Царцааны нүүдлээс болгоомжлохуй

Өмнөх сонгуулиудаар зарим нэр дэвшигч сонгогчдыг нэг тойргоос нөгөөд бөөнөөр нь шилжүүлэн өөрсдийнхөө төлөө санал өгүүлэх зөрчил гарч байсан тухай янз бүрийн мэдээлэл байдаг. Үүнийг манайхны зарим нь царцааны нүүдэл гэж нэрлэсэн нь бий, олон улсын сонгуулийн практикт “нисдэг сонгогч” гэх нь ч бий.  Энэ нь нөгөө л сонгууль болгоноор будлианы эх сурвалж болдог гэж муу нэр дагуулсаар ирсэн сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой гардаг асуудал. Энэ жил энэхүү зөрчил зарим тойрог, хэсэг дээр давтагдаад байгаа буюу сонгогчдыг нэг тойргоос нөгөө тойрогт, нэг хэсгээс нөгөө хэсэгт олон тоогоор шилжүүлж байгаа талаар сонгуульд оролцож буй зарим нам эвсэл өнгөрсөн долоо хоногт сонин хэвлэлээр мэдээлэн, түүнийг таслан зогсоох шаардлагыг Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлжээ.

Үүнтэй холбоотойгоор СЕХ-ноос өгсөн чиглэлийн дагуу нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Т.Билэгт 300 тоот захирамж гаргаж, нийслэлээс аймагт, аймгаас нийслэлд, дүүрэг, хороодын хооронд иргэдийн шилжих хөдөлгөөнийг 2008 оны зургадугаар сарын 19-нөөс эхлэн түр хугацаагаар зогсоогоод буй юм. Гэвч энэ захирамж нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэдийн “улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух” эрхэд харшилж буй гэх шүүмжлэлд өртөх магадлалтайн дээр тийм шүүмжлэлийг яаж ийгээд няцааж давлаа гэхэд одоо нэгэнт эхлээд, газар аваад буй гэгдэх “царцааны нүүдэл”-ийг  үр дүнтэй зогсоож, сэргийлж чадах эсэх нь эргэлзээтэй. Учир нь дээрх захирамж  албан томилолтоор болон хуулинд заасан бусад хүндэтгэх шалтгаанаар өөр тойрог хэсэгт шилжин сонгууль өгөхийг хүссэн сонгогчдод хамаарахгүй байгаа. Өөрөөр хэлбэл иргэн шилжих үндэслэлээ (aлбан томилолт гэх мэт) хэсгийн хороондоо аваачиж үзүүлээд сонгогчийн үнэмлэх дээрээ шилжүүлэг хийлгэн өөр газар сонгууль өгөх боломж хэвээр байгаа гэсэн үг.

Сонгуулийн өдөр янз бүрийн хүндэтгэх шалтгаанаар оршин суудаг газраасаа өөр газар саналаа өгөхөөс өөр аргагүй байгаа иргэдийн хувьд шилжүүлэг хийлгэхэд хүндрэл үүсгэхгүй байж сонгох эрхээ хэрэгжүүлэх боломжоор бүрэн хангах нь зөв зүйтэй. Гэвч нөгөө талаас хуулийн энэ боломжийг зарим нэр дэвшигч буруугаар ашиглахгүй гэх баталгаа байхгүйг харгалзан зохих хяналтыг олон талт оролцоонд тулгуурлан бий болгох талаар Сонгуулийн Ерөнхий Хороо цаг алдалгүй анхаарах шаардлагатай байна. Тухайлбал, өмнөх сонгуулиар зарим нэг нэр дэвшигч өөрийн эзэмшдэг компанийн ажилчдыг бөөнөөр нь амралтад амруулах нэрээр шилжүүлэг хийлгэн өөрийн төлөө санал өгүүлж байсан тухай мэдээлэл байдаг. Үүнтэй төстэй зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх боломжийг хангах үүднээас өөр тойрог хэсгээс  шилжин очсон сонгогчийг бүртгэсэн нэмэлт нэрийн жагсаалтыг хэсгийн хороодоор болон тойргийн хэмжээнд нэгтгэн ил тод болгож, нам эвсэл, бие даан нэр дэвшигч, иргэний нийгмийн байгууллагууд хянах боломжоор хангах нь зүйтэй юм. Ийнхүү ил тод байдлыг ханган сонгогчдын шилжилтэд оролцогч талуудын хяналт тавих боломжийг бүрдүүлэх нь нийслэлийн Засаг даргын 300 тоот захирамжаас илүү үр дүнтэй арга мөн.

Сонгууль

Санал тоолох үйл ажиллагааны мониторинг