Сонгуулийн тойргийн хорооны бүрэлдэхүүний байдалд хийсэн дүн шинжилгээ

Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн хуулинд зааснаар, “Сонгуулийн ерөнхий хороо санал авах өдрөөс 40-өөс доошгүй хоногийн өмнө тойргийн хороог дарга, нарийн бичгийн дарга, 9 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, улсын хэмжээнд нийтэд мэдээлэх” үүрэгтэй. 

Хуулинд заасан дээрх хугацаанд багтаан УИХ-аас сонгууль явуулахаар товлосон 6-р сарын 29-нөөс 40 хоногийн өмнө буюу 2008 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ) нь УИХ- ын 2008 оны Сонгуулийн тойргийн хорооны бүрэлдэхүүнийг баталж нийтэд танилцуулсан. Үүнд  26 тойргийн хороо тус бүрийн бүрэлдэхүүнд орсон хүмүүсийн овог нэр, нас, хүйс, эрхэлж буй албан тушаал, мэргэжил боловсрол, нам эвслийн харъяалал, тойргийн хороонд ажиллах албан тушаалыг мэдээлсэн байна.

(тойргийн хорооны бүрэлдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://www.gec.gov.mn/ -с үзнэ үү)

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 14.3.3-5 заалтад үндэслэн СЕХ-ны баталсан сонгуулийн хороодын бүрэлдэхүүний байдалд хийсэн дүн шинжилгээг энд толилуулж байна. 

Тойргийн хорооны гишүүдийн намын харьяаллын байдал
 

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 14.3.3-т “ тойргийн хорооны бүрэлдэхүүнд сонгуульд оролцогч аль нэг нам эвслийн төлөөлөл давамгайлахыг хязгаарлана,”  14.3.4-т “тойргийн хорооны дарга, нарийн бичгийн дарга нэг намын гишүүн байхыг хориглоно” гэж заасан. Хуулийн энэ заалтын зорилго нь тойргийн хорооны бүрэлдэхүүнд сонгуульд оролцож буй нам эвслийн төлөөллийг тэгш оруулснаар сонгуулийн явцад тойргийн хороодын үйл ажиллагаанд дотоод хяналтыг бий болгоход оршино.  Энэхүү хяналт нь сонгуулийн үр дүнд  хөндлөнгөөс хууль бусаар нөлөөлөхөөс сэргийлж, сонгуулийн үйл явцад  итгэх оролцогч талуудын итгэлийг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй гэж үздэг. 

2008 оны сонгуульд 12 улстөрийн нам, нэг эвсэл оролцох хүсэлтээ илэрхийлэн СЕХ-ноос сонгуульд оролцох батламжаа гардан аваад байгаа билээ. Эдгээр нам эвслийн төлөөлөл хороодын бүрэлдэхүүнд аль болох тэгш төлөөлөлтэй оролцох нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дээр дурдсан заалтуудын үзэл санаанд нийцэх юм.

Тойргийн хорооныг бүрэлдэхүүнийг намын харъяалалаар нь авч үзвэл 26 тойрогт ажиллах нийт 286 хүний 33% нь МАХН-ын, 34% нь АН-ын, 25.5% нь бусад зургаан нам эвслээс, харин 7% нь нам бус хүн байна. (Зураг 1)

26 тойргийн хороодын бүрэлдэхүүний намын харьяалал 

Нийт 26 тойргийн дарга, нарийн бичгийн дарга нарын намын харъяаллыг авч үзвэл зөвхөн 16-р тойргоос бусад тойрогт МАХН, АН-ны гишүүд томилогдон ажиллаж байна.

   МАХН АН Нам бус  Нийт
Тойргийн хорооны дарга  18 7 1  26
Тойргийн хорооны нарийн бичгийн дарга  7  19 -  26


Тойргийн хороодын бүрэлдэхүүнд нэг намын төлөөлөл олонхи болсон буюу хорооны 11 гишүүний 6 юмуу түүнээс дээш тооны гишүүд нь нэг нам, эвсэлд харьяалагдах зөрчил гараагүй. Гэвч тойргийн хорооны нийт бүрэлдэхүүнийг ерөнхийд нь авч үзвэл эрх баригч 2 намын төлөөлөл давамгайлсан (67%) байдалтай байна. Ихэнх тойрогт МАХН болон АН–ын тус бүр 3-4 хүнээ оруулаад байгаа ба бусад нам, эвслээс төлөөлөл орж чадсан бол тэр нь зөвхөн нэг л хүн байна.  МАХН, АН-аас 4-5 хүн томилогдож хэд хэдэн тойргийн хорооны бүрэлдэхүүний бүтцэд харьцангуй давамгайлсан байдал түгээмэл байна. Тухайлбал АН 3 тойрогт, МАХН 1 тойрогт бус бүр 5 гишүүнээ оруулжээ.

Намууд ТХ-ны бүрэлдэхүүнд орсон нийт гишүүдийн тоо Нийт хэдэн тойрогт төлөөллөө оруулсан тоо
МАХН 93 26
АН 100 26
ИЗН 20 20
Эх орон нам 16 16
ҮШН 13 13
Иргэний эвсэл 10 10
БНН 11 10
МУНН 3 3
Нам бус 20 1


Сонгуулийн 26 тойргийн хорооноос 15-ынх нь бүрэлдэхүүнд нам бус 20 хүн багтсан.  УИХ-ын сонгуулийн тухай хуульд тойргийн хорооны бүрэлдэхүүнд нам бус хүн томилж болох эсэх, хэрэв болох бол ямар шалгуураар, хэн санал болгон оруулах тухай заалт одоогоор байхгүй.

Тойргийн хорооны бүрэлдэхүүнд “нам бус” хүн томилогдон ажиллах боломж нээлттэй байх нь нэг талаас иргэний нийгмийн төлөөлөл энэ бүрэлдэхүүнд  багтаж дотоод хяналтыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах нөхцөл бүрдэх сайн талтай.  Гэвч нөгөөтэйгүүр хэн, ямар шалгуураар “нам бус” хүнийг санал болгон томилох тухай тодорхой зохицуулалт хуулинд байхгүй нөхцөлд аль нэг нам эвсэл Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь олонхийн байр суурь, давуу талаа ашиглан өөрийн эрх ашигт үйлчлэх хүнийг тойргийн хорооны бүрэлдэхүүнд оруулахгүй гэх баталгаагүй байна.  

Жишээ нь, 10-р тойрогт өмнө нь МАХН-ы гишүүн байгаад ерөнхий аудиторын үүрэгт ажилд томилогдохдоо намын гишүүнээсээ түдгэлзсэн хүн “нам бус” гэсэн тодотголтой тойргийн хорооны бүрэлдэхүүнд орсон байна.  Ховд аймагт мөн аймгийн ерөнхий аудитор нь тойргийн хорооны даргаар томилогдон ажиллаж буй бөгөөд өмнөх жишээнд өгүүлсэнтэй адил шалтгаанаар МАХН-ы гишүүнээс түдгэлзсэн, 2004 онд МАХН-аас нэр дэвшин Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд оролцож байсан хүн байна.

Энэ нь УИХ-ын сонгуулийн хуулийн сонгуулийн үйл явц ил тод байх, түүний дотор сонгуулийн хороодын үйл ажиллагаа нь ил тод, хяналттай байх тухай үзэл санаатай зөрчилдөж байна.

Тойргийн хороодын бүрэлдэхүүн ба улстөрийн албан тушаал

Сонгуулийн хуулийн 14.3.5-д “сонгуулийн хороодын бүрэлдэхүүнд улс төрийн албан тушаалтан оруулах хориглох” заалт байдаг. Хороодын дарга, нарын бичгийн дарга, гишүүдийн 71 хувь буюу 203 хүн төрийн байгууллагад, 9 хувь буюу 25 хүн төрийн бус байгууллагад, 20 хувь буюу 58 хүн хувийн хэвшилд ажиллаж байна. Төрийн байгууллагад ажиллаж буй 203 хүний эрхэлж буй ажлыг үзэхэд Төрийн албаны хуулийн 6-р зүйлд заасан төрийн албаны улс төрийн албан тушаалыг хашиж байгаа хүн байхгүй байлаа.

Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээний гишүүн
Хүний эрх хөгжил төв

Сонгууль