Хуулийн 10.1, 10.2, 10.3, 10.4-т заасан зардлын зарцуулалт, гүйцэтгэлийн тайланг ээлжит сонгуулийн жилийн 10 дугаар сарын 15-ны дотор гаргаж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ.
“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээ нь 2007 онд анх байгуулагдсан үеэсээ эхлэн сонгууль бүрд мониторинг хийж ирсэн бөгөөд 2020 оны Улсын Их Хурал (УИХ)- ын ээлжит сонгуулийн үеэр ч мөн ажиглалт мониторинг хийлээ. Тус сүлжээний гишүүдийн хамтран явуулж буй үйл ажиллагаа нь сонгогчдыг хараат бус мэдээллээр цаг алдалгүй хангах, сонгуулийн ардчилсан зарчмуудыг даган мөрдүүлэхэд чиглэдэг билээ. Бид энэ чиглэлд чамгүй хувь нэмэр оруулж буй бөгөөд үүний үр дүнд үйл ажиллагаа нь дотооддоо төдийгүй олон улсад нэгэнт танигдаж эхэлж байна.
Уг сүлжээний үйл ажиллагаа нь сонгуульд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа талаар 2016 оны УИХ, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ажиглалт хийсэн Европын холбооны ажиглагчдын тайланд онцлон дурдагдсан байдаг.
Сүлжээний гишүүн Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд, Бодлогод залуусын хяналт ТББ-ууд хамтран 2012 оноос эхлэн иргэний нийгмийн ажиглагч залуусыг манлайлан ажиллаж байна. Эдгээр байгууллага нь 2012 болон 2016 онуудын УИХ-ын сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өдрийн (мөн дахин сонгуулиар ажилласан) санал авах, тоолох, санал хураалтын дүн гаргах үйл явцын ажиглалт, мониторингийг амжилттай хийсэн юм. Эдгээр ажиглалт, мониторингийг Нээлттэй Нийгэм Форумын санхүүгийн болон арга зүйн дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 500 гаруй сайн дурын ажилтнуудыг ажиглагчаар бэлтгэжээ.
2020 оны УИХ-ын ээлжит сонгууль нь КОВИД-19-ийн цар тахал нүүрлэсэн онцгой хүнд нөхцөлд болсонтой холбоотойгоор Монгол Улсад суурин ажилладаг зарим олон улсын байгууллага, дипломат төлөөлөгчийн газрын цөөн тооны ажиглагчдаас өөр олон улсын ажиглагчдын оролцоогүйгээр болсон онцлогтой сонгууль байв. Үүнээс үүдэн сонгуульд хөндлөнгийн хяналт хийсэн олон жилийн туршлагатай, зохих аргачлалыг эзэмшсэн, олон нийтэд бие даасан байдлаараа хүлээн зөвшөөрөгдөж танигдсан дотоодын иргэний нийгмийн байгууллагуудын хяналт оролцоо өмнөх сонгуулиудаас илүү чухалд тавигдсан гэж үзэж болно. Энэхүү амаргүй нөхцөлд тус сүлжээний зүгээс УИХ-ын сонгуулийн 112 хэсэгт 203 ажиглагч томилж, 26 зохицуулагч, багийн ахлагч сонгуулийн өдөр 24 цагийн турш тасралтгүй ажиллан Та бүхэнд ажиглалтын тайлангаа товчлон хүргэж байна.
Энэхүү тайланд нийслэлийн 9 дүүргийн 99 хэсгийн хороо болон Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь, Төв, Хэнтий гэсэн таван аймгийн 13 хэсгийн хороонд ажилласан ажиглагчдын ирүүлсэн мэдээллийг нэгтгэн дүгнэж орууллаа. Сүлжээний гишүүд сонгуульд хяналт тавихдаа аливаа улс төрийн нам, эвсэл холбоод, нэр дэвшигч, төрийн байгууллагын нөлөөнөөс хараат бус, ангид ажилладаг бөгөөд зөвхөн сонгогчдын эрх ашгийг хамгаалан, хуулийн хүрээнд ил тод ажиллах зарчим баримталдаг юм. Сонгуулийн үйл явцыг ажиглаж, хянахдаа баримт материалыг зохих ёсоор бүрдүүлэн, цуглуулсан мэдээллээ нухацтай шинжлэн дүгнэж, олон нийтэд хүргэдэг билээ.Тэрчлэн бид хараат бусаар, үнэн зөв ажиллаж, дүн шинжилгээ хийн, тайлангаа алдаа мадаггүй гаргах ёс зүйн дүрмийг чанад сахин ажилладаг болно. Энэ зарчмын хүрээнд өнөөг хүртэл гүйцэтгэсэн бүх үйл ажиллагаа, мониторинг, ажиглалтын тайланг www.sanal.mn хуудсанд ил тод нийтэлсэн бөгөөд эдгээр баримт материалуудыг дэлгэрүүлэн үзэхийг Та бүхнээс хүсье.
Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг 6 дугаар сарын 24-ний өдөр олон мандаттай 29 тойрогт хуваан, мажоритар тогтоолцоогоор зохион байгуулсан ба улсын хэмжээнд 2070, үүнээс нийслэлд 451 хэсгийн хороо ажиллажээ. Энэ удаагийн сонгуулиар дэлхий даяар тархсан Ковид-19 цар тахлын эрсдэлийн улмаас улсын хилд хөл хорио тогтоосон, мөн олон улсын байгууллагууд ч гадаадын ажиглагч томилоогүй шалтгаанаар олон улсын ажиглагчид ирэх боломжгүй байв. Үүнээс үүдэн аливаа улс төрийн нам, нэр дэвшигч, төрийн байгууллагуудаас хараат бусаар, сонгогчдын эрх ашгийг төлөөлөн сонгуульд тавих хөндлөнгийн хяналтын ач холбогдол өмнөх сонгуулиудаас өндөр байсныг энд дурдах нь зүйтэй.
Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээний гишүүн Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд, Бодлогод залуусын хяналт ТББ-ууд хамтран сонгуулийн өдрийн иргэний нийгмийн ажиглалтыг дөрөв дэх удаагаа амжилттай хэрэгжүүллээ. Сүлжээнээс томилогдсон 203 ажиглагч Улаанбаатар хотод 9 дүүргийн 99 хэсэгт буюу нийт хэсгийн хороодын 21.9 хувь, Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь, Төв, Хэнтий аймгуудын нийт 13 хэсгийн хороонд ажилласан юм.
Ажиглалт нь сонгуулийн өдөр 06:00 цагаас эхлэн хэсгийн хороод санал авах байрыг бэлтгэхээс эхлээд санал авах, тоолох, дүнг гаргах үйл явц болон хяналтын тооллого хийх хэсгийн хороодыг сонгох, сонгогдсон хэсгийн хороодод хяналтын тооллого хийж дуусах хүртэлх үйл явцыг хамарлаа. Ажиглагчид төслийн багаас боловсруулсан шалгах хуудасны дагуу дээрх үйл явцыг ажигласнаа цахимаар болон цаасаар бөглөн ирүүлсэн юм. Мөн шалгах хуудсанд төхөөрөмжөөс хэвлэгдсэн саналын дүн, зурган файлын мэдээллийг хавсаргаж, баримтжуулав.
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн нийслэл хот, орон нутгийн нийт 112 хэсгийн хороонд ажилласан ажиглагчдын ирүүлсэн мэдээллийг нэгтгэсэн дүнд үндэслэн дурдахад санал авах, тоолох, дүн гаргах үйл явц хуулийн хүрээнд явагдсан ба сонгуулийн дүнд нөлөөлөхүйц ноцтой зөрчил гараагүй. Харин ажиглалт хийсэн хэсгийн хороодод зохион байгуулалтын болон тохиолдлын чанартай зарим зөрчил гарсан ч сонгуулийн үр дүн буюу саналын үр дүнд сөрөг нөлөө үзүүлэхээр зөрчил илрээгүй.
Гэсэн хэдий ч сонгуулийн үйл явцын ил тод байдал, хууль дээдлэх зарчмын хэрэгжилт, сонгуульд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, үүнд чухал үүрэгтэй ТББ-уудын оролцоог дэмжих, сонгуулийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулахад анхаарах шаардлага зайлшгүй байгааг 2020 оны сонгуулийн ажиглалтын дүн харуулж байна. Энэ талаарх дүгнэлт, холбогдох санал зөвлөмжийг энэхүү тайланд тодорхой тусгасан болно.
Иргэний нийгмийн ажиглалт нь Улаанбаатар хотын 99 хэсгийн хороо, Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь, Хэнтий, Төв гэсэн 5 аймгийн 13 хэсгийн хороог тус тус хамарсан бөгөөд санал авах өдөр тэдгээр хэсгийн хороодод нийт 203 ажиглагч ажиллалаа. Сонгуулийн санал авах өдрийн ажиглалт нь өглөөний 06:00 цагаас эхлэн санал авах байрыг бэлтгэх, санал авах, тоолох, дүнг дамжуулах, хяналтын тооллого хийх хороодыг тойргийн хороод дээр сонгох, хяналтын тооллого гүйцэтгэх үйл ажиллагааг бүхэлд нь хамарсан юм.
Энэ удаагийн сонгуулийн ажиглалтын онцлог нь анх удаа 2012 оноос эхлэн иргэний нийгмийн ажиглалтад ашигласан “ажиглагчийн шалгах хуудас”-ыг цахимжуулж, ажиглагчдаас мэдээллийг цахим болон цаасан хэлбэрээр хослуулан авч нэгтгэсэн явдал байв. Цахим систем нэвтрүүлснээр ажиглагчид гар утаснаасаа шалгах хуудсыг бөглөн мэдээллээ түргэн шуурхай илгээх боломж бүрдсэн юм. Ийнхүү мэдээллийг шуурхай хүлээн авснаар ноцтой зөрчил гарвал цаг алдалгүй баримтжуулах, ажиглалтын дүнг богино хугацаанд нэгтгэх боломжтой болсон. Энэхүү тайлангийн хувьд цахим системийн мэдээллийг ажиглагч бүрийн цаасаар бөглөсөн шалгах хуудасны тэмдэглэлтэй тулган баталгаажуулж боловсрууллаа.
Ажиглагчдын шалгах хуудас нь сонгуулийн хууль тогтоомжид заасан сонгуулийн санал авах өдрийн бүхий л үйл явцыг бүрэн тусгадаг билээ. Тодруулбал, А-Санал авах ажиллагааны нээлт (санал тоолох төхөөрөмжийн бэлэн байдал, санал авах байр, орчин), Б-Санал авах үйл явц (санал авах ажиллагаа, зөрчил, гомдол), В-Санал тоолох, дүн гаргах (хаалт, санал тоолох дамжуулах ажиллагаа, хяналтын тооллого) гэсэн үндсэн 3 багцаас бүрддэг.
А-хуудсанд өглөөний 7 цаг хүртэлх санал авах ажиллагааны нээлт, бэлтгэл ажиллагааг тэмдэглэнэ. Харин Б-хуудсанд 7-22 цагийн буюу санал авах ажиллагааны 15 цагийн мэдээллийг хоёр ээлжээр тэмдэглэнэ. В-хуудас нь 22 цагаас хойших саналын дүнг гаргах, дамжуулах, хяналтын тооллого хийх үйл явцыг хамарна. Мэдээллийг нэгтгэхдээ А, В хуудсыг зөвхөн нэг ажиглагч бөглөдөг тул хэсгийн хорооны тоогоор, Б хуудсыг 7-15, 15-22 цагийн байдлаар хоёр ажиглагч бөглөдөг тул ажиглагчийн тоогоор нэгтгэн дүгнэлээ. Мөн ажиглагчдын шалгах хуудсанд сонгуулийн санал хураалтын дүнгийн хуудас, санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудасны зурган файлын мэдээллийг төхөөрөмж тус бүрээр хуулбарлан авч, баримтжуулж хавсаргадаг юм.
Түүнчлэн ажиглалт зохион байгуулагчдын багаас нийслэлийн 6 тойргийн хорооны хэмжээнд байгуулагдсан хяналтын тооллого хийх хэсгийн хороодыг сугалах үйл явцад оролцож, санамсаргүй сонголт хийж буй эсэхэд мөн хяналт тавилаа. Харин энэхүү ажиглалт сонгуулийн баримт бичгийг тээвэрлэн дээд шатны сонгуулийн хороонд хүргэх ажлыг хамраагүй болно.
2012 оны УИХ-ын сонгуулиар “Дотоодын байгууллагын ажиглагч” гэсэн нэр томьёо анх удаа хуульчлагдан нам бус, хөндлөнгийн ажиглагчид сонгуулийн үйл явцыг бүрэн ажиглах боломж бүрдсэн билээ. Гэсэн хэдий ч хуулийн зохицуулалт ерөнхий байснаас, ажиглалтын ихэнх харилцааг СЕХ-ны журмаар зохицуулж байлаа.
Харин 2015 оны Сонгуулийн тухай хуулиар ажиглагчдын эрх, үүргийн талаарх дэлгэрэнгүй зохицуулалтыг хуульд тусгасан. Ялангуяа ТББ-ын хөндлөнгийн хяналт, ажиглалт хийх эрхийг хуулийн 5 дугаар зүйлд “Сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулахад баримтлах зарчим” болгон зааснаараа онцлогтой байв. Ийнхүү зарчим болгон зааснаар сонгуулийн бүхий л ажиллагаа, үйл явцад ТББ буюу иргэд хяналт тавих эрх нь баталгаажсан билээ.
2019 оны УИХ-ын сонгуулийн тухай хуулийн хувьд ТББ-ын хөндлөнгийн хяналт, ажиглалт хийх эрхийг 67 дугаар зүйлийн 67.13 дахь хэсэг буюу зөвхөн ажиглалтад хамаатай байдлаар явцуу болгон хуульчилсан юм. Мөн сонгууль ажиглах, ажиглагчдын эрх, үүргийн талаарх зохицуулалтыг хуулийн 67, 68 дугаар зүйлүүдээр зохицуулж, холбогдох журам гаргах эрх хэмжээг СЕХ-нд олгосон байна. Энэ хүрээнд СЕХ-ноос Төрийн бус байгууллага сонгуулийн үйл ажиллагаанд ажиглалт, хөндлөнгийн хяналт хийх журам, Сонгуульд ажиглах журам, Хяналтын тооллого хийх журмыг тус тус батлан хэрэгжүүлсэн. Мөн сонгууль болохоос сар хүрэхгүйн өмнө буюу Засгийн газрын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 188 тогтоолоор сонгуулийн үед КОВИД-19 халдвараас хэрхэн сэргийлэх[1] талаар журам батлан гаргасан юм.
Дээрх хууль, журмын дагуу 2020 оны УИХ-ын сонгуулийн үйл явцад ТББ-ууд ажиглалт, мониторинг хийлээ. Ийнхүү 2020 оны сонгуулийн ажиглалтыг зохион байгуулах явцад хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбоотой дараах сорилтууд гарч байсныг тэмдэглэх нь зүйтэй. Үүнд:
1.1 Санал авах үйл явцыг ажиглахад гарсан сорилт
Сонгуулийн хуулийн 67.1 дэх хэсэгт нэг санал авах байранд нам, эвсэл, нэр дэвшигч тус бүр дөрөв хүртэлх ажиглагч, харин ТББ хоёр хүртэлх ажиглагч томилж болох тухай тэнцвэргүй зохицуулсан байв. Мөн 67.12 дахь хэсгээр санал авах байрны багтаамжаас хамаарч дээрх хоёр төрлийн ажиглагчдыг ээлжлэн ажиллуулж болохоор заажээ.
Ийнхүү 2020 оны сонгуульд өрсөлдсөн 17 нам, эвсэл, 606 нэр дэвшигч нэг санал авах байранд тус бүр 4 ажиглагч томилох хэт давуу байдал олгосноос жижиг талбайтай санал авах байруудад зэрэгцэн суух боломжгүй байдалд хүрсэн. Иймээс зарим хэсгийн хороод ажиглагчдыг 2-4 цагаар ээлжлэн суух хуваарь гаргасан нь багадаа 17 цаг тасралтгүй ажиглаж, мэдээлэл цуглуулах үүрэгтэй иргэний нийгмийн ажиглалтын үйл ажиллагаанд ихээхэн хүндрэл учруулсан юм. Тухайлбал, СЕХ-ны 2020 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн 199 дүгээр тогтоолоор “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгууллагуудын Шүхэр нэгдсэн бодлогын зөвлөл,” Бодлогод залуусын хяналт, Өөрчлөлтийн төлөө залуу эмэгтэйчүүд (ӨТЗЭ), МИДАС гэсэн дөрөвхөн байгууллагыг ажиглалт, хөндлөнгийн хяналт хийх ТББ-аар бүртгэж ажиллууллаа. Эдгээр байгууллагаас ӨТЗЭ буюу нэг байгууллага нь л нийслэлийн 451 хэсгийн хорооноос зөвхөн 100-д, 21 аймгаас зөвхөн таван аймгийн 13 санал авах байранд л хоёр ажиглагч ээлжлэн суулгахаар төлөвлөсөн юм Ийнхүү нэг санал авах байранд ТББ-ын НЭГ ажиглагч байхаар байтал нийслэлийн 27 хэсгийн хороо ТББ-ын ажиглагчдыг намуудынхтай ээлжлэх талаар мэдэгдэв. СЕХ-нд бүртгүүлэн, зөвшөөрөл авч ажиллаж буй байгууллагуудын хувьд тасралтгүй ажиллах боломж олгох тухай хүсэлт, шаардлагыг СЕХ-ны дарга, 5 гишүүн, 27 хэсгийн хороонд удаа дараа бичгээр хүргүүлсэн ч СЕХ-ны дарга 6 дугаар сарын 21-ний 3-2/326 тоотоор “... бүрэн ажиглуулах чиглэлийг хэсгийн хороодод өгөх боломжгүй” гэсэн хариу ирүүлэв. СЕХ-ны гишүүдийн зүгээс ямар нэгэн хариу ирүүлээгүй болно.
Хүсэлт хүргүүлсэн хэсгийн хороодоос 20 нь ажиглагчдыг тасралтгүй суулгах талаар арга хэмжээ авах тухайгаа утсаар мэдэгдсэн бол Чингэлтэй дүүргийн 4, Хан-Уул дүүргийн 3 хэсэг татгалзсан хариу өгсөн. Хэдий ажиглах боломжоор бүрэн хангахыг амласан боловч ажиглалт хийсэн 112 хэсгийн 22.1 хувь буюу 25 хэсгийн хороонд ажиглагчдыг улс төрийн намуудтай ээлжлүүлэх буюу үзэгдэх орчин муутай, багана халхалсан байрлалд, дэлгэцээс хэтэрхий хол, хэт шахаж суулгах буюу зарим газарт сандал ширээ хүрэлцээгүй зэрэг шалтгаанаар санал хураах үйл явцыг бүхэлд нь ажиглах боломж олгоогүй.
1.2 ТББ-ууд нэгдэж, хяналт тавихад гарсан сорилт
Дээр дурдсанаар Сонгуулийн хуулийн 67.13-т “Төрийн хэргийг удирдахад иргэдийг оролцуулах зорилт бүхий дүрэмтэй, улс төрийн намын дэргэд үйл ажиллагаа явуулдаггүй төрийн бус байгууллага нь сонгуулийн үйл ажиллагаанд ажиглалт, хөндлөнгийн хяналт хийх эрхтэй” гэж заасан байдаг. Хуулийн энэ зохицуулалтын дагуу 2012, 2016, 2017 онд “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээний гишүүд хамтран СЕХ-нд бүртгүүлж байлаа. Жишээлбэл, 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн СЕХ-ны 53 дугаар тогтоолд “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ [гишүүн ТББ-уудын нэр]” гээд нэр цохон хяналт шинжилгээ, ажиглалт хийх зөвшөөрөл олгож байсан юм.
2020 оны УИХ-ын сонгуулиар СЕХ нь хуульд зөвхөн ТББ-ыг бүртгэнэ гэсэн байгаа тул сүлжээг бүртгэх боломжгүй гэж хуулийг тогтсон жишгээс өөрөөр тайлбарлав. Гэтэл сүлжээний гишүүн ТББ тус бүр “Төрийн бус байгууллага сонгуулийн үйл ажиллагаанд ажиглалт, хөндлөнгийн хяналт хийх журам”-д заасан бүхий л бичиг баримтыг бүрдүүлэн, гагцхүү СЕХ-нд хандсан албан бичгийг хамтран өгсөн билээ. Гэтэл СЕХ-ноос дан ТББ-аар хандаж, хүсэлтээ гарга гэж баримт бичиг хүлээн авах хугацаа дуусахаас хоёр өдрийн өмнө мэдэгдсэн нь сонгуулийн үйл явцад хяналт тавих эрхэд сөргөөр нөлөөлснийг зөвхөн 4 ТББ бүртгэгдэн, сонгуульд хяналт тавьснаас харж болно.
1.3 Ажиглагчдын сонгуулийн үйл явцыг баримтжуулах эрхийн хэрэгжилтэд гарсан сорилт
Сонгуулийн хуулийн 68 дугаар зүйлд “Ажиглагчийн эрх”-ийг дараах байдлаар тодорхой зааж тусгасан. Тухайлбал, хуулийн 68.2.5-д “сонгогчийн саналаа нууцаар гаргах эрх болон сонгуулийн хорооны хэвийн үйл ажиллагаанд саад учруулахгүйгээр дуу болон дүрс бичлэгийн хэрэгсэл ашиглан сонгуулийн үйл явцыг баримтжуулах” эрхтэй гэж заасныг баталгаажуулж, СЕХ-ноос 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 2/215 тоотоор аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд чиглэл хүргүүлсэн байдаг. Энэхүү хуулийн зохицуулалт, дээд шатны байгууллагын шийдвэрийг Баянгол дүүргийн 9, 53, 6, 21, 11, 7-р хэсгүүд үл харгалзан ажиглагчдын утсыг хураан авснаас сонгуулийн үйл явцын талаар мэдээлэл шуурхай хүлээн авах боломжгүй болсон. Ажиглалт хийсэн бусад хэсгийн хороод гар утас ашиглах боломж олгосон нь хууль ялгаатай хэрэгжсэн гэж үзэх үндэслэл болж байна.
1.4 Ажиглагчаар бүртгүүлэх үйл явцад тулгарсан сорилт
Сонгуулийн хуулийн 67.7-д “... ажиглагч ажиллуулах, бүртгүүлэх хүсэлтээ... санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө хэсгийн хороонд хүргүүлнэ” гэж тусгасан. Энэхүү зохицуулалтын дагуу 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ажиглагчдын бүртгүүлэх хүсэлтийг нийслэлийн 100 хэсгийн хороо, таван аймгийн 13 хэсгийн хороонд хүргүүлэхэд 6 дугаар сарын 18-ны өдөр нэг хэсгийн хороо ажлын байран дээрээ согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай, цагаасаа эрт тарсны улмаас хуулийн хугацаанд бүртгүүлж чадаагүй (энэ тухай СЕХ-ны ажилтанд утсаар мэдэгдсэн).
Мөн бүртгүүлэх үйл явцад ажиглагчийг өөрийн биеэр ирэхийг шаардах, иргэний үнэмлэхийн лавлагааг бичиг баримт гэж тооцохгүй байх, орон нутагт ТББ-ыг ажиглагчаар бүртгэхгүй, эхлээд аймгийн хорооноос зөвшөөрөл авсны дараа бүртгүүл гэх зэрэг хуульд тогтоомжид заагаагүй шаардлага тавьж байлаа. Түүнчлэн дүүргийн сонгуулийн хорооны цахим хуудаст байршсан санал авах байрны байршлын мэдээлэл бодит байршилтайгаа зөрөх зэрэг нийтлэг хүндрэл тулгарав.
2020 оны УИХ-ын сонгуулиар улсын хэмжээнд нийт 112 хэсгийн хороонд иргэний нийгмийн 203 ажиглагч мониторинг хийсэн талаар дээр дурдсан билээ. Энэхүү ажиглалтын дүн мэдээллийг нэгтгэн багцалж танилцуулъя. Үүнд:
2.1 Санал авах байрны орчин, хүртээмж
Санал авах байрны орчин, дотоод зохион байгуулалт, аюулгүй байдал, цэвэрлэгээ сайн хангагдсан боловч хэсгийн хороодын зохион байгуулалттай холбоотой дараах нийтлэг дутагдлууд ажиглагдлаа:
2.2 Сонгуулийн автоматжуулалтын иж бүрдлийн ажиллагаа
Санал авах байр бүрт иргэний бүртгэлийн болон санал тоолох төхөөрөмж байршиж, хэвийн ажиллажээ. Үүнд:
2.3 Саналын хуудасны тооцоо, зөөврийн хайрцгаар хураасан саналын хуудсыг төхөөрөмжид уншуулах явц
2.4 Сонгогчийн нэрийн жагсаалт
Сонгуулийн хуулийн 23.5, 68.2.10 дахь заалтуудад тусгасны дагуу сонгуулийн ажиглагч нь нэрийн жагсаалт болон түүнд оруулсан өөрчлөлт, тэмдэглэлтэй танилцах эрхтэй боловч гэрэл зураг авах, хуулбарлан олшруулахыг 23.6 дахь заалтаар хориглосон байдаг. Иймд ажиглагчийн нэрийн жагсаалттай танилцах, баримтжуулах эрх нь хязгаарлагдмал хүрээнд хэрэгжсэн юм.
2.5 Санал авах үйл явц, саналын нууцлал
Санал авах үйл явц ерөнхийдөө хэвийн саадгүй үргэлжилсэн боловч хэсгийн хорооны зай талбай жижиг, сонгогч саналын хуудас бөглөх, саналаа уншуулах талаар мэдлэггүй байснаас болж дараах нийтлэг зөрчил гарсан байна. Үүнд:
2.6 Санал тоолох үйл явц
Санал тоолох үйл явцыг төрийн бус байгууллагын 112 ажиглагч биечлэн ажигласан бөгөөд тэдний 80.4 хувь нь санал тоолох үйл ажиллагааг бүхэлд нь саадгүй ажиглах бололцоотой байсан гэж дүгнэжээ.
Ажиглагчдын мэдээллээс үзэхэд, санал тоолох үйл явцад ноцтой зөрчил дутагдал гараагүй бөгөөд нээлттэй, ил тод явагдсан байна. Зарим хэсэгт ажиглагчийн бэлдсэн CD рүү зурган файлыг хуулж өгөөгүй гэх мэт цөөн тооны зөрчил гарсан.
2.7 Хяналтын тооллого
Сонгуулийн хуулийн 71.14-т “Санал авах ажиллагаа дууссаны дараа сум, дүүргийн сонгуулийн хороо харьяа бүх хэсгийн 50 хүртэлх хувийг нь санамсаргүй сонголт (сугалах)-ын аргаар сонгож, хяналтын тооллого хийлгүүлнэ” гэж заажээ.
2020 оны Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал хураах, тоолох, дүн гаргах үйл явц хуулийн хүрээнд явагдсан ба сонгуулийн дүнд нөлөөлөхүйц ноцтой зөрчил гаараагүй гэж 112 хэсгийн хорооны 203 ажиглагчийн ирүүлсэн мэдээлэлд тулгуурлан дүгнэж байна. Ажиглалт хийсэн хэсгийн хороод дээр зохион байгуулалтын болон тохиолдлын чанартай зарим зөрчлүүд гарсан ч энэ нь санал тооллогын дүнд сөрөг нөлөө үзүүлээгүй байна.
Сонгуулийн хууль тогтоомжийн дүгнэлт
Сонгуулийн хороодын үйл ажиллагаатай холбоотой дүгнэлт
Сонгогчдын боловсролтой холбоотой дүгнэлт
Сонгуулийн автоматжуулах иж бүрдэлтэй холбоотой дүгнэлт
№ | Дүүрэг | Тойргийн дугаар | Нийт сугалсан хэсгийн дугаар | Нийт хяналтын тооллого хийсэн хэсгийн тоо | ТББ-ын ажиглалт хийсэн хэсгийн дугаар |
1 | Сүхбаатар | 24 | 11, 16, 24, 25, 33 | 5 | - |
2 | Чингэлтэй | 25 | 34, 14, 8, 28, 17 | 5 | - |
65, 69, 24, 54, 55, 9, 37, 6, | |||||
7, 12, 66, 49, 35, 13, 67, | |||||
Баянгол | 26 | 11, 1, 71, 61, 31, 27, 39, | 38 | 6, 7, 8, 11, 16, | |
3 | 34, 64, 43, 48, 58, 15, 70, 2, 21, 23, 51, 18, 16, 63, 38, 53, 74 | 21, 37, 53, 61 | |||
4 | Баянзүрх | 22 | 36, 33, 26, 29, 46, 27, 40, 21, 31, 3, 42 | 11 | 26, 31, 36, 40, 42 |
5 | 23 | 16, 38, 15, 23, 28, 49, 46, 12, 51, 24, 47, 22, 48, 11 | 14 | 11, 12, 15, 38, 49 | |
6 | Сонгинохайрхан | 27 | 17, 32, 41, 24 | 4 | 17, 24 |
7 | 28 | 5, 25, 6, 33, 15, 55 | 6 | 33, 55 | |
8 | Хан-Уул | 29 | 57, 19, 26, 35, 43, 52 | 6 | 19,26 |
9 | Налайх | 21 | Сонгогдсон хэсгүүдийн дугаар бүрэн бус | 13 | 25 |
10 | Багануур | 1 | |||
11 | Багахангай | 12 |
Тайлбар: Сонгуулийн өдрийн оройн 22:00 цагийн байдлаар иргэний нийгмийн ажиглалт хийсэн тойргуудад дээрх хэсгүүд сугалаагаар сонгогдож хяналтын тооллого хийгдсэн. Гэвч УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалтын үр дүнтэй холбоотой зарим нам, эвсэл, нэр дэвшигчдийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчид болон СЕХ-нд хандаж гаргасан гомдол, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс СЕХ-нд өгсөн үүрэг даалгаврын дагуу сонгуулийн зарим тойрогт хяналтын тооллогыг 2020 оны 6 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд нэмэлтээр зохион байгуулсан. Нэмэлтээр хяналтын тооллого хийгдсэн эдгээр хэсгийн дугаарыг СЕХ нийтлээгүй учир хүснэгтэд оруулаагүй болно.
Аймаг | Тойргийн дугаар | Нийт сугалсан хэсгийн дугаар | Нийт сугалсан хэсгийн тоо | ТББ-ын ажиглалт хийсэн хэсгийн дугаар |
12. Дорноговь | 8 | Сонгогдсон хэсгүүдийн дугаар бүрэн бус | 23 | 8 |
13. Баянхонгор | 3 | 50 | 2 | |
14. Дархан-Уул | 7 | 18 | 27 | |
15. Төв | 14 | 40 | 42 | |
16. Хэнтий | 18 | 38 | - |
Жич: Нэмж хяналтын тооллого хийсэн хэсгийн тоо болон өссөн дүнгээр хувийг оруулсан хүснэгтийг https://www.gec.gov.mn/blog/2976 холбоосоор орж танилцах боломжтой
Ажиглалтын үр дүнгээс үүдэн сонгуулийн тухай хууль тогтоомж, үйл явцыг сайжруулах зорилгоор дараах зөвлөмжүүдийг гаргаж байна. Үүнд:
Тайланг эмхэтгэж боловсруулсан:
Ц.МАНДХАЙХАТАН, Бодлогод залуусын хяналт ТББ-ын Захирал
Мэдээлэл цуглуулж, нэгтгэсэн:
С.ГЭРЭЛМАА, Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ-ын Менежер; Ажиглалтын төслийн зохицуулагч
Т.АМАРЗАЯА, Бодлогод залуусын хяналт ТББ-ын Ерөнхий менежер
Н.ДОЛЖИН, Бодлогод залуусын хяналт ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн
Хянан тохиолдуулсан:
Д.ЭНХЦЭЦЭГ, Нээлттэй Нийгэм Форумын Засаглалын хөтөлбөрийн менежер
Энэхүү тайлангийн зургуудыг СЕХ-ны вэб сайтаас авав.
Уг тайланд туссан хөндлөнгийн дүгнэлт, үзэл бодол нь Нээлттэй Нийгэм Форумын байр суурийг илэрхийлэхгүй болно
Хавсралт | Хэмжээ |
---|---|
Monitoring-on-Vote-Counting.pdf | 1.33 MB |