Телевизүүдийн сонгуультай холбоотой мэдээллийн ихэнх цаг эрх баригч намд зориулагдав

“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ”-ний гишүүн Глоб интернэшнл төв нь УИХ-ын 2024 оны сонгуулийн сурталчилгаанд телевизийн мониторинг хийж Сонгуулийн тухай хууль болон СЕХ, ХХЗХ-оос хамтран баталсан журмын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаа.

Мониторингийн зорилго нь УИХ-ын 2024 оны сонгуулийн үеэр ХМХ-ийн гүйцэтгэх үүргийг сайжруулах, ХМХ-ээр явуулж буй сурталчилгааны тэгш, тэнцвэрт байдал хэрхэн хангагдаж буйг олон нийтэд ойлгуулах, далд сурталчилгааг илрүүлэх, Сонгуулийн тухай хууль болон ХХЗХ-ны саналыг үндэслэн СЕХ баталсан “Радио телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих, радио телевизийг бүртгэх, бүртгэхээс татгалзах” журмын хэрэгжилтэд хяналт тавих явдал юм.

УИХ-ын 2024 оны сонгуулийн үеэрх телевизийн мониторингд  МҮОНТ, ТV9, Монгол TV, NТV, Eagle news гэсэн 5 телевизийг хамруулав. Дээрх телевизүүдийг сонгохдоо Хэвлэлийн хүрээлэн болон MMCG судалгааны байгууллагын гаргасан мониторингд суурилж, олон нийтийн санхүүжилт ашигладаг, хамгийн хүртээмжтэй, орон даяар цацагддаг, агаарын долгион ашигладаг, үзэгчдийн тоо, рейтинг өндөр, сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх албан ёсны эрхтэй зэрэг шалгуурыг үндэслэв.

Сонгуулийн сурталчилгааны хугацаанд 5 телевизийн 1543 цаг 07 минут 34 секундын нэвтрүүлэгт мониторинг хийснээс 20% нь сонгуультай холбоотой мэдээлэл байв.

5 телевизийн сонгуультай холбоотой мэдээллийг агуулгын  хувьд ангилан үзвэл  56% нь сонгогчдын боловсролд зориулсан мэдээлэл, 39% нь төлбөртэй болон захиалгатай нэвтрүүлэг, үлдсэн 5% хувь нь далд сурталчилгааны шинжийг агуулсан мэдээлэл байв. Хамгийн их сонгогчдын боловсролд зориулсан нэвтрүүлгийг Eagle news дамжуулсан нь 75%-д хүрсэн бол хамгийн их далд сурталчилгааны шинжийг агуулсан мэдээллийг NTV телевиз нэвтрүүлсэн нь 26%-д хүрчээ. МҮОНТ-ийн сонгогчдын боловсролд зориулсан мэдээлэл 53.6%-д хүрч, захиалгатай сурталчилгаа 46%-ийг эзэлж байна. Харин далд сурталчилгааны шинжийг агуулсан мэдээлэл хамгийн бага буюу 0.4% болжээ.

Арилжааны телевизүүд нам эвслүүдэд ялгаатай цаг оноосон төдийгүй бие даагчдын талаар хангалттай мэдээлэл нэвтрүүлсэнгүй.

Харин МҮОНТ хуулийнхаа дагуу нам, эвслүүдэд ойролцоо цаг оноожээ.  Тус телевизийн сонгуультай холбоотой мэдээллийн хамгийн их цаг МАН-д оногдсон нь 15%-ийг эзэлсэн бол АН-д 10%, ХҮН намд 9%-тай тэнцэх цаг зарцуулжээ. Харин бие даагчдад хуваарилсан цаг 7%-тай тэнцэв. Арилжааны бусад телевизүүдийн хувьд мөн л хамгийн их цагийг МАН-д зарцуулсан нь дунджаар 55%, АН-д зарцуулсан цаг 27% хүрчээ.

Сонгуулийн сурталчилгаанд дээрх 5 телевизэд төвийг сахисан өнгө аястай мэдээлэл давамгайлсан нь 77% болов. Харин эерэг буюу магтаж сайшаасан өнгө аястай мэдээлэл 19%-д хүрчээ. Сөрөг мэдээлэл хамгийн бага цацагдсан нь 4%-ийг эзэлж байна. Арилжааны телевизүүдээс хамгийн их эерэг өнгө аястай мэдээллийг Монгол ТВ нэвтрүүлсэн нь 75% байсан бол Eagle news ойролцоо буюу 74%-д хүрчээ. Харин NTV телевиз хамгийн төвийг сахисан байдлаар мэдээлсэн нь 88%-ийг эзэлж байна. МҮОНТ-ийн нийт мэдээллийн 95 хувийг төвийг сахисан өнгө аястай мэдээлэл эзэлжээ. Түүнчлэн нам, эвсэл нэр дэвшигчдийн талаарх мэдээллийн 3% нь сөрөг өнгө аястай байсан бол арилжааны телевизүүдэд 4-6%-ийг эзэлж байна.

Энэ жилийн сонгуульд хуульд заасан 60 минут, нэг нам эвсэл, нэр дэвшигчид оногдох 15 минут, мэдээний хөтөлбөрөөр нэвтрүүлэх 5 минутын хязгаарлалтыг зөрчсөн тохиолдол мониторингийн урьдчилсан дүнгээр илэрсэнгүй.

Сонгуулийн сурталчилгааны хугацаанд нам эвсэл, нэр дэвшигчдийн нэвтрүүлсэн мэдээллийн агуулгыг ангилан үзвэл 24 хувь нь тухайн намын мөрийн хөтөлбөрийг танилцуулсан мэдээлэл эзэлжээ. Дээрх 5 телевизийн нэр дэвшигчидтэй холбогдох мэдээллийг хүйсээр ангилан үзвэл 81 хувь нь эрэгтэй нэр дэвшигчдэд оногдсон бол, 19 хувь нь эмэгтэйчүүдийн талаарх мэдээлэл байна.

МҮОНТ улс төрийн халз мэтгэлцээн зохион байгуулсан нь нам, эвсэл, нэр дэвшигчдийн тэнцвэртэй оролцоог хангахын зэрэгцээ сонгогчдын боловсролыг дээшлүүлэх өндөр ач холбогдол үзүүлэв. Гэвч зохион байгуулалтыг илүү боловсронгуй болгож, мэтгэлцээний чиглүүлэгчдийн чадавхыг дээшлүүлэх шаардлагатай байв.

Сонгууль