Сонгогчдын нэрийн жагсаалтад хийж буй мониторингийн явц

2016 оны УИХ-ын сонгуульд “царцаа”, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар сонгогч дахин санал өгөх асуудал гарч байсан бөгөөд үүнтэй уялдуулан хуульд зарим өөрчлөлт ороод байгаа билээ. Иймээс энэ асуудалд сүлжээний зүгээс анхаарал хандуулж хөндлөнгийн хяналт хийхээр болсон юм.

Сонгогчийн бүртгэлийн хувьд сонгогчдын нэрийн жагсаалтыг мэдээлэл иргэний нийгмийн ажиглагчдад нээлттэй биш байгаатай холбоотой  энэ удаагийн сонгуулиар өргөн хүрээнд хяналт тавих боломжгүй байна. Хуульд заасанчлан сонгогчдын нэрийн жагсаалтын хуулбарыг зөвхөн нам, эвсэл, нэр дэвшигчид авч хянах боломжтой бөгөөд иргэний нийгмийн ажиглагчдын хувьд зөвхөн танилцах бололцоотой юм.

Мониторингийн баг БЗД-н хэмжээнд нийт 28 хорооноос  4 хороо буюу сонгуулийн 19 хэсгийн хороог сонгон ажиллаж байна. Үүнээс 11 хэсгийн хорооны сонгогчдын нэрийн жагсаалттай танилцаж 11 хаягийн зөрчилтэй байж болзошгүй тохиолдлуудыг шалгасан. 8 хэсгийн хороо сонгогчдын нэрийн жагсаалттай танилцах боломж олгосонгүй.

2020.06.08-10 –ний өдрүүдэд дээр дурдсан нийт 11 хэсгийн 25122 иргэний мэдээллийг шалгахад (19 сонгуулийн хэсгийн хорооны нийт 42517 сонгогчийн мэдээллээс), зарим хаяг дээр 10 хүн бүртгэлтэй байх боловч хоосон хашаа байх, 20 хүн бүртгэлтэй хаяг дээр зөвхөн 2 сонгогч оршин суудаг гэх мэт баримтууд илэрч байна. Мөн нэг хаяг дээр 49 сонгогч бүртгэснийг шалгахад асрамжийн үйлчилгээ явуулдаг ТББ байсан, нэг хаяг дээр ижил овог нэртэй сонгогч байсан нь  ихэр хүмүүс болохыг  шалгаж баталгаажуулсан болно.

Бидний зүгээс бүх тойрог хэсэгт хүрч ажиллах боломжгүй тул нам, эвсэл, бие даагчдыг энэ талаар илүү түлхүү анхаарч хяналт тавьж ажиллахыг уриалж байна.

С. Энхжаргал

Сонгууль