Залуучууд сонгуулийн үйл явцыг амжилттай ажиглалаа

Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээний 206 ажиглагч 2020 оны 6-р сарын 24-ний өдөр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн cанал хураах, тоолох, дүнг гаргах үйл явц болон хяналтын тооллого хийх хэсгийн хороодыг сонгох, тооллогыг хийх үйл явц Сонгуулийн тухай хуулийн дагуу явагдаж буй эсэхэд хяналт тавьлаа. Ажиглагчдыг зохион байгуулах, мэдээллийг нэгтгэх, шаардлагатай үед шуурхай арга хэмжээ авах үүрэгтэй 26 багийн ахлагч, зохицуулагч мөн сонгуулийн өдөр 24 цагийн турш тасралтгүй ажиллав.

Улаанбаатар хотод 451 хэсгийн хороо ажилласнаас 99 хэсгийн хороо буюу 21,9 хувь нь ажиглалтад  хамрагдсанаас гадна 5 аймагт 13 хэсэгт иргэний нийгмийн ажиглагчид ажиллаж нийт 112 хэсгийн хороог хамруулан хяналт тавилаа.  

206 ажиглагчийн ирүүлсэн мэдээллийг нэгтгэн үзвэл 2020 оны Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал хураах, тоолох, дүнг гаргах үйл явц хуулийн хүрээнд явагдсан ба сонгуулийн дүнд нөлөөлөхүйц ноцтой зөрчил гарааагүй гэж дүгнэж байна. Ажиглалт хийсэн хэсгийн хороод дээр зохион байгуулалтын болон тохиолдлын чанартай зарим зөрчлүүд гарсан ч энэ нь санал тооллогын дүнд сөрөг нөлөө үзүүлээгүй байна.

Санал авах байр, орчин:

Санал авах байрны орчин, дотоод зохион байгуулалт, аюулгүй байдал сайн хангагдсан байсан боловч хэсгийн хороодын зохион байгуулалттай холбоотой дараах нийтлэг дутагдлууд ажиглагдсан:

  • 113 хэсгийн хороодын 22.1% буюу 25 хэсгийн хороонд ажиглагч үзэгдэх орчныг багана халхалсан байрлалд суух¸ хэт шахцалдах, дэлгэцнээс хэтэрхий хол суулгах, сандал ширээ хүрэлцээгүй байсан зэргээс шалтгаалж, санал хураах үйл явцыг бүрэн ажиглах боломж бүрдээгүй.
  • Нийт 41 хэсэгт буюу 36,3% тэргэнцэртэй болон тулгуур эрхтэний бэрхшээлтэй, өндөр настан зэрэг сонгогчдод зориулсан налуу зам байгаагүйн дээр хэт өндөр довжоотой, нарийн хаалгатай, барилгын Б1 давхарт эсвэл 2 давхарт байрласан зэрэг хүртээмжгүй байжээ.
  • Санал авах байрны 33-т нь буюу 29,2%-д нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан, тэргэнцэртэй хүн суухад тохиромжтой нэгээс доошгүй санал бэлтгэх бүхээгийг тусгайлан тоноглож бэлтгээгүй.
  • 51 хэсэгт буюу 45.1% буюу сонсголын болон харааны бэрхшээлтэй иргэн саналаа өгөх нөхцөлөөр хангагдаагүй байсан нь өмнөх жилүүдээс нөхцөл байдал сайжраагүй хэвээр байгааг харуулж байна.

Санал хураах үйл явц:

Санал хураах үйл явц ерөнхийдөө хэвийн саадгүй үргэлжилсэн боловч хэсгийн хорооны зай талбай хэт жижигхэн, сонгогч саналын хуудас бөглөх, саналаа уншуулах талаа мэдлэггүй байснаас болж дараах нийтлэг зөрчил гарсан байна.

  • Нийт хэсгийн 26,1% -д нь саналын нууцлал алдагдах нөхцөл үүссэн. Саналын хуудсыг уншуулахдаа зориулалтын хавтсанд хийгээгүй, санал амжилттай уншигдлаа гэсэн бичиг гарахаас өмнө санал байрнаас гарсан учир буцааж дуудах, зарим ахмад настан зэрэг хүмүүс яаж уншуулахаа мэдэхгүй байснаас арын хүн саналыг нь уншуулж өгөх гэх мэт зөрчил гарав.
  • 39,4% -нь хэсгийн хорооны зай талбай хэт жижиг байснаас мэдээллийн технологийн даамал санал уншуулах төхөөрөмжтэй хэт ойр байрласан буюу саналын нууцлал алдагдах нөхцөл үүссэн. Иргэний нийгмийн ажиглагчдын зүгээс хэсгийн хорооны ажилтнуудад энэ талаар сануулж анхааруулах арга хэмжээ тухай бүр авсан.
  • 8,9%-д нь сонгогчын хурууны хээ таниагүй тохиолдол гарсан ч регистрийн дугаараар бүртгэж саналыг өгүүлсэн.
  • Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нийт 6 хэсэгт сонгогчийн нэрийн жагсаалттай холбоотой 4 ам бүлтэй нэг айлын хаяг дээр 20 гаруй хүн бүртгэсэн тохиолдол гарсан. Мөн үүнтэй ижил нэг хаяг дээр 5 танихгүй хүн нэмж бүртгэсэн зэрэг тохиолдол 2-3 удаа гарсан байна.

Санал тоолох үйл явц:

Санал тоолох үйл явцыг төрийн бус байгууллагын 112 ажиглагч биечлэн ажигласан бөгөөд ажиглагчдын 80,4% санал тоолох үйл ажиллагааг бүхэлд нь саадгүй ажиглах бололцоотой байсан гэж дүгнэжээ. Ажиглагчдын мэдээллээс үзвэл санал тоолох үйл явцад ноцтой зөрчил дутагдал гараагүй бөгөөд нээлттэй, ил тод явагдсан байна. Зарим хэсэгт манай ажиглагчийн бэлдсэн CD дээр зурган файлыг өгөөгүй гэх мэт цөөн тооны зөрчил гарсан.

Хяналтын тооллого:

Улаанбаатар хотын 99 хэсгийн хорооны 1/3 хувь буюу 31 хэсэгт хяналтын тооллогын үйл ажиллагааг ажигласан. Орон нутагт 5 хэсэг дэх хяналтын тооллогын явцыг бүрэн ажиглав. Зарим хэсэгт хяналтын тооллого хийх процесс хэт удаан үргэлжилсэн ба энэ алдаж тоолоод дахин эхэлсэн, хэсгийн хороод хяналтын тооллого явуулах тодорхой аргачлалгүй байсан зэргээс шалтгаалан сүүлийн ажиглагч 6-р сарын 25-ны өглөөний 11:00 цагт ажиглалтаас бууж зарим хэсэг тасралтгүй 28 цаг хөндлөнгийн ажиглалт үргэлжиллээ.

Ажиглалт хийхэд учирсан хүндрэл бэрхшээл:

Иргэний нийгмийн ажиглалт нь сонгуулийн санал авах өдрийн бүхий л үйл явцад хөндлөнгийн мэдээллийг цуглуулж, нэгтгэдэг арга зүйтэй юм. Гэтэл нийслэлийн 6 дүүргийн 27 хэсэгт иргэний нийгмийн ажиглагч нарыг намын ажиглагч нартай 2 цагаар ээлжлүүлэх шийдвэр гаргасан.  Үүнийг эсэргүүцсэн шаардлагыг СЕХ болон хорооны дарга, гишүүдэд хандан удаа дараа гаргасан боловч бидний хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгсөн. Бидний зүгээс сонгуулийн өмнөх хоёр өдрийн турш хэсгийн хороо тус бүрт албан хүсэлт илгээж, тойргийн хороодод гомдол гарган ажилласны үр дүнд 20 хэсэгт бүрэн ажиглалт хийх боломжтой болсон ч Чингэлтэй дүүргийн 4, Хан-Уул дүүргийн 3 хэсэгт санал авах үйл явцыг бүрэн ажиглах боломжгүй байлаа. Эдгээр хэсгүүдэд ажиглагчид маань санал авах ажиллагааны нээлт хэсэгт бүрэн оролцож чадсан. Түүнчлэн Баянгол дүүргийн 9,53,6,21,11,7-р хэсгүүд УИХ-ын сонгуулийн тухай хуулиар олгогдсон ажиглагчдын эрхийг зөрчин гар утсыг хураан авснаас сонгуулийн үйл явцын талаар мэдээлэл шуурхай хүлээн авах боломжгүй болсон.

Энэхүү хөндлөнгийн, хараат бус ажиглалтын үйл ажиллагааг Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээний гишүүн Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ болон Бодлогод залуусын хяналт ТББ ууд хамтран зохион байгуулж залуучуудаа манлайлан ажиллалаа. 

Сонгууль