Сонгуулийн үйл явцыг ажиглах бэлтгэл хангагдлаа

Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээний гишүүн Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ болон Бодлогод залуусын хяналт ТББ нь 2020 оны УИХ-ын сонгуульд ажиглалт хийх иргэний нийгмийн ажиглагч залуусыг манлайлан, зохион байгуулалтыг хариуцан ажиллаж  байна.  Иргэний нийгмийн ажиглагчид нь сонгуулийн cанал авах, тоолох, дүнг гаргах үйл явц болон хяналтын тооллого хийх хэсгийн хороодыг сонгох, хяналтын тооллогыг хийж гүйцэтгэх үйл явц холбогдох хууль, журмын дагуу явагдаж буй эсэхэд хяналт тавьдаг. Энэ удаагийн ээлжит сонгуулиар Улаанбаатар хотод 451 хэсгийн хороо ажиллахаас 100-д нь иргэний нийгмийн нийт 200 ажиглагч ажиллаж хяналт тавина.

Түүнчлэн Баянхонгор, Дорноговь, Төв, Хэнтий, Дархан-Уул аймгуудад 30 ажиглагч бэлтгэн ажиллуулахаар төлөвлөөд байна. Ажиглагчдыг бэлтгэх сургалтыг Улсын онцгой комиссоос  гаргасан заавар журмыг баримтлан шат дараатай зохион байгуулж буй бөгөөд одоогийн байдлаар 194 ажиглагч сургалтад хамрагдаад байна.

Ажиглагчид 6-р сарын 15-ны өдрөөс эхлэн хэсгийн хороодод бүртгүүлж эхэлсэн. Нийслэлд бүртгүүлэх явцад хуульд заагаагүй бичиг баримт нэхэх, ажиглалт хийх хүнийг өөрийн биеэр ирэхийг шаардах, дүүргийн сонгуулийн хорооны сайтад тавьсан мэдээлэл бодит байршилтайгаа зөрөх зэрэг нийтлэг хүндрэл тулгарч байна. Мөн энэ жил нам, эвсэл, бие даагчдын ажиглагч олноор бүртгүүлж байгаа, санал авах байрны зай талбай жижиг учир нэг дор олон ажиглагч суулгах боломжгүй, тодорхой цагийн хуваариар ээлжлэн суулгана гэсэн тайлбарыг ихэнх хэсгийн хороод өгч байна. Энэ нь иргэдийн төлөөлөл болж, хөндлөнгийн ажиглалт хийж байгаа ажиглагчдын хувьд сонгуулийн үйл явцыг бүрэн ажиглах боломжгүй нөхцөл байдалд хүргэж байгаа юм.

Орон нутгийн хувьд өмнө нь иргэний нийгмийн ажиглагчид ажиллаж байгаагүй учир энэ талаар ойлголт багатай, төвөгшөөх хандлагатай байсан. Түүнчлэн хэсгийн хороодод материалаа өгөхөд сумын сонгуулийн хороо мэднэ гэх, сумын сонгуулийн хороонд очихоор СЕХ-ноос тусгай зөвшөөрлийн бичиг авчир гэх мэтээр хүндрэл учруулах тохиолдлууд байна.

Т.Амарзаяа
Төслийн дэд зохицуулагч

Сонгууль

Санал тоолох үйл ажиллагааны мониторинг