Сонгуулийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3.1 дэх хэсэгт "сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод тараах" -ыг сонгуулийн сурталчилгааны зөвшөөрөгдсөн хэлбэр болхыг хуульчилсан байдаг. иймд сонгуулийн сурталчилгаа явуулсан хуулийн хугацаанд нэр дэвшигч нь өөрийгөө таниулах зорилгоор нэрийн хуудас танилцуулга материалыг тараах эрхтэй байна.
Гэвч мөн Сонгуулийн хуулийн 70 дугаар зүйлд заасан сонгуулийн сурталчилгааны хориглосон хэлбэрт нэр дэвшигч өөрийн танилцуулга материалыг тараахыг хориглоогүй боловч уг материал нь агуулгын хувьд хуулиар хориглосон хэлбэрийг агуулсан байж болохгүй. үүнд: Мөнгө эд хөрөнгө амалсан байх, ажилд зуучлахыг амалсан шинжтэй байх гэх мэт.
Энэхүү хариулт нь Даваасүрэн овогтой Оргил миний хувийн дүгнэлт бөгөөд энэхүү сайтын байр суурийг илэрхийлэхгүй юм. хэрэв танд энэхүү хариулт хангалтгүй санагдвал тодруулан асуух боломжтой.
Таны асуултыг санал авах байрны бүрэлдэхүүнд тухайн санал авах байрны хамаарах нутаг дэвсгэрт харьяалагдахгүй иргэн ажиллаж болох эсэх талаар асууж байна гэж ойлголоо.
Санал авах байр гэдэг нь сонгуулийн хэсэгт сонгогчдын санал авах, тоолох ажлыг зохион байгуулах санал авах нэгж бөгөөд сум, дүүргийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд хамаарна.
Сонгуулийн тухай хуулийн 28.2-т зааснаар санал авах байрны ажилтан, албан тушаалтан нь төрийн үйлчилгээний болон захиргааны албан хаагч байх бөгөөд 28.4-т зааснаар тэдгээр ажилтан, албан тушаалтныг сонгуулийн боловсон хүчний мэдээллийн сангаас томилно. Энд санал авах байрны ажилтан нь зөвхөн тухайн хэсгийн нутаг дэвсгэрт харьяалагдах ёстой талаар заагаагүй. Мөн хуулийн 29.5-д сонгуулийн байгууллагын буюу санал авах байрны ажилтан, албан тушаалтанд хориглох зүйлийг заасан бөгөөд үүнд өөр нутаг дэвсгэрийн ажилтан санал авах байранд ажиллаж болохгүй талаар заасан зүйл алга.
Иймд санал авах байрны бүрэлдэхүүнд тухайн санал авах байрны хамаарах нутаг дэвсгэрт харьяалагдахгүй иргэн сонгуулийн байгууллагын ажилтны хувиар ажиллаж болохоор байх бөгөөд тухайн иргэн сонгуулийн хууль тогтоомжийн талаар сургалтанд сууж, гэрчилгээ авсан байх ёстой.
Хөдөлгөөнт сурталчилгаа гэдэг нь сонгуулийн тойргын нутаг дэвсгэрээр яван ухуулга сурталчилгаа хийх асуудлыг ярьж байна гэж ойлголоо.
Сонгуулийн хуульд сурталчилгааг хөдөлгөөнт хэлбэрээр хийхийг хориглосон зохицуулалт байхгүй. харин сурталчилгаанд тээврийн хэрэгсэл ашиглах зохицуулалт байгаа. энэ нь цаад агуулгаараа хөдөлгөөнт сурталчилгаа буюу сонгуулийн тойрогийн нутаг дэвсгэрээр яван өөрийн болон намынхаа мөрийн хөтөлбөрийг танилцуулах, ухуулагчидаар дамжуулан танилцуулга сурталчилгааны материал тараах зэрэг аргаар сурталчилгаа хийхэд ашиглах тээврийн хэрэгсэлд тавигдах шаардлагыг зохицуулсан шинжтэй юм.
69 дүгээр зүйл. Сонгуулийн сурталчилгаанд тээврийн хэрэгсэл ашиглах
69.1.Сонгуулийн сурталчилгааны явцад сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд нь тээврийн хэрэгсэл ашиглаж болно.
69.2.Сонгуулийн сурталчилгаанд ашиглах тээврийн хэрэгслийн улсын дугаарыг аймаг, дүүргийн сонгуулийн хороонд бүртгүүлэн нэгдсэн таних тэмдэг авч, авто машин, автобусны салхины шилний баруун доод буланд, мопед, мотоциклын шатахуун хадгалах савны баруун талд нааж байрлуулна.
69.3.Сонгуулийн сурталчилгаанд ашиглах тээврийн хэрэгслийн таних тэмдгийн загварыг сонгуулийн төв байгууллага батална.
69.4.Сонгуулийн төв байгууллагаас батлагдсан таних тэмдэггүй авто машин, автобус, мопед, мотоцикль болон бусад тээврийн хэрэгслийг сонгуулийн үйл ажиллагаа, сурталчилгаанд ашиглахыг хориглоно.
69.5.Сонгуулийн сурталчилгаанд ашиглаж байгаа тээврийн хэрэгсэлд сонгуулийн сурталчилгааны ухуулах хуудас, зурагт хуудас болон уриа байрлуулж болно.
69.6.Сонгуулийн хороонд бүртгүүлж, таних тэмдэг аваагүй тээврийн хэрэгслийг сонгуулийн сурталчилгаанд ашиглах, түүнчлэн сонгуулийн сурталчилгааны ухуулах хуудас, зурагт хуудас болон уриа байрлуулахыг хориглоно.
69.7.Энэ хуулийн 69.4, 69.6-д заасныг зөрчсөн үйлдэлд доор дурдсан торгууль ногдуулна:
69.7.1.нэр дэвшигч, нам эвсэлд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин нэгээс хорин зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн;
69.7.2.нэр дэвшигч, нам эвслийн сонгуулийн менежер, шадар туслагч, ухуулагч, сонгуулийн штабын удирдлагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэн хэмжээний төгрөгийн.
Сонгуулийн тухай хуулийн 90 дүгээр зүйлд зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагааны талаар зохицуулсан байна. Ингэхдээ дараах сонгогчийн саналыг түүний хүсэлт, эмнэлгийн магадлагаа, эсхүл холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах өдрийн өмнөх өдөр 09.00-20.00 цагийн хооронд авна:
- эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж чадахгүй;
- Дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа;
- захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан;
- байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон;
- санал авах ажиллагааг зохион байгуулж байгаа сонгуулийн байгууллагын ажилтан, цагдаа, иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээллийн технологийн даамал.
Энд дурдсан эмчийн магадлагаа, холбогдох байгууллагын тодорхойлолтыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтийн хамт санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлэх шаардлагатай. Үүний дараа холбогдох материалыг шалгаж үзээд зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчийн саналыг тухайн санал авах байрын хоёроос доошгүй төлөөлөл гишүүн оршин байгаа газарт нь очиж авна.
Иймд таны хувьд холбогдох нөхцөлийг хангасан тохиолдолд санал авах өдрийн өмнөх өдөр 09.00-20.00 цагийн хооронд зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх боломжтой байна.
Өдрийн мэнд.
Сонгуулийн хуулийн 128.12-д зааснаар Сонгуулийн төв байгууллага нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гаргаснаас хойш ажлын гурван өдрийн дотор нийт нэр дэвшигчийн нэрийн жагсаалтыг тойрог болон улсын хэмжээнд нэгтгэж, нийтэд мэдээлнэ.
Сонгуулийн Ерөнхий Хорооны даргын 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/11 тоот захирамжаар Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуульд нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах, нягтлан шалгах Ажлын хэсгийг байгуулсан. Уг Ажлын хэсэг 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 5 дугаар сарын 30-ны өдрийг дуустал нам, эвслийн нэр дэвшигчдийн баримт бичгийг, 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 6 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд бие даан нэрээ дэвшүүлэгчдийн баримт бичгийг хүлээн авна. Эхний ээлжинд нэр дэвшигчдийн баримт бичгийг баримтын дагуу бүрдэлээр нь хүлээн авна. Ийнхүү хүлээн авснаас хойш нягтлан шалгах ажлыг гүйцэтгэх юм.
Иймд та Сонгуулийн ерөнхий хорооны http://gec.gov.mn цахим хуудаснаас нэр дэвшигчийн нэрийн нэгдсэн жагсаалтыг нийтэд мэдээлсний дараа үзэх боломжтой болох юм.
Энэхүү жагсаалтыг 2016.6.09- ний дотор нийтэд мэдээлэхээр байгаа юм.
Сонгуулийн хуулийн 75.1-д зааснаар нэр дэвшигчийн сонгуулийн штабын бүрэлдэхүүнд нэр дэвшигчээс гадна түүний менежер, шадар туслагч, ухуулагч хамаарна.
Мөн хуулийн 75.2-д зааснаар нэр дэвшигч өөрийн итгэмжлэл олгосон нэг менежертэй байх ба шадар туслагч 500 сонгогч тутамд нэгээс илүүгүй, ухуулагч 200 сонгогч тутамд нэгээс илүүгүй байна.
Эдгээр штабын бүрэлдэхүүнд орсон хүмүүст үнэмлэхийг аймаг, дүүргийн сонгуулийн хороо, орон нутгийн хурлын сонгуулиар тухайн шатны аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо тус тус олгоно.
Ийм үнэмлэх аваагүй ажилтныг штабын ажилтан гэж үзэхгүй. Нөгөө талаар үнэмлэх аваагүй хүнээр ажил гүйцэтгүүлж болохгүй гэж үзэж болох юм.
Сонгуулийн штаб нь сонгуулийн сурталчилгааг эрхлэн явуулах үндсэн чиг үүрэгтэй ажиллана. Иймд ажилтны эрх, үү рэг нь сонгуулийн сурталчилгаатай холбоотой зохицуулалттай салшгүй холбоотой байх юм.
Ухуулах байр ажиллуулахад тавигдах ямар нэгэн шаардлагыг хуульд тусгаагүй. энэ нь ухуулах байранд явагдах үйл ажиллагааны хэлбэрт хамаарахгүй юм. өөрөөр хэлбэл ухуулах байрны байршил, хэмжээ зэрэгт тодорхой заасан шаардлага байхгүй юм. харин уг ухуулах байранд явагдах үйл ажиллагаа нь сонгуулийн хуулиар зөвшөөрөгдсөн хэлбэрээр явагдах ёстой юм.
Ухуулах байртай холбоотой хориглосон шинжтэй нэг зохицуулалт байгаа нь сонгуулийн сурталчилгааны зурагт самбарыг ухуулах байрнаас өөр байшин барилга байгууламжид байрлуулахыг хориглосон байна. Сонгуулийн хуулийн 78.5 дахь хэсэг.
Ухуулах байранд явагдах үйл ажиллагааг дараах зүйлээр зааж өгсөн байна.
81 дүгээр зүйл. Ухуулах байр ажиллуулах
81.1.Нэр дэвшигч болон нам, эвсэл, тэдгээрийн сонгуулийн штаб нь сонгуулийн хэсэг бүрд хоёроос илүүгүй ухуулах байр ажиллуулна.
81.2.Нэр дэвшигч болон түүнийг нэр дэвшүүлсэн нам, эвслийн ухуулах байр нь хамт байна.
81.3.Ухуулах байрыг доор дурдсан зорилгоор ажиллуулна:
81.3.1.сонгуулийн мөрийн хөтөлбөрийг тайлбарлах, танилцуулах;
81.3.2.сонгуулийн сурталчилгааны материалыг сонгогчдод тараах;
81.3.3.уулзалт, хурал зохион байгуулах.
Өглөөний мэнд.
Шинээр буюу 2016.05.13-ы өдөр батлагдсан "Хууль сахиулах ажиллагааны тухай" хуулиар Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил гаргасан этгээдэд хариуцлага ноогдуулах эрх бүхий субъектын талаар зохицуулсан. Тодруулбал, тус хуулийн 6-р бүлэгт "Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны нийтлэг үндэслэл"-ийг хуульчилсан байна. Энд зөрчлийг хянан шалгах этгээдийг тодорхойлсон байна.
Асуултын хариулт:
Сонгуулийн тухай хуулийн 77.13-т зааснаар Улсын Их Хурлын гишүүн нэр дэвшиж байгаа тохиолдолд түүний хийсэн ажлын тайлан сонгуулийн сурталчилгааны материалын хэмжээнд тооцогдохгүй. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүний ажлын тайлантай холбоотой материалыг сонгуулийн сурталчилгаанд хамаарахгүй гэж үзэж болохоор байна.
Энэ нь дахин нэр дэвшиж буй УИХ-ын гишүүнд давуу байдал олгож болох юм.
Гэхдээ хэр давуу байдал болох нь тухайн нэр дэвшигч УИХ-ын гишүүний ажлын тайлангийн агуулгаас хамаарах болов уу.