Сонгуульд өрсөлдөгч талууд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэн тэгш гараанаас шударгаар өрсөлдөх боломжтой байх нь чөлөөт шударга сонгуулийн нэг гол зарчим болох бөгөөд энэ зарчмыг хангахад сонгуулийн кампанит ажлын санхүүжилт ил тод байх нь маш чухал юм.
Сүлжээний гишүүн Бодлогод залуусын хяналт ТББ-ын байгууллага нь сонгуульд оролцож буй нийт 21 нам, эвслийн 1400 гаруй нэр дэвшигчийн сонгуулийн зардлын явцын болон эцсийн тайланг хуульд заасны дагуу ил тод тайлагнаж буй эсэх, холбогдох төрийн байгууллагууд хяналт тавьж, ил тод мэдээлж буй эсэхэд хөндлөнгийн хяналтыг хэрэгжүүлэх юм.
Сонгуулийн зардлын явцын тайланг сонгуулийн сурталчилгаа дуусахаас 3 хоногийн өмнө нам, эвсэл, нэр дэвшигч тус бүр өөрсдийн цахим хуудаст байршуулж, Үндэсний аудитын газарт хүргүүлэх бөгөөд эцсийн тайланг санал авах өдрөөс хойш нам, эвсэл 45 хоногт, нэр дэвшигч 30 хоногт багтаан ҮАГ-т хүргүүлэх хуультай. ҮАГ-аас 9-р сарын 26-ны дотор нэр дэвшигчдийн тайланд хийсэн дүгнэлт, 10-р сарын 11-ны дотор нам, эвслийн тайланд хийсэн дүгнэлтээ цахим хуудсандаа байршуулж олон нийтэд мэдээлэх үүрэгтэй.
ТББ-ын зүгээс нийт нам, эвсэл, нэр дэвшигчдийн зардлын дэлгэрэнгүй тайланг хүлээн авах эрхтэй болохыг хуульд шинээр заасан бөгөөд мониторингийн хүрээнд эдгээр анхдагч тайлантай танилцаж, холбогдох дүгнэлтийг хийхээр зорьж байна.
Ц. Мандхайхатан