Хэвлэл мэдээллийн мониторингийн 2 дугаар шатны дүн

“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ”-ний гишүүн байгууллага болох Глоб Интернэшнл ТББ нь УИХ—ын 2012 оны сонгуулийн сурталчилгаанд хэвлэл мэдээллийн мониторинг хийж УИХ-ын сонгуулийн тухай хууль болон СЕХ, Харилцаа Холбооны Зохицуулах Хороо (ХХЗХ)-оос хамтран баталсан журмын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

6 дугаар сарын 06-27-ны өдрийг дуустал үргэлжлэх 3 үе шаттай хийгдэж буй судалгааны 2 дугаар шатны дүн болох 6 дугаар сарын 12-19-ний хооронд хийгдсэн судалгааны дүн гарлаа.Үүнд:

1.    Судалгааны хугацаанд 5 телевизийн 711 цаг 47 минут 25 секундын нэвтрүүлэгт мониторинг хийснээс 102 цаг 55 минут 24 секунд нь сонгуультай холбоотой мэдээлэл байв.

МҮОНТ-ийн сонгуулийн сурталчилгааны 22%-ийг АН, 20%-ийг МАН-ын мэдээлэл эзэлсэн байна. Эхний шатны дүнтэй харьцуулахад 34%-ийг эзэлж байсан МАН-ын мэдээлэл буурсан хандлага ажиглагдаж байгаа юм. Харин бусад телевизүүдийн нийт дүнгээс харахад МАН-ын тухай мэдээлэл дунджаар 42%-иар давамгайлж байв.

 Бүх телевиз дээр эерэг өнгө аястай мэдээлэл давамгайлсаар байна. МҮОНТ-ийн мэдээллийн 78% нь эерэг хандлагатай байсан бол сөрөг мэдээлэл 0% байв. Бусад телевизүүдийн мэдээллийн 80-аас дээш хувь нь эерэг хандлагатай байна. ТВ9 телевиз дээр Шударга ёс эвслийн мэдээлэлд эерэг өнгө аяс давамгайлж байгаа бол бусад бүх телевизийн эерэг аястай мэдээлэл дээр МАН давамгайлж байна. Энэ нь нам эвсэл, нэр дэвшигчийг хэтэрхий дэмжсэн агуулгатай байгаа нь харагдаж байгаа юм. Харин сөрөг хандлагатай мэдээлэл эхний шатны дүнтэй харьцуулахад өсөх хандлагатай байна. МҮОНТ, 25-р суваг телевиз, ТВ9 телевизийн сөрөг сурталчилгааны цагийг МАН тухай мэдээлэл эзэлж байна. Харин ТВ5, UBS телевиз дээр АН-ын талаарх сөрөг сурталчилгаа давамгайлжээ.

2.    Хуульд заасан 2 цагийг хэтрүүлсэн хандлага ажиглагдаж байна. Судалгаанд хамрагдсан 4 телевиз бүгд цагаа хэтрүүлсэн байна. Үүнд TV9 телевиз 2 цаг 2 минут 56 секунд хэтрүүлсэн нь хамгийн их цагийг эзэлж байна. Бусад телевизүүд 9 -15 минутаар хэтрүүлжээ.

3. Сонгогчдын боловсролд зориулсан нэвтрүүлгийн цаг нь 1 дүгээр шатны дүнтэй харьцуулахад бүх телевиз дээр өссөн хандлагатай байна.

МҮОНТ-ээр 5 цаг 24 минут 21 секундын сонгогчдын боловсролд зориулсан нэвтрүүлэг цацжээ. Эхний шатны дүнтэй харьцуулахад 2,7 дахин өссөн байна. Харин бусад телевизүүдээр хамгийн их нь ТВ5 телевиз 1 цаг 13 минут 30 секундыг сонгогчдын боловсролд зориулжээ.

4.    Далд сурталчилгаа явуулсан эсэхэд хяналт тавихад  МҮОНТ 4 цаг 22 минут 59 секундын далд сурталчилгаа явуулжээ. Харин бусад телевизүүдээс хамгийн өндөр нь ТВ9 телевизийн далд сурталчилгаа байлаа. Энэ нь 8 цаг 10 минут 33 секундыг эзэлжээ.

5. Телевизүүдийн мэдээний хөтөлбөрт сонгуулийн сурталчилгаа давамгайлсан нь харагдаж байна. МҮОНТ-ийн мэдээний хөтөлбөрөөр нийт 3 цаг 55 минут 49 секундын далд сурталчилгааны шинжийг агуулсан мэдээлэл илэрчээ. Бусад  телевизүүдийн хувьд ТВ9 телевиз хамгийн өндөр буюу 7 цаг 13 минут 27 секундын далд хэлбэрийн сурталчилгаа явуулжээ. Харин UBS телевизийн мэдээний хөтөлбөрөөр хамгийн бага далд сурталчилгааны шинжийг агуулсан мэдээлэл илэрсэн нь 39 секунд байлаа.

ГЛОБ ИНТЕРНЭШНЛ ТББ

Мониторингийн 2-р шатны тайланг эндээс үзнэ үү

ХавсралтХэмжээ
PDF icon Media_Monitoring_Report_Part_2.pdf447.59 KB

Сонгууль