Сонгуулийн сурталчилгааны хугацаанд МҮОНТ болон өргөн нэвтрүүлгийн 4 телевизид мониторинг хийнэ


Сүлжээний гишүүн Глоб Интернэшнл төв нь УИХ-ын 2024 оны сонгуулийн сурталчилгаанд телевизийн мониторинг хийж Сонгуулийн тухай хууль болон холбогдох журмын хэрэгжилтэд хяналт тавин ажиллана.

Мониторингийн зорилго нь 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслийн гүйцэтгэх үүргийг сайжруулах, иргэд, сонгогчдыг сонгуульд үнэн бодит мэдээлэлтэйгээр оролцоход нь хувь нэмэр оруулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулж буй сурталчилгааны тэгш, тэнцвэрт байдал хэрхэн хангагдаж буйг олон нийтэд ойлгуулах, далд сурталчилгааг илрүүлэх, Сонгуулийн тухай хууль болон ХХЗХ-ны саналыг үндэслэн СЕХ-ны баталсан “Радио телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх,  хяналт тавих, радио телевизийг бүртгэх, бүртгэхээс татгалзах журам”-ын хэрэгжилтэд хяналт тавих явдал юм. 

2024 оны УИХ-ын сонгуулийн үеэрх телевизийн мониторингд  МҮОНТ, ТV9, NTV, Ийгл Ньюс, Mongol HD гэсэн 5 телевизийг хамруулна. Дээрх телевизүүдийг сонгохдоо Хэвлэлийн хүрээлэн, Эм Эм Си Жи /ММCG/ Үндэсний судалгааны компаны 2023 оны судалгаанд суурилж, олон нийтийн санхүүжилт ашигладаг, хамгийн хүртээмжтэй, орон даяар цацагддаг, агаарын долгион ашигладаг, үзэгчдийн тоо, рейтинг өндөр, цаг үеийн мэдээний хөтөлбөр нэвтрүүлдэг, зах зээлд 4-өөс дээш жил оршин тогтносон зэрэг шалгуурыг үндэслэв.

Судалгааны үр дүнд телевизүүдийн сонгуулийн тухай мэдээлэлд зарцуулсан цаг, төлбөртэй сурталчилгааны цаг, мэдээллийн агуулга, далд сурталчилгаа нэвтрүүлсэн байдал, сонгогчдын боловсролд зарцуулсан цаг хугацаа, нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдэд оногдсон цаг, мэдээллийн өнгө аяс зэргийг тодорхойлох юм. 

Мониторинг сонгуулийн албан ёсны сурталчилгаа эхэлсэн өдрөөс санал хурааж дуусах хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэнэ. 

Б.Онон

Сонгууль