Сонгуулийн автоматжуулсан системийн хяналт 


2024 оны УИХ-ын ээлжит сонгууль нь өмнөх сонгуулиудтай харьцуулахад санал хураах процесс төвөгтэй, илүү цаг хугацаа шаардахаар байна. Ялангуяа мажоритар тойргууд буюу 78 гишүүнийг сонгох бүсчилсэн тойргууд 10 хүртэлх мандаттай байгаа нь саналыг хуудсанд тэмдэглэгээ хийхэд төвөгтэй нөхцөл үүсгэж болзошгүй юм.

Мөн сонгогчдын нэрийн жагсаалтын тухайд нэг хаяг дээр олон тооны сонгогч бүртгэгдсэн, сонгогчдын шилжилт хөдөлгөөн ихээр хийгдсэн зэрэг асуудлууд сөхөгдсөөр байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэхээр сонгуулийн автоматжуулсан системийг 2012 оноос нэвтрүүлсэн билээ. Гэвч санал тоолох төхөөрөмж болон сонгогчдын нэрийн жагсаалт талууд эргэлзэх хандлага ажиглагдсаар байна. 

Сүлжээний гишүүн МИДАС ТББ нь 2012 оноос сонгуулийн санал төхөөрөмжийн, 2016 оноос сонгогчдын нэрийн жагсаалтад хөндлөнгийн хяналт хийж, зөвлөмж боловсруулан холбогдох дүрэм журмыг боловсронгуй болгоход хувь нэмрээ оруулан ажиллаж ирсэн. Тухайлбал, сонгогчдын нэрийн жагсаалтад иргэн өөрийн мэдээллээс гадна тухайн хаяг дээрээ бүртгэлтэй бусад сонгогчийн мэдээллийг шалгах, гадаадад байгаа сонгогчдын бүртгэлийг цахим болгох, гадаадад санал хураах ажиллагааг 4 өдөр явуулах, нэрийн жагсаалтыг нам эвслүүдэд 2 удаа олгох, сонгогч нэгээс илүү санал өгөхөөс сэргийлж бэхэн тэмдэглэгээг дахин хийх зэрэг өөрчлөлт мониторингийн үр дүнд хуульд тусаад байна. 

Энэ удаагийн сонгуульд хяналтын тооллогыг гараар бүх хэсгийн хороодыг хамруулан хийхээр болсон ч сонгуулийн систем өөрчлөгдсөнтэй холбоотой программын хувьд томоохон өөрчлөлтүүд хийгдэх болно. Иймээс санал тоолох төхөөрөмжийг дараах аргачлалаар урьдчилж шалгахаар төлөвлөж байна. Үүнд:

Санал тоолох төхөөрөмжийн мажоритар санал тоолох хэсгийн тест

  • Нэр дэвшигч бүрийн тэмдэглэгээг уншиж байгаа эсэх
  • Мандатын тооноос дутуу тэмдэглэсэн үед ажиллаж буй эсэх
  • Мандатын тооноос илүү тэмдэглэсэн нөхцөлд буцааж байгаа эсэх
  • Цагаан хуудас уншиж буй эсэх
  • Цагийн бөмбөг байгаа эсэх
  • Билл хэвлэлтийн ойлгомжтой байдал

Санал тоолох төхөөрөмжийн пропорциональ санал тоолох хэсгийн тест

  • Нам, эвслийн тэмдэглэгээг бүрэн уншиж байгаа эсэх
  • 1-ээс илүү нам, эвсэл тэмдэглэсэн нөхцөлд хэрхэн ажиллаж байгаа 
  • Нам, эвслийг сонгоогүй үед хэрхэн уншиж байгаа
  • Серверээс дэлгэцнээ гаргах программын тест
  • Тойргуудын дүнг гаргах хэсэг
  • Бие даагчдын дүнг гаргаж байгаа байдал
  • Олон оронтой тоог гаргаж буй байдал
  • Дэлгэцнээ гаргаж буй мэдээллийн ойлгомжтой байдал

Дээрхээс гадна сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой зөрчлийн талаар кейс мэдээлэл цуглуулж, хаягаар очин тулгалт хийн нягтлах, сонгуульд оролцож буй нам, эвслийн сонгогчдын нэрийн жагсаалтыг хянах ажиглагч нарт арга зүйн зөвлөгөө тусламж үзүүлэх ажлыг зохион байгуулна. Сонгогчдын нэрийн жагсаалтын талаар баримттай үнэн зөв мэдээллийг сонгогчдод хүргэхэд Factcheck.mn хамтран ажиллаж байна. 

С. Энхжаргал, МИДАС ТББ

Сонгууль