Үнэгүй бясалгийг зөвхөн хавханд тавьдаг

ОХУ-ын “РЖД” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн тэргүүн В. Якунин манай сэтгүүлчийн, “АНУ-ын Мянганы Сорилын корпорациас төмөр замын салбарт багагүй хөрөнгө \188 сая доллар\ зарцуулахаар болсон. Гэтэл үүнийг буцаахаар болоод байгаа. Үүн дээр Оросын тал ямар байр суурьтай байгаа вэ?” гэсэн асуултад хариулахдаа, “Орост “Үнэгүй бяслаг зөвхөн хавханд байдаг” гэсэн зүйр үг байдаг” гэж цэцэрхээд, -Та бүхэнд үнэгүй бэлэг авахгүй байхыг зөвлөж байна гэж зааварлав.

Танхимд зөвлөлт ахын танил уур амьсгал хуралдаж, Якунингаас сургагчийн үнэр ханхлах шиг. Монгол хүн харахаараа орос хүн, яадаг юм бэ, ингэж омогшдог. Биеэ барьж бүр чаддаггүй болтой. Тэр зан нь хэвээрээ аж. “Чаддаг нь, донгио монголыг дээрэлхэж чадна” гэж ахдаа гомдмоор. Якунин “Би хэзээ ч, хэнээс ч үнэгүй бэлэг авч үзээгүй” гэж ярваганав. Сайрхаж буй нь тэр. Үнэгүй бэлэг байтугай, олон орны хүн зоний нь хядаад, эх орны нь самраад, эд баялгий нь хуурайлсан түүхээ Якунин харанхуй биднийг мэдэхгүй гэж онгирсон нь энэ.

Оросын аймаар луйврыг манай эрдэмтэд Эрдэнэтээс илчилжээ. Эрдэнэтийн ордыг хэдийгээр зэс молибдений орд гэж нэрлэсэн ч агуу их алтны агуулгатай орд. 30 жил энэ ордыг ашиглахад оросууд 24 мянган тонн алтыг нууцаар үнэгүй авчээ. Эрдэнэтийн ордоос жил бүр 4 тэрбум алтан рублийн валютийн орлого ууталсан бөгөөд үүний 5-хан хувь нь буюу 200 сая нь Монголд тусгагдаж, үлдсэн 3,8 тэрбум нь Орост орж буйг манай эрдэмтэд 70-аад оны эцсээр мэджээ. Тэдний судалгааг харахад, 51, 49-н хувийн хувьцаа гэдэг нь манийг залилсан өнгөн тал агаад хэрэг дээрээ бид, 5,1, тэд 4,9 хувийг илээр хувааж, үлдсэн 90 хувийг ах нар далдуур залгидаг байна. 24 мянган тонн алтаа ингэж хоосон алдсан ба одоо 32 мянган тонн алт үлдсэн бөгөөд үүнийг мөн үнэгүй хусах далд зорилгоо оросууд өвөрлөсөөр буйг эрдэмтэд ардчиллын буянд эх орончоор дэлгэжээ. “ЗХУ-ын дээд удирдлага Эрдэнэтийн ордоос жил бүр 4 тэрбум рублийн валютийн орлого олдгоо биднээс тас нуусан. Тэр ч байтугай, манай удирдагч Батмөнх, Содном, Жасрай нар хэт хомс мэдээлэлтэй асан” гэж тэд мэдэгдэв. Уламжлалт луйвраа идэвхжүүлэхээр Путин Монголыг тоож айлчилжээ. “Баяжмал” гэх үнэт эрднэсийн тунамал, мэлтэлзэн солонгорч, гол горхи аятай урсаж буйг бид телевизээр хараад, “дан зэс молибден” гэдэг худал гэж хардах авч “наад амаа” гэж сануулна. Сүүлийн хориод жил Эрдэнэтээс 25 сая тонн хүдэр олборлож буй. 25 саяас 875 тонн алт, 1700 тонн мөнгө гардаг байна. Үүнийг оросууд үнэгүй завшсаныг “үнэгүй бэлэг авч үзээгүй” ноён Якунинд айлтгая. Зэсээ хайлуулж, алтаа тунгаах үйлдвэр байгуулбал, Оросын бүх паян илэрнэ гэж эрдэмтэд амлаж байна. Миний орос багш нар, миний уран бүтээлийн орос андууд, “Манайх хөөрхий муу Монголыг арай дэндүүлэх юм даа” гэж байсан сан. Ийм бүлээн үгс орос хүний амнаас унахыг амьдралдаа нэг бус удаа сонссоон.

Ядарсан хүн амьтанд Бурхан үнэгүй хишиг хүртээж, Чөтгөр хавханд бяслаг тавьдаг нь мэдээж! Дэлхийн мухарт мал мэт хашигдаж, “Эрдэнэтийн аргаар” 70 жил бүх баялгаа шулуулсан хамгийн буурай ард түмэн биднийг, “Оросын савраас яаж нэг юм мултрав даа” гээд баян гүрнүүд нинжин сэтгэлийн угаас буцалтгүй тусламж, хөнгөлттэй зээл, “эдийн засгаа өөд тат” гэж хайралдаг. Манайд гар сунгадгаараа Япон тэргүүлдэг. Японы тусламжийг бас болиулчих вий. Бид бусдын үнэгүй бэлгээр дагнаж амьдрахыг хичээгчид биш. “Ленинизм” хэмээх бяслагтай, “социализм” гэсэн шошигтой том улаан хавханд хавчуулж, 70 жил тэр улаан дөнгийг чирж, их дор орсон бид, одоохондоо гадны дэмжлэггүйгээр сэхэхэд хэцүү байна. Биднийг коммунизмын лай ланчгаас бүрэн салтал буяны сэтгэлгээг битгий бүрэн хорьчихоосой. Уг нь бид Оросоос үнэгүй бэлэг гуйгаагүй юмсан. Өөрөө үнэгүй буян үйлдэж тэвчдэггүй мөртлөө өрөөлийн үйлдэх гэсэн буяныг хорих, монголоор бол нүгэл. Хайран 188 сая ам. доллар гэж гаслаж сууна. Бяслагаар хуураад хүзүүг минь хуга хавхдахаар завдсан аюулыг зайлуулж өгсөнд Якунин танд гялайлаа. Ах нар ямагт бидний амийг аварч байдаг юм чинь, Америк биднийг хавхдах гэж байсан нь яг үнэн байж таарна. Ах нарт мэдэхгүй юм гэж байх биш. Манай бүх баялагт, төмөр замд хяналтаа тогтоо. Цаашлаад бидний эрх чөлөөнд ч хяналтаа тогтоож болно. С. Баяр бодвол ийм намек өгөө биз.

“Чадвал тус бол, чадахгүй бол, бүү гай бол” гэсэн монгол үг байдгийг зүрхлэн хэлье. Ер нь яагаад бид “орос ах” гэсэн юм бол? Братьство гэдэг ах дүүс гэсэн утгатай. Гэтэл бид орос ах гэж онцолж ирлээ. Ямагт тусалдаг болохоор нь “Ах” гэж аргадсан биз ээ, чааваас. “Ах” нь юм болохоор томрохоос ч яахав, даврахаас ч яахав. Хачин юм, “ах дүү оросын ард түмэн” гэвэл, бид бүгд дуртай. Харин “ах дүү японы ард түмэн” гэвэл, “чи юу хэлэв ээ?” гээд бид бүгд цочирдоно. “Америк ах” гэвэл, хувьсгалт намд хүргэлгүй, наана нь, хорооны ахмадын холбоо наддаа зөв. Ийм хөгийн сэтгэл зүй арилах болов уу?

Байрны гадаа нарлаж суусан чавганц голдуу миний үеийнхэн, над руу омойрч, “Чи хар! Ах нар бидэнд 300 сая ам. доллар, зөндөөн трактор комбайн, будааны үр бэлэглэж, төмөр зам тавьж өгөх гэнэ. Орос ах нар бидэнд дандаа тусалж байдаг яасан сайхан ард түмэн бэ?” гэж давшлав. Путин Японоос шинэ технологи авахаар болж, хуучин орос технологиор үйлдвэрлэсэн учиргүй олон хоцрогдсон трактор комбайнаа хаяхын оронд манайд тусламж нэрээр шахахдаа, дэлхийд байхгүй өндөр хүүтэйгээр шахлаа гэж би чавганц голдуу найз хөршүүддээ хэлэх гэснээ, тэднээс айгаад зориглосонгүй. Сонгуулийн үеэр орос ах нарыг шүүмжилбэл, тэд намайг амархаан хөнгөлчих нь. Цацраг идэвхт хаягдлаа манай нутагт булах гэнэ гэвэл, бүр ална. Атар онгон тархи шарын шашныг судлалгүй сохроор итгэж, мухар сүсэгтэн болсон шигээ Оросыг танилгүй бас сохроор шүтсэн. Хоосон тархи итгэхдээ амархан агаад тэнэг итгэл нь тэр чигтээ чулуужаад, өөр ямар ч ухаан нэвтрэх сүвгүй битүүрчээ.

Ах нар минь, та нар бусад гүрэнтэй харилцдаг шигээ бидэнтэй хүний ёсоор ханилаач. Бид хариуд нь хүн шиг байж чадна шүү.

Сонгууль

Санал тоолох үйл ажиллагааны мониторинг