Төрийн аудитын дээд байгууллага зардлын тайланг хүлээн авсан өдрөөс хойш 60 хоногийн дотор хянаж, дүнг нийтэд мэдээлэх бөгөөд нэг сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн, хоёр сая ба түүнэ
СЕХ-ны Мэдээллийн технологийн төв, ТЕГ, МШХХТГ-аас хамтран байгуулсан сонгуулийн автоматжуулсан системийг гэрчилгээжүүлэх ажлын хэсгээс санал тоолох машинд 20 саналын хуудсыг санамсаргүй тохиолдлоор бөглөж 50 удаа уншуулж тест хийсэн бөгөөд энэхүү тест болон эх кодын шалгалтыг үндэслэн санал тоолох машины ажиллагааг хэвийн, найдвартай гэж дүгнээд байна. Үүнээс гадна Доминион вотинг компаниас хоорондоо ялгаатай 17 саналын хуудас уншуулж тест хийсэн. Харин мониторингийн багийн зүгээс өөрсдийн боловсруулсан тестийн тавилаар машиныг шалгах хүсэлт тавьсан боловч боломжгүй гэсэн хариу өглөө.
6 сарын 23-ны өдөр орон даяар хэсгийн хороо тус бүр тестийн 5 саналын хуудсыг машинд уншуулж дүнг нэгтгэх туршилт хийсэн ба хэвлэл, мэдээллийнхэнд зориулсан үзүүлэх туршилтыг мөн зохион байгуулсан. Сонгуулийн өдөр хэсгийн хороо тус бүр дээр санал тоолох машинаас үр дүнг хэвлэж бүх ажиглагчдад өгөх ба мөн үр дүнг хэвлэсний дараа CF картыг сугалж зөөврийн компьютерт оруулж санал өгсөн хуудасны зурган файлыг CD дээр 3 ширхэг бичиж ажиглагчдад өгөхөөр төлөвлөсөн нь сонгуулийн үр дүнг буруу тоолохоос сэргийлэх зорилготой нэг арга хэмжээ болно. Зурган файл нь сонгогчдын өгсөн саналыг өгсөн дарааллаар бус санамсаргүй байдлаар хадгалах тул саналын нууцлал алдагдахгүй байх нөхцөл бүрдсэн байна. Санал хураалтын дүн төв сервер дээр модемоор дамжин нэгтгэгдэнэ. Ингэснээр хэсгийн хороодын дүнг нэгтгэх үйл явц хурдсах учиртай. Ажиглагчид бүх хэсгийн хорооны үр дүнг давхар хэвлэж авах тул сонгуулийн дүнг засах, өөрчлөх булхай гарах нөхцөл харьцангуй хумигдаж байна.
Сонгогчдын мэдээллийн баазын хувьд 6 сарын 13-наар тасалбар болгосон баазыг зөөврийн компьютерүүдэд суулгаж холбогдох сонгуулийн хороод руу илгээсэн. 6 сарын 18-нд шилжилт, хөдөлгөөнтэй холбоотой мэдээллүүдийг УБЕГ-т хүлээн авч нэгдсэн баазад оруулж, зохих хөдөлгөөнийг хийсэн ба 25-ны байдлаар аймгуудын баазад өөрчлөлтүүдийг оруулаад байгаа юм. Улаанбаатарын хувьд өнөөдөр оруулж дуусахаар төлөвлөөд байгаа ажээ. Мониторингийн багийн зүгээс санамсаргүй байдлаар цөөн хэсгийн хороог түүвэрлэн сонгогчдын мэдээллийн баазад байгаа сонгогчдын мэдээллийг шалгах, мэдээллийн баазын аюулгүй ажиллагааг хянах боломж олгох хүсэлт УБЕГ-т тавиад байна.