Залуучууд сонгуулийн үйл явцыг амжилттай ажиглалаа

Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээний 240 ажиглагч 2024 оны 6-р сарын 28-ны өдөр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн cанал хураах, тоолох, дүнг гаргах үйл явц болон хяналтын гар тооллого хийх үйл явц Сонгуулийн тухай хуулийн дагуу явагдаж буй эсэхэд хяналт тавьж ажиллаа. Ажиглагчдыг зохион байгуулах, мэдээллийг нэгтгэх, шаардлагатай үед шуурхай арга хэмжээ авах үүрэгтэй 20 багийн ахлагч, зохицуулагч сонгуулийн өдөр 24 цагийн турш тасралтгүй ажиллав. Ажиглалт нь Улаанбаатарт байршилтай 100 хэсгийн хороо, 11 аймгийн 12 хэсэгт нийт 112 хороог хамарсан болно.

240 ажиглагчийн ирүүлсэн мэдээллийг нэгтгэн үзвэл 2024 оны Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал хураах, тоолох, дүнг гаргах үйл явц хуулийн хүрээнд явагдсан ба сонгуулийн дүнд нөлөөлөхүйц ноцтой зөрчил гараагүй гэж дүгнэж байна. Ажиглалт хийсэн хэсгийн хороод дээр зохион байгуулалтын болон тохиолдлын чанартай зөрчлүүд гарсан ч энэ нь санал тооллогын дүнд сөрөг нөлөө үзүүлээгүй байна.

Санал авах байрны нээлт, орчин: 

Санал авах байрны орчин, дотоод зохион байгуулалт, аюулгүй байдал сайн хангагдсан байсан боловч хэсгийн хороодын зохион байгуулалттай холбоотой дараах нийтлэг дутагдлууд ажиглагдсан:

  • Нийт 112 хэсгээс 48 хэсэг тэргэнцэртэй сонгогч санал авах байр руу орох боломж хангагдаагүй. 29 хэсэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан нэгээс доошгүй санал авах бүхээг бэлтгээгүй. 16 хэсэгт харааны бэрхшээлтэй сонгогч саналаа өгөхөд зориулсан саналын хуудсыг унших, санал тэмдэглэх зориулалтын брайль үсэг бүхий хавтас байгаагүй.
  • Санал авах байрны зохион байгуулалтын хувьд ажиглагч санал авах үйл явцыг саадгүй ажиглаж, сонгогчийн бүртгэл мэдээллийг харах боломжтойгоор дэлгэцийг байршуулаагүй, дэлгэц жижиг, ажиглагчийг хэт хол зайнд суулгасан зөрчил 16 хэсэгт гарсан.
  • Нийт ажиглалт хийсэн хэсгийн 50 хувь нь буюу 56 хэсгийн хороо санал авах ажиллагааг өглөөний 7 цагт эхлээгүй. Үүнээс 07:00 цагт нээгээгүй 17, 07:10 цагаас хойш нээсэн 39 тохиолдол гарсан. Хамгийн их хоцорч санал хураалтыг эхлүүлсэн тохиолдол 7:50-д санал хураалтыг эхлүүлсэн.
  • Хэсгийн хорооны дарга нэрийн жагсаалт дахь сонгогчийн тоо, зөөврийн хайрцгаар санал өгсөн сонгогчийн тоо, саналын хуудасны нэгдсэн дугаар зэргийг бүрэн мэдээлээгүй тохиолдол 27 хэсэгт гарсан.

Санал хураах үйл явц: 

Санал хураах үйл явц ерөнхийдөө хэвийн саадгүй үргэлжилсэн боловч хэсгийн хорооны зай талбай хэт жижигхэн, сонгогч саналын хуудас бөглөх, саналаа уншуулах талаа мэдлэггүй байснаас болж дараах нийтлэг зөрчил гарсан байна.

  • Хөдөлмөр эрхлэлтийн онцлог, нас зэргээс шалтгаалан хурууны хээ уншигдахгүй байх тохиолдол гарсан. Хурууны хээ  унших төхөөрөмж ажиллаагүй 12 тохиолдол гарсан.
  • Нийт 3 хэсгийн хороон дээр 1001 тохиолдол гарсан. Үүнээс 2 тохиолдол нь буруу газарт гарын үсэг зурсан. 
  • 10-1-14-1 дээр зөвхөн "түр хасалттай" иргэдийн гарын үсгийг авч, бусад хүмүүсийн номерыг л дугуйлсан” тул 999 тохиолдол бүртгэсэн.
  • Сонгогч бүр саналын хуудсыг санал бэлтгэх бүхээгт нууцаар тэмдэглээгүй тохиолдол нийт 31 хэсгийн хороон дээр 1129 тохиолдол гарсан. Үүнд:
  • Өндөр настай, ямар нэг байдлаар чадвар сул, харааны бэрхшээлтэй, бичиг үсэггүй иргэд ганцаар ирсэн тохиолдолд хэсгийн хорооны ажилтан тусалсан.
  • 2сонгогч нэгэндээ саналын хуудсаа харуулж байсан. Бас өөр нэгэн гэр бүлийн гишүүн нөгөө хүнийгээ саналын хуудсаа бөглөж байхад нь дээрээс нь харж байсан.
  • Бүхээг дээр дараалал үүсэх,  хажуугийн ажилтантай их ойр тул зарим хүмүүс давуулж хараад байсан.
  • Нэр дэвшигчээ дутуу сонгосон тул хэсгийн дарга нь нэмж сонго гээд хажуудаа нарийн бичгийн ширээн дээр суулгаад үлдэгдлийг нь сонгуулсан.
  • Саналын хуудасны нууцлалыг хадгалах зориулалтын хавтсыг ашиглаагүй зөрчил бүх хэсгийн хороонд нийт 4555 удаагийн тохиолдол гарсан.
  • Алдаатай тэмдэглэсэн болон төхөөрөмж уншаагүй шалтгаанаар хураагдсан саналын хуудасны зүүн доод буланг цаг тухайд нь хайчилж хүчингүй болгоогүй нийт 32 хэсэгт 308 тохиолдол бүртгэгдсэн.
  • Сонгогч саналаа санал тоолох төхөөрөмжид уншуулах үед саналын нууцлал алдагдаж болзошгүй нөхцөл байдал үүссэн зөрчил 80 хэсгийн хороон дээр 2157 тохиолдол гарсан. Үүнд: Төхөөрөмжид саналын хуудсыг уншуулах үед гэр бүлийн хүн туслах, илл барих, мэдээллийн технологийн даамал, хэсгийн ахлагч сонгогчийн хуудсыг уншуулж өгөх гэх мэт. 10 мандаттай  тойргийн хувьд саналын хуудас нь урт бөгөөд нууцлалын хавтас багадаж, санал нь ил харагдахуйц мэдэгдэж байна. Иргэд уншуулж бүрэн  дуусаагүй төхөөрөмж ийг орхиж явахад алдаатай саналын хуудас буцаж гарч ирж байсан.
  • Тухайн санал авах байранд санал өгөх ёстой боловч нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй зөрчил нийт 19 хэсэгт 68 тохиолдол гарсан байна. Нэрсийн жагсаалтанд сонгогч нэмж бүртгэсэн тохиолдол 8 хэсэгт нийт 17 тохиолдол гарсан.
  •  Итгэмжилсэн иргэнээс бусад хүн өөр сонгогчийн нэрийн өмнөөс саналын хуудсыг бөглөсөн, туслалцаа үзүүлсэн тохиолдол нийт 37 хэсгийн хороон дээр 114 тохиолдолд хэгсийн хорооны ажилтан туслалцаа үзүүлсэн гарсан. Үүнээс 26 хэсгийн хорооны 63 тохиолдол нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тусалсан.
  • Сонгогч саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн тэмдэглэсэн саналыг баримтжуулан зураг авсан, дүрс бичлэг хийсэн, шууд дамжуулсан, бусдад харуулсан зөрчил нийт 63 хэсгийн хороон дээр 238 тохиолдол гарсан.
  • Санал тоолох төхөөрөмжийн толгой бохирдож, толгой цэвэрлэх хуудсыг уншуулах тохиолдол 26 удаа гарсан.

Санал тоолох үйл явц: 

  • Санал хураалтын дүнгийн хуудсыг хэвлэх, дүнг дамжуулах үед санал тоолох төхөөрөмж эвдэрч, гацсан 8 тохиолдол гарсан. Жишээ нь, 9-1-1-2 дээр 22 цагаас 22:40 хүртэл санал тоолох төхөөрөмж гацсан, 10-2-1-3 дээр “Дамжуулах үед сүлжээнд асуудал гарсан бөгөөд серверт алдаа заасан гээд уншаад 30 мтнутын дараагаар 10:40 гэхэд 1-р машины дүнг мэдээг дамжуулан лацыг нь авсан, 12:12 гэхэд 2-р машины дүн мэдээг дамжуулсан ба лацыг тайлсан 2-р машины сүлжээг хэсгийг хариуцсан даамал нь дэд даамалаа дуудаж шалгуулан дамжуулсан.
  • Санал хураалтын дүнг дамжуулж дуусмагц хяналтын тооллогыг бүхэлд нь хяналтын камерын бичлэг дор эхлүүлээгүй тохиодол  “Чиглэл өгөөгүй гэж маш удаан хүлээлгэн, хүчингүй болсон хуудсаа хайчлаад зогсоод байсан. Чиглэл нь ирсэн ч гэсэн яаж эхлэхээ мэдэхгүй маш их удаад л тайзны хөшигний цаашаа орчихоод байсан” 11-1-2-3 дээр “цаас тоолж дууссан, 20-30 минутын дараагаар эхлэсэн. 8-1-13-3 дээр “Дүнг дамжуулсан ч хэсгийн хорооны дарга чиглэмж авахаар явсан гээд байхгүй байсан бөгөөд ажилчид ээлжлэн хоол идэх, бие засах зэргээр гарч орж хугацаа алдсан.
  • Хяналтын тооллогыг зохион байгуулагчид буюу хэсгийн хорооны гишүүд нэг удаагийн зориулалт бүхий бээлий, богино ханцуйтай цамц өмссөн байх, гартаа бугуйвч, бөгж, зүүлт, цаг зэрэг зүйл хэрэглэхгүй байх шаардлагыг хангаагүй 48 тохиолдол гарсан.
  • Хяналтын тооллогыг тасралтгүй, ил тод, нээлттэй зохион байгуулаагүй 11 тохиолдол гарсан. Хэсгийн хорооны ажилтнууд завсарлага авах, гарч орох, хоол идэх, унтах зэрэг зөрчлүүд цөөнгүй гарав.
  • 76 хэсгийн хороон дээр нам эвсэл, нэр дэвшигчдийн саналын хуудасны тоо тулсан гэсэн байна. Харин 15 хэсгийн хороо дуусгаагүй үүрээр буусан. Хамгийн сүүлийн хэсэг 2024 оны 6-р сарын 29-ний орой 19:30 минутад гар тооллогыг дуусгасан тухай мэдээлэл ирсэн.

Цаашид:

  • Энэ удаагийн сонгуульд иргэний нийгмийн ажиглагч бүртгүүлэх, ажиглагчийн үнэмлэх авах үйл явцад хэсгийн хорооны хүнд суртал багагүй хүндрэл учруулсан. Цахим бүртгэлийн системийг ашигласан боловч хуульд заасан олон бичиг баримтыг биеэр аваачиж өгөх, үнэмлэхээ авахын тулд хоёроос гурван удаа дахин очих явдал гарсныг арилгах. Иргэний нийгмийн ажиглагчийг цахимаар бүртгэх журмыг шинэчлэх.
  • Иргэний нийгмийн ажиглагчийг намын ажиглагч нартай ээлжлүүлэн суулгах хуваарь батлах, хэсгийн хорооны ахлагчийн үзэмжээр ханддаг байдлыг арилгах.

Хяналтын тооллого явуулах аргачлалыг хэсгийн хорооны ажилтнуудад эзэмшүүлэх. Сургалт мэдээллийг чанарын өндөр түвшинд зохион байгуулах шаардлагатай байна

Сонгууль