Төрийн аудитын дээд байгууллага зардлын тайланг хүлээн авсан өдрөөс хойш 60 хоногийн дотор хянаж, дүнг нийтэд мэдээлэх бөгөөд нэг сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн, хоёр сая ба түүнэ
Дэлхийн бөмбөрцгийн хүйтний оргил. Ядуугийн туйл. Цасан болон шороон шуурга. Элсний нүүдэл. Хахууль, луйвар, хулгай, архидалт, дээрэм. Энэ бол ар Монгол. Бөмбөрцгийн ийм аймшгийн цэгт, гадаадаас хэн зориглон ирж, хараар ажиллах вэ? Хүнийхээ олонд шаагдсан хятадууд л ирдэг байх. Тэд задарсан бус ядарсан хүмүүс харагддаг. Гайхмаар нь, тэдэнд бидний дээрэлхүүг? Ах нар биднийг яадаг байлаа? Яг! Дуурайвал, мунадаг орос харагдана гэж 70 жилийнхээ энерцээр сэтгэж дээ, янз нь. Зүй нь, гадныхантай ав адилхан соёлтой харилцах ёстой.
Чадууд бялдуучилж, ядууд сарлагтах шившиг.үИйм зан биднийг аягүй муухай харагдуулдаг. Сарлагтаж сарлагтаж, басамжилсан уранхай дээлтэй туранхай царайтдаа ялагдаж дуусдаг тавилантай. Сагсуу сарлаг үнэнд, хуульд гүйцэгдэж буй нь тэр. Бид сарлагтах зангаа хаяад хуулиа чанд сахих журамд нэгдье гэхэд, уг нь хөрөнгө оруулалт, төр засаг, шүүх цагдаа аль нь ч шаарлаггүй сан.
Харьд хараар зарцлагдагч ядуу дорой монголчуудынхаа яаж ад үзэгдэж, зодуулж, хөөгдөж, төрийнхөө далбааг шатаалгаж буйг уг нь бид эдлэхээрээ нэг болсон. Харьд нүд үзүүрлэгдэж яваа бидний үр хүүхдүүдийн ижил аргаа барсан ядмаг хятад залуус л бойтоглож явна уу гэхээс тунрын Монголд ямар аргатай амьтан шунах сан билээ?
Гэхдээ бид тэднийг өрөвдөөд хуулиа найр тавин басамжлуулах ёсгүй. Зөвхөн хятадууд ч бус манайд ажиллахаар ирсэн гадаадынхан хуулиа тоодоггүй биднийг хараад, эхлээд баахан гайхаж, хүлээснээ, монголын хуулийн дагуу ажлаа бүтээх гэж оролдоод, цөхрөөд, эцэст нь тэнэгийн газар тэнэгтэхээс өөр замгүйг ухаарна. Гадаад хүн төрөлхийн тэнэг бус ч бай Монголд ирээд тэнэгэрдэг ид шид бидэнд бий. Юмыг яс номоор нь, хуулиар нь хийх гэсний уршиг. Эхлээд манай хуулийг мөрдөх гэж шургуутаад, ажил нь нурна. Бухимдана, хараана, нулимна. Энд ганц хятад бус, манайд амьдарч буй нийт гадаад иргэд надтай санал зөрөхгүй. Хуулиар нь явбал, ажил нь нурдаг, хууль бус бусармаг заль мэхээр хөөцөлдвөл, ажил нь бүтдэг буруу монголын гаж тогцолцоог нөгөө гадаад хүн дагахаас аргагүйд хүрдэг. Монгол, буруу Монгол болжээ. Үүнийгээ “ардчилал” гэж өөхшүүлдэг бөгөөд Төр засгийн томчууд, “чадаж байгаа юманд арга алга” хэмээн луйвраар хаус жиптэй гангарч, рейтинг нь өсдөг. Цусы нь шинжилбэл, олон жилийн курс тариа “Ганцхудаг”-т хийлгэх томчуудын тоо, сүүлийн үед сүрхий хурдаар үжиж буй гавьяатын тооноос ч хол давсан биз. Гадаадын иргэд, “Алийн бүр монголын хуулийг дагах гэж хохирох вэ” гээд бидний араас манай хуулийг зөрчиж, монголждог.
...Монголчууд аа, ингээд заваараад байх уу?.. Үгүй ээ, арга олъё. Юун түрүү “сарлагтаж” сагсуурахаа, хүний жаахан ухаанаар хачирлая. “Сарлагтах” маань амтлагчгүй дандаад байна. Монгол хүн хаана ч сарлагтаж чадна. Гэртээ, гадаа, УИХ-д, талбайд. Ганцхан гадаадынханд сарлагтахгүй байхыг гуйя. Хуулиа тоодоггүй “сарлагуудыг” дагаснаас ч юм уу, далимдуулснаас ч юм уу, хятадууд манай хуулийг зөрчиж буйг монголчууд бүгд зоригтой хүлээе! Үүнийг сарлагталгүйгээр хоёр гараа өргөн зөвшөөрөөд, эхлээд өөрсдөө хуулиа чанд биелүүлэх тэмцэлд босъё. Том жижиг гэлтгүй, ямар ч хуулийг хүн бүр, компани бүр, гишүүн сайд бүр яс дагая.
Гэмт хэрэг тариад хэрэгт орохоо бүр болив. ТВ-9 тэлевизээр нэг сайд аварга өргөмлөлөөр шагнуулаад, 10 хэдэн залуу онгоцноос унагаж алсан гэж магтуулаад, малилзаж байхыг бид харсан. Шүүгчид толгой мэдэлгүй болсон нь нууц биш. Тэд тэнгэрээс буух командаар шийднэ. Команд нь: манай хэдийг таслах гээд буй зүйл ангийг хуулиас авч хаяад, ялнаас мултал. Тэгээд шүүх хурал тармагц, нөгөө зүйл ангийг нь хуулинд буцаагаад суулгачих. Зарга гарвал, шүүх нэг хэргийг хоёр ялалдаггүйг нотло гэх буюу “хоёр жилийн ял авах уу, эсвэл Хувьсгалт намын ерөнхий н\б дарга болох уу?” гэж хүртэл дампуурав. Төрөөс баталсан хуулиа, хүндлэн дээдлэх нь байтугай, ядаж бүр уландаа гишгих нь байтугай, нэг этгээд дур мэдэн ганцаараа үзэг барин засварлаад, том албан тушаал нь Улсыг нураачихаа дөхөж байж ганц хуруу буумчаа аядлаа. Гэтэл нөгөө “хуулийн мэс засалчин” чинь бүр цойлоод “гавъяат хуульч”-ийн торгон жолоо өргүүлэв. Хуулиа засварлаагүй, хуулиа бүр усгачихсан бол ямар цол хүртэх хүн бол? Иргэн “хууль зөрчлөө” гэхээс бус, иргэн “хууль заслаа” гэж дэлхийн түүхэнд гараагүй! Чих толгой зүүж явахад чивтэй чавганц үзнэ гэдэг энэ аж. “Хуулиараа бөгсөө арчиж байна” гэж бичихэд ч гоёдоод байна.
“Хятад ажилчид хууль зөрчөөд байна” гээд л ЗХУ, Хятадын харилцаа муу байх үеийн партизанууд зодоон, цаашилбал, яах гээд буй нь мэдэгдэхгүй уухилаад байх юм. Тэдний сачий нь л хүрэхгүй байх шиг. Ингэж сарлагтахын оронд ухаан заръя. Мөнгөн ус өгвөл, авдаггүй, хил гааль давуулаад өгөөч гэхэд нь алгаа тосож, шүлсээ савьруулдаггүй болъё. Бид чинь, Чингисийн удам болохоос бүгдээрээ Чингис биш. Их хааны хүч, ухаанаас, өнөөдрийн бидэнд үртэс ч алга. Ядмаг тэнэг хүмүүс яах вэ гэвэл, хуулиа нугаршгүйгээр дагая. Аврах зам хууль. Бид эхлээд өөрсдөө хуулиа ягштал биелүүлж, ингэснээр, манайд ажиллаж буй хятадуудыг хуулиндаа мөргүүлье. Хууль зөрчигдсөн нөхцөлд бид өөрсөдтэйгөө ч, гадаадын иргэд хэнтэй ч болов, хатуурхая. Чингэж чадваас, ул мөргүй замхардаг замтай болсон элдэв хулгай баригдаж, манайд амьдарч буй гадаад иргэд таашаана.
Манай беснесменүүд Улсынхаа хууль дүрмээс гадуур, хамсан луйвардах нөхцөлтэй гэрээ хэлэлцээр гадныханд санал болгож байна. Хууль завшиж, луйвраар олз олох гэсэн сэдэл монгол боссуудаас эхтэй. Бүү марга! Монгол боссуудаас л ундаргатай. Монгол луйварчин боссуудтай хуйвалддаг, хятад луйварчин данжаадууд бүр амтшсан хэрээ мэт эргэлдэж байна. Хуулийн гадуур явагддаг луйврын гэрээ хэлэлцээр, шантажийг, судалж, ашиглах нь тэдний бохир бизнес болон дэврэв. Өөрийн хуулийг өшиглөдөг өгөр монголчуудаас тэмцлээ эхлэхдээ, инээсэн “ахайн дүү”-нартайгаа хатуухан тооцоо бодъё.
Хятадууд Хятаддаа бол хуулийнхаа эсрэг Монголд хийж буй шиг луйвар хийхгүй. Тэнд хууль нь манайхаас хатуу бус, харин хуулиа яс мөрдөх шаардлага нь аймаар хатуу. Манайд яагаад тийм аймаар хатуу шаардлага байж болдоггүй юм. Болно! Монгол хүн бизнес эрхэлж эхэлмэгц л “хуулиа луйвардах” заль хайдаг. Энэ өөдгүй зуршлаа бүгд хаяад үзээч! Муу зуршлаа бид хаяж чадна. Учир нь ард түмнээс энэ ёрын зуршил төрөөгүй. Шударгаар бизнес хийж, ашиг олох аятай нөхцөл, нийгмээс арчигдсанаас болж энэ зуршил цэцэглэсэн юм. Хүний ажил хуулиар бус, хулгайгаар бүтдэг тийм нийгэм бид байгуулж орхижээ. Манай улс төрчдийн 20-иод жилийн уран бүтээл.
Хуучивтар жишээ татъя: Хятадын хөрөнгө оруулалтай “Пүү Шин” компани Өмнөговь аймгийн Таван толгойн нүүрсний ордоос Хятад руу нүүрс тээвэрлэж байлаа. Энэ компани нэг тонн нүүрсийг 8,6 доллараар авч тээвэрлэж байсан бол дараа нь, “Таван толгой транс” гэгч монгол компани Таван толгойн нүүрсийг нэг тонныг нь 34 доллараар Хятад улс руу тээвэрлэдэг болсон. “Таван толгой-Транс”-т ажиллаж буй 600 монгол жолооч 600-1000 ам. долларын цалин авдаг гэж бодоход дажгүй. Хэн ч харсан Монголд ашигтай. Гэтэл “Пүү Шин” компани, “Таван толгой транс” компанитай хонзгоносон тэмцэл өрнүүлжээ. Энэ хонзонгийн эзэд хэн бэ? гэхээр “Пүү Шин” компаний хятадууд гэхээсээ илүү монголчууд байгаа нь гайхмаар. 8 гаруйхан доллараар арилжиж байсан нүүрсийг 34 долларт хүргэсээр атал ямар монгол, яагаад дургүйцээд байна вэ? гэвэл, тонн нүүрсээ 8 доллараар өгөөд, цаана нь хятадуудаас ихээхэн хэмжээний авилга амин хувьдаа гүзээлж байсан манай зарим томчууд, “Таван толгой транс”-т дайн заралсан юмсанж. Хятадуудтай яс харилцахгүй аваас шулуулна. Яагаад гэвэл, тэд чинь, харийн хүмүүс. Хар элэгтэй хүмүүс. Хятад хүнийг хар элэгтэй өөдгүй хүмүүс гэж онцолж буй юм биш. Монголчууд бид ч гэсэн хятадуудад бол бас л хар элэгтэй хүмүүс болно. Зөв бурууг бүү мэд. Эртнээс монголчууд харийн хүнийг хар элэгтэй гэж болгоомжилж иржээ. Энэ болгоомжлол хоцрогдсон ухагдхуун ч байж мэднэ. Уучлаарай.
Нэг тонн нүүрсээ 34-өөр бус 8-аар өгөөд амин хувьдаа асар их хахууль авч байсан, тэгээд энэ хахууль нь хаагдахаар бачимдаад, тэр ч байтугай, авилгынхаа алтан үеийг сэргээх гэж үхэлдээд буй монгол хүн байдаг, тэр ч бүү хэл, бүр УИХ-д байдаг гэж бодоход, харийн хар элгийн хятад хүний олз олох гэсэн шуналыг телевизээр зүхэж, сарлагтаад яах юм бэ? Тийм араншинтай нүгэлт хорвоо юм чинь. Хууль, зөвхөн хууль! Монголчууд минь, өөрсдийн хийж буй ажлаа хар! Манай луйварчид, Хятадын их бага гарын луйварчидтай үгсэж, Хятадын хоцрогдсон бөглүү хязгаар нутгаас, амьдрах гэж ядаж цөхөж яваа хятад залуусыг мэхэлж, \энэ замдаа Монголын олон хуулийг зөрчиж\, манайд нууцаар оруулж ирээд, ирсэн хойноо нөгөө хятад ажилчдаа хулхидана. Хэн хулхидаж байна? Монгол хятад луйварчин боссууд. Ажилчид нь хөхөө өвөл амбаарт амьдарч байна. Хөөгдөж туугдаж буй ноорсон даарсан хятад залуусыг телевизээр хараад, харьд боол болж яваа монгол залуусаа би санадаг. Нулимс хурдаг.
Бид хятад ажилчидтай ажиллахдаа хуулиа яс баримталдгаа тэдэнд нотлох хэрэгтэй. Монгол хүн ашигт малтмалаа нууцаар хямдхан өгөөд хувьдаа хахууль авах сонирхолтой. Ийм сонирхолтой манай компанид ажиллаж буй хятаддууд Монголын хуулийг зөрчих замд ордог гэхэд хилсдэхгүй. Тэд хууль зөрчиж, Хятадад болохгүй, Монголд болно гэж илжигтэнэ. Хуулиа дагахын оронд дураараа туйлахыг сарлагтах гэдэг. Сарлагтсан хүн заавал ялагдаж дуусдаг гэж дээр хэлсэн. Хүнийг өөлөх амархаан. Харин өөрийн өөг олж, залуурдах маш чухал. Бид хуулиа дээдэлдэг, хамгийн гол нь ягштал цөм биелүүлдэг асан бол манайд орж ирсэн гадны иргэд манай хуулийг дур мэдэн зөрчихөөс айна. Хөлөөр хөглөрсөн хог новштой Улаанбаатарт англи герман япон хүн хогийн сав баахан хайснаа, ололгүй, хогоо гудамжины новшин дунд хаяна. Тэгэхээс өөр яахав. Ямар залгилтай нь биш. Жорлон хайж, харайлгаж харайлгаж, монгол хүн золбин нохойгоор багшлуулан хашааны булан руу сарина. Хуулиа хаа сайгүй зөрчдөг монгол занд барууныхан дийлдэж буй бяцхан жишээ. Биднийг хуулиа зөрчөөгүй байхад гадны хүн манай хуулийг зөрчсөн бол түүнд хариуцлага тооцох ядаж тодорхой, нэрэнд цэвэр. Гэтэл бид аминцар шуналд хөтлөгдөж, гаднын иргэнийг уруу татан, эх орныхоо хуулийг зөрчиж байна. Санаачлагчид нь бид өөрсдөө байгаа нь гол харламаар. Харийн иргэдэд сарлагтаад байх уу, хахуульд донтож, хуулиа зөрчсөн өөрийн боссуудтай тэмцэх үү? Цаана чинь, Монгол тэр аяараа гаднын жаахан авилгад өвдөг сөгдлөө! Зүс царай нэгтэй Солонгос Японы үсрэнгүй хөгжлийн хормойноос зүүгдэхийн сацуу дэлхийг бүрхсэн дэргэдэх аварга лууны нөмөр нөөлгөөр дэмжүүлэх хувь тавилантайгаа хүндлэн дээдэлж, хэн хэнийхээ хууль, сэтгэлийг сэвтээлгүй, өнө эртний айл хөрш ахан дүүсийн жудгаар сайн сайхан, амар амгалан өөд залбиран зүтгэхсэн. Хүчирхэг хоёр хөрштэй хүслээр бус тавилангаар айлссан бор гэрийн сүлд өөдлөх уруудах эсэх нь, эзнийхээ хийморь золбооноос гагцхүү шалтгаална. Бид хуулиа хатуу чанд биелүүлээд зогсохгүй хамгаалах үүрэгтэй. Тэгж чадах аваас бид дав даруй хөгжинө.
Сагсгар сүүл мандуулж, хөл нь үзэгдэхгүй их саваг намируулан, мөнх цаст сарьдгийн оргилд онгирох сарлаг уг нь хөөрхөн цагаахан ааштай мал шүү.