Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвсэл, нэр дэвшигчдэд уриалах нь

Ардчилсан сонгуулийн нэг гол зарчим нь улс төрийн нам, нэр дэвшигчид тэгш гарааны зарчмаар шударга өрсөлдөх, иргэд тэнцвэртэй мэдээлэл хүлээн авч сонгуулийн үйл явцад оролцон саналаа чөлөөтэй гаргах явдал юм.

Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 39.1-т зааснаар 6-р сарын 10-ны өдрөөс 26-ны хооронд явуулах үүрэгтэй. Гэвч сонгуулийн сурталчилгааны эхлэх хугацаа хараахан болоогүй энэ цаг үед сонгуулийн далд сурталчилгаа газар авах, үүнд төрийн болон олон нийтийн өмчийг ашиглах байдал ажиглагдаж байгааг иргэний нийгмийн байгууллагууд эрс буруушааж байна. 

Тухайлбал, тус хуулийн 48.1.8-т тухайн жилийн төсөвт тусгаагүй нийгмийн халамж, хамгааллын хөтөлбөр хэрэгжүүлэх, амлалт өгөх, зарлах нь хууль бус сурталчилгаа болохыг зааж, хориглосон. Энэхүү заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл бүхий мэдээ, мэдээллийг сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам олон нийтэд зарлаж, орон даяар сурталчилж байгаа нь шударга сонгуулийн дээрх зарчимд нийцэхгүй болно. 

Иймд сонгуульд оролцох нийт нам, эвсэлд хандан хуулийн дагуу сурталчилгаагаа явуулж шударгаар өрсөлдөн сонгогчдод хүндэтгэлтэй хандахыг уриалахын сацуу, ардчилсан сонгуулийн зарчимд нийцэхгүй үйлдлүүдийг сонгогчийн эрх ашгийг төлөөлөн ажиллаж буй иргэний нийгмийн байгууллагууд баримтжуулж, хяналт тавин ажиллаж буйг мэдэгдье. 

Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ нь нийгэмд ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэх, хүний эрхийг  хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зорилго санаа нэгтэй төрийн бус байгууллагуудыг сайн дурын үндсэн дээр нэгтгэсэн сүлжээ бөгөөд 2008 оноос эхлэн сонгуулийн үйл явцад хараат бусаар хяналт тавьж, ажиглалт хийж байна. 

2024 оны 5-р сарын 09

Сонгууль