Сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн ил тод байдал

Сүлжээний гишүүн Бодлогод залуусын хяналт ТББ 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн мониторингийг хариуцан ажиллаж байна.

  • Мониторингийн хугацаанд нэр дэвшигчид санал худалдаж авахтай холбоотой зөрчил гаргаж байгаа талаар олон нийтийн сүлжээнд тавигдсан мэдээллийг нэгтгэн тэдгээрийн мөрөөр хяналтын байгууллагууд хэрхэн ажиллаж байгаад хяналт тавьж байна. Цагдаагийн ерөнхий газраас ирүүлсэн 2020 оны 6-р сарын 19-ны 8/2237 тоот албан тоотод дурдсанаар сонгуулийн сурталчилгаа эхэлсэн 6-р сарын 2-18-ний өдрийн байдлаар “Сонгогчдод мөнгө, эд зүйл тараасан гэх” нийт 38 гомдол, мэдээлэл шалгагджээ. Үүнээс 18-д нь уг үйлдэл тогтоогдоогүй, 4-т нь зөрчлийн хэрэг нээж, 2 хэргийг нь Тагнуулын ерөнхий газарт харьяаллын дагуу шилжүүлж, 14 гомдол, мэдээллийн шалгалтын явц үргэлжилж байна гэсэн байна. Бид  энэ талаарх мэдээллийг холбогдох байгууллагуудаас лавшруулан тодруулж, олон нийтэд мэдээлэл өгч ажиллахаар төлөвлөж байна. 
     
  • Мөн Харилцаа холбооны зохицуулах хорооны цахим хуудсанд тавигдсан УИХ-н сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд “ОНРТВ-ээс бусад радио, телевизийн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдлийг олон нийтэд ил тод мэдээлээгүй” байна. Иймд бид 6-р сарын 8-ны өдөр Харилцаа холбооны зохицуулах хороонд хандан “Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн (УИХСтХ) 46.9-д заасан дараах мэдээллийг хүссэн боловч  өнөөдрийн байдлаар бичгээр хариуг ирүүлээгүй байна.

    Бидний хүлээн авахыг хүссэн “Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх нарийвчилсан цагийн хуваарь; хуульд заасан хугацаанд хийж байсан 3-аас доошгүй зар сурталчилгаа нэвтрүүлэх гэрээ; сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх дундаж үнийн санал” гэсэн мэдээллүүдийг ил тод болгоогүй нь сонгуулийн тухай хуульд заасан ил тод байдлыг хангах тухай зарчим, Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл хүлээн авах эрхийн тухай хуульд нийцэхгүй байна.
     
  • УИХСтХ-ийн 42-р зүйлд сонгуулийн сурталчилгаанд зурагт самбар ашиглах тухай зохицуулалт хэт ерөнхий байгаагаас нэр дэвшигчдэд өөрсдийгөө таниулах боломж харилцан адилгүй буюу тэгш өрсөлдөх нөхцөл алдагдах байдал ажиглагдаж байна.

    Тодруулбал, зурагт хуудас, самбарын байршлыг нь  дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоохоор заасан. Энэ хүрээнд дүүрэг тус бүрийн сурталчилгааны хуудас байршуулах тогтоолтой танилцахад харилцан адилгүй тогтоол баталсан байх аж. Тодруулбал, Сүхбаатар дүүрэг 63 байршилд гэрлийн шонд 7967 зурагт хуудас, Чингэлтэй дүүрэг 9269 гэрлийн шон болон 808 гудамж талбайд 10,077 зурагт самбар байршуулж болохоор заажээ. Харин бусад дүүргийн хувьд Баянзүрх дүүрэг хориглох байршил, Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол дүүргүүд зөвшөөрөгдөх, гудамж талбайг заажээ.

    Энэ хүрээнд хамгийн олон буюу 38 нэр дэвшигчтэй нийслэлийн Сүхбаатар дүүрэгт зурагт хуудасны тооллого хийхэд 1481 зурагт хуудас тоологдлоо. Үүнээс нам, эвсэл, нэр дэвшигчдийн хуудсыг хамтатгавал МАН 153, АН 264, Та бидний эвсэл 30, Шинэ эвсэл 283, Зөв хүн электорат 216, Зон олны нам 22, Гэр хорооллын хөгжлийн нам 17 гэх мэт харилцан адилгүй дүр зураг гарч байна. Мөн 4 нам болон 13 нэр дэвшигч зурагт хуудсаа байршуулаагүй байна.

    Цаашид тэгш өрсөлдөх нөхцөлийг хангах, сонгуулийн зардлыг бууруулах зорилгын хүрээнд сурталчилгаанд зурагт самбар ашиглах болон бусад сонгуулийн сурталчилгаатай холбоотой зохицуулалтыг нарийвчлах шаардлагатай гэж үзэж байна.

Ц. Мандхайхатан

Сонгууль

Санал тоолох үйл ажиллагааны мониторинг