2016 оны Улсын Их Хурлын Сонгуулийн Санхүүжилтийн Мониторинг

Улс төрийн нам нь нэг талаас үзэл бодлоороо эвлэлдэн нэгдсэн хувь хүмүүсийн байгууллага мэт боловч нөгөө талаас сонгуульд оролцож засаглах эрх мэдэл болон түүнд оролцох эрх авах, төрийн бодлогыг тодорхойлох, төрийн албан тушаалд өөрсдийн хүмүүсийг бэлтгэн байршуулах улс төр, үзэл суртлын болоод нийгмийн онцгой чухал үүрэг хүлээдэг институци билээ. Сонгуулиар төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх мандат олж авсан нам, нэр дэвшигч ард түмний эрх ашгийг ямагт тэргүүнд тавьж ажиллах ёстой. Харин энэхүү баталгааг хангах үүднээс улс төрч болоод улс төрийн хүчнүүд хаанаас, ямар эх үүсвэрээс санхүүжиж байгааг мэдэх зүй ёсны эрх сонгогчдод бий. Монгол улс ардчилсан сонгуулийн арга замаар төрийн эрх барих дээд байгууллагаа байгуулж ирсэн сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд улс төрийн намууд болоод нэр дэвшигчдийн сонгуульд зарцуулах мөнгөний хэмжээ өссөөр хэдэн арван тэрбумаар тоологдох болсон ч энэ их мөнгө ямар эх үүсвэрээс гаралтай, юунд зарцуулагдаж байгаа талаар сонгогчдод хүрэх мэдээлэл маш хомс байна. Чухам ийм хаалттай байдал нь улс төрийн хүрээний буюу өндөр түвшний авлига газар авах нэг нөхцөл болдог талаар гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид анхааруулан сануулсаар иржээ.

2016 оны УИХ-ын ээлжит сонгуулиар улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчдийн сонгуулийн санхүүжилтийн мэдээллийг ил тод болгож сонгогчдыг мэдээллээр хангах, энэ асуудлаарх эрх зүйн орчныг сайжруулахад хувь нэмэр оруулах зорилгын хүрээнд “Шударга сонгуулийн төлөө” иргэний нийгмийн сүлжээний гишүүн байгууллагууд хамтран “Филантропи” Хөгжлийн төлөө төв ТББ-ын удирдлага, зохион байгуулалт дор энэхүү мониторингийн төслийг хэрэгжүүллээ. Төслийг хэрэгжүүлэхэд Нээлттэй Нийгэм Форум, Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн, Канадын Гадаад хэргийн яам дэмжлэг үзүүлсэн болно. 

2016 оны оны УИХ-ын сонгуульд нийт 12 нам, 3 эвсэл, 498 нэр дэвшигч оролцсон бөгөөд Үндэсний Аудитын Газрын гаргасан мэдээллээс үзэхэд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлсэн 11 нам, 2 эвсэл сонгуулийн зорилгоор нийт 8,4 орчим тэрбум төгрөг төвлөрүүлснээс 8,3 тэрбумыг зарцуулжээ. Харин 498 нэр дэвшигчээс зөвхөн 386 нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасны дагуу ирүүлсэн байх агаад тэдний зардлын нийт дүн 26 тэрбум гаруй төгрөг болжээ. Нам, эвсэл, нэр дэвшигчдийн зардал нийлээд 34,4 тэрбум төгрөг болж байна.

Мониторингийн хүрээнд сонгуулийн санхүүжилтийн ил тод байдлыг 3 үе шаттайгаар буюу сонгуулийн өмнөх үе, сонгуулийн кампанит ажлын үе, санал хураалт явагдсан өдрөөс хойших үе гэж ангилан хуулийн хэрэгжилтэд бие даасан хяналт тавьж ажиллав. Ийнхүү мониторинг хийхэд сонгуулийн бүхий л үе шатанд улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчдийн санхүүжилтийн мэдээлэл ил тод бус, түүнд тавих хяналт хангалтгүй байгаа нь харагдлаа.

Тухайлбал:

  • 2015 онд баталсан Сонгуулийн тухай хуулиар анх удаа сонгуульд оролцохоор хүсэлт гаргаж буй улс төрийн нам, эвсэл сүүлийн нэг жилийн хугацаанд иргэн, хуулийн этгээдээс хүлээн авсан хандивын тайлангаа, нэр дэвшигчдийн хувьд хөрөнгө орлогын мэдүүлгээ СЕХ-нд хүлээлгэн өгөх болсон нь сонгуулийн дараа хагас дутуу байдлаар ил болдог байсан сонгуулийн санхүүжилтийн мэдээллийг сонгуулиас өмнө ил тод, хяналттай болгоход чиглэсэн дэвшилттэй алхам болсон. Монгол Улсад хүчин төгөлдөр хэрэгжиж буй холбогдох хуулиудын хүрээнд дээрх мэдээлэл ил байх ёстой. Гэвч үр дүнгээс үзэхэд дээрх мэдээллийг холбогдох төрийн байгууллагаас авах хүсэлт гаргахад цааргалах хандлага гаргаж мэдээллийг нууцалж байв.
  • 2016 оны УИХ-ын сонгуулийг нэг мандаттай жижиг тойргуудаар зохион байгуулсан бөгөөд энэ нөхцөлд нэр дэвшигчдийн гүйцэтгэх үүрэг оролцоо өндөр болно. Сонгуулийн хуулийн хүрээнд нэр дэвшигчдийн хамгийн идэвхтэй ажиллаж сонгуулийн зорилгоор хөрөнгө босгож, зарцуулах хугацаа нь сонгуулийн кампанит ажлын үе юм. Мониторингийн багийн зүгээс хот хөдөөгийн нийт 7 тойрогт УИХ-д суудалтай АН, МАН, МАХН гурван  намын 21 нэр дэвшигчийн зохион байгуулсан 150 гаруй сонгуулийн сурталчилгааны арга хэмжээнд байлцаж хяналт тавихад Сонгуулийн хуулийг илт зөрчсөн буюу төрийн унаа ашиглах, төрийн албан хаагчийг дайчлах, сонгогчдын санал худалдан авах зөрчил ажиглагдаагүй болно. Гэвч сонгуулийн сурталчилгаанд зарцуулж буй зардалтай холбоотой мэдээлэл олж авах нь маш бэрхшээлтэй байлаа. Энэ талаар мэдээлэл авах хүсэлт гаргахад нэр дэвшигчдийн дийлэнх хувь нь цааргалж татгалзсан хариулт өгч байв. Үүний улмаас сонгогчдын хувьд мэдээлэл хамгийн их хэрэгтэй сонгуулийн кампанит ажлын үе нь мэдээлэл хамгийн хаалттай үе болж таарч байна.
  • 2016 оны УИХ-ын сонгуулиас эхлэн СЕХ-ны оронд Төрийн аудитын байгууллага сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчдийн зардлын тайланг хянаж эхэлсэн ба энэ үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой ямар эрх эдлэхийг хуульд тодорхой зааж өгчээ. Гэвч энэ эрх, үүргээ бүрэн гүйцэд хэрэгжүүлж, сонгуулийн зардлын тайланд иж бүрэн хяналт тавьж буй эсэх нь эргэлзээтэй байна. Тухайлбал, улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчдийн Төрийн аудитын байгууллагад хүлээлгэн өгч буй зардлын тайланг авч үзэхэд зарцуулалтын хувьд эргэлзээ төрүүлэхүйц жишээ баримт нэлээд байна. Жишээ нь: Орон нутгийн тойрогт нэр дэвшсэн, Улаанбаатарт оршин суудаг нэр дэвшигчид унаа, шатахууны зардал огт тайлагнаагүй байхад тухайн орон нутагтаа байнга оршин суудаг нэр дэвшигч сонгуулийн сурталчилгааны 17 хоногийн хугацаанд 54 сая гаруй төгрөгийг шатахуунд зарцуулсан гэж тайлагнасан байв. Энэ мэтчилэн тайлбар шаардсан жишээ олон байвч Төрийн аудитын байгууллагын сонгуулийн зардлын тайланд хяналт хийсэн тухай мэдээлэлд зардлын дансанд цугласан хөрөнгө, зардлын ерөнхий дүн, хуульд заасан хэмжээнээс дээш дүнтэй хандив өгсөн хувь хүмүүс, хуулийн этгээдийг нэрийг жагсааснаас өөр мэдээлэл алга байна.
  • Түүнчлэн зардлын тайлангийн хуулбарыг хуульд заасны дагуу татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж буй ч зардлын тайланг хүлээж аваад ямар түвшинд хяналт тавьдаг, төрийн аудитын байгууллагатай хэрхэн хамтарч ажилладаг нь тодорхой биш байна. 

Мониторингийн үр дүн, дүгнэлтэд үндэслэн дараах ерөнхий зөвлөмжийг гаргалаа:

  • Сонгуулийн зардлын дансыг шилэн болгох шаардлагыг хуульд тусгах;
  • Сонгуулийн дараа зардлын дансны тайланг гаргах журам, зааврыг нарийвчлан тодорхой гаргах үүргийг Төрийн аудитын байгууллагад хариуцуулах, ингэхдээ Монгол улсын Нягтлан бодох бүртгэлийн хуульд нийцүүлэн, зардлуудыг баримтжуулан тайлагнадаг байх шаардлага тавьж, тайлангийн загвар, стандартыг сайжруулах;
  • Мөнгөн бус хандивыг дэлгэрэнгүй баримттай тайлагнах талаар тодорхой заавар, тайлангийн маягт, загвар гаргаж мөрдүүлэх;
  • Зардлын тайланд хяналт тавих үүрэг хүлээсэн төрийн байгууллагууд хэрхэн үйл ажиллагаагаа уялдуулж, иж бүрэн хяналт тавих талаар хуульд тодорхой заах;
  • Сонгуулийн өмнө болон явцад, түүнчлэн сонгууль дууссаны дараа санхүүжилтийн мэдээллийг ил тод, нээлттэй болгох механизм, арга хэлбэрийг тодорхой зааж, хэрэгжилтийг хангахад анхаарах.

Тайлангийн дэлгэрэнгүйг хавсралтаас үзнэ үү

Attachment Хэмжээ
PDF icon 2016_Mongolian_Parliament_Election_Campaign_Financing_Monitoring.pdf 12.1 MB

Сонгууль