Сүлжээний гишүүн Филантропи Хөгжлийн Төлөө Төв нь Нийслэл хотын хүн ам, шилжин суурьшигчид ихтэй, хамгийн том дүүрэг болох Сонгинохайрхан дүүрэг буюу УИХ-ын сонгуулийн 26-р тойргийн сонгогчдын нэрийн жагсаалтад мониторинг хийж байна.
Мониторингийн хүрээнд сонгогчдын нэрийн жагсаалтын ил тод байдлыг хангаж, олон нийтэд танилцуулж, нягталж шалгах боломж олгох талаар заасан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 20.11-р заалтын хэрэгжилтийг хяналаа. Уг заалтын дагуу сонгуулийн хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн дарга нар сонгогчдын нэрийн жагсаалтад гарын үсэг зурж санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө буюу 2012 оны 6-р сарын 08-ны өдрөөс өөрийн байранд ил тавьж, сонгогчдод чөлөөтэй танилцах бололцоо олгох ёстой. Сонгуулийн 26 дугаар тойргийн мониторингт хамрагдсан 20 хэсгийн хороодоос 8 нь л дээрх заалтыг заасан хугацаанаас хожимдуулалгүй биелүүлж ажиллалаа. Түүнчлэн дээрх хугацаа өнгөрөөд арваад хонож байхад өнөөг хүртэл хуулиа огоорон сонгогчдын нэрийн жагсаалтаа ил тавиагүй 3 хэсгийн хороо байна. Нэрийн жагсаалтаа ил тавьсан хэсгийн хороод дээр энэ хугацаанд сонгогчид ирж мэдээллээ нягталж шалгасан ба ийнхүү тулгалт хийхэд 3 хүний регистр буруу, 1 хүний нэр буруу, 7 хүн нас барсан, 1 хүн хорих ял авсан, 28 хүний нэр жагсаалтад байхгүй байв.
Мониторингийн хүрээнд нийт 491 сонгогчийн мэдээллийг нэрийн жагсаалтаас түүвэрлэн хаягаар нь очиж тулгалт хийх ажлыг мөн гүйцэтгэлээ. Ингэхэд 16 сонгогч огт бүртгэгдээгүй, 1 сонгогч нас барсан, 1 сонгогч хорих ял авсан, 45 сонгогч тухайн хаяг дээр оршин суудаггүй нь тодорхой болсон. Тодорхой жишээ дурдвал, 31-р хэсгийн хорооны нэг хаяг дээр 24 сонгогч бүртгэлтэй байсныг шалгаж үзэхэд 14 сонгогч байдаг ч 6 сонгогч нь огт байхгүй, 4 сонгогч нь 2-3 жилийн өмнө нүүсэн байв. Түүнчлэн энэ хаяг дээр байнга оршин суудаг өрхийн тэргүүн 1 сонгогчийн нэр бүртгэгдээгүй ба бүртгэлтэй 1 сонгогчийн овог нь зөрсөн. СХД-ийн 7-р хороо 21-р гудамжны 9 тоотод 25 сонгогч бүртгэгдсэн байсныг шалгахад нийт 7 өрхийн 24 хүн хаяг дээрээ байсан ба 1 хүн тухайн хаяг дээр огт оршин суудаггүй байв. Түүнчлэн 25-р хэсгийн хорооны сонгогчдын нэрийн жагсаалтад нэг хаяг дээр 40 сонгогч бүртгэлтэй байсныг хаягаар нь очин шалгалаа. Ингэхэд энэ нь нийтийн байр болох нь тодорхой болсон ба нийт 14 өрхийн 30 сонгогч нь байдаг, 10 хүн байдаггүй, мөн жагсаалтад бүртгэлгүй 6 сонгогч байлаа. 18-р хэсгийн хороонд хамаарах 4 сонгогчтой СХД-ийн 6-р хороо, 1-5 тоотод очиж шалгахад дээрх бүртгэл бүхий 4 сонгогчоос нэг нь ч байдаггүй, байнгын оршин суугч нь өндөр настай эмээ байсан. Энэ хүн сонгогчдын жагсаалтад бүртгэлгүй байв.
Мониторингийн явцаас харахад сонгогчдын нэрийн жагсаалт бүртгэгдээгүй, сонгох эрх нь зөрчигдөж мэдэх сонгогчдын тоо нэлээд их байна. Үүнд бүхэл бүтэн гудамжаар нь бүртгээгүй байгаа тохиолдол ч байгааг дурдах нь зүйтэй. Тухайлбал, СЕХ хуульд заасан дагуу сонгууль болохоос 45 хоногийн өмнө сонгуулийн хэсгийн хороодыг байгуулж тухайн хэсгийн хороонд харъяалагдах сонгогчдын тоо, хаягийг мэдээлсэн. СЕХ-ны энэхүү мэдээлэлд СХД-ийн 7-р хороо Баянхошууны 21-28, 30-35-р гудамж, Ногоочин, Намгийн 2561 сонгогч Сонгуулийн 21-р хэсгийн хороонд хамаарна гэсэн ч тус хэсгийн хороон дээр ил тавьсан нэрийн жагсаалт үүнээс зөрүүтэй байна. Тодруулбал, хэсгийн хорооны жагсаалтад СХД-ийн 7-р хороо Баянхошууны 21-35-р гудамж, Ногоочны 1-5 гудамжны 2399 сонгогч багтсан боловч Намгийн 1 гудамжны сонгогчид ор тас алга байна. Үүнийг засаж залруулах ямар арга хэмжээ авч байгааг тодруулахад хорооны иргэний бүртгэлийн ажилтан н.Дүүрэнжаргал Намагийн бүх иргэдээр өргөдөл гаргуулж авах ёстой гэсэн чиглэл өгсөн гэсэн мэдээлэлтэй байна. Энэ хариуцлагагүй байдлаас үүдэлтэй 162 сонгогч 6 сарын 28-нд сонгох эрхээ эдэлж чадахгүй үлдэж мэдэхээр байна.
Филантропи хөгжлийн төлөө төв
2012 оны 6 дугаар сар 18, Улаанбаатар хот.