Бүгдээрээ сайхан найрлая!

Хэдэн сар пижигнэсэн сонгуулийн дүн гарч, хуучин засаг дарга шинэ засаг даргаар солигдов. Өөрөөр хэлбэл, эрх баригч нам, ондоо намаар солигдсоны шууд нөлөө, хөдөө орон нутагт ингэж тусдаг нэгэн сайхан заншилтай болжээ. Монголчууд л болсон хойно, сонгуульд ялагдсан засаг дарга ялагдалдаа бухимдаад, ажлаа өөрийн биеэр хүлээлгэж өгсөнгүй. Нууц газар, архидчихав.

Шинэ засаг дарга өөрийн бүрдүүлсэн баг-хамаатан садангуудаа тэргүүлэн тамгын газрын түлхүүрийг авч, цоожны нүхэнд түлхүүрийг шургуулаад, эргүүлэх гэснээ болив. Учир нь, ямар ч цоож, түлхүүрийг нэг тийш эргүүлбэл онгойдог, нөгөө тийш эргүүлбэл цоожлогддог онцлогтой шүү дээ. Гэтэл шинэ засаг дарга ажлаа, хуучин засаг даргын хийж байсны эсрэг зүгт хийнэ гэсэн мөрийн хөтөлбөртэй юмсанж. Тийм учраас, түлхүүрийг хуучин засаг даргын хаалгаа онгойлгохдоо эргүүлдэг зүгт мушгивал, мөрийн хөтөлбөрөө зөрччих гээд байв. Тэгээд шинэ дарга түлхүүрийг буруу тийш нь эргүүлж, цоожийг эвдээд, тохилог өрөөний дуу нэвтэрдэггүй нүсэр хаалгыг нээжээ. Уг нь хөтөлбөрөө ягштал мөрдвөл, нүсэр хаалгыг нээж биш, хааж байгаад, цөм дайрч, өрөөндөө залрах ёстой байсан хэдий ч, харамсалтай нь, цөм дайрч, дийлсэнгүй.

Цэлгэр тасалгаанд оруут, шинэ засаг дарга, юуны түрүү нэг зүйлийг анзаарав. Юу вэ? гэвэл, хуучин засаг дарга, өөрийнхөө өмнөх засаг даргын хэрэглэж байсан бүх тавилгыг сольж, өөрчилжээ. Яагаад шинэ дарга үүнийг тэгтлээ сайтар анзаарав аа? гэвээс, хуучин засаг даргын өмнөх засаг дарга нь мань хүн өөрөө байжээ. Тиймээс шинэ засаг даргын уур бадарч, шадар түшмэлүүддээ,

-Энд байгаа бүх юмыг орвонгоор нь буснуул! гэж анхныхаа тушаалыг буулгав.

Тэгээд шинэ дарга өөрөө гардан, хуучин даргын ширээний арын хананд хүндэтгэлтэй еэ залсан том сайхан хөргийг хуу татаж, шалан дээр бут шидлээ. Давхар давхар алтан зүмбэртэй, лужир том жааз бут үсэрч, хуучин засаг даргыг командалдаг, тэдний намын даргын өнгөт сайхан хөрөг газар ойчиж, шинэ засаг дарга өнгөт хөргийг гишигчин доромжлов. Даргынхаа мөрөөр бараа бологч-хамаатан садангууд нь нөгөө гоё хөргийн нүүрэнд балиар гутлынхаа улыг сайтар арчиж цэвэрлээд, мөрийн хөтөлбөрөө биелүүлэх дөрвөн жилийнхээ албаны гараанд билэг дэмбэрэлтэй шамдан гарлаа.

Хуучин засаг даргын хөглөрсөн их цаасанд шинэ засаг дарга эгдүүцээд, ширээн дээр байсан савтай бэхийг хуучин даргын бүх бичиг баримт, тушаал шийдвэр дээгүүр цувруулан асгаад, үлдсэнийг тасалгааны голд дэвссэн гоёмсог шинэ хивсэн дээгүүр нямбайлан гоожуулж дуусгав. Хөөрхөн жижигхэн вааранд шургуулсан олон өнгийн балийг хугачаад, ваарыг хана руу шидлээ. Бухимдаж халууцсан хүмүүсийн уур унтуунд тасалгаа маш бүгчим халуун болоход, нээлттэй байсан бүх салхивчийг, бүх юмыг эсэргээр хийх мөрийн хөтөлбөрийнхөө дагуу хаагаад, харилцуур утасны аппаратыг хэмх дэвслээ.

Уухилж амьсгаадсан шинэ дарга багийнхандаа,

-Та нар чинь, яагаад гараа хумьж, элгээ эвхээд зогсоно вэ? Мөрийнхөө хөтөлбөрийг биелүүлээч! гэж ядрангүй зандарлаа.

-Бид чинь, юу хийхээ мэдэхгүй байна? гэж тэднийг арчаагүйтэхэд, шинэ засаг дарга,

-Юуны чинь мэдэхгүй гэж? Жишээ нь, би сөрөг хүчний хуучин засаг дарга сууж байсан, энэ өмхий сандал дээр суух болж байна уу? Ерөөсөө энэ өрөөнд байгаа бүх тавилгыг гаргаж хаяад, оронд нь үнэ өртөг хайрлахгүйгээр орчин үеийн Сингапур тавилга авчирч тавь! Бас хуучин даргын унаж байсан 69-ийг миний орлогчид өгөөд, надад цоо шинэ ЖИП олж ир! гэлээ.

-Таны хэрэглэж байсан бүх тавилгыг экс засаг дарга хэмхлээд, галын наадам хийчихсэн шүү дээ гэж нэгэн түшмэл бялдуучлахад, шинэ засаг дарга,

-Тэгвэл энд байгаа бүх эд агуурсыг эвдээд шатаа! гэж бархирлаа.

Монголчууд эвдэж шатаахдаа гаргууд хойно жинхэнэ яйруулж өглөө. Тасалгаан доторхийг хэдхэн хоромд зүйл дуусгаад,

-Ноён засаг дарга аа! Бид мөрийн хөтөлбөрийнхөө нэгдүгээр зүйл ангийг дуусгачихлаа. Одоо байшингаа яахав? Нураах уу? гэхэд шинэ засаг дарга хумсаа химлэн хэсэг бодсоноо,

-Байшингаа больё. Дараа нь бид барьж чадахгүй. Бид чинь, гэр барьж чадахаас байшин барьж үзээгүй улс! гэхэд нэг тарган цатгалан түшмэл,

-Байшингаа нураахгүй бол бүгдээрээ одоо жаахан амрах уу?.. Ёох, ядарч орхилоо! гэв.

Тэгтэл өөр нэг туранхай түшмэл,

-Юу гэж амрах юм бэ? Манай хөтөлбөрт "амарна" гэсэн заалт байхгүй. Харин манай намаас биднийг, "Сөрөг нам дарангуйллаа явуулж байсан бузар байшинд намынхаа бодлогыг явуулах гэлээ" гээд манийгаа огцруулчихгүй байгаа? гэхэд өөр нэг нь,

-Нураах ч юухан байхав. Харин дараа нь бид задгай газар конторлох нь намын нэр төрд муухай юм аа даа гэв.

-Задгай газар конторлоход яадаг юм бэ? Эзэн Чингэст контор байсан юм уу?.. Тэгсэн мөртлөө Чингэсийн мөрийн хөтөлбөр галзуутай биелж байсан биз дээ?

-Ерөөсөө байшингаа нураачаад буурин дээр нь шинэ ордон барья.

-Юу гэж сөрөг хүчний ялзарсан байшингийн үхширмэл суурин дээр өөрийн засаг даргын ордныг барих юм бэ? Тэгвэл манай намын үйлс бүтэхгүй. Тэгээд ч монголчууд бид чинь, нурааж чадахаас, барьж мэддэггүй онцгой гажиг авьяастай народ.

-Тэгвэл байшингаа нураахыг больё! гэж шинэ засаг дарга түшмэлүүдээ чимээгүй болгоод, -Энэ байшин чинь, сөрөг хүчний удмын байшин биш, тэднээс өмнө би энэ байшинд засаг даргаар ажиллаж байсан гэдгээ намдаа албан бичгээр мэдэгдье гэлээ.

Намынхаа даргад өргөх бичгээ бэлтгээд шинэ засаг дарга анхныхаа гарын үсгийг мутарлав. Тэгээд тамгаа дарах гэтэл тамгаа шатаачихжээ.

Тэд бүгд "Тамгагүй засаг дарга одоо яана аа? Тамгагүйгээр тамгын газар ажлаа яаж явуулна аа?" гэж сандарсан авч, хэн нэг нь, "Тамга ч яамай, сэтгэлийн хөөрлөөсөө болж, байшингүй болсон бол бүр балрах байсан. Муу тамга зэрэг яахав, тамгатай тамгагүй сумын засаг даргад хийх ажил байхгүй болсон цаг юм сан хойно" гэлээ.

Бүгд,

-Нээрэн тийм! Цөмөөрөө цалинтай болсон хойно тамгаар яах юм бэ? Одоо бүгдээрээ сайхан найрлая! гэж хашгирлаа.

Монголчууд аа гэж?.. Бидэнд ямар ч мэргэн нам байгаад яах ч юм билээ? Бид чинь, бурхан багшийнхаа ариун сургаалаар бизнес хийдэг хүмүүс юм чинь!

Ц.Доржготов
өрийн шагналт зохиолч/{joscommentenable}

Сонгууль

Санал тоолох үйл ажиллагааны мониторинг