Сонгуулийн сурталчилгааны үргэлжлэл буюу уриа лоозон, клип, дуу...

Сонгуулийн сурталчилгаа гэдэг бол тэр чигээрээ амлалт. Энэ удаад намууд бэлэн мөнгөнийхөөс дутахгүй том амлалтуудыг цацжээ. 300, 400, 500 мянган айлын орон сууц, татвараас чөлөөлөх, 10 мянган үйлдвэр байгуулах, “ач санах” хууль, тэтгэврийн зөрүүг арилгах, гэр хорооллыг дэд бүтцэд холбох нь тус бүрдээ тэрбум тэрбумын өртөгтэй. Метро ашиглалтанд оруулаад (хэдэн зуун тэрбум!) зогсохгүй “та хэдэн төгрөгөөр зорчих вэ?” гэж санал асууж саймширсан нам бий. Сонгогчид үнэгүй зорчихоос буцахгүй тул дахиад хэдэн тэрбум. Харин ч 2008 оны сонгуулийн амлалтууд тов тодорхой тоо учраас хариуцлага асуух боломжтой юмсан. Ардын нам (тэр үеийн МАХН) хөнжил дотроос нь хорлонтойгоор босч гүйсэн АН-ын үлдээсэн нэг саяыг нэмсний ачаар 1,5 сая гэсэн тоонд арайхийж хүргэсэн амлалтын мөнгөө 6-р сарын 28-наас өмнө өгч харагдах гээд үйлээ үзэж байгаа. Чадахгүй бол унана.Ийм хүнд үед МАН-ын 220 мянган гишүүн өөрсөддөө ногдох мөнгөнөөсөө татгалзаж намаа авраасай билээ.

Намуудын мөрийн хөтөлбөр гэж СЕХ-нд үзүүлээд дуусдаг дэмий цаас байна. Уг нь авлига авна, олигарх болно, нутгаа зарна, ядууруулна, хуйвалдана, нураана гэсэн үг өгүүлбэр тэнд байхгүй. Гэхдээ түүнийг судалж суудаг гэнэн сонгогч нэг ч үгүй. “Манай намынх хамгийн сайн” гэж дуугардаг сонгогч хүртэл уншаагүй, зүгээр л намдаа хайртай учраас тэгэж хэлдэг. МАН-ын мөрийн хөтөлбөрийг хураангуйлсан “Би үлдэнэ” анимэйшн хүртэл залхуутай.

Сонгууль бол сүртэй үгсийн шоу. Ардын нам “Иргэдэд тэгш боломж, нийгэмд шударга ёс”, Ардчилсан нам “Хүн шиг амьдарч, улс шиг хөгжье” мэт телевиз, сонин, гудамжны самбараар балбаад сонгогчдын толгойг мушгих ганц зорилготой уриа лоозонгоор эхэлсэн. Пиарын мэргэжилтнүүд анх солиод өгчихсөн бол одоо АН-ынхан “шударга ёс” гээд авч өгөх байлаа. Сайхан амьдарцгаая гэсэн ганцхан уриаг Монголдоо, эх орондоо, нутагтаа, нийслэлд, 100 айлд, Сүхбаатар аймагтаа гэсэн хувилбартайгаар өөр өөр намууд ашиглаж болоод байна.

Харин одоо дараачийн ээлжийн илүү тодорхой уриа, тэдгээрийг дүрсжүүлсэн клипүүд гарч ирлээ. МАН-ын “Бүтээснээсээ ихийг бүтээнэ” гурван үг утга төгөлдөр. Өөр ямар ч нам үүнийг хэлж чадахгүй. Бас сүүлийн хэдхэн хоногт гудамжаар ярайсан “Зугтаж биш зүтгэж, үгүйсгэж биш бүтээж” гэсэн аварга том самбарууд хамтарсан засгийг хаяад арилж өгсөн Ардчилсан намд маш эвгүй тусч байгаа. (Цаадуул нь “гадаадад байгаа монголчуудыг эх орноосоо зугатсан болгож доромжиллоо” хэмээн саармагжуулахыг оролдож эхэлсэн ч  тийм биш). Ханилж яваад нөхрөө, Түгжил, бусдыг аахилуулаад өөрөө таахалздаг агуулгатай клипүүд араас нь гарч ирлээ.

Тэгвэл АН-ынхны гол уриа – “Олуулаа” үнэхээр хүчтэй. Дагаад “Олуулаа хөгжих үү, цөөхүүл хөлжих үү?” уриа хурц, бүр дэндүү хурц, харин цааш нь задалбал өөрсдөө ч өртөх аюултай тул оронд нь “Дандаа ингэж явахгүй байлгүй дээ”, “Удахгүй цаг өөр болно” гэхчлэн сонгогчдыг гэгэлзүүлж байгаад ”Олуулаа ялсан онцгой наадам” руу залж байна. “Намайг Амараа гэдэг” дайчин клип энэ сонгуульд шинэ хувилбараар үргэлжиллээ. Харин өөдөөс нь МАН-ын зүгээс “Намайг Амараа гэдэг… за за, миний хэн байх нь хамаагүй” сөрөг клип хийсэн ч телевизээр ганц удаа үзүүлээд өнгөрчээ.Хулхи төдийгүй хэт нуршуу учраас тэр биз.

Сонгуулийн сурталчилгааны дунд хавьд хэд хоног дуугаар үзэлцлээ. Өнгөрсөн сонгуулиар монголын хамаг оддыг элсүүлсэн МАН-ын “Өглөө шиг эх орон” (ая Ц.Балхжав, үг Ш.Гүрбазар) дуунаас намын нэр, тэмдгийг хасаад саяхан болтол цацдаг байсан. Тэгвэл 2012 оны сонгуульд зориулж Ардын намаас “Бид бүгд нэг Монгол” дууны клипэнд Төрийн ордон, Чингэсийн хөшөө, төрийн хүндэт харуулыг дайчилж, Лхагвасүрэн, BX, Болд, Сарантуяа, Эмоушн, Төмөрбаатар, Амархүү, Чинбат, Ариунаа, Отгонжаргал, Жаргалсайханыг дуулуулсан (өөр үлдсэн дуучин бий уу?), эртний Монголд ах дүү хоёр алалцах шахаад эвлэрснийг харуулсан үйл явдалтай хэрнээ өмнөхдөө хүрсэнгүй. Харин “Монголоороо байгаасай” (хэрэв дэлгэцэн дээрхийг би зөв харсан бол, үг Цогжилт, С.Амармандах, ая Баян гэжээ) клип таалагдлаа. Дуучин Б.Дашдондог цуурайтуулж, “Хар сарнай”-н Б.Амармандах дэвхцсэнээс илүүтэй монгол дээл өмссөн бяцхан жаал, охидын түрсэн давталтын ая дэндүү сайхан.

Ардчилсан нам өмнөөс нь шинэ үеийнхний “Өнө мөнх эх орон” дууны клипийг сөргүүлэн тавьжээ. Ая, үг нь МАН-ын сонгуулийн дууны их мастерууд гэж надад ойлгогддог Ц.Балхжав, Ш.Гүрбазар хоёрынх байгаа нь сонин. Дан залуучууд учраас сайхан клип болсон ч сэтгэлд үлдэхүйц аятай биш. Ардчилагчдын хоёр дахь дуу бол ”Халуун элгэн нутаг”. Монголын янз бүрийн аймаг сумынхнаар дуулуулж нэр ус, нутаг орныг бичсэн нь сонин. Даанч шинэ дуу биш. Ингээд Ардчилсан нам дуугаараа дийлдэх нь үү гэтэл “Хонхны дуу. Virtual version” гарч монголын фэйсбүүкчид хэмээх хэдэн залуу дуулж, бас өөр нэг хувилбарыг “Хонх”-ын Энхбаяр өөрөө оролцож дууллаа гэсэн. Хэдийд ч хэнийг ч эргүүлж чадах гайхалтай дуу.

Дуугүй намд найдлага үгүй.Хот хөдөө, гадаад дотоодыг багтаасан лут клип хэд хэдийг хийлгэж бүх сувгаар өдөр шөнөгүй цацуулж чадсан хоёр нам хамгийн олон суудал авна. 2008 онд “Өглөө шиг эх орон” дууны төсөв 300 саяас давсан гэдэг. Зөвхөн ганц дууны, зөвхөн  хийлгэх зардал. Тэгвэл 2012 оных бүр үнэтэй, мөнгөний ханш навс унаж, уран бүтээлчдийнх суга өссөн байх ёстой. Дуунаас гадна арван хэдэн сувгаар нүд эрээлжилтэл солигдож байгаа сурталчилгаа, төлбөртэй нэвтрүүлэг, ярилцлагуудын үнэ тэрбум тэрбум төгрөг болно. Сонгуулийн хувь заяаг мөнгө шийддэг гэж үүнийг хэлээд байгаа юм.
 

x        x        x
 

Өнгөрсөн дөрвөн жилд өөдгүй муу байсан улс төрчдийг огцруулах, бас онцгүй шинэ нөхдүүдийг замаас нь буцаах цорын ганц арга бол сонгууль учраас нэр дэвшигчдийг хатуу шалгах ёстой. Дөлгөөн далайд хэн ч хамаагүй залуурдана, харин хүчтэй шуурга, их давалгааг зөвхөн сайн далайчин гэтэлнэ. Эдийн засагч Д.Жаргалсайхан УИХ ба нийслэлд нэр дэвшигчдэд ноцтой асуултууд тавьсан билээ. Гагцхүү бүр тодорхой болгож тавих хэрэгтэй. Эс тэгвэл “тийм үү, яасан муухай юм бэ, би сонгогдвол үзүүлээд өгнө” гээд зальдаж мэдэх хүмүүс. Манай улс төрчид ичихгүй.

Тухайлбал, нийслэлд нэр дэвшигчдийг баталгаатай шалгах асуулт байна. Хачирхаж, бүр эсэргүүцэж магадгүй, гэхдээ эхнийх нь “Та Зайсанд амьдардаг уу?” Хэрвээ тийм бол таныг сонгохгүй! Дэлхийд хамгийн анхных байж магадгүй дархан цаазтай энэ ууланд зөвхөн аялал жуулчлал эрхлэх хуультай атал Байгаль орчны сайд байсан У.Барсболд, Г.Шийлэгдамба, И.Эрдэнэбаатар (Л.Гансүхийн тухайд сайн мэдэхгүй) нар зогсоо зайгүй газар олгож, хамгаалалтын захиргааны Д.Түмэнхүү гэгч нэмж хутган, нийслэлийн Засаг дарга асан М.Энхболд, Ц.Батбаяр, Т.Билэгт, Г.Мөнхбаяр нар ерөнхий төлөвлөгөөнд зурж баталгаажуулаад, хажуугаар нь Хан-Уул дүүргийн Засаг дарга асан Д.Загджав сэм хумсалсаар нийслэлийн сая хүний нүдэн дээр бүхэл бүтэн орон сууцны хорооллууд босчихоод байна. 2012 оны сонгуулийн сурталчилгаанаас харахад шударга бус явдлыг үл тэвчих, авлигачдыг үзэн ядахаараа уралдаж байгаа нэр дэвшигчид тэнд амьдрах бүү хэл Зайсангийн ам руу хараад бухимдсандаа… сонгуульд өрсөлдсөн байж таарна.

Зарим нь “бүгдээрээ энэ байрнуудад орж байгаа ш дээ” гэх биз. Харин бүгдээс илүү учраас нэр дэвшсэн баймаар. “Харин тийм, би аймаар үнэтэй авч шулуулсан, би энд миллиметр ч газар эзэмшдэггүй, маргааш эндээс нүүлээ” гээд даналзах хүн ч олдоно. Бас 28-наас өмнө Зайсанг цэвэрлэх аян зохиож, Зайсанг хамгаалах хууль санаачлах, У.Барсболд нарыг шоронд суулгахаа амлаж магадгүй. Хэрэггүй ээ. Бид таныг шалгачихлаа.

Дараачийн асуулт: Та Улаанбаатарт газар авсан уу? Нийслэлд газрыг зөвхөн төсөл сонгон шалгаруулалт ба дуудлага худалдаагаар олгох хууль дүрэмтэй. Тэгвэл та ямар төсөл оруулж аль компани, байгууллага, хувь хүмүүстэй өрсөлдөж, эсвэл ямар дуудлага худалдаагаар хэдэн  төгрөгөөр авсан билээ? Энэ асуултанд сурталчилгаан дээрээ шударга төр, хууль ёсыг дуудан цээжээ балбаж байгаа нэр дэвшигчид хариулж чадах ёстой.

Газрын тухай асуултыг хувь нэр дэвшигчээс гадна бүхэл бүтэн, тэр тусмаа эрх баригч намуудад тавихсан. Газар олгох нь зөвхөн нийслэл, бас дүүрэгт байдаг эрх мэдэл. Энэ утгаараа хотын дарга, түүнд хариуцлага тооцдог ИТХ хоёр Ерөнхий сайд, УИХ-аас ч илүү мэдэлтэй. Сүүлийн арваад жилийн хот төлөвлөлтийн дампуурал, дур зоргоороо газар булаалт тасралтгүй үргэлжилсэнд нийслэлд эрх барьсан МАН буруутай. Гэхдээ өнгөрсөн дөрвөн жилд нийслэлийн ИТХ-д Ардчилсан намаас арваад хүн суусныг мартах ёсгүй. Тэд энэ их муухайг зогсоох гэж үзэлцсэн баримт олдоогүй. Хэрвээ хүчин мөхөсдсөн бол хурал хаях, суулт хийх, иргэддээ хандах зэргээр тэмцсэн, ядахдаа дуу хоолойгоо гаргасан удаа байхгүй. Оронд нь бас зөвшилцөж Засаг даргын орлогчдын тоог гурваар нэмүүлж нэгийг нь хүртэнгүүтээ тэр газар олголтыг үг дуугүй баталсаар өдий хүрчээ. Шударга биш гэж гаслахаасаа өмнө тэр шударга бусыг зогсоохын тулд юу хийснээ өөрөөсөө асуу гэдэгсэн.

Дахин нэр дэвшсэн УИХ-ын гишүүдийн хувьд “тойргийн мөнгө”-ийг асуухсан. Гэтэл дөрвөн жилийн турш шударгаа гайхаад бараагүй гишүүд хүртэл энэ жил гэхэд тус тусын 3 тэрбумыг тойрогтоо эсгий гэр, зээл, ямар ч задаргаагүй төсөл, хөтөлбөр нэрээр тараалгаж өөртөө наагаад сурталчилгаандаа ашиглаж байна. Хуулиараа, энэ мөнгө зөвхөн хөрөнгө оруулалт байх ёстой.

Ямар ч нэр дэвшигчийг “унагаах” асуулт заавал олдоно. Үүнийг бодож олох, хариулахгүй бултвал нэхэж аваад сонгогчдод хүргэх нь хэвлэл мэдээллийн үүрэг. Үүний тулд дөрөвдэх засаглал, хэвлэлийн эрх чөлөө байдаг. Дайрлаа, гүтгэлээ гэж дүвчигнэж ч магадгүй. Гагцхүү давж гарсан нь УИХ-ын гишүүн, эсвэл нийслэлийн  Иргэдийн хурлын төлөөлөгч болсугай.
 

x        x        x
 

Ази тивийн цээж хавиас ардчиллаараа гайхуулсан сураг дуулддаг манай Монгол улсын 2012 оны парламентын сонгуулиар улс төрийн нам эвсэл, нэр дэвшигчид нь нүүр нүдээ харалцахгүй, халз тулахгүй өнгөрч байна. Татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг олон нийтийн телевиз цуврал мэтгэлцээн явуулсан ч намуудын төлөөллийг (бас бие даагчдыг тусад нь) хагас дугуйлж суулгаад нээх том сэдвүүдээр ээлж дараалан томоотой яриулаад өнгөрчээ. Арилжааны телевизүүдийн тухайд намууд өөрсдийг нь үг дуугүй сурталчлахаас өөр юманд мөнгө төлөхгүй учраас мэтгэлцээн зохион байгуулаагүй. Ганцхан “Ийгл”телевиз “Сонгуулийн хайрцаг” (Election Box) дотроо энэ үгийн утганд нэлээд ойртсон хэдэн хэлэлцүүлэг хийв. Хамгийн ойртсон нь 6-р сарын 18-нд болжээ.

Өмнөх дугааруудад нийслэлийн ИТХ-д нэр дэвшигчид оролцсон бол энэ удаад УИХ-д дэвшигчид, нэрлэвэл, Уламжлалын нэгдсэн намаас гавьяат жүжигчин Б.Батзаяа, АН-аас нэр дэвшигч Б.Батбаатар, гуравдахь хүчний эвслээс “Эрс шинэчлэл” хөдөлгөөний тэргүүн Д.Энхбат, ИЗНН-аас Д.Зоригт дөрөв оролцож үе үе ширүүхэн үзэж тарлаа. МАН-аас хүн ирээгүй учраас шүүмжлэлийн бай нь АН байв. Хариуцлага алдсан нь УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хууль гаргах санаачлагыг дэмжиж байна уу асуултын дараа ийм яриа өрнөв.

Б.Батбаатар: Монгол төрийн тогтвортой байдлыг хангах ёстой. Цээжээ дэлдсэн болгон эх оронч биш..

Д.Зоригт: Та нар төрийн тогтвортой байдал гэдэг үгийн цаана нуугддаг. Намын жагсаалтанд 3,4,5 удаа сонгогдсон хүмүүс байна. Үхэн үхтлээ тэнд байх гээд байгаа юм уу?

Д.Энхбат: АН-ынхан сонгууль болохоор сайхан ярьдаг. Хор найруулах юмыг АН-ынхан монголын улс төрд оруулж ирсэн, түүнийгээ МАН-д алдчихсан. Цаадуул нь туршлага, зохион байгуулалттай болохоороо илүү ашигладаг…

Б.Батзаяа: Шинэ залуу боловсон хүчнээр цус сэлбэж байна гэсэн чинь үр хөврөл нь байх юм..

Б.Батбаатар: Би үр хөврөл биш… Ялагдсан хүмүүс гомдол гаргаад ялсныгаа эргүүлж татна гээд ажлыг нь хийлгэхгүй байж таарахгүй

Д.Энхбат: Чи Ардчилсан намынхаа технологийг яриад байна. Тэр булхайтай юмаа толгойноосоо авч хая …

Дараа нь жүжигчин мөртлөө яагаад нэр дэвшсэн тухай асуухад Б.Батзаяа гавъяат “Жүжигчин хүн ерөнхийлөгч болоо биз дээ!?” гэв. Рейгантай барьцсан хэрэг.

Төгсгөлд нь “Танай намыг сонгох ямар шалтгаан байна?” асуултанд хариулцгаав.

Д.Зоригт: Бид засаг барьж үзээгүй учраас нэр цэвэр хүмүүс.

Б.Батбаатар: Сануулахад, танай Иргэний Зориг нам Их хурал дахь суудлынхаа тоогоор Засгийн газарт сайдтай байсан шүү. Харин Ардчилсан Нам хэлсэн болгоноо хийж чадсан учраас ялна.

Б.Батзаяа: Манай нам бүх намаас хамгийн цэвэр. Бид бусармаг зүйлд нэр холбогдоогүй.

Д.Энхбат: Бид МАНАН-гаар ёстой залхаж гүйцлээ…

Дахиад Б.Батзаяа: Намын листэнд чинь нөгөө айхтар олигархууд нуугдаж байгаа шүү. Улс төр манантай байна, Улаанбаатар манантай байна. Ийм их МАНАН-тай байхад алсын бараа, юу ч харагдахгүй байна. Бид арилгана. Манайхыг сонгоорой.

Харамсалтай нь мэтгэлцээнээс намын томчууд зугтаадаг, МАН-аас ядахдаа жирийн нэр дэвшигчээ ч явуулдаггүй, нэг удаа нийслэлийн ИТХ-ын сонгуулийн гол хоёр өрсөлдөгч – МАН-ын Г.Мөнхбаяр, АН-ын Э.Бат-Үүл хоёрыг урьж нийтэд зарласан ч хөтлөгчдийн хэлснээр бол хоёулаа “ажлын боломжгүй” гэсэн хариу өгчээ. Харин АН-ынхны зарласнаар, Г.Мөнхбаяр зөвшөөрөөгүй гэнэ.
 

x        x        x
 

TV9 телевизэд захиалсан Focus Talk-оор нэвтрүүлгээрээ УИХ-ын сонгуульд АН-аас Чингэлтэй дүүрэгт нэр дэвшсэн Б.Батбаатарын ам халж энэ удаад самбараар, сурталчилгааны материалаар зодсон сонгууль болж байна гэж шүүмжилснээ өөрийгөө тэдний нэг гэдгийг гэнэт ухаарч цайруулахыг оролдохдоо “Чингэлтэй дүүрэгт би долоохон самбар дээр намынхаа нөхөдтэй хамтраад сурталчилгаагаа тавиулж байгаа.Энэ долоон самбар бол Чингэлтэй дүүргийн Ардчилсан Намын өмч” гэж ярив. Замын хажууд зоосон тоо томшгүй олон жижгүүдийг биш тэнгэр таглаж нар халхалсан, өдөртөө хэдэн зуун мянга, саяар түрээслүүлдэг хааш хаашаагаа арав, хорин метрээр хэмжигддэг тэр самбаруудыг хэлж байна. Улаанбаатар самбар газар шиг үнэ цэнэтэй болжээ.

Өнгөрсөн дөрвөн жилд Чингэлтэй дүүрэгт цөөнх байсан Ардчилсан намынхан олонх байгаа МАН-тайгаа тохиролцож самбарын зөвшөөрлийг хуваагаад авчээ. Тэдэнд долоо ногдсон байна. Дүүрэгтээ сөрөг хүчин санаатай юм бол ийм шударга байдлыг гаргуулахгүйгээр самбарын зөвшөөрлийг ил тод, нээлттэй өрсөлдүүлж олгохыг шаардаж болох байсан уу? Байсан. Гэвч тэгээгүй. Хуйвалдаж хуваах боломж гарвал АН-ынхан хэзээ ч буцдаггүйн жишээ өнөөдөр гудамжаар дүүрэн байна. Гудамжны самбаруудыг анхааралтай ажиглаарай. Тоолсон ч болно.
 

x        x        x
 

Энэ Бямба гаригийн “Ярилцъя…” үйл явдал, тойм тайлбар” шууд ярилцлагын нэвтрүүлэг бол сонгуулийн санал хураалтын өмнөх хамгийн сүүлчийн дугаар юм. Харин МҮОНТ шулуухан сурталчилгаа хийж гарлаа.

1. МАН-аас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигч С.Түмэнгэрэл
2. ИЗНН-аас нэр дэвшигч С.Дэмбэрэл.
3. МАН-аас Сүхбаатар дүүрэгт нэр дэвшигч Ц.Цогзолмаа
4. МАХН-МҮАН-ийн “Шударга ёс” эвслээс нэр дэвшигч Д.Тэрбишдагва
5. МАН-аас Баянгол дүүрэгт нэр дэвшигч Л.Амгалан
6. МАН-ааас НИТХ-д нэр дэвшигч Ц.Чинбат.
7. АН-ын дарга Н.Алтанхуяг.

2012 оны УИХ-ын сонгуульд 11 нам эвслийн болон бие даагч 544 нэр дэвшигч өрсөлдөж ихэнх нь телевизээр цухайж ч үзээгүй байхад тэртээ тэргүй дэлгэцэн дээр хадагдсан энэ мэт хэдхэн нөхрийг дахин эрхлүүлж, ердийнхөөс хамаагүй урт, 1 цаг 20 минут үргэлжилсэн байна. Тэднийг эрх баригч, том нам, рейтинг өндөртэй учраас гэхчлэн зөвтгөж магадгүй. Тэгвэл сонгуулийн хуулиар бүх нам, нэр дэвшигчид тэв тэгш эрхтэй, энэ хэдийг илүү тэгш эрхтэй гэсэн ойлголт байхгүй. Зөвхөн хоёр намын нэр дэвшигчдийг яриулахад бусад нь барьцах тул өөр ганц хоёр намаас оруулж жийрэглэжээ. Нэг намд үйлчилбэл өрөөсгөл, хоёр намд үйлчилбэл тэнцвэртэй, гурав, дөрөвдэх намыг нэмбэл олон ургалч болж харагддаг болжээ.

Бас нэг зүйл. АН-ын дарга Н.Алтанхуягтай ярилцсан хэсгийг бусад сувгаар “Төлбөртэй” гэсэн титртэйгээр үзүүлжээ. Олон нийтийн телевизийн ярилцлага, намын сурталчилгаа хоёрт ялгаа үгүй.
 

x        x        x
 

Хэдхэн хоног үлдлээ. Одоо нам, нэр дэвшигчид өрсөлдөгчийгөө "няцаах хугацаа өгөхгүйгээр гүтгэлэг цацна" гэж хардангаа өөрсдөө тийм "гүтгэлэг"-үүдийг ахиухан бэлтгэж суугаа. Баримт, фактууд байгаа бол сонгуулийн сурталчилгаа эхлэнгүүт, эсвэл бүр эхлэхээс өмнө дэлгээгүй, хэлэлцэж хэрэлдээд буруу зөвөө ололцоогүй, сэтгүүлчид нь эрэн сурвалжлаагүй юм чинь сүүлийн хэдэн өдөрт асгарч л таарна. Тэснэ тэснэ гэхэд яаж тэсэхэв.

Сонин хэвлэл, интернэтийн сайтад гүггэлэг гэмээр элдэв бичлэг ерөөсөө тасраагүй, хар мянгаараа нийтлэгдэж байна. Гэхдээ өнөөдөртөө бүх хэвлэл мэдээлэл дундаас хамгийн чухал нь телевиз учраас телевизийн гүтгэлэг илүү ноцтой. Үүнийг хязгаарлахын тулд Сонгуулийн тухай хуулиар өндөр торгууль төлөвлөснөөс гадна захиалагчийн нэрийг тодорхой харагдахуйц байдлаар бичиж нэвтрүүлгийн нийт хугацаанд гаргахыг шаардсан юм. Иймээс сонин, сайтуудтай харьцуулахад телевизүүд хамаагүй аядуу байгаа. Намуудын сурталчилгаа явуулах, хэн нэгнийг магтахдаа "МАН-ын захиалгат нэвтрүүлэг", "АН-ын захиалгат нэвтрүүлэг" гэхчлэн титрт бичиж байна. Харин жаахан эгзэгтэй болмогц захиалагчийн нэрний оронд "Сонгууль-2012", эсвэл "Төлбөрт нэвтрүүлэг" буюу "Захиалгат нэвтрүүлэг" гээд тавьчихаж байгаа нь хариуцлагаас зайлсхийх нүхээ малтаж буй хэрэг юм. "Хэн өгсөн юм бол доо хөө ... тэр нөхөр хийсэн байх, бидэнд үзүүлэхгүй яадаг золиг вэ..." хэмээн мэдэн будлихаас эхлэнэ. Цааш нь "... манай намын нэр байхгүй байгаа биз дээ" гээд гүрийнэ. Нээрээ байхгүй юм чинь! Сүүлийн өдрүүдэд энэ тэр сувгаар сэмхэн гарах болсон Н.Энхбаяр ба түүний нөхдийн эсрэг "Аалзны тор цуврал буюу мартагдаагүй түүх - 6", "Хар цагаан", бас бус нэвтрүүлгүүд "Төлбөртэй" гэсэн ганц хаягтай...

Одоо үлдсэн хоёр хоногт "гүтгэлэг" сад тавибал хүүе хаая, хэн яагаад гэж хэлж ч амжихгүй. Гэхдээ ихэнх нь баримт нотолгоотой байна гэдэгт найдья. Хэрвээ тийм бол нэрээ нууж яадаг байна?

Сонгууль