Төрийн аудитын дээд байгууллага зардлын тайланг хүлээн авсан өдрөөс хойш 60 хоногийн дотор хянаж, дүнг нийтэд мэдээлэх бөгөөд нэг сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн, хоёр сая ба түүнэ
Ардчилсан сонгуульд өрсөлдөөний тэгш гараа буюу сонгуулийн кампанит ажил явуулах нөхцөл тэнцвэртэй байх нь туйлын чухал юм. Сонгуульд оролцогч талуудын хувьд нэг талаас, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж сонгогчдод саадгүй хүрч ажиллах бололцоо нөхцөл бүрдсэн байх ёстой. Нөгөө талаас, мэдээллийн экосистемд аль нэг тал хэт давамгайлахгүй, сонгогч бүх талын тэнцвэртэй мэдээлэл хүлээн авах бололцоо бүрдэх учиртай. Энэ нөхцөлийг хангахын тулд улс орнууд сонгуулийн сурталчилгаанд хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглах асуудлыг нарийвчлан зохицуулж сонгогчдыг төөрөгдүүлэх мэдээлэл цацагдах, мөнгөтэй талууд хэт давамгайлахаас сэргийлэх, аливаа төлбөртэй мэдээллийн эх сурвалжийн ил тод байдлыг хангах гэх мэт янз бүрийн арга хэмжээг тусгасан байдаг. Европын цөөнгүй оронд сонгуулийн төлбөртэй сурталчилгааг нэг мөр хориглосон нь ч бий. Харин цахим орчинд сонгуулийн сурталчилгааг шударга сонгуулийн зарчимд нийцүүлэн хэрхэн зохицуулах асуудал олон улсад нэлээд маргаан дагуулж буй сэдэв болоод байгаа билээ.
Монгол Улсын Улсын Их Хурал (УИХ)-ын сонгуулийн тухай хуулиар уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах харилцааг нарийвчлан зохицуулж ирсэн байдаг ч цахим орчин ашиглах асуудлыг хангалттай хэмжээнд зохицуулалгүй өдий хүрсэн. Сүүлийн жилүүдэд цахим орчноор мэдээлэл дамжих хурд асар их нэмэгдэж, үүнтэй зэрэгцэн сонгуулийн үйл явц, үр дүнд тусах нөлөө нь ч тэлж байна. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр Монгол Улсад интернэт хэрэглэгчдийн тоо тасралтгүй нэмэгдсэн байх ба тухайлбал, 3G хэрэглэгчдийн тоо 2018 онд 2.4 сая байсан бол 2019 онд 3.1 сая болж огцом өсжээ.
ГРАФИК 1. 3G БОЛОН СУУРИН ИНТЕРНЕТ ХЭРЭГЛЭГЧДИЙН ТОО
Түүнчлэн сошиал медиа буюу нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн тоо байнга өсөх хандлагатай байна. Тухайлбал, Фейсбүүк хэрэглэгчдийн тоо 2020 оны эхний улиралд өмнөх онтой харьцуулахад 10 гаруй хувиар нэмэгдэж 2.2 сая хүрсэн ба Монгол Улсын хүн амын 70 орчим хувь нь Фейсбүүк хэрэглэдэг, үүнээс 2.1 сая буюу 95.4 хувь нь гар утаснаас ханддаг идэвхтэй хэрэглэгч байгаа талаар албан ёсны эх сурвалж мэдээлжээ. [1] Нийгмийн сүлжээний хэрэглээ ийнхүү өсөх нь сонгуулийн сурталчилгаанд давуу болон сул талын аль алиныг бий болгоно. Уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй харьцуулахад сонгуулийн үеэр мэдээллийг хурдан хугацаанд, хямд төсрөөр олон хүмүүст хүргэх давуу талтай тул ялангуяа жижиг намуудын хувьд ашигтай. Түүнчлэн сонгогчдын хувьд нэр дэвшигчидтэй шууд харилцах, хяналт тавих, мэдээлэл авах өргөн бололцоог нээж өгөх сайн талтай. Гэвч нөгөө талаас, сонгуулийн тэгш гарааны нөхцөлд ноцтой нөлөөлж болохоор сул талууд байгаа нь:
Дээрх сөрөг нөлөөг арилгах зорилгоор нийгмийн сүлжээний Фейсбүүк, Твиттер зэрэг томоохон платформууд тодорхой журам гарган зохицуулах оролдлогууд хийхийн сацуу сонгууль зохион байгуулж буй зарим улстай харилцан шуурхай арга хэмжээ авч хамтран ажиллаж эхлээд байна. Тухайлбал, Твиттер 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн улс төрийн төлбөртэй сурталчилгааг бүр мөсөн зогсоосон ба гүйцэтгэх захирал Жак Дорс “улс төрийн суртал ухуулга хүнд хүрэх эсэхийг мөнгө бус мэдээлэгчийн өөрийнх нь чансаа, нэр хүнд тодорхойлох ёстой” гэж дурджээ. Фейсбүүкийн хувьд нийгмийн сүлжээгээр тарж буй мэдээллийн агуулгад хэт хяналт, хаалт тавих нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хүний үндсэн эрхийг зөрчих эрсдэл дагуулах тул ил тод байдлыг хангахад онцгой анхаарах нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлж ирсэн. Улмаар үүнтэй холбоотой нийгмийн асуудал, сонгууль, улс төрийн холбогдолтой төлбөртэй түгээгдсэн мэдээллийн санг (Ad Library) зарим улс оронд үүсгээд байгаа ба түүнд хэн, хэзээ ямар мэдээллийг, ямар хэмжээний төлбөр төлж нийтэлснийг хайлт хийх боломжтой байдлаар нэгтгэжээ. Ийм мэдээллийн санг УИХ-ын сонгуулийн үеэр Монгол Улсад мөн танилцуулж хэрэгжүүлсэн билээ. Гэвч ач холбогдол нь төдий л ажиглагдаагүй өнгөрсөн нь дотоодын хууль тогтоомжид ил тод байдлын чухал асуудлыг уялдаатай зохицуулалгүй орхисонтой холбоотой.
УИХ-ын 2020 оны сонгуулийн хувьд сонгуулийн сурталчилгаа албан ёсоор 6 дугаар сарын 2-ноос эхэлсэн ба сонгуульд өрсөлдөгч талууд журамд заасны дагуу бүртгэлтэй хаягаараа сурталчилгаа түгээх учиртай. Гэтэл бодит байдал дээр албан бус сурталчилгаа нийгмийн сүлжээнд хуульд заасан хугацаанаас өмнө эхэлдэг нь нууц биш билээ. Үүнд төлбөртэй мэдээлэл нэлээд хувийг эзэлдэг ба сурталчилгаа албан ёсоор эхлэхэд улам эрчимжих хандлагатай байдаг. Түүнчлэн нэр дэвшигчийн өөрийнх нь хуудаснаас гадна бусад хаягуудаар зохион байгуулалттай сурталчилгаа түгээх байдал ажиглагддаг ч түүнд тавих хяналт сул байж ирлээ.
Сонгуулийн албан ёсны сурталчилгааны үеэр өрсөлдөгчөө харлуулах, хуурамч мэдээлэл түгээх, үзэн ядах үг хэллэг ашиглах, үүнээс үүдсэн гэмт хэрэгт уриалан дуудах зэрэг төрөл бүрийн хэлбэрийн сөрөг мэдээлэл цацагдах тохиолдол мөн нэлээд гардаг бөгөөд үүнд зохих хяналт тавих нь тулгамдсан асуудал болоод байна. Эцэст нь сонгуулийн зардлын мэдээлэл бүхэлдээ ил тод бус байгаатай холбоотой нийгмийн сүлжээ сонгуульд хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлох боломжгүй нөхцөлд сонгууль явагдаж байна. Иймд энэхүү мониторингийн хүрээнд УИХ-ын 2020 оны сонгуулийн явцад иргэдийн дунд хамгийн өндөр хэрэглэгддэг Фейсбүүкээр явуулж буй сурталчилгаанд хяналт тавьж, үнэлгээ хийн холбогдох хуулийн зохицуулалтыг зөрчсөн тохиолдлыг бүртгэн, баримтжуулах, төлбөртэй сурталчилгаа, түүний тархах байдалд хяналт тавих зорилт дэвшүүлэн ажиллалаа. Мониторингийн хүрээнд нэр дэвшигчийн түгээсэн мэдээлэл, сурталчилгаанд иргэдийн үзүүлж буй хариу үйлдэл (лайк, коммент гэх мэт) –д агуулгын шинжилгээ хийн эерэг, сөрөг, үзэн ядах үг хэллэг агуулсан эсэх, олон нийтийг гэмт хэрэгт уриалан дуудах, хуурамч мэдээлэл түгээж буй эсэх, зохион байгуулалттайгаар коммент бичиж буй эсэх зэргийг мөн илрүүлж ажиллахыг зорилоо.
Мониторинг дараах хоёр үе шаттай явагдсан болно. Үүнд:
1-р үе шатанд: Сонгуулийн сурталчилгаа хуульд заасан хугацаанд албан ёсоор эхлэхээс өмнө буюу 4 дүгээр сарын 1-ээс 6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд нэр дэвшигч олон нийтийн мэдээллийн сүлжээнд төлбөртэйгөөр мэдээлэл, сурталчилгаа түгээсэн тохиолдлыг баримтжуулж, гаргасан боломжит зардлыг тооцож гаргах, үр дүнг олон нийтэд мэдээлэх ажил хийв. Энэ зорилгоор нэр дэвшихээ албан ёсоор илэрхийлсэн болон нэр дэвших өндөр магадлалтай 10 хүнийг сонгон авч фэйсбүүк хаягт нь мониторинг хийв. Энэ ажлын хүрээнд дээрх 10 хүний төлбөртэй түгээсэн агуулга бүрийг бүртгэн олон нийтийн зүгээс үзүүлж буй хариу үйлдэл (лайк, сэтгэгдэл, түгээлт) бүрийг нэг клик гэж үзэн фэйсбүүкийн сурталчилгааны ханшаар үнийг тооцож гаргалаа.
2-р үе шатанд: Сонгуулийн албан ёсны сурталчилгааны үеэр сонгуулийн тодорхой тойрог дээр нэр дэвшигчдийн нийгмийн мэдээллийн сүлжээн дэх албан ёсны хаягаас түгээж буй мэдээлэл сурталчилгаа, түүнд үзүүлж буй сонгогчдын хариу үйлдэл (reaction)-д агуулгын шинжилгээ хийн үр дүнг олон нийтэд мэдээлэхийг зорилоо. (Хотын төвийн тодорхой нэг тойрог дээр АН, МАН болон гуравдагч хүчнээс тус бүр нэг, нийт 3 нэр дэвшигчийг сонгон авч мониторинг хийв. Мөн орон нутгийн тодорхой нэг тойрог дээр АН, МАН болон гуравдагч хүчнээс тус бүр нэг, нийт 3 нэр дэвшигчийг сонгон авч мониторинг хийв.)
Монгол Улсын УИХ-ын сонгуулийн тухай хуульд нийгмийн сүлжээнд нэр дэвшигч хэрхэн сурталчилгаа хийх талаар нарийвчлан тодорхой заагаагүй. 2019 онд баталсан тус хуульд цахим орчинд сурталчилгаа явуулах талаар ерөнхийд нь тусгасан байх ч олон нийтийн сүлжээг цахим орчин дахь хэвлэл мэдээллийн хэрэгслээс ялгаж тодорхойлоогүй гэх мэт наад захын зохицуулалтууд дутмаг байв.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 47.9-д заасны дагуу “Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам”-ыг 2020 оны 4 дүгээр сард Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-ны хурлаар баталсан. Тус журмын 1.4-т Сонгуульд оролцож буй нам эвсэл, нэр дэвшигч, тэдгээрийн төлөөлсөн этгээд нь цахим шуудан, цахим хуудас болон цахим орчин дахь олон нийтийн сүлжээний цахим хуудсыг ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулж болно гээд, мөн журмын 3.2.3-т олон нийтийн сүлжээний хуудсыг холбогдох байгууллагад бүртгүүлэх тухай заажээ.
Дээрх заалтын дагуу 2020 оны УИХ-ын сонгуулийн үеэр вэб сайт болон фэйсбүүкийн 600 гаруй цахим хуудсыг холбогдох байгууллага бүртгэн авсан байна. Тухайлбал, Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ)-оос мониторингийн багт ирүүлсэн тайланд дурдсанаар энэ удаагийн сонгуулиар сонгуулийн тухай хууль, журмын дагуу цахим орчинд сонгуулийн сурталчилгаа явуулахаар 293 мэдээллийн вэб сайт, 330 фэйсбүүкийн цахим хуудас бүртгүүлжээ. Мөн нэр дэвшигчдийн 488 фэйсбүүк хуудас, 187 вэб сайт аймаг, нийслэлийн сонгуулийн тойргийн хороонд бүртгүүлсэн аж.
Дээр дурдсанчлан манайхтай адил ээлжит сонгууль зохион байгуулсан зарим оронд Фейсбүүк төрийн байгууллагуудтай хамтран ажиллахдаа сурталчилгаа явуулахаар бүртгэгдсэн хаягаар төлбөртэй түгээгдсэн мэдээлэл, сурталчилгааг Ad Library мэдээллийн санд нэгтгэн ил тод байдлыг хангаж хянах боломжтой болгосон. Энэ удаагийн сонгуулиар Фейсбүүк Монгол Улсын эрх бүхий байгууллагуудтай хамтран ажилласан боловч сонгуульд оролцсон улс төрийн хүчнүүд, нэр дэвшигчдийн хувьд Фейсбүүкийн дүрмийн дагуу сонгуулийн сурталчилгаагаа улс төрийн агуулгатай болохыг ил тод тэмдэглэсэн нь хуруу дарам цөөн байв. Энэ нь Монгол Улсын хууль, журамд дээрх шаардлагыг давхар тусгаж өгөөгүйтэй холбоотой.
2020 оны УИХ-ын ээлжит сонгуулиар дээр дурдсанчлан төрийн холбогдох байгууллагууд анх удаа “Фэйсбүүк” компанитай нийгмийн сүлжээн дэх сонгуулийн сурталчилгаанд хяналт тавих чиглэлээр хамтран ажиллалаа. “Фэйсбүүк” компанийн төлөөлөгчид сонгуулийн хугацаанд манай улсад ирж, хамтран ажиллахаар төлөвлөж байсан ч КОВИД-19-ийн цар тахалтай холбоотой өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээр боломжгүй болсон юм. Тиймээс ХХЗХ нь эрх бүхий байгууллагын ирүүлсэн санал, дүгнэлтэд үндэслэн технологийн арга хэмжээ авах хүсэлтийг Фэйсбүүк компанид цахимаар хүргүүлж хамтран ажиллажээ.
Цахим орчинд түгээж буй мэдээллийг хязгаарлах, аливаа цензур тогтоох бол ил тод байдлыг хангах нь туйлын чухал юм. СЕХ-ны баталсан “Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам”-ын 4.2-т “Эрх бүхий байгууллага нь цахим орчин дахь сонгуулийн сурталчилгаатай холбоотой өргөдөл, гомдлыг хүлээн авч холбогдох хууль тогтоомжийн дагуу хянан үзээд санал, дүгнэлтийг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлнэ”, мөн журмын 7.3-т “Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч, интернэтийн үйлчилгээ эрхлэгч, цахим орчны үйлчилгээ эрхлэгч нь хувь хүн, хуулийн этгээдийн гомдол, маргааныг хэрхэн шийдвэрлэсэн талаарх тайланг сонгуулийн сурталчилгааны хугацаа дууссанаас хойш 30 хоногийн дотор гаргаж, олон нийтэд мэдээлнэ” гэж заасан боловч энэ заалт бүрэн хэрэгжээгүй. ХХЗХ сонгуулийн сурталчилгааны үеэр иргэдээс ирсэн гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн тухай тайланг цаг тухайд нь олон нийтэд мэдээлж байгаагүйг энд онцлон дурдах нь зүйтэй.
Процедурын хувьд цахим орчин дахь сонгуулийн сурталчилгаатай холбоотой өргөдөл, гомдлыг холбогдох эрх бүхий байгууллагууд буюу Тагнуулын ерөнхий газар (ТЕГ), Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ), Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ), Мэргэжлийн хяналтын газар (МХЕГ) хүлээн авч хууль зөрчсөн талаарх санал, дүгнэлтийг ХХЗХ-нд ирүүлнэ. Эдгээр дүгнэлтэд үндэслэн, ХХЗХ тухайн хууль зөрчсөн хаягийг хязгаарлах, хууль зөрчсөн контентыг устгах хүсэлтийг Фэйсбүүк компани руу хүргүүлэх ёстой. Фэйсбүүк компани нь уг хүсэлтийг хүлээн авч шалгаад, хэрэв зөрчсөн гэж үзсэн тохиолдолд технологийн арга хэмжээ авах гэсэн дараалалтайгаар ажиллажээ.
ХХЗХ-оос ирүүлсэн тайланд дурдсанаар сонгуулийн үеэр тус байгууллага таван ажлын хэсэг байгуулж, ачаалалтай ажиллажээ. КОВИД-19-ийн цар тахалтай холбоотой Фэйсбүүк компанийн төлөөлөгчид гэрээсээ цахимаар ажиллаж байснаас шалтгаалж зарим технологийн арга хэмжээ авах, зохицуулалт хийх ажил бага зэрэг удаашралтай байсныг онцолсон байв. УИХ-ын сонгуулийн сурталчилгааны хугацаанд ХХЗХ-нд эрх бүхий байгууллагууд (ЦЕГ, ШӨХТГ, ТЕГ, МХЕГ)-аас 325 санал, дүгнэлт ирүүлсэн. Эдгээр 325 хүсэлтийг “Фэйсбүүк” компанид хүргүүлснээс 284-ийг нь шалгаж хариу ирүүлсэн гэж ХХЗХ-ны мэдээлэлд дурдсан байх аж. Үүнийг байгууллагаар ангилж үзвэл ЦЕГ-224, ШӨТХГ-67, ТЕГ-19 болон бусад 15 санал дүгнэлтийг ирүүлсэн байна. Фэйсбүүкээс ирүүлсэн 284 хариуны 138 нь буюу 43 хувь нь шийдвэрлэгдсэн байна. Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн үеэр сонгуулийн хууль, тогтоомжийг зөрчсөн нийт хэрэглэгчийн хаягийн 49 хувь буюу 143 хаяг, хууль бус контентын 45 хувь буюу 256 контентыг хязгаарлаж шийдвэрлэжээ.
Гэвч дээрх арга хэмжээг авахдаа хууль, журамд заасан ямар үндэслэл, шалгуурыг баримталсан талаар мэдээлэл нийтэд ил тод биш байсан нь учир дутагдалтай юм. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь хүний үндсэн эрх бөгөөд түүнийг зөвхөн хуульд заасан үндэслэлээр хязгаарлах боломжтой билээ. Эрх баригч намын зүгээс давуу байдлаа ашиглан өрсөлдөгч талуудынхаа дуу хоолойг боомилсон гэх хардлага үүсэх, улмаар энэ нь сонгуулийн легитим чанарт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй тул цаашид дээрх мэдээллийн ил тод байдлыг хангахад анхаарах нь чухал юм.
Ковид-19-ийн цар тахал олон нийтийг түгшээсэн онцлог нөхцөлд явагдсан энэ удаагийн УИХ-ын сонгуулийн сурталчилгаанд нэр дэвшигчид фэйсбүүк талбарыг маш өргөнөөр ашиглалаа. Нийгмийн сүлжээнд явуулсан сурталчилгааны ерөнхий өнгө аясыг ажиглахад дийлэнх нь эерэг болон төвийг сахисан хандлагатай байв. Постууд нь гол төлөв нэр дэвшигчийн танилцуулга, сурталчилгаа бүхий агуулгатай байсан бөгөөд үзэн ядах үг хэллэг агуулаагүй, илт хуурамч, эсвэл үнэн эсэх нь эргэлзээтэй мэдээлэл байгаагүй, олон нийтийг аливаа сөрөг үйл явдалд уриалсан агуулга мониторинг хийх явцад ажиглагдсангүй. Өмнөх 2016 оны сонгуультай харьцуулахад сурталчилгааны өнгө аяс ерөнхийдөө эерэг байсан ба “хар бараан” агуулга бага байлаа.
Үүний шалтгааныг бид дараах хоёр хүчин зүйлтэй холбоотой гэж таамаглаж байна. Үүнд:
Нэгдүгээрт, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд иргэд, сонгогчид болон нэр дэвшигчдийн нийгмийн сүлжээний талбарыг ашиглах арга барил, мэдээллийн суурь боловсрол өсөн нэмэгдсэн нь тодорхой хэмжээнд нөлөөлсөн байж болох юм. [2]
Хоёрдугаарт, Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш уг хуулийн 6.21 дүгээр заалтын дагуу “Гүтгэх” зөрчил гарган хариуцлага тооцуулсан тохиолдлын тоо нэмэгдэж ирсэн нь мөн нөлөөлсөн гэж үзэж байна. Тухайлбал, 2018 онд 111, 2019 онд 122, 2020 онд Зөрчлийн хуулиас Эрүүгийн хууль руу шилжих хүртэл буюу 1 дүгээр сарын 10 хүртэлх 10 хоногт 4 буюу ойролцоогоор 3 хоног тутамд нэг хэрэг бүртгэгдэж, хариуцлага тооцож ирсэн нь сэрэмжлүүлэх нэг шалтгаан болсон байхыг үгүйсгэх аргагүй.
Ялангуяа 2020 оны эхнээс КОВИД-19 цар тахлаас шалтгаалж иргэд худал мэдээлэл тараасан эсэх дээр цагдаа болон бусад холбогдох төрийн байгууллагууд онцгой хяналт тавьж анхаарч эхэлсэн. Улмаар цар тахлын үеэр хуурамч мэдээлэл тараасан иргэдийг цагдаагийн байгууллагаас олж илрүүлэн хариуцлага тооцсон тохиолдол хэд хэд гарсан талаар хэвлэл мэдээллээр олон нийтэд мэдээлж байв. Үүнээс үүдэн иргэд болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цахим орчинд, тэр дундаа нийгмийн сүлжээнд мэдээлэл түгээх болон дамжуулахдаа хянамгай хандах нь нэмэгдсэн. Энэ нь зарим тохиолдолд өөрийн цензур буюу үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө дээрх болгоомжлолоос үүдэн хязгаарлах байдалд хүргэсэн байх талтай.
Дээр дурдсанчлан энэхүү ажиглалтыг сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэхээс өмнөх болон албан ёсны сурталчилгааны үеэр гэсэн хоёр үе шаттай гүйцэтгэсэн ба үр дүнг тоймлон хүргэж байна.
Ерөнхийдөө нийгмийн сүлжээнд улс төрийн сурталчилгааны агуулгыг олон нийтэд зохион байгуулалттай түгээх нь сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэхээс өмнө ч ажиглагдсан ба үүнд нэр дэвшигчид ямар хэмжээний мөнгө зарцуулж байгааг одоогоор мэдэх боломжгүй, хяналт байхгүй байна. Сурталчилгааг нам, нэр дэвшихээр горилогч болон нэр дэвшсэн улс төрчдөөс гадна гуравдагч этгээд буюу намын дэргэдэх холбоод, бусад этгээд түгээх байдал ажиглагдсан ба сонгуулийн зардлыг зохицуулж буй одоогийн эрх зүйн орчинд энэ харилцааг зохицуулсан заалт дутагдалтай байна.
Ийнхүү эрх зүйн орчин хангалтгүй, хяналт сул байгаагаас шалтгаалж мөнгө их зарцуулсан тал олон нийтийн санаа бодолд нөлөөлөх боломжтой буюу тэгш гарааны зарчим алдагдах бодитой эрсдэл байгааг онцлох нь зүйтэй.
1. 2020 оны УИХ-ын сонгуулийн албан ёсны сурталчилгаа эхлэхээс өмнө нэр дэвшигчдийн фэйсбүүк хуудсанд хийсэн ажиглалтын дүн
Сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө буюу 4 дүгээр сарын 1-ээс 5 дугаар сарын 31-ний хооронд доор дурдсан шалгууруудад үндэслэн УИХ-ын сонгуульд нэр дэвших өндөр магадлалтай 12 хүн, 6 нам эвслийг сонгон авч фейсбүүк хуудсаараа явуулж буй сурталчилгаанд мониторинг хийв. Үүнд:
СУДАЛГААНД ХАМРУУЛСАН НЭР ДЭВШИГЧИД: АН-аас 3, МАН-аас 3, Зөв хүн электорат эвслээс 2, Шинэ эвслээс 2, Та бидний эвслээс 1, Бие даан нэр дэвшигч 1
СУДАЛГААНД ХАМРУУЛСАН НАМ, ХӨДӨЛГӨӨНИЙ ФЭЙСБҮҮК ХУУДАС: АН, АЭХ, МАН, НАМЭХ, МАХН, ХҮН
Мониторинг нь дээрх этгээдүүдийн зүгээс (Фэйсбүүкт) төлбөртэйгээр мэдээлэл, сурталчилгаа түгээсэн тохиолдлыг баримтжуулах, зарцуулсан боломжит зардлыг тооцоолж гаргахад чиглэв.
Энэ үе шатны мониторингийн дүнг хураангуйлж үзвэл:
- Төлбөртэй постууд нь 100 хувь эерэг болон төвийг сахисан хандлагатай байв.
- Агуулгын хувьд зураг, видео хэлбэртэй постууд давамгайлж байлаа.
- ТВ, сонин, сайт зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр төлбөртэйгөөр нэвтрүүлсэн контентоо фэйсбүүкээр төлбөртэйгөөр түгээх явдал маш их ажиглагдсан.
- Тухайн цаг хугацаанд үл хамаарах мэдээллийг дахин түгээх (Жишээлбэл, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан хүн өмнө чуулганы танхимд хэлж байсан үгээ таслан дахин түгээх) явдал ажиглагдсан.
- НАМЭХ, АЭХ зэрэг намуудын дэргэдэх холбоодын тухайд нэр дэвшиж буй эмэгтэйчүүдээ танилцуулах видео, нэвтрүүлэг хийснээ хэсэгчлэн, 3-5 хүртэлх тодорхой давтамжтайгаар танилцуулж байв.
- Нэр дэвшигчийн өөрийн албан ёсны хуудсаар биш өөр хуудсуудаар тухайн нэр дэвшигчийг дэмжсэн постыг төлбөртэйгөөр нийтлэх нь ажиглагдаж байлаа.
- Шууд өөрийн албан ёсны пэйжээр биш зарим тохиолдолд “дэмжигчийн” гэсэн тодотголтой пэйжээр сурталчилгаа хийх явдал цөөнгүй байсан.
- УИХ-ын гишүүн, засаг дарга зэрэг хүмүүс өөрийн ажлын тайлан хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийж байсан нь маш их ажиглагдсан. Энэ нь тэгш гарааны зарчмыг зөрчиж байна гэж үзэж болохоор байна.
Нэр дэвшихээр горилогчдын оруулсан 3 пост тутмын нэг нь төлбөртэй байв. 4 болон 5 дугаар сард дунджаар 14 төлбөртэй пост оруулжээ. 4 дүгээр сард нэг нэр дэвшигч дунджаар 5 төлбөртэй пост оруулж байсан бол 5 дугаар сард 9 болж нэмэгджээ. Нам, холбоодын тухайд харин буурч 3-аас 2 болсон.
Нэг төлбөртэй пост дунджаар 5-6 хоног үргэлжилж байв.
Фэйсбүүк компаниас төлбөртэй сурталчилгаанд нэг хариу үйлдэлд тооцох мөнгөн дүнг нээлттэй зарлаагүй бөгөөд тогтсон үнэ байдаггүй. Тухайн сурталчилгааны зорилтот бүлэг, газар орны байршил зэргээс шалтгаалж харилцан адилгүй үнэ ханштай байдаг.
Бидний олж авсан мэдээллээр (ажиглалт болон асуулгын аргаар) нэг хариу үйлдэлд оногдох төлбөрийн хэмжээ 0.02-0.2 ам.долларын хооронд хэлбэлзэж байв.
Харин бид нэр дэвшихээр горилогчдын постоо төлбөртэй сурталчилж буй арга, байршил, чиглүүлэлт зэргийг авч үзэн зардлыг тооцохдоо нэг хариу үйлдлийг 0.04 ам.доллароор тооцов. 1 ам.долларын тухайн үеийн ханшийг 2800 төгрөгтэй дүйцүүлэн үнэлэв.
Төлбөртэй постод зарцуулсан зардлыг намын харьяаллаар авч үзвэл, МАН-ын харъяаллын нэр дэвшихийг горилогчид тэргүүлж байна.
ХҮСНЭГТ 1. ФЭЙСБҮҮКИЙН СУРТАЛЧИЛГААНД ГАРГАСАН НИЙТ ЗАРЦУУЛАЛТ (НЭР ДЭВШИХЭЭР ГОРИЛОГЧДЫГ НАМ, ЭВСЛЭЭР ЖАГСААВАЛ)
Намын харьяалал
|
Төлбөртэй постын тоо
|
Нийт үйлдлийн тоо
|
Зарцуулсан зардал ($)
|
Зарцуулсан зардал (₮)
|
Ж.Г (МАН)
|
44
|
42,668
|
8,534
|
23,894,080
|
С.Д (Бие даагч)
|
19
|
32,890
|
6,578
|
18,418,400
|
Г.О (АН)
|
24
|
22,785
|
4,557
|
12,759,600
|
Б.Э (МАН)
|
14
|
19,843
|
3,969
|
11,112,080
|
Т.Д (Зөв хүн электорат)
|
16
|
11,646
|
2,329
|
6,521,760
|
Э.Б (Та бидний эвсэл)
|
2
|
6,533
|
1,307
|
3,658,480
|
З.Э (АН)
|
6
|
5,539
|
1,108
|
3,101,840
|
Х.Г (МАН)
|
10
|
2,800
|
560
|
1,568,000
|
Ж.Б (Шинэ эвсэл)
|
4
|
1,842
|
368
|
1,031,520
|
З.Н (АН)
|
3
|
1,157
|
231
|
647,920
|
|
|
|
29,541
|
82,713,680
|
ГРАФИК 2. СОНГУУЛИЙН ҮЕЭР НАМУУД БОЛОН НЭР ДЭВШИГЧДИЙН ФЭЙСБҮҮКИЙН ТӨЛБӨРТЭЙ СУРТАЛЧИЛГААНД ЗАРЦУУЛСАН МӨНГӨН ДҮН
ХҮСНЭГТ 2. НАМ БОЛОН ХОЛБООДЫН ЗАРДЛЫН ДҮН
Нам, эвслийн нэр | Зардал | ||
ам. доллароор ($) | төгрөгөөр (₮) | ||
1 | НАМЭХ | 1,251.60 | 3,504,480 |
2 | АЭХ | 855.4 | 2,395,120 |
3 | МАН | 786.4 | 2,201,920 |
4 | МАХН | 241.4 | 675,920 |
5 | ХҮН | 82.2 | 230,160 |
6 | АН | 52.6 | 147,280 |
3,217.00 | 9,007,600 |
ТӨЛБӨРТЭЙ ПОСТЫН АГУУЛГЫГ АВЧ ҮЗВЭЛ:
Төлбөртэй постууд нь 100 хувь эерэг болон төвийг сахисан хандлагатай байв. Үүнд:
Постуудын хувьд зураг, видео бүхий хэлбэртэй постууд давамгайлж байлаа. Түүнчлэн тухайн цаг хугацаанд үл хамаарах мэдээллийг дахин түгээх (Жишээлбэл, УИХ-ийн гишүүнээр ажиллаж байсан хүн өмнө чуулганы танхимд хэлж байсан үгээ таслан дахин түгээх), ТВ, сонин, сайт зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр төлбөртэйгээр нэвтрүүлсэн контентоо фэйсбүүкээр төлбөртэйгөөр түгээх явдал маш их ажиглагдсан.
НАМЭХ, АЭХ зэрэг намын дэргэдэх холбоодын тухайд нэр дэвшиж буй эмэгтэйчүүдээ танилцуулах видео, нэвтрүүлэг хийснээ хэсэгчлэн, 3-5 хүртэлх хэмжээний тодорхой давтамжтайгаар танилцуулж байв. Түүнчлэн Нэр дэвшигчийн өөрийн албан ёсны хуудсаар биш өөр хуудсуудаар тухайн нэр дэвшигчийг дэмжсэн постыг төлбөртэйгээр нийтлэх нь нэлээд ажиглагдаж байлаа. Тухайлбал, өөрийн албан ёсны пэйжээр шууд биш, зарим тохиолдолд “дэмжигчийн” гэсэн тодотголтой пэйжээр сурталчилгаа хийх явдал цөөнгүй байсан.
Цаашид гуравдагч этгээдийн зүгээс сурталчилгаа явуулахтай холбоотой харилцааг бусад улсуудын жишгийг даган зохицуулж, сонгуулийн санхүүжилтийн ил тод байдлыг иж бүрэн зохицуулах шаардлага урган гарч байгаа нь эндээс тодорхой байна.
Дээрхээс гадна УИХ-ын гишүүн, засаг дарга зэрэг хүмүүс өөрийн ажлын тайлан хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийж байсан нь маш их ажиглагдсан. Энэ нь тэгш гарааны зарчмыг зөрчиж байна гэж үзэж болохоор байна.
2. 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн албан ёсны сурталчилгааны үеэрх фэйсбүүк сурталчилгааны ажиглалт
Мониторингийн хүрээнд сонгуулийн сурталчилгааны үеэр нэр дэвшигчдийн фэйсбүүк хуудаснаас түгээж буй мэдээлэл, түүнд үзүүлж буй сонгогчдын хариу үйлдэлд агуулгын шинжилгээ хийхийг зорилоо.
Мониторингийг сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэн 6 дугаар сарын 2-ны өдрөөс 6 дугаар сарын 22-ны өдрийг дуусталх хугацааг хамруулан хийв. Хотын төвийн болон орон нутгийн тодорхой нэг тойрогт нэр дэвшиж буй АН, МАН болон гуравдагч хүчнээс тус бүр нэг, нийт 9 нэр дэвшигчийг санамсаргүй түүврийн аргаар сонгон авч дүн шинжилгээ хийлээ.
Мониторингид дараах нам, эвслийн нэр дэвшигчдийн фэйсбүүк хуудсыг хамруулав. Үүнд:
Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж буй
1. МАН
2. Зөв хүн электорат эвсэл
3. Бие даагч
Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж буй
1. АН
2. МАН
3. Зөв хүн электорат эвсэл
Сэлэнгэ аймагт нэр дэвшиж буй
1. АН
2. МАН
3. Та бидний эвсэл.
Албан ёсны сурталчилгааны үеэрх фэйсбүүк хуудасны мониторингийн дүнг хураангуйлан авч үзвэл:
Намын харьяалал | Нийт постын тоо | Нэг өдрийн дундаж пост | |
1 | Зөв хүн электорат | 263 | 13 |
2 | АН | 203 | 10 |
3 | МАН | 174 | 8 |
4 | МАН | 170 | 8 |
5 | АН | 151 | 7 |
6 | Бие даагч | 97 | 5 |
7 | Зөв хүн электорат | 92 | 4 |
8 | МАН | 75 | 4 |
9 | Та бидний эвсэл | 45 | 3 |
Сонгуулийн сурталчилгааны 22 хоногийн хугацаанд нэр дэвшигчид өдөрт дунджаар 3-13 постыг фэйсбүүк хуудастаа оруулж байв. Хамгийн олон пост оруулсан нь өдөрт дунджаар 10-13 байлаа.
Нэр дэвшигчдийн фэйсбүүктээ оруулж буй постын дийлэнх нь эерэг болон төвийг сахисан хандлагатай байна. Бүх пост нь нэр дэвшигчийн танилцуулга, сурталчилгаа бүхий агуулгатай байв.
Нэр дэвшигчдийн постуудад (i) үзэн ядах үг хэллэг агуулагдаагүй, (ii) илт хуурамч, эсвэл үнэн эсэх нь эргэлзээтэй мэдээлэл байгаагүй, (iii) олон нийтийг аливаа сөрөг үйл явдалд уриалаагүй, (iv) сонгуулийн сурталчилгааны болон бусад хууль зөрчөөгүй байв.
Нэр дэвшигчид дунджаар 460 орчим хариу үйлдлийг нэг пост дээр авч байгаагийн 97 хувь нь эерэг, 3 хувь нь сөрөг хандлагатай байна. Хамгийн их эерэг хандлагатай хариу үйлдлийг МАН-ын нэр дэвшигчид авчээ. Гэвч энэ нь бусад нэр дэвшигчдийнхээс хол зөрүүгүй байв.
ХҮСНЭГТ 4. НЭР ДЭВШИГЧДИЙН НЭГ ПОСТОД АВЧ БУЙ ХАРИУ ҮЙЛДЭЛ
Намын харьяалал | Нэг постод авч буй үйлдлийн тоо дунджаар | Үүнээс эерэг үйлдлийн эзлэх хувь (%) | Сөрөг үйлдлийн эзлэх хувь (%) | |
1 | МАН (ХУД) | 385 | 99.7 | 0.3 |
2 | МАН (Сэлэнгэ) | 391 | 98.6 | 1.4 |
3 | МАН (ХУД) | 450 | 97.8 | 2.2 |
4 | Бие даагч (ХУД) | 476 | 97.6 | 2.4 |
5 | Зөв хүн электорат (БЗД) | 415 | 96.7 | 3.3 |
6 | Зөв хүн электорат (ХУД) | 652 | 96.6 | 3.4 |
7 | Та бидний эвсэл (Сэлэнгэ) | 170 | 96.5 | 3.5 |
8 | АН (Сэлэнгэ) | 333 | 95.9 | 4.1 |
9 | АН (БЗД) | 912 | 91.2 | 8.8 |
Нэр дэвшигчийн нэг пост дунджаар 244 орчим удаа дахин түгээгджээ (шэйр). Пост нь хамгийн их түгээгдсэн нэр дэвшигчид А.Энхболд (Та бидний эвсэл), З.Энхболд (АН), Т.Доржханд (Зөв хүн электорат эвсэл) нар байна.
ХҮСНЭГТ 5. НЭР ДЭВШИГЧДИЙН НЭГ ПОСТОД АВЧ БУЙ ТҮГЭЭЛТИЙН ТОО
Намын харьяалал | Нэг постод авч буй түгээлтийн тоо (дунджаар) | |
1 | Та бидний эвсэл (Сэлэнгэ) | 419 |
2 | АН (БЗД) | 314 |
3 | Зөв хүн электорат эвсэл (ХУД) | 308 |
4 | АН (Сэлэнгэ) | 278 |
5 | МАН (Сэлэнгэ) | 264 |
6 | МАН (БЗД) | 258 |
7 | Бие даагч (ХУД) | 166 |
8 | Зөв хүн электорат эвсэл (БЗД) | 113 |
Нэр дэвшигчийн постыг 3 ба түүнээс дээш удаа түгээж буй тохиолдлуудыг баримтжууллаа. Бүх нэр дэвшигч дээр ийм тохиолдол бүртгэгдэв.
МАН (ХУД)-ын нэр дэвшигчийн постыг тодорхой нэг хаягаас дунджаар 3-5 удаа Бие даагч (ХУД)-дын тухайд дунджаар 10 удаа, Зөв хүн электорат эвсэл (ХУД) 9-72 удаа, МАН (БЗД) 5-6 удаа, Зөв хүн электорат эвсэл (БЗД) 3-5 удаа, АН (БЗД) 5-7 удаа, ТБЭ (Сэлэнгэ) 3-4 удаа, АН (Сэлэнгэ) 6-7 удаа, МАН (Сэлэнгэ) 5-18 удаа гэх мэтээр нэг постыг нэг хаягаас олон удаа түгээжээ.
(Энэ харагдац нь судлаачид хязгаарлагдмал харагдах бөгөөд зөвхөн ил харагдаж буй тохиолдлууд юм)
Нэр дэвшигчдийн нэг пост дунджаар 86 орчим сэтгэгдэл авч байна. Хамгийн их сэтгэгдэл авсан нь З.Энхболд (1100), С.Баярцогт (1204), А.Энхболд (864) нарын постууд ажээ.
ХҮСНЭГТ 6. НЭР ДЭВШИГЧДИЙН НЭГ ПОСТОД АВЧ БУЙ СЭТГЭГДЛИЙН ТОО
Намын харьяалал | Нэг постод авч буй сэтгэгдлийн тоо (дунджаар) | |
1 | АН (БЗД) | 232 |
2 | Та бидний эвсэл (Сэлэнгэ) | 164 |
3 | АН (Сэлэнгэ) | 93 |
4 | Зөв хүн электорат эвсэл (ХУД) | 91 |
5 | МАН (Сэлэнгэ) | 88 |
6 | МАН (БЗД) | 47 |
7 | МАН (ХУД) | 35 |
8 | Бие даагч (ХУД) | 33 |
9 | Зөв хүн электорат эвсэл (БЗД) | 33 |
Сэтгэгдлийн агуулгад дүн шинжилгээ хийж үзвэл 99 хувь нь эерэг сэтгэгдэл байна. Энэ үзүүлэлт судалгаанд хамрагдсан бүх нэр дэвшигчдэд адил байв. Эерэг сэтгэгдэл нь ихэвчлэн амжилт хүссэн, дэмжиж буйгаа илэрхийлсэн, өмнө хийж гүйцэтгэсэн ажлуудыг нь онцолсон, УИХ гишүүнээр сонгогдох ёстой хүн гэсэн өнцгөөр бичигдсэн байв.
Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн сурталчилгаанд нэр дэвшигчид фэйсбүүк талбарыг маш өргөнөөр ашиглалаа. Сонгуулийн сурталчилгааны 22 хоногийн хугацаанд нэр дэвшигчид өдөрт дунджаар 3-13 постыг фэйсбүүк хуудастаа оруулж байсан бөгөөд дийлэнх нь эерэг болон төвийг сахисан хандлагатай байв. Постууд нь нэр дэвшигчийн танилцуулга, сурталчилгаа бүхий агуулгатай байсан бөгөөд үзэн ядах үг хэллэг агуулагдаагүй, илт хуурамч, эсвэл үнэн эсэх нь эргэлзээтэй мэдээлэл байгаагүй, олон нийтийг аливаа сөрөг үйл явдалд уриалсан агуулга судалгааны үеэр ажиглагдсангүй. 2016 оны сонгуультай харьцуулахад харьцангуй эерэг хандлагатай, “хар бараан” агуулга бага байв.
Үүний шалтгааныг: Нэгдүгээрт, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд иргэд, сонгогчид болон нэр дэвшигчдийн олон нийтийн сүлжээний талбарыг ашиглах арга барил, мэдээллийн суурь боловсрол өсөн нэмэгдсэн нь тодорхой хэмжээнд нөлөөлсөн гэж таамаглаж байна. Хоёрдугаарт, Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 6.21 дүгээр заалтын дагуу “Гүтгэх” зүйл, ангиар арга хэмжээ авсан хэргийн тоо нэлээд байгаа нь нөлөөлсөн байхыг үгүйсгэх аргагүй. Түүнчлэн 2020 оны эхнээс КОВИД-19-ийн цар тахалтай холбоотой нийгмийн сүлжээнд худал мэдээлэл тараах асуудал дээр цагдаа болон бусад холбогдох төрийн байгууллагууд онцгой анхаарч, хариуцлага тооцож эхэлсэн нь ч нөлөөлсөн байх талтай. Эдгээр хүчин зүйлийн нөлөөнд иргэд болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэл түгээх болон дамжуулахдаа болгоомжлох нь нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, өөрийн цензур буюу үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө өөрийн хүсэлтээр хязгаарлах байдалд хүргэсэн байж болох юм.
Мониторингид хамрагдсан нэр дэвшигчдийн фейсбүүкт оруулсан постын дийлэнх буюу 90-ээс дээш хувь нь төлбөртэйгөөр олон нийтэд түгээгджээ. Нэг пост дээр дунджаар 460 орчим хариу үйлдэл хийгдэж байв. Үүний 97 хувь нь эерэг, 3 хувь нь сөрөг хандлагатай байна. Нэг пост дунджаар 86 орчим сэтгэгдэл авч байсан бөгөөд тэдний 99 хувь нь эерэг сэтгэгдэл байсан ба 244 орчим удаа түгээгджээ (шэйрлэгдэх). Харин эдгээр постыг зохион байгуулалттайгаар дахин түгээх тохиолдлууд ажиглагдсаныг энд онцолъё. Тухайлбал, нэр дэвшигч бүрийн бүх пост дээр дор хаяж 10- 30 хүн (фэйсбүүк аккаунт) нэг агуулга бүхий сэтгэгдэл зохион байгуулалттайгаар бичиж байсан. Үүнд нэр дэвшигч хэдий хэмжээний мөнгө зарцуулж буй мэдээлэл ил тод бус бөгөөд ХХЗХ-ны зүгээс ямар хяналт тавьсан нь тодорхойгүй байна.
Бидэнд тодорхой эх сурвалжийн мэдээлснээр нэр дэвшигч нэг постдоо дунджаар 50-100 ам. доллар зарцуулж байсан бөгөөд өдөрт хамгийн багадаа 2 пост оруулж байв. Бидний баримтжуулснаар нэг цаг хугацаанд хамгийн ихдээ 24 постыг нэгэн зэрэг төлбөртэйгөөр түгээж байв.
Энэ удаагийн сонгуульд фэйсбүүкийг ашиглахдаа зарим нэр дэвшигч сонгогчдыг оршин суух байршлаар нь бүлэглэн жагсаалт үүсгэн зөвхөн өөрийн хүссэн тодорхой хорооны зорилтот бүлэгтээ мэдээлэл сурталчилгаагаа түгээх байдал ч ажиглагдсан болно. Фэйсбүүк дээр иргэд өөрийн гэрийн хаяг, утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ хүн бүрд харуулах буюу нээлттэй (паблик) тохиргоотойгоор оруулсан бол мэдээллийг нь хэн ч авч болох ч дээрх жагсаалтын дотор мэдээллээ хаалттайгаар тохируулсан иргэд ч мөн багтсан байсан. Өөрөөр хэлбэл, өөрийн мэдээллээ нууцлахыг хүссэн иргэдийн мэдээллийг ямар аргаар олж ашигласан нь сонирхол татаж байна. Иргэдийн хувийн өгөгдлийг өөрсдийнх нь зөвшөөрөлгүй ашиглахгүй байх хамгаалалт шаардлагатай байгаа нь эндээс харагдаж байна.
УИХ-ын сонгуулийн тухай хуулиар уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах харилцааг нарийвчлан зохицуулж ирсэн хэдий ч цахим орчин ашиглах асуудлыг хангалттай хэмжээнд зохицуулаагүй тухай дээр дурдсан. Тэр дундаа нийгмийн сүлжээнд нэр дэвшигч хэрхэн сурталчилгаа хийх талаар нарийвчлан тодорхой заагаагүй. Тиймээс УИХ-ын сонгуулийн тухай хуульд цахим орчинд сурталчилгаа явуулах талаар ерөнхийд нь тусгасан байгааг цаашид нарийвчилж, нийгмийн сүлжээг цахим орчин дахь хэвлэл мэдээллийн хэрэгслээс ялгаж тодорхойлох, нийгмийн сүлжээнд нэр дэвшигч сурталчилгаа түгээхдээ мөрдөх зарчмыг илүү тодорхой болгох, ялангуяа төлбөртэй сурталчилгааны тухай мэдээллийн ил тод байдлыг хангуулах зэрэг зохицуулалтыг тусгах шаардлагатай.
Фейсбүүк талбар өөрөө сонгууль, улс төрийн холбогдолтой төлбөртэй түгээгдсэн мэдээллийн санг /Ad Library/ эхлүүлээд байгаа ба түүнд хэн, хэзээ ямар мэдээллийг, ямар хэмжээний төлбөр төлж нийтэлснийг хайлт хийх боломжтойгоор нэгтгэжээ. Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн үеэр Монгол Улсад ач холбогдол нь төдий л ажиглагдаагүй өнгөрсөн нь дотоодын хууль тогтоомжид ил тод байдлын чухал асуудлыг уялдаатай зохицуулалгүй орхисонтой холбоотой юм. Олон нийтийн сүлжээг ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах асуудлыг цаашид зохицуулахдаа Фейсбүүк, Твиттер зэрэг томоохон талбаруудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдтэй уялдуулж зохицуулахыг зөвлөж байна.
Сонгуульд өрсөлдөгч талуудын албан ёсны бүртгэлтэй хуудаснаас сурталчилгаа явуулах асуудлыг зохицуулж, ил тод байдлыг хангахаас гадна тролл, бот хаягуудаас зохион байгуулалттай сурталчилгаа явуулж буй байдалд хяналт тавих техникийн шийдлийг нийгмийн сүлжээний компаниудтай хамтран боловсруулж хэрэгжүүлэх нь зүйтэй.
Сонгуулийн сурталчилгаа явуулахад нам, эвсэл, нэр дэвшигчдээс гадна намын дэргэдэх холбоод гэх мэт гуравдагч этгээд идэвхтэй оролцож байгаа явдалд анхаарал хандуулж цаашид гуравдагч этгээдийн зүгээс сурталчилгаа явуулахтай холбоотой харилцааг хуулиар зохицуулах замаар сонгуулийн санхүүжилтийн ил тод байдлыг иж бүрэн хангах шаардлагатай байна.
Цахим орчинд түгээж буй мэдээлэлд аливаа цензур тогтоох бол хуульд нийцүүлэн ил тод байдлыг хангах нь туйлын чухал юм. ХХЗХ болон бусад эрх бүхий байгууллагууд сонгуулийн сурталчилгааны үеэр иргэдээс ирсэн гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн, технологийн ямар арга хэмжээг ямар үндэслэлээр авсан тухай тайланг цаг тухайд нь олон нийтэд мэдээлэх шаардлагыг хуульд тусгаж өгөх нь зүйтэй юм. Ингэснээр эрх баригч намын зүгээс давуу байдлаа ашиглан өрсөлдөгч талуудынхаа дуу хоолойг боомилсон гэх хардлага үүсэх, улмаар энэ нь сонгуулийн легитим чанарт сөргөөр нөлөөлөх эрсдэлээс зайлсхийх нөхцөл бүрдэнэ.
Сонгуулийн жил аливаа хууль тогтоомжид өөрчлөлт оруулахдаа үзэл бодлоо илэрхийлэх, чөлөөт шүүмжлэл өрнүүлэх боломжийг хуулиар хязгаарлаж хумихгүй байх нь чөлөөт ардчилсан сонгуулийн чухал хэмжүүр нөхцөл билээ. Цаашид хуурмаг мэдээлэл гэж юу болох талаар эрх зүйн ойлголтыг олон улсын стандартад нийцүүлэн нэг мөр тодорхой болгох нь чухал байгааг үүгээр мөн сануулж байна.
Цахим орчин дахь сонгуулийн сурталчилгаанд төрийн байгууллагуудад хадгалагдаж буй иргэдийн хувийн өгөгдөл, мэдээллийг зүй бусаар ашиглах үзэгдэл гарахаас сэргийлж, үүнийг хориглосон тодорхой зохицуулалтыг холбогдох хуульд тусгах нь зүйтэй гэж зөвлөж байна. Ийм үзэгдэл бусад улсуудад ч ажиглагдаж буй бөгөөд төрийн нөөц, хөрөнгийг зүй бусаар ашиглаж буй нэг хэлбэр гэж үзэн төрийн эзэмшилд байх хувь хүний өгөгдлийг хамгаалан, сонгуулийн сурталчилгаанд ашиглахыг хуулиар хориглох арга хэмжээ авах болсон
Тайланг эмхэтгэж боловсруулсан:
Ц.Тамир, Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төвийн захирал
Мэдээлэл цуглуулж нэгтгэсэн:
А.Амартүвшин, Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төвийн сургагч багш
Б.Батцэцэг, Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төвийн сургагч багш
Н.Ганчимэг, Хэвлэл мэдээллийн зөвлөл, төслийн зохицуулагч
О.Дүүрэнжаргал, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Ёс зүй хариуцсан мэргэжилтэн
ЭРЭН СУРВАЛЖЛАХ СУРВАЛЖЛАГЧДЫН ТӨЛӨӨ ТӨВ
Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Монгол ТВ цамхаг, 1101 тоот
Вэб: www.mcir.mn
ФБ: www.facebook.com/MongolianCenterforInvestigativeReporters
Твиттер: @mcir_info Холбоо барих: 7709 1199
Уг тайланд туссан хөндлөнгийн дүгнэлт, үзэл бодол нь Нээлттэй Нийгэм Форумын байр суурийг илэрхийлэхгүй болно
Хавсралт | Хэмжээ |
---|---|
Monitoring-on-Social-Media.pdf | 4.79 MB |