударга, тэнцвэртэй, мэргэжлийн түвшинд мэдээлж буйг судлах зорилттой. Мониторингийн явцад тухайн телевизийн өргөн нэвтрүүлгийн нийт цагийг хамруулан тэнцвэрт байдал, сурталчилгааны өнгө аясыг судлахын зэрэгцээ, мэдээний хөтөлбөрийн тэнцвэрт байдал, мэргэжлийн түвшин, сонгогчдын боловсролд зориулсан цагийн хэмжээ, хэвлэл мэдээллийн нөлөөний тухай мэдээллийг үнэлж дүгнэнэ.

Мониторингийг сонгуулийн сурталчилгааны хамгийн идэвхтэй үе болох сүүлийн хоёр долоо хоногийн турш 2005 оны Ерөнхийлөгчийн, 2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр ашигласан, Словакийн МЕМО байгууллагын мэдээлэл цуглуулах, боловсруулах арга зүйн дагуу хийж, мэдээллийг дээрх байгууллагын өгсөн тусгай программаар боловсруулж, 11 хүний бүрэлдэхүүнтэй мониторингийн баг ажиллаж байна.

Монгол улсын Сонгуулийн ерөнхий хорооноос “Монгол улсын Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуульд нэр дэвшигчдийн улс даяар үйл ажиллагаа явуулж байгаа Радио, Телевизээр явуулах төлбөртэй болон төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь”-ийг баталсан бөгөөд Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн 28 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт энэ хуваарьт “...зааснаас өөр төлбөртэй ба төлбөргүй нэвтрүүлэг явуулж үл болно” гэж заасан.

Сонгуулийн мониторинг хийсэн 2 хоногийн хугацаанд (МҮОНТВ, UBS, 25-р суваг, TV5, TV9) телевизийн нийт 10499 минут /174 цаг 59 минутын/ эфирт мониторинг хийхэд 541 минут /9 цаг 1 минут 10 секунд/-ын сонгуулийн мэдээлэл явсан байна. Нэр дэвшигч Н.Энхбаярт 3 цаг 33 минут, Ц.Элбэгдоржид 5 цаг 28 минутийг зориулсан байна.

Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуулийн мониторингийн нэг онцлог нь сонгуулийн үеэр бэлтгэж буй мэдээний хөтөлбөрийн тэнцвэрт байдал, мэргэжлийн түвшинг тусгайлан судалж байна. Мэдээний хөтөлбөрийн сонгуультай холбоотой мэдээллийн 81% -ийг Ц.Элбэгдоржийн талаар сөрөг мэдээлэл, эерэг мэдээллийн 71%-ийг Н.Энхбаярын талаарх мэдээлэл эзэлж байна. Мэдээний хөтөлбөрт Н.Энхбаярын талаар эерэг мэдээлэл 1 цаг 40 минут, Ц.Элбэгдоржийн талаар 39 минут байсан бол Н.Энхбаярын талаар 9 минут, Ц.Элбэгдоржийн талаар 38 минутийн сөрөг мэдээлэл явсан байна. Мэдээний хөтөлбөрт Н.Энхбаярын талаар эерэг мэдээлэл 1 цаг 40 минут, Ц.Элбэгдоржийн талаар 39 минут байсан бол Н.Энхбаярын талаар 9 минут, Ц.Элбэгдоржийн талаар 38 минутийн сөрөг мэдээлэл явсан байна.

“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага
Утас: 32 47 64, 32 46 27 Факс: 315326
И-мэйл: globenews@globeinter.org.mn Web: www.globeinter.org.mn

Жич: Presentation file-ийг эндээс татаж авна уу.

Сонгууль

Санал тоолох үйл ажиллагааны мониторинг