Хуулийн 10.1, 10.2, 10.3, 10.4-т заасан зардлын зарцуулалт, гүйцэтгэлийн тайланг ээлжит сонгуулийн жилийн 10 дугаар сарын 15-ны дотор гаргаж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ.
2012 оны УИХ-ын сонгуулиар анх удаа автомат төхөөрөмж ашиглан санал тоолох гэж буйтай холбоотой “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээний гишүүн Мидас ТББ сонгуулийн автоматжуулсан системийн мониторинг хариуцан ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд санал хураах өдөр үүсч болзошгүй техникийн болон бусад эрсдлээс сэргийлэх зорилгоор санал тоолох машиныг гэрчилгээжүүлж, баталгаажуулах ажилд хяналт тавих хүсэлтээ СЕХ-нд гаргасан. Түүнчлэн мониторингийн хүрээнд санал тоолох машинуудаас түүвэрчлэн өөрсдийн боловсруулсан орчин, техник, програм хангамж, үйл ажиллагаа, мэдээлэл дамжуулалтын туршилт хийх, програмын эх код, ашиглах компилятортай танилцахаар төлөвлөөд байв. Гэвч хяналтаа төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх бололцоо хязгаарлагдмал байна. СЕХ-ны зүгээс програмын эх кодын баталгааг хэрхэн хангаж баталгаажуулсан нь тодорхой бус хэвээр байгаагийн дээр төхөөрөмжийг гэрчилгээжүүлэх ажлыг өөрсдийн заасан цаг хугацаанд 2 удаа л очиж ажиглах боломж олголоо. 2 удаагийн ажиглалтаар гэрчилгээжүүлэх явцыг бүрэн дүгнэх бололцоогүйг энэ дашрамд дурдах нь зүйтэй.
Юутай ч СЕХ-ноос заасан хугацаанд буюу 2012 оны 06-р сарын 13 болон 16-ны өдрүүдэд мониторингийн багийн мэргэжилтнүүд СЕХ-ны агуулах дээр очиж САС-ын гэрчилгээжүүлэх үйл ажиллагаатай танилцав. Гэрчилгээжүүлэх үйл ажиллагаа төрийн тусгай хамгаалалтын дор явагдаж байсан ба нийт 2600 машиныг 6-р сарын 23 гэхэд бүх хэсгийн хороон дээр бэлэн байлгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Нэг машин бэлтгэж гэрчилгээжүүлэх ажил нь дараах дарааллаар явагдаж байлаа. Үүнд:
Хайрцганд нь хийж лацдахаас өмнө бүх дагалдах хэрэгслийн бүрэн эсэхийг шалгаж байна. Үүнд: GSM модем, Юнител болон Мобикомын сим, Толгой холбосон UTP кабел, 2 ширхэг соронзон түлхүүр, 2 ширхэг SF карт, цагаан өнгийн лац 10 ширхэг, хар өнгийн лац нэг ширхэг, Скочин лац 2 ширхэг, улаан өнгийн жижиг лац 1 ширхэг, Тест саналын хуудас 30 ширхэг, принтерын цаас 2 ширхэг, баттарей 1 ширхэг, санал тэмдэглэх үзэг 5 ширхэг.
Бидний зүгээс өмнө нь СЕХ-нд хандан тест хийх төлөвлөгөө, схемийн талаар мэдээлэл хүссэн боловч өгөөгүй. Харин 2 удаа хийсэн ажиглалтын явцаас харахад машин бүрт 15 зөв 2 алдаатай бөглөсөн саналын хуудсыг тус бүр 2 удаа уншуулж шалгаж байв. Энэ тест олон мандаттай зарим тойргийн хувьд хангалттай биш юм. Түүнчлэн санамсаргүй тохиолдлоор машин сонгож 20 өөр янзаар бөглөсөн хуудсыг 50 удаа буюу 1000 удаа уншуулж байгаа нь машины ерөнхий үйл ажиллагааг хянахад хангалттай боловч саналыг алдаагүй тоолж байгаа эсэхийг бүрэн тестлэх боломжгүй гэж үзэж байна. Ажиглалт хийх явцад машин гацсан тохилдол ажиглагдаагүй.
Төхөөрөмжийг хайрцаглаж лацдахаас өмнө хийгдэх шалгалтыг хэд хэдэн шат дамжлагаар хийж байсан ба аль нэг шат дамжлаг дээр алдаа гарвал дараагийн хэсгийн шалгалт дээр илэрч засагдах бололцоотой нь сайшаалтай байв. Тухайлбал, биднийг ажиглалт хийх явцад сонгуулийн хэсгүүд дээр очих сонгогчийн бүртгэлийн програм бүхий компьютер ба түүний хамгаалалтын гадна хайрцаг дээрх сонгуулийн тойрог, хэсгийн дугаар зөрсөн тохиолдол гарсан. Үүнийг нягталж үзэхэд компьютерт суусан бааз нь компьютер дээрх наалттайгаа таарч байсан ч хайрцган дээрх наалт нь буруу тавигдсан болохыг тогтоож зассан. Ийм алдаа шөнийн ээлжинд гэрэлтүүлэг муу, дээр нь ажиллаж байгаа оюутнууд ядарч анхаарал суларснаас болжээ гэж дүгнэж байв.
Гэрчилгээжүүлэлтийн явцад аль тойрог хэсэгт очих машиныг хэн бэлдсэнийг бүртгэн СЕХ, бусад байгууллагуудын хамтарсан ажлын хэсэгт мэдээлж байв. Мөн үйлдлийн систем нь ачаалахгүй байгаа болон, удаан уншиж байгаа тохиолдолд өмнөх бэлтгэлийн шатанд буцааж байсан.
Санал тоолох төхөөрөмж 1 минутанд 6-7 хуудас уншиж байсан ба өөр тойрог, хэсгийн хуудсыг унших боломжгүй. Санал тоолох машин дотроо баттарейгүй боловч авч 20 ампер цагийн багтаамжтай тусдаа байгаа баттарейг байнгын холбоотой ажиллуулж тог тасарсан үед шууд батарейгаар ажиллах горимд шилжихээр тохиргоог хийсэн байв. CF картууд болон модемийн оролтуудыг зохих ёсоор лацдаж битүүмжилж байлаа.
Сонгогчдын бүртгэлийн автоматжуулалтын машинд тухайн хэсгийн хорооны сонгогчдын нэрсийн жагсаалтыг нэгдсэн баазаас суулгаж, энэ үед өөр програм ажиллах, гадаад төхөөрөмжүүдтэй ажиллах боломжийг бүрэн хааж байв. Мониторингийн багийн зүгээс УБЕГ-т хуруу хээний төхөөрөмж, мэдээллийн баазыг тестлэх боломж олгохыг хүссэн албан бичиг хүргүүлсэн боловч одоог хүртэл ямар нэг хариу ирүүлээгүй байна.
МИДАС ТББ
2012 оны 6 дугаар сар 18, Улаанбаатар хот.