2024 - Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулах үндсэн зарчим, журмыг тодорхойлж,
түүнтэй холбогдсон харилцааг зохицуулах, Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хангахад оршино.

2 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хууль тогтоомж
2.1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хууль тогтоомж нь Монгол Улсын Yндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай
нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."18 нас хүрсэн" гэж тухайн иргэний төрсөн он, сар, өдрөөс тоолоход сонгуулийн санал авах өдөр буюу түүнээс өмнө
тухайн насанд хүрсэн байхыг;
3.1.2."25 нас хүрсэн" гэж тухайн иргэний төрсөн он, сар, өдрөөс тоолоход сонгуулийн санал авах өдөр буюу түүнээс өмнө
тухайн насанд хүрсэн байхыг;
3.1.3."нэр дэвшигч" гэж 25 нас хүрсэн, энэ хуульд заасны дагуу Монгол Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшин бүртгүүлж, нэр
дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын иргэнийг;
3.1.4."итгэмжлэгдсэн ажилтан" гэж улсын бүртгэлийн байгууллагатай гэрээ байгуулан ажиллаж байгаа төрийн захиргааны
болон төрийн үйлчилгээний албан хаагчийг;
3.1.5."итгэмжилсэн хүн" гэж сонгогч өөрөө тухайлан сонгож, санал өгөхөд нь унших, бичих хэлбэрээр туслалцаа үзүүлэх
чадвартай, насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай иргэнийг;
3.1.6."сонгогч" гэж сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг;
3.1.7."сонгуулийн эрх бүхий иргэн" гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан 18
насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай Монгол Улсын иргэнийг;
3.1.8."сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон" гэж сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг хуульд
заасны дагуу тогтоож, энэ тухай холбогдох байгууллагын шийдвэр гарсан байхыг;
3.1.9.“цахим хуудас” гэж бүх төрлийн контентыг интернэтийн домэйн нэр ашиглан хэрэглэгчид хүргэдэг программ хангамжийг;
/Энэ заалтаас "болон цахим орчин дахь олон нийтийн сүлжээг" гэснийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн
хуулиар хассан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
3.1.10."ял эдэлж байгаа" гэж Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлд заасан үндсэн болон нэмэгдэл ялыг эдэлж дуусаагүй, эсхүл
торгох ялыг биелүүлээгүй байхыг ойлгоно.

Сонгууль