Оройд залрах хурмаст олон ааштай. Харин хөлөөс тулах шороотой дэлхий минь, нэг л зангаараа, яг л ээж шиг минь! Энд миний хөндөх гэсэн сэдэв бол Монголын ард түмэн! Цагаан мангар ард түмэн маань, ээж шиг минь, дэлхий ээж шиг минь, ямагт нэг л зангаараа. Харин Төр Засаг тэртээ дээр, хямарсан хурмаст адил аянга цахилгаан нижигнүүлээд л, салхи тавьж, улаан шороо хийсгээд л, ган зудаар ээлжлэн зовооно.
Хагас өлсгөлөн ард түмэн минь, урьд эдүгээгийн Нам, Засаг, Төрдөө хууртсаар, шинэ колончлогчдод шулагдсаар, дэлхийн хөгжлөөс тэртээ хойно хоцорч, бөмбөрцгийн хүйтэн дээвэр дээр осгож үхэх гэсэн амьтад, олсон жаахан хуримтлалаа, орон байраа дулаацуулахын тулд жилийн дөрвөн улирлын гуравт нь шатааж дуусдаг бөгөөд ядуугийн туйлаар шар нар бор хоног өнгөрөөсөөр хадан гэртээ очиж, тэнд харин хаа очиж, хүн төрөлхтөний үхдэлүүдийн зиндаанд ав адилхан нойрсож буй биз ээ, бурхан минь! Гэвч юмыг яаж мэдэхэв, тэнд очоод монголчууд халуун тогоонд буцлаад, европчууд сэрүүн лавиранд тухтай яа нойрсож байдаг ч юм билүү?.. хэн мэдлээ.
Өлсгөлөн, тураал, үхэл, ийм л байсан, тийм л байна. 50 жилийн өмнө хөдөөгийн малчдыг цахилгаанжуулна гэж Намын Их хурлуудаас амласаар өвгөн миний насыг барав. Тэр цахилгаан нь хөдөө өдгөө хаана байна? Байдаггүй ээ! Ардчилсан Төр Засаг малчдад бүр Усан цахилгаан станц амласаар хориод жил боллоо. М алчид дэнгийн гэрэлд сохолзсоор коммунизмыг бус капитализмыг зүүдлэнэ.
Тэгээд юу өөрчлөгдөөв?.. Хэдэн намын, хэдэн лидерийн эрх мэдэл булаацалдсан хэрүүл хараалтай сонгуулиар л Монгол өөрчлөгджээ. Өнөөдөр сонгуульд хэн догдолж байна? Мэдээж нөгөө өрсөлдөгч хэд. Араатан амьтад ёгт үлгэрт "хүн" болж дүрслэгддэг бол, амьдралд хүмүүс "араатан" байдаг. Сонгуулийн үеэр энэ үзэгдэл бүр гаа рдаг. Ард түмэнд бол, сонгууль юу юм бэ? Юу ч биш болох нь сүүлийн 17 жилд тодров. Траншейнд амьдрагсад болон их хотын хог дээр хаягдал төмрөөр овоохой босгоод, аав ээж нь үр хүүхэдтэйгээ нохойн мах идээд, 40 градусын хүйтэнд аж төрж суугаа хүмүүст УИХ-ын ямар ч гишүүн, ямар ч Ерөнхийлөгч хэрэг болсонгүй. Ингэж амьдарч буй ядуусаа бид телевизээр хараад л огт хэнэггүй сууна.
Эрхэм гишүүд чуулганаар батлагдсан хууль засдагтайгаа адилхан ард түмнээр цоллуулсан “муу” дүнгээ өөрсдөө засаж, “онц” болгодог моод гарав. Ө өрийгөө нэг номерын хуульч, нэг номерын шударга улс төрч гэж магтана. Бас өөрийгөө туршлагажсан парламентч гэж өхөөрдөн ө .
Социализмын үед зээлийн хөрөнгөөр бид бараг ав адилхан хэр тааруу амьдарч байсан. Өнөөдөр тэгвэл, баян хоосны ялгаа гаарчээ. Сонгуулиар, Төр засгийн эрх авч, өөрөө улам баяжих гэснээс бус ядууст огт хүртээлгүй, "Хамгийн том баячуудыг" тодруулах гэж, хоосорсон харанхуй ард түмэн минь, цайныхаа дээлийг өмсөөд, социализм гуайн зохиосон төмөр тэмдэгнүүд энгэртээ жингэнүүлсээр сонгуулийн байр луу баяртай алхаж явааг хар! Хөөрхий гуйлгачин сонгогч та өөртөө ямар ашиг ирнэ гэж, хэнийг сонгох гэж явна?.. Сонгохоос биш өөр яахав. Саналаа өгсөн гуйлгачин таныг Их хогийн овоохойдоо буцаж очиход тань, “Алтан загас” үлгэрт гардаг шиг, төмөр овоохой тань дулаан оромжоор солигдож, нохойн мах тань, тарган малын мах болсон байх болтугай. Шинээр сонгогдох УИХ-ын гишүүд таныг траншейнээс чинь, Их хогийн төмөр овоохойноос чинь гаргаж, хэр тааруу орон байр, амь зогоох ажил өгнө гэж итгэж байна уу?.. Монголчууд эртнээс нааш бурхны зурмал дүр, өндөрхөн уул толгодоос тусламж гуйсаар үхдэг. Амьгүй зураг, амьгүй уул толгодоос, амьтай эрхэм гишүүддээ залбирсаар өлбөрч үхэхэд юу нь ч буруу байхав?
Гэхдээ эрхэм сонгогчид минь, саналаа өгөхийн наана юу боловч ёгт үлгэр хэдийг уншаарай! Ёгт үлгэрт гардаг арслан барсыг сонгох уу? Аргат улаан үнэгийг сонгох уу? Эсвэл муур багшийг уу? Цаана нь илжиг байна. Хувалз байна. Өмхий хүрэн байна! Хамгийн гол нь, ард түмний татварын мөнгө, ашигт малтмал, ядуурлыг бууруулах гадаадын тусламж, гадаадын зүйл бүрийн төсөл ба хөрөнгө оруулалтын валютаас хуйвалдан идчихээд, хуулийн байгууллагуудыг хахуульдаж, мөн намаараа сүр далайлгаж, уснаас хуурай гарч буй, "Улс төр, санхүүгийн бүлэглэлүүд"-ийг зад цохих, тийм сод хүн /личность/ өнөөдөр Монголд байна уу? гэдэг л чухал. Тийм шударга хүн ямар ч гэсэн одоогийн 76-д тун ховор гэдэг нь тодорхой. Ер нь 76 дотор цэвэр гишүүн байна уу, үгүй юү гэж ярьсан нь үнэнд арай ойр биз. Одоо бидний турших горьдлого, эвдрээгүй залуу улс төрчид л үлдлээ! Сонгогч таныг би сонгуулийн талаар сэтгэлийн ямар ч хөөрөлгүй, үл тоомсорлож буйг таамаглаж байна. Харин цаад өрсөлдөгч хэд чинь, бие биеэ хэрхэн гүтгэхийг, мөн өөрийгөө ичихгүй яаж магтахын синдромыг харж стрессээ тайл! Архаг түшээдийн өгсөн мөнгөөр гурил будаа аваад, саналаа залууст өг! Юуны төлөө саналаа нууцаар өгдөг билээ? Таныг хэнд саналаа өгснийг хэн ч мэдэхгүй. Өчүүхэн энэхүү ардчилсан алтан боломжоо ашиглаж, номер нэг хуульч, номер нэг шударга улс төрч, мөн мэргэжсэн парламентч овгоруудаас хагацъя! Ядарсан монголчууд ардчиллыг ганцхан агшинд эдэлдэг. Тэр нь нэр дэвшигчийн нэрийг дугуйлах. Хэний нэрийг дугуйлахаа хүнээр бүү заалга. Хэдэн цаасы нь авчихсан юм гэж бүү нэрэлх. Шил архий нь уучихсан гэж бүү гулчигна. Өөрийн дур хүслээр дугуйлах үйлдэл нууцаар гүйцэтгэснээр, таны ардчилал дуусвар болно. Дөрвөн жилд ганц удаа заяадаг “дугуйлах” эрхээ өөрийн сонголтоор эдэл! Дараа нь дөрвөн жил дарлуулах юм чинь, ганцхан агшинд таашаал хүртэхэд яадаг юм бэ!
Эцэст нь, Төрийн сүлдэндээ залбир! Ядарч хоосрохын туйлд хүрсэн Монголын ард түмнийг өршөөж, авилгачдыг толгой дараалан золигт гаргах, тийм шударга баатарлаг "Хувь хүмүүс"-ийг Бурхан бидэнд илгээх буй зээ гэсэн мухар сүсгэндээ мөргөцгөөе! Энэхүү гэнэн сүжгээрээ авилгачдын эрлэг, ард түмний элчийг далдын сунтаг шүүлтээрээ, одоогийн архаг 76-н хам дотроос бус, цоо шинэ, эвдрээгүй, залуу улс төрчдөөс хэдийг тодруулцгаа! Тэднийг хойшдоо эвдрээд, бузартаад ирэхээр нь бас л шинэчлээрэй! Өндөр сэнтий ямар ч суутанг ялзруулдаг хатуу араншинтай. Ялзарсныг цэвэр лидерээр солих боломжийг сонгогч Танд ардчилал олгосныг бүү март! Ялзарсан Засгийн газрыг огцруулах нь, парламент эрүүлжиж буйн үзүүлэлт. Өвчилсөн ЗГ-ыг эрүүл ЗГ-аар солих нь дэвшил явагдаж буйн шинж. ЗГ огцроход цочирдоод огт хэрэггүй. Энэ чинь, нийгэм эрүүлжиж, дэвшил явагдаж буй нь тэр. “Дараагийн сонгууль ойртсон учир ЗГ-тай, сайдтай, хариуцлага тооцоод юу хийхэв” гэсэн хачин хариуцлагагүй яриа УИХ-ын танхмийг эзэмдэх юм гээч! Энэ чинь, юу гэсэн үг вэ? Сонгуулийн дөрвөн жилийн эхний хугацаанд бол, авилга авч, луйвар хийж хэрхэвч болохгүй, хариуцлага тооцно! Харин сонгууль дөхчихвөл, юу ч үйлдсэн “тэртэй тэргүй сонгууль дөхчихсөн учир” хариуцлага тооцоод “нэмэргүй” гэсэн өчиг үү ?.. Энэ бол, дожной ард т үмнээ мэхлэж сурсан луйварчдын заль!
Ц.Доржготов
/Төрийн шагналт зохиолч/{joscommentenable}