Сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үзэл бодлын индэр, мэтгэлцээний талбар болж, нэр дэвшигч, улс төрийн намуудын байр суурийг олон нийтэд ойлгуулж, зөв сонголт хийхэд туслах үүрэгтэй билээ. “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналтын сүлжээ”-ний гишүүн “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагаас 2008 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаанд хэвлэл мэдээллийн мониторинг хийж байна. Өмнөх долоо хоногт буюу 2008 оны 6-р сарын 2-ноос 6-р сарын 7-ныг дуустал зургаа хоногийн хугацаанд хийсэн мониторингийн дүнг үзэхэд СЕХ-нд сонгуульд өрсөлдөхөөр албан ёсоор бүртгүүлсэн 12 нам, эвсэл байгаа ч ХМХ-ээр хийсэн сонгуулийн сурталчилгаа тэнцвэртэй бус, МАХН, АН-ын сурталчилгаа давамгайлж байсан ба сонгогчдын боловсролд зориулсан мэдээлэл тун хомс байгаа нь ажиглагдсан. Тэгвэл 2008 оны 6-р сарын 8-наас 14-нийг дуустал энэ долоо хоногийн хугацаанд дээрх байдалд өөрчлөлт орсон эсэх тухай харьцуулалт болон мониторингийн бусад дүнг танилцуулж байна.
Энэ долоо хоногийн мониторингид өргөн нэвтрүүлгийн долоон хэрэгсэл (МҮОНТВ, UBS, 25-р суваг, TV5, TV9, Ийгл TV)-ийн нийт 42 076 минутын, MYОНP-гийн 6950 минутын радиогийн нэвтрүүлэг, өдөр тутмын гурван сонин (Өдрийн сонин, Өнөөдөр, Зууны мэдээ)-ны 18 дугаар, долоо хоног тутмын хоёр сонин (Сэрүүлэг, Хүмүүс)-ны гурван дугаарыг хамруулав.
Үүнээс сонгуулийн мэдээлэлд телевизүүд нийтдээ 11125 минут, радио 571 минутын нэвтрүүлэг зориулсан байна. Харин сонгуулийн төлбөрт сурталчилгаанд телевиз нийтдээ 8828 минутын, радио 115 минут зарцуулжээ.
Энэ хугацааны мониторингийн дүнгээс харвал:
1. Өмнөх долоо хоногтой харьцуулахад сонгуулийн сурталчилгаа эрчимжиж нэмэгдсэн байна. Сонгуулийн сурталчилгаа МҮОНР-д 3.2 дахин, МҮОНТВ-д 2.8 дахин нэмэгджээ. Бусад телеизийн хувьд нийтдээ 1.7 дахин өссөн байна. Өдөр тутмын сонины сонгуулийн сурталчилгаа 5.6 дахин, долоо хоног тутмынх 2.5 дахин нэмэгджээ.
2. ХМХ-ээр хийсэн сонгуулийн сурталчилгаа тэнцвэртэй бус хэвээр байна. МАХН, АН-ын сурталчилгаа давамгайлсан хэвээр байна. УИХ-д суудалтай бусад намын сурталчилгаа түрүүчийн долоо хоногийнхтой харьцуулбал нэмэгдсэн боловч ИЗН, ҮШН-ийн сурталчилгаа UBS, Ийгл телевизэд хамгийн их буюу нэвтрүүлгийн 11-13 хувийг эзэлж байна. УИХ-д суудалгүй намын сурталчилгаа хамгийн ихдээ Ийгл, 25-р суваг телевизэд 13 хувьтай байна.
3. Нэр дэвшигчдийн сурталчилгаа харилцан адилгүй байна. Телевизүүдээр Б.Ундармаа, Ч.Сайханбилэг, З.Алтай, Ц.Элбэгдорж, Н.Даваа нарын сурталчилгаа дийлэнх хувийг эзэлсэн байна. Харин сонины хувьд Ш.Түвдэндорж, М.Энхсайхан, Лу.Болд, Ц.Мөнх-Оргил,Б. Лхагважав нарын сурталчилгаа бусдаас илүү байна.
4. Бие даан нэр дэвшигчдийн сурталчилгаа нэмэгдсэн хэдий ч бага хэвээр байна. Тэдэнд 25-р суваг хамгийн их буюу нэвтрүүлгийнхээ 13 хувийг зарцуулсан байна. Харин МҮОНР-гоор бие даагчдын суртачилгаа яваагүй байна.
5. Сонгуулийн сурталчилгааны өнгө аясыг авч үзвэл, эерэг, сөрөг мэдээллийн хэмжээ нэмэгдэж, төвийг сахисан мэдээлэл буурчээ. Ийгл телевизэд төвийг сахисан мэдээлэл давамгайлж байна. Ийгл телевизийн сөрөг мэдээллийн 85 хувь, ТВ 9 телевизийн сөрөг мэдээллийн 93 хувь, МҮОНТВ-ийн 53 хувийг МАХН эзэлж байна. UBS телевизийн сөрөг мэдээллийн 76 хувь, МҮОНР-ийн сөрөг мэдээллийн 75 хувь нь АН-д ногдож байна.
6. МҮОНР энэ хугацаанд 115 минутын, МҮОНТВ 195 минутын төлбөртэй сурталчилгааны шинжийг агуулсан нэвтрүүлэг бэлтгэж дамжуулсан байна.
7. Бусад телевизийн хувьд сонгуулийн сурталчилгааны арван хувийн хязгаарлалтыг бүх телевиз хэтрүүлсэн байна. Хамгийн бага нь ТВ 5 телевиз 8-хувиар, хамгийн их нь UBS телевиз 18.5 хувиар хэтрүүлжээ.
8. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд далд сурталчилгааг нэлээн хэмжээгээр хийсэн хэвээр байна. Өдөр дутмын сонинууд 18 610 – 30 011 см2 зай талбайг далд сурталчилгаанд зориулсанаас хамгийн бага нь Өнөөдөр, хамгийн их нь Өдрийн сонин-д ногдож байна. Долоо хоног дутмын сонинуудын хувьд “Сэрүүлэг “ сонин 6600 см2, “Хүмүүс” сонин 13 796 см2 зай талбайг далд сурталчилгаанд зориулсан нь өнгөрсөн долоо хоногийнхтой харьцуулахад хоёр дахин нэмэгджээ.
Телевизүүдийг авч үзвэл, UBS телевизэд далд сурталчилгаа хамгийн их буюу 28.7 хувь, 25-р суваг телевизэд хамгийн бага буюу 11 хувьтай байна.
9. МҮОНР нэвтрүүлгийнхээ 3.6 хувь, МҮОНРТВ 9.4 хувийг далд сурталчилгаанд зориулжээ.
10. Сонгогчдын боловсролд, мэдлэгт зориулсан материал, СЕХ-ны мэдээлэл бага хэвээр байна. Телевизийн хувьд ийм мэдээлэл ТВ 9-д хамгийн бага буюу 9.5 хувь, ТВ 5-д хамгийн их буюу 20.5 хувийг эзэлж байна. Сонины хувьд “Өнөөдөр” сонинд хамгийн бага буюу нийт зай талбайн 0.5 хувь байгаа бол хамгийн их нь “Өдрийн сонин”-д 2.6 хувийг эзэлж байна.
Мониторингийг жирийн иргэд, “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагын ажилтан нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй, сургалтад оролцож мониторингийн арга барил эзэмшсэн, бэлтгэгдсэн баг хийж байна. Мониторингийг мэдээллийн тэнцвэрт байдал, сонгуулийн сурталчилгааны 10 хувийн хуулийн хязгаарлалт, далд сурталчилгаа гэсэн гурван чиглэлээр, УИХ-ын сонгуулийн тухай, Долгионы тухай, Харилцаа холбооны тухай, Олон нийтийн радио, телевизийн тухай, Зар сурталчилгааны тухай хууль, тэдгээрийн зохих зүйл заалтад үндэслэн хийж байна.{joscommentenable}