Ерөнхийлөгч ямар байх ёстой вэ?

1990 оноос Монгол Улс Ардчилсан тогтолцоонд шилжсэнээр иргэд төрийн үйл ажиллагаанд шууд оролцож эсвэл өөрсдийн сонгосон төлөөлөгч болон төлөөллийн байгууллагаараа дамжуулан төрийн эрх мэдлийг барих боломжийг бий болгосон. Үүний нэг илрэл нь Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль юм.

Олон хүмүүс Ерөнхийлөгч ямар байх ёстой вэ гэдгийг ерөнхийлөгчийн дүр төрхийн (имиджийн) тухай асуудал гэж ойлгож магадгүй, гэхдээ энэхүү нийтлэлд ерөнхийлөгчийн албан тушаал нь ямар байхыг шаарддаг вэ гэдэгт хариу өгөхийг зорьлоо. Хэнийг ерөнхийлөгчөөр сонгох нь ард түмний сонголт байдаг бол Ерөнхийлөгч ямар байх ёстой вэ гэдэг нь түүний статус, хууль эрх зүйн орчин, нийгмийн хүчин зүйлс зэргээс шалтгаалдаг.

Монгол Улсын Үндсэн Хууль(1992)-ийн 30-р зүйлд: Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн хэмээн заасан байдаг.

Монгол Улсын Ерөнхийлөгч нь билэг тэмдгийн үүргийг гүйцэтгэх ёстой юу гэдэг асуултыг олон хүмүүс тавьдаг. Үүн дээр хүмүүс өөр өөрийн тайлбарыг өгдөг. Ер нь улс төр судлалын үүднээс авч үзвэл Монгол Улсын Ерөнхийлөгч нь улс төрийн манлайлагч (лидер) байх ёстой болж байна. 

Улс төрийн манлайлагч нь улс төрийн манлайлалын онолын нэгэн чухал асуудал билээ. Улс төрийн манлайлал гэдэг нь түүхэн тодорхой нөхцөлд олон түмэн, нийгмийн том бүлэг ба тэдний нэгдмэл сонирхлыг илэрхийлэгч хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн бие хүн хоёрын хооронд үүсдэг сэтгэл зүйн харилцан нөлөөлөлд тулгуурласан өвөрмөц харилцааны үзэгдэл юм. Улс төрийн манлайлалын бүтцийн нэгэн чухал үзүүлэлт бол манлайлагчдын “нөлөөллийн толь” бологч тэдний зэрэглэл юм. Энэхүү зэрэглэл манлайлагчдын засаглалын ба нэр хүндийн статусын билэгдэл, бодит илэрхийлэл болдог байна. Улс төрийн манлайлагчийн гурван үндсэн зэрэглэлд хаан, ерөнхийлөгч, ерөнхий сайд багтдаг. 

2008 оны УИХ-ын болон Орон нутгийн сонгуулиар Монголчууд бид хэн итгэл даасан төрийн зүтгэлтэн байх вэ гэдгийг сонгох байсан бол одоо 2009 онд хамгийн сайн манлайлагч байж чадах хүнийг л сонгох цаг мөч ирээд байна.

Ихэнх хүмүүсийн хувьд төрийн зүтгэлтэн, манлайлагч гэсэн хоёр ойлголтыг ижил хэмээн үздэг. Төрийн зүтгэлтэн гэдэг нь үг зүйн хувьд зүтгэгч хүн гэдэг утгыг өөртөө агуулдаг. Иймд төрийн зүтгэлтэн хүн зүтгэгч хүн, олны итгэлийг хүлээсэн, тэдний төлөөлөл байж чадах гэдэг үүргээ сайн ухамсарлаж ажиллах хэрэгтэй.  Монголд төрийн зүтгэлтэн хэн байна гэвэл: УИХ-ын гишүүд, бүх шатны иргэдийн хурлын төлөөлөгчид, Засгийн газар, яамдын гишүүд гэх зэрэг төрийн албан хаагчид байж болох юм. Гэхдээ иргэн болгонд төрийн зүтгэлтэн болох боломж байдаг ч чухам төрийн зүтгэлтэн болож чадсан эсэхийг нь тодорхой төрийн албан тушаалд хүрч, хийж буй болон хийсэн ажлынх нь үр дүнгээр хэмждэг.

Төрийн зүтгэлтэн хүн:

  • Ард түмний эрх ашиг сонирхолын төлөө үйл ажиллагаа явуулдаг
  • Төр засгийн түвшинд тодорхой байр суурь эзэлдэг
  • Хувийн онцлог шинж, дүр төрх нь олон түмний итгэлийг олсон
  • Бусдаас ялгарахгүй боловч бүхний хайр хүндэтгэлийг хүлээсэн
  • Үйл ажиллагаанынх нь үр дүн бодитой тодорхой үнэлэгдсэн байдаг.

Улс төрийн манлайлагч нь олон түмнийг араасаа хошууруулагч гэдэг шинжийг илүү их илэрхийлэгч байх хэрэгтэй байдаг. Түүний оршин тогтнох үндэс нь хошуурагчид юм. Улс төрийн манлайлагч, хошуурагчдыг сөргүүлж болохгүй. Ингэх юм бол энэ нь тогтворгүй байдал бий болгоход хүргэдэг. Мөн өмнө өгүүлсний адил иргэдэд манлайлагчаар тодрон гарах бүх боломж нээлттэй байдаг.

Улс төрийн манлайлагч нь :

  • Эх оронч сэтгэлгээн дээр төр түмний төлөө зүтгэдэг
  • Өөрийнхөө нөлөөг бусдад байнга хүртээж байдаг
  • Төр засгийн түвшинд тодорхой байр суурийг эзэлдэг
  • Олон түмнийг араасаа дагуулна.
  • Зохион байгуулах чадвараараа ялгаран цойлдог зэрэг шинжүүдтэй.

Манлайлагч гарч ирж буй нийгэм юмуу нийгмийн том бүлгийн шинж байдал нь түүний дотоод дахь хүмүүсийн харилцаа бүлгийн зохион байгуулалтын шинж байдлаар тодорхойлогдоно. Шаталсан зохион байгуулалттай, захиргаадалтын маягийн нийгэмд, юуны өмнө дээд албан тушаалтны хувьд манлайлагч болох боломж нэлээд их байдаг.
1990 –ээд оноос өмнө социализмын үед Монголд захиргаадалтын хэв маяг хүчтэй оршин байсан үед тухайн үеийн нам, төрийн өндөр алба хашдаг хүмүүс манлайлагчид болох нь нэлээд түгээмэл байжээ.

Тухайлбал: Чойбалсан, Цэдэнбал, Батмөнх гэх мэт. Одоо үед ч гэсэн нэг талаас Монголд захиргаадалтын үеийн уламжлалт сэтгэлгээ, үзэл хандлага нилээд их байгаа, нөгөө талаас төр засгийн тогтолцоонд шаталсан бүтэц давамгайлсан өнөө үед төрийн дээд албан тушаалтнууд манлайлагч болох магадлал харьцангуй өндөр байна.
Нийгмийн доод давхраанаас албан ёсны бус манлайлагч төрөх нь ихэвчлэн хямралт байдлын үр дагавар болно.

Ер нь нийгэм цаг үргэлж улс төрийн манлайлагчтай байдаггүй. Гэхдээ зарим тохиолдолд манлайлагчийг шаарддаг нөхцөл байдаг. Ийм байдал нь нийгмийн хямрал, шилжилтийн үед голдуу дайн байлдаан, байгалийн томоохон гамшиг зэрэг нийгмийн өмнө сорилт шалгалт тулгарсан үед илүүтэй үүсдэг. Ийм үеийг “манлайлагчийг шаардсан үе” гэдэг. Дэлхий нийтэд тулгараад байгаа нэгэн том асуудал нь эдийн засгийн хямрал болоод байгаа энэ цаг үед хэн нэгэн биднийг эндээс авч гарна гэсэн горьдлого олон орны ард түмний дунд үүсээд байна. Жишээ нь: Америкчууд Обамаг, Оросууд Медьведев эсвэл Путинг аврагч хэмээн үзэж байна.

Эндээс олон хүн Монгол улс чинь парламентын засаглалтай улс болохоос  ерөнхийлөгчийн эсвэл Вестминистрийн засаглалтай улс биш учир энэ нь чухал асуудал биш мэтээр хандах байх. Гэхдээ энд Монгол Улсын ерөнхийлөгч цорын ганц удирдагч байх тухай асуудлыг биш хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хувьд л манлайлагч байх ёстой гэдгийг хэлэхийг зорьсон юм. 

Монголчуудад авилга хээл хахууль, шударга бус явдал, хуйвалдаан, улс төр, эдийн засгийн олигархиуд хүчтэй байгаа зэрэг үндсэн хямрал дээр нь дэлхийн эдийн засгийн хямрал нүүрлээд байна. Bанлайлалын онолын үүднээс авч үзвэл энэ үед нийгмийн сэтгэл зүйд манлайлагчийг эрэлхийлсэн чиг хандлага үүсдэг. Гэхдээ энэ хүн нь заавал ерөнхийлөгч байх ёстой ч гэсэн үг биш юм. Өөр бусад нийгмийн олон салбаруудаас манлайлагч төрөн гарах цаг мөч тулгараад байна. Ер нь бие хүний нийгмийн дотор эзэлж буй байр суурь нь түүнийг хошуучлагч болон тодрох замыг ихээхэн дөт болгодог учир Монгол Улсын _рөнхийлөгчийн ажил үүргийн хүрээнд авч үзвэл түүнд ихээхэн боломж байгаа юм. 

Тэгвэл ерөнхийлөгч манлайлагч байхын тулд яаж ажиллах ёстой вэ гэдэг асуудал гарч ирнэ. Ерөнхийлөгчийн тухай хуулийн 3-р зүйлийн 2-т: Ерөнхийлөгч төрийн тэргүүний хувьд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах ашиг сонирхлын үүднээс хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллагууд зүй зохистой харилцан ажиллахад нь Үндсэн хууль болон бусад хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд дэмжлэг нөлөө үзүүлнэ хэмээн заасан нь Монгол Улсын Ерөнхийлөгч нь статусынхаа хувьд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл гэсэн засаглалын гурван үндсэн элементээс ангид байж иргэдийн шууд төлөөлөл болж байх ёстойг заажээ. 

Ерөнхийлөгч нь иргэдийн шууд төлөөлөл болохынхоо хувьд тэдний байр суурийг илэрхийлэгч, эрх ашгийг нь хамгаалагч, улмаар тэдний дэмжлэгийг авч араасаа дагуулах чадварыг өөртөө шингээсэн байх шаардлагатай нь харагдаж байна. Ингэж чадаж байж л жинхэнэ ерөнхийлөгч байж чадна. Хэрэв чадахгүй бол Монгол Улсын Ерөнхийлөгч нь төрийн тэргүүн, үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч байна гэдэг утга нь алдагдана.

Өнгөрсөн жилүүдийн түүхийг харахад хямралтай хүндрэлтэй, маргаантай, бэрхшээлтэй асуудал тулгарсан үед ард түмэнд ерөнхийлөгчийн байр суурь ихээхэн чухал гэдгийг олон жишээ баталж байна. Тухайлбал: Сүүлийн жилүүдэд үүсээд байгаа Цагаан сарын баярыг хэзээ хийх талаарх маргаан, 2008.07.01 –ний нөхцөл байдал, эндээс үүссэн улс төрийн намуудын үл ойлголцол зэргийг нэрлэж болох юм.

Монгол Улсад мөрдөгдаж буй хууль тогтоомжид зааснаар Ерөнхийлөгч нь:

  • Монгол Улсын төрийн тэргүүн,
  • Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч,
  • Үдэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн,
  • Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч,
  • Бүх шатны шүүгчдийг томилох эрхтэй,
  • Гадаад харилцаанд Монгол улсын төлөөлөх бүрэн эрхтэй,
  • Элчин сайдуудыг томилох эрхтэй гэх зэргээр заажээ.

Дээрх бүх ажил үүрэг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийг олон нийтийн хүрээнд төдийгүй төр засгийн түвшинд  манлайлагч байхыг шаардаж байгаа юм.

Эцэст нь хэлэхэд хэнд манлайлах чадвар байна тэр олон нийтийг хошууруулж чаддаг.

Сонгууль