Сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн ил тод байдал

Сүлжээний гишүүн Бодлогод залуусын хяналт ТББ 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн мониторингийг хариуцан ажиллаж байна.
2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд 4 эвсэл, 13 нам, 606 нэр дэвшигч өрсөлдснөөс 6-р сарын 25-ны өдрийн 22 цагийн байдлаар Үндэсний Аудитын газрын веб хуудаст:

  • “Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам,” “Эх орончдын нэгдсэн нам”-аас бусад нам, эвслийн зардлын хураангуй тайлан байршсан.
  • Мэдээлэл нь байршсан нийт 15 нам, эвслийн нийт орлого 7.6 тэрбум төгрөг тайлагнаснаас зардал 7.2 тэрбум болж байна.
  • Мөн нийт нэр дэвшигчдийн 453 нь буюу 74.7% нь зардлын ХУРААНГУЙ тайланг нийтэлсэн байна. Үүнээс МАН-ын нэр дэвшигч 68, АН 69, Зөв хүн электорат 45 нэр дэвшигч зардлаа тайлагнажээ.  Түүнчлэн Та бидний эвсэл 52, ШИНЭ эвсэл 42, Ногоон нам 15-аас 4, Зон олны нам 30-аас 27, Сахигтун! ҮХ 19 – 34-өөс 23, Их эв нам – 1-ээс 1 нэр дэвшигч тус тус зардлын тайлангаа ирүүлсэн байна.

Мониторингийг хэрэгжүүлэх явцад дараах асуудал тулгамдсан:

  • Үндэсний Аудитын газрын (ҮАГ) цахим хуудас нэр дэвшигчдийн зардлын тайланг 6-р сарын 23-ны 19 цагаас 25-ны өдрийг хүртэл үзэх боломжгүй болгож, хаалттай болгосон. Энэ нь сонгогчдын мэдээлэл авах эрхийг зөрчсөн үйлдэл боллоо гэж үзэж байна.  
  • Нам, эвсэл, нэр дэвшигчид хуулийн дагуу санал авах өдрөөс 3 хоногийн өмнө буюу 6-р сарын 21-ний 00 цаг гэхэд зардлын явцын тайлангаа нийтэд ил тод мэдээлэхээр зохицуулсан. Гэтэл нам, эвсэл, нэр дэвшигчид цахим хуудас (вэбсайт), фэйсбүүк хаяг, твиттер, өдөр тутмын сонинд нийтлэх зэрэг өөр өөр сувгаар танилцуулсан нь хяналт тавихад хүндрэлтэй байлаа.
  • Мөн 6-р сарын 23-ны 14 цагийн байдлаар 120 гаруй нэр дэвшигчийн зардлын тайлан ҮАГ-ын цахим хуудаст байршсан нь хуулийн зохицуулалтыг төгөлдөржүүлэх, тайлан хүлээн авах хэлбэрийг олон улсын жишигт нийцүүлэн цахим болгох шаардлагатайг харуулсан юм.
  • Сонгуулийн сурталчилгаа 22-ны өдрийн 00 цагт дуусч, сонгуульд оролцогч талууд өөрсдийн цахим хуудсын мэдээллийг устгах буюу идэвхгүй болгосон нь зардлын тайлангийн мэдээллийг сонгогчид НЭГ ӨДӨР л хүлээн авах боломжтой байсан нь мэдэх эрхийг бүрэн дүүрэн хангасан гэж үзэхэд учир дутагдалтай юм.  
  • Түүнчлэн сонгуульд өрсөлдсөн нийт нам, эвсэл, нэр дэвшигчдийн дийлэнх нь зөвхөн ХУРААНГУЙ зардлын маягтыг бөглөн ирүүлсэн байсныг цохон тэмдэглэж байна.

Бодлогод залуусын хяналт ТББ-ын www.policywatch.mn цахим хуудаст сонгуульд өрсөлдсөн нам, эвсэл, нэр дэвшигчдийн явцын зардлын тайланг нэгтгэн, визуал хэлбэрт оруулж байгаа тул тус цахим хуудаснаас дэлгэрүүлж үзэх боломжтой.

Сонгууль

Санал тоолох үйл ажиллагааны мониторинг