2012 оны УИХ-ын сонгуулийн автоматжуулсан системийн мониторингийн урьдчилсан дүн

Сонгуулийн үеэр болон санал тоолох, нэгтгэх явцад олон хардлага дагуулсан сонгуулийн автоматжуулсан систем хэрхэн ажилласан талаар сонгогчид, улс төрчид, улс төрийн намууд өөр өөрийн үзэл бодлыг илэрхийлсээр байна. СЕХ ч өөрийн байр суурийг систем ялангуяа санал тоолох машин “сайн” ажилласан гэсэн үнэлгээ өгөөд байгаа билээ. Сонгуулийн автоматжуулсан системийг бүртгэлийн хэсэг – хурууны хээ таних машин, бүртгэлийн хуудас хэвлэх принтер, мэдээллийн бааз бүхий толгой компьютер, түүнтэй холбогдсон бусад компьютер, санал тоолох машин, сүлжээ гэсэн 3 үндсэн хэсэгт хуваан авч үзэж болно.

Доорх дүгнэлтийг “Шударга сонгуулийн төлөө ТББ-ын эвслийн” 200 залуу ажиглагчид Улаанбаатар хотын 112 хэсгийн хороон дээр хийсэн ажиглалт болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулсан мэдээллүүдийг үндэслэн хийлээ.

Бүртгэлийн хэсэгт сонгогчийн хурууны хээг танихгүй байх, хэвлэх машин гацах, компьютер гацах, мэдээллийн баазад бүртгэлгүй хүмүүс олон байх зэрэг тохиолдлууд 10 гаруй хэсгийн хороонд гарсан байна.  Компьютер гацсан нөхцөлд ихэнх тохиолдолд унтрааж дахин асаах хэлбэрээр өөрсдөө засах оролдлого хийж байсан. Хурууны хээний машин бохирдсноос уншихгүй байх тохиолдол  22-р тойргийн 12-р хэсгийн хороонд гарсан.  Юутай ч бүртгэлийн системийг автоматжуулсны ачаар 25-р тойргийн 24 хэсгийн хороон дээр дахин санал өгөх оролдлого 2 удаа гарсныг болон 9-р хэсгийн хороон дээр хүүхдийнхээ иргэний үнэмлэхээр санал өгөх гэж байсан тохиолдлыг илрүүлжээ.

Хэдийгээр шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн ч иргэд шилжилт хөдөлгөөний бүртгэлээ бүрэн хийгээгүйн улмаас мэдээллийн баазад өөрчлөлт хийгдээгүй тохиолдол нэлээд гарсан. 24-р тойргийн 46-р хэсгийн хороонд шинээр ашиглалтанд орсон  байрны оршин суугчид бүртгэгдээгүй байсан тул мэдээллийн баазад байгаагүй.

Бүртгэлийн систем нь зөвхөн кабел утсаар хоорондоо сүлжээ үүсгэсэн гадагшаа сүлжээнд холбогдоогүй тул толгой компьютер дээр тухайн хэсгийн хорооны сонгогчдын мэдээллийн баазыг суурилуулсан байсан.  Сонгогчдын нэрсийн жагсаалт, мэдээллийн баазын давхардлыг санамсаргүй тохиолдлоор шалгах хүсэлт УБЕГ-т тавьсан боловч хугацаа давчуу байсан гэсэн шалтгаанаар хүлээж аваагүй.

Дээрх ажиглалтуудаас дүгнэхэд хурууны хээ танигч болон сүлжээнд ажиллаж байгаа компьютер, принтерүүдийн тест бүрэн хийгдээгүй, ажиллаж байгаа хүмүүсийн бэлтгэл сайн хангагдаагүй байсан гэж үзэж байна.

Санал тоолох машин гацсан тохиолдол цөөн гарсан. 24-р тойргийн 25-р хэсгийн хороо, 22-р тойргийн 71-р хэсгийн хороонд түлхүүр, кодоо танихгүй байсан тул сонгууль оройтож эхэлсэн. Хэд хэдэн хэсгийн хорооны санал тоолох машин саналын хуудсыг эргүүлэн тойруулан өөр өөр аргаар уншуулах оролдлого хийсний дараа уншиж байсан байна. Энэ тохиолдол 24-р тойргийн 42-р хэсгийн хороонд олон удаа тохиолдсон.  Засварын  дуудлагаар ирж засвар үйлчилгээ хийж байсан.

Зарим нэг хэсгийн хороон дээр гаднаас хүн ирж толгой цэвэрлэх үйлдэл хийсэн. Уг машинаар 500 хуудас уншуулаад толгойг нь цэвэрлэх шаардлагатай тухайд СЕХ-ны ажилтан сонгуулийн өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн. Энэ тухай мэдээллийг эрт олон нийтэд өгч ямар хуудсаар хэрхэн толгой цэвэрлэдэг болох, тэр нь санал тооллогын дүнд ямар ч нөлөөгүй гэдгийг машины гэрчилгээжүүлэлтийн үед шалгах шаардлагатай байсан гэж үзэж байна.

Санал тоолох машины гацалт нь ихэнх тохиолдолд сонгогчид зааврын дагуу саналын хуудсаа уншуулаагүйгээс болж гарсан. Тухайлбал, хажуугийн жижиг дэлгэц дээрх мэдээллийг уншихгүй дараагийн саналын хуудас уншихад төхөөрөмж бэлэн болоогүй байхад хуудас хийх, хуудсаа нугалж хийх, хаашаа хийхээ мэдэхгүй байх тохиолдлууд гарсан. Санал тооллогын машин санал хураалт эхлэх болон дуусах үед гацсан тохиолдол нэлээд байна. Ялангуяа модем залгах үед олон машин гацсан тухай технологийн даамлууд дурдаж байсан. Энэ нь санал хураалт явуулж байгаа байрны орчны хуурайшилт, шал, даамлын хувцас синтетик орцтой эсэхээс шалтгаалж статик цэнэгжилт үүсч тэр нь машиныг гацах, унтарч асах нөхцлийг бүрдүүлсэн байна. Үүнээс хамгаалахын тулд машиныг ямар нэг байдлаар газардуулгатай холбож, даамлуудад статик цэнэгжилтээс хамгаалах бугуйвч тавьж өгөх хэрэгтэй байсан байна гэж дүгнэж байна.

Тиймээс санал тоолох машин дээр зарим нэг хэсгийн хороод өөрсдөө анхааруулах хуудас бичиж хадах, саналын хуудсаа уншуулах хэсэгт сум наах зэргээр зохион байгуулсан харагдаж байлаа. Ийм зааварчилгаа байхгүйгээс мэдээллийн технологийн даамал саналын машинд зарим саналын хуудсыг өөрөө уншуулах, хэт ойр ирж зааварчлах явдал гарч байсан нь саналын нууцлалыг алдагдуулах нөхцөл үүсгэж байлаа.

Цаашид сонгогчдод ойлгомжтой хэлбэрээр сум, анхааруулга наах асуудлыг шийдэх хэрэгтэй байна. 

Нийт 2446 санал тоолох машин ажилласнаас 10-аад машин гацаж гар ажиллагаанд шилжсэн нь харьцангуй  боломжийн ажилласан гэж дүгнэхээр байлаа.  Тойргийн хэсгийн хороодод тараасан машины гэрчилгээ болон сериал дугаар зөрөх, CF карт, модемны оролт болон бусад лацадсан хэсгүүдийн лацны бүрэн бүтэн байдал алдагдсан зэрэг зөрчлийн талаар ямар нэг мэдээлэл маргаантай асуудал гараагүй тул гэрчилгээжүүлэлт, тестийн ажиллагааны зохион байгуулалт дээр алдаа гараагүй хэвийн явагдсан болохыг илтгэж байна.

Тойрог бүрээс санамсаргүй тохиолдлоор сонгож хийсэн 2 хэсгийн хороо буюу нийт 52 хэсгийн хорооны хяналтын тооллогын дүн 2 хэсгийн хорооноос бусдад яг тохирч, нэг хэсгийн хороонд 1, нөгөөд нь 3-аар зөрсөн нь санал тоолох машинд итгэж болохыг илтгэсэн дүн гарчээ гэж үзэж байна.

Санал тоолох машины үр дүнгийн тайланд  хамгийн эхэнд уншуулсан болон хамгийн сүүлд уншуулсан саналын хуудасны цаг хугацааг гаргах, явуулын хайрцагаар авсан саналын хуудсыг уншуулж эхэлсэн ба дууссан цаг хугацааг гаргах зэрэг мэдээлэл дутмаг зөвхөн үр дүнг хэвлэсэн цаг хугацааг гаргаж байгаа нь сонгуулийг 20 цагаас хойш явуулсан гэсэн эргэлзээ төрүүлж байна.

Саналын хуудасны зурган файлыг СД дээр бичиж өгөх үйл явц хэсгийн хороо тус бүр дээр харилцан адилгүй явагдсан ба энэ тал дээр мэдээллийн технологийн даамлуудад зааварчилгаа дутмаг өгөгдсөн нь ажиглагдсан. Мөн саналын хуудасны зураг саналын нууцлалыг санамсаргүй тохиолдлоор байрлаж байгаа гэдгийг олон нийтэд тайлбарлаж өгөөгүйгээс улс төрчид ч буруу ойлгож алдаатай мэдээлэл цацаж байлаа.

Эцэст дүгнэхэд сонгуулийн автоматжуулсан систем эхний шалгалтаа амжилттай “Б” үнэлгээ өгч хүмүүсийн нөлөөллийг багасгаж сонгуулийг шударга явуулахад зохих үр дүнгээ өглөө. Мэдээллийн баазыг улам төгөлдөржүүлэх, хурууны хээний төхөөрөмж, компьютерийн найдвартай ажиллагааг сайжруулах, санал тоолох машиныг сонгогчдод ашиглахад илүү ойлгомжтой болгох, эх кодыг нээлттэй болгох, тестийг тавил, үр дүнг нээлттэй болгох, улс төрчид болон олон нийтийг мэдээллээр хангах асуудалд СЕХ анхаарч ажиллах шаардлагатай байна. Машинууд амжилттай ажиллалаа харин ажиллуулах хүмүүсээ илүү эрчимтэй сургах, дадлагажуулах, хөндлөнгийн байгууллагаар гэрчилгээжүүлэх асуудал дүнгээ ахиулахад нөлөөлөх болов уу.

Сонгууль

Санал тоолох үйл ажиллагааны мониторинг