Бие даан нэр дэвшигчид шаардлагынхаа хариуг авч Иргэний эвслийнхэн СЕХ-г огцруулахаар тэмцэнэ

СЕХ бие даан нэр дэвшигчдийг дэмжигчдийн нэрсийн жагсаалтыг тамгагүй байлгахаар хүлээн зөвшөөрч сонгуулийн хэсгийн хороодод тэдний нэрийг оруулахаар боллоо. Энэ шаардлагыг бие даан нэр дэвшигчдийг төлөөлөн Ж.Занаа, хууль зүйн сайд асан Л.Цог, Үндэсний Соёмбо Хөдөлгөөний тэргүүн асан Б.Лхагважав нар СЕХ-нд гаргажээ.

Түүнчлэн ИХ намынхан Сонгуулийн ерөнхий хороог огцруулж сонгуулийн ерөнхий хороооны гишүүдэд хариуцлага тооцох тэмцлээ энэ долоо хоногт эхлэхээ мэдэгдлээ.

Тус намынхан энэ сарын 28-д “МАХН болон АН-ын гишүүд давамгайлсан сонгуулийн тойргийн хороодын бүтцийг задалж бусад нам эвслийн гишүүдээр тэгш бүрдүүлэх, Дархан-Уул, Төв аймгийн салбар хороодын шийдвэрийг хүчингүй болгох, хэсгийн хороодод Иргэний эвсэл болон бусад намууд, бие даагчдын төлөөллийг заавал оруулах” гэсэн гурван зүйл шаардлагыг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлжээ.  

Харин СЕХ “Бүх зүйл хуулийн дагуу явагдаж байгаа. Гаргасан шийдвэрүүдийг өөрчлөхгүй” гэсэн хариуг өглөө. Тэд энэ хариуг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж тэмцэл хийхээ мэдэгдэв.

ИХН-ын дарга Ж.Батзандан “Сонгууль шударга болохгүй нь. Тиймээс тэмцэж тэдэнтэй хариуцлага тооцож, бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулъя” гээд бусад намууд тэднийг дэмжихийг намуудад уриалав. 

Сонгууль