Хэвлэлийн мэдээ: Улс төрийн нам, нэр дэвшигчид сонгуулийн кампанит ажлын санхүүжилт, зарцуулалтаа ил тод мэдээлсэнгүй

Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээний гишүүн Бодлогод залуусын хяналт, Захиргааны шинэ санаачлага төрийн бус байгууллагууд 2017 оны Ерөнхийлөгчиийн сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн ил тод байдалд хяналт, шинжилгээ хийж байна.

Сүлжээний зүгээс улс төрийн нам, нэр дэвшигчдэд хандан сонгуулийн кампанит ажлын хугацаанд сонгуулийн санхүүжилт, хандив, зарцуулалтаа олон нийтэд ил тод мэдээлэхийг уриалга хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй бөгөөд энэ хугацаанд санал худалдан авах үйлдлүүд хийгдэж байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байгаад санаа зовниж байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Мониторингийн үр дүнгээс товч дурдахад:

  • Сүлжээний зүгээс 2017 оны 6-р сарын 13-ний Авлигатай тэмцэх газарт хандан өдөр нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийн талаар мэдээлэл өгөх хүсэлт тавьсан дагуу 2017 оны 6-р сарын 14-ний өдөр хураангуйг олон нийтэд ил тод болгосон.
  • Сонгуулийн Ерөнхий Хороонд зөвхөн “нэр дэвшигчдийн зардлын данс” бүртгэгдсэн байна. Харин намуудын хувьд зардлын дансны талаар ямар нэг мэдээлэл бүртгүүлээгүй, тайлагнаагүй байна. Сонгуулийн тухай хуульд заасан дагуу намууд нэр дэвшигчийн зардлын данс руу шилжүүлэг хийж санхүүжүүлж болох бөгөөд зардлын данснаасаа 6,8 тэрбум  хүртэл төгрөгийг зарцуулах боломжтой ч санхүүжилтийн эх үүсвэр, зарцуулалтыг хэрхэн ил тод болгож, хэрхэн хяналт тавих нь тодорхойгүй байна.
  • ТББ-уудын хувьд өөрсдийн нөхцөл бололцооны хүрээнд сонгуулийн кампанит ажлын зардлыг баримтжуулах оролдлогыг хийж байна.

Гурван нэр дэвшигчийн хувьд:

  • зөвхөн нэг удаагийн зурагт хуудас, сэтгүүлийн хэвлэлийн зардалд дунджаар гурван тэрбум
  • Глоб Интернэшнл ТББ-ын хэвлэл мэдээллийн мониторингод хамрагдаж буй дөрвөн телевизийн Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлсэн үнийн саналд тулгуурлан тооцвол сонгуулийн кампанит ажлын 9 хоногийн хугацаанд дөрвөн телевизээр дамжсан сурталчилгаанд дунджаар 1 тэрбум орчим төгрөгийг зарцуулаад байна.

Энэ бүх зардлыг нэр дэвшигч Төрийн аудитын байгууллагад хүлээлгэн өгөх зардлын тайландаа тодорхой  тусгах ёстой.

  • Сонгуулийн тухай хуульд заасны дагуу санал хураалт дуусснаас 30 хоногийн дотор нэр дэвшигч тус бүр зардлын тайландаа аудит хийлгэн холбогдох байгууллагуудад хүргүүлэн ёстой байдаг. Гэвч энэхүү зардлын тайланг хэрхэн гаргах заавар зөвлөмжийг Үндэсний Аудитын Газраас гаргаагүй байна.

Иймд Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээнээс Үндэсний Аудитын газарт хандан зардлын тайланг хэрхэн хяналт тавьж болохуйц нарийвчлалтай гаргуулж авах, нийтэд мэдээлэх талаар зөвлөмжийг хүргүүлж, хамтран ажиллах санал тавьж байна.

Мониторингийн явцтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 9603-4774, 9964-0230 утсаар холбогдон авна уу.

Сонгууль

Санал тоолох үйл ажиллагааны мониторинг