Сонгуулийн автоматжуулсан системийг сонгуульд бэлтгэх үйл явцад хийж буй мониторингийн явц

2012 оны сонгуулиас эхлэн сонгуулийг зохион байгуулахад гарсан нэг  томоохон өөрчлөлт бол саналыг автоматаар тоолох болсон явдал билээ. Үүнтэй холбоотой автоматжуулсан системийг ашиглан санал тоолох, дүнг нэгтгэх, дамжуулахад гарч болзошгүй эрсдлээс сэргийлэх, сонгуулийн үйл явцын ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд Сүлжээний гишүүн МИДАС ТББ сонгуулийн автоматжуулсан системийн мониторингийг 2012 оны УИХ-ын сонгуулиас эхлэн хариуцан хэрэгжүүлсэн билээ.

2020 оны УИХ-ын сонгуулийн бэлтгэл хангах ажлын хүрээнд сонгуулийн автоматжуулсан системд багтах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг туршиж баталгаажуулан, гэрчилгээ олгох үйл ажиллагаа нам, эвсэл, ТББ-уудаас томилсон ажиглагчид байлцан хяналт тавив. Нам, эвслийн ажиглагчдын хувьд 19 нэгжээс 5 нь хөндлөнгийн ажиглалт хийх хүсэлт гаргаж хөндлөнгийн хяналт хийж байгаа нь хангалтгүй  хойрго хандаж байгааг илэрхийлж байна.

Эрх  авсан нам, эвслийн төлөөлөгчид СЕХ-ны МХТ-ийн ажлын хэсэгтэй техникийн зөвлөгөөн хийж хэдийд хэрхэн шалгах хуваариа тохиролцсон бөгөөд  ажиглагчид өөрсдийн хүсэлтээр АН Увс аймаг, МАН Завхан аймгийн тойргийг  сонгож 6 сарын 10-ны өдөр зохион байгууллаа.  МИДАС ТББ хүсэлтийн дагуу бүх нам, эвслийн хөндлөнгийн хяналтад байлцан хамтран ажиллалаа.

Санал тоолох төхөөрөмжийн тестийг хийхдээ СЕХ-ны ачуулахаар бэлтгэсэн төхөөрөмжөөс санамсаргүй байдлаар сонголт хийж  нэр дэвшигч тус бүрд өгсөн саналыг бүрэн уншиж байгаа эсэх, холимог байдлаар уншуулах, санал тэмдэглэгдээгүй хуудас  уншуулах, мандатын тооноос дутуу,  илүү санал бөглөсөн,  өөр тойргийн, хүчингүй болгосон  саналын хуудаснуудыг уншиж байгаа эсэх, “цагийн бөмбөг”, толгой цэвэрлэх хуудас  уншуулсны дараа, цахилгаан тасарсан үед аккумлятораар ажиллах, CF картын нэг нь байхгүй  ажиллаж байгаа эсэх болон мэдээлэл дамжуулах, серверийн дүн, CF картад бичигдсэн зургийн файл тулгалт хийх шалгалтуудыг хийж туршиж үзэхэд хүлээгдэж байсан үр дүнтэй нийлж  тестийг бүрэн давсан болно.

Сонгууль

Санал тоолох үйл ажиллагааны мониторинг